Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00593

 

Ч.П-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 103/ШШ2017/00487 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 74 дугаар магадлалтай,

Ч.П-гийн нэхэмжлэлтэй,

Н.Т-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмонгийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлгч Д.Цолмон, хариуцагчийн өмгөөлөгч Х.Мөнхцэцэг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмонгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Ч.П- нь 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Н.Т-д 5.000.000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Тухайн үед зээлийн гэрээг эхлээд амаар ярьж тохиролцсон. Учир нь нэхэмжлэгч тэр үед амралтад явах гээд зээлийн гэрээг бичгээр байгуулж чадаагүй, мөн мөнгөө эхнэрээрээ дамжуулж, Н.Т-д өгсөн гэдэг. Ингээд амралтаас ирснийхээ дараа гэрээг бичгээр байгуулаад нотариатаар батлуулъя гэсэн чинь хариуцагч би ОХУ-д явж байна гээд утсаа тасалсан байдаг. Анх зээл авахдаа Улаан-Үүд, Итгэлт хамба явна гэж зээл авсан байдаг. Зээл төлөх хугацаа нь болоод зээлээ төлөөч гэж шаардахад хариуцагч нь би хавар цагаан сарын дараа өгье гэж хэлсэн. Н.Т-ыг удаа дараа мөнгөө төлөхийг шаардахад уулзахаас зайлсхийдэг. Зээлийн гэрээг нэгэнт бичгээр байгуулаагүй учраас хүү нэхэмжлээгүй тул 5.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Т-ын шүүхэд гаргасан гаргасан тайлбарт: Ч.П- нь 2014 оны 6 дугаар сард надаас 1.000 000 төгрөгөөр 2 удаа, 3.000.000 төгрөгөөр 1 удаа нийт 5.000.000 төгрөг зээлж авсан. 5.000.000 төгрөгийн оронд 1.4 тонн түлш 1 литрийг нь 1300 төгрөгөөр тооцож өгсөн. 3.000.000 төгрөг бэлнээр надад өгч бидний хооронд тооцоо дууссан. Миний зүгээс Ч.П-гаас нэг ч удаа мөнгө зээлж байгаагүй. Зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй учраас мөнгө зээлсэн гэдгийг нотлох боломжгүй. Нэхэмжлэгч өөрийнхөө нэхэмжлэлийг нотлох, нотлох баримтаа өөрөө цуглуулж өгөх үүрэгтэй. Гэтэл хэрэгт гэрчийн мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ... тухайн үед би амралтад явах гэж яараад зээлийн гэрээг нотариатаар батлуулаагүй гэж байна. Тухайн үед амралтанд явсан юм бол тэр үеийнхээ амралтанд явсан баримтыг хэрэгт хавсаргасан бол болохоор байсан, мөн зээлийн гэрээг заавал нотариатаар батлуулах шаардлага байхгүй байсан. Гэрч Б.Сэлэнгэ, П.Ариунтуяа нарын мэдүүлгүүд нь эх сурвалжаа зааж өгч чадаагүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг шаардлага нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 103/ШШ2017/00487 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Хэгэлдэргэнэ овогт Нямхорлоогийн Түвшинжаргалаас 5.000.000 төгрөг гаргуулж Боржигин овогт Чойжилсүрэнгийн Пүрэврагчаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 74 дугаар магадлалаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 01-ний өдрийн 103/ШШ2017/00487 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Н.Т-аас 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.П-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхцэцэгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95.000 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь мөнгө зээлэхдээ бэлнээр шилжүүлсэн, бичгээр зээлийн гэрээг байгуулаагүй боловч өөрийн чадах чинээгээр шаардлагаа нотолсон. Хариуцагчид мөнгө өгсөн, зээлүүлсэн гэдгийг 3 гэрч нотолсон. Нэхэмжпэгчтэй садан төрлийн холбоогүй этгээд болох Т.Бямба-Өлзий нь бусад гэрчийн мэдүүлгийг давхар нотолдог. Мөн нэхэмжлэгч нь гар утсандаа үзлэг хийлгүүлж, мөнгөө төлөхийг шаардаж удаа дараа бичсэн мессежээ баримтжуулан хэрэгт хавсаргуулсан. Олон удаагийн мессеж байсан боловч утасны багтаамжаасаа шалтгаалж түрүү үеийнх нь устсан байсан. Гэрч П.Ариунтуяа шүүх хурлын өмнөхөн нэхэмжлэгч хариуцагч нар гудамжинд тааралдаад шүүхэд хэлэлцэгдэж байгаа зээлийн талаар ярьж маргалдах үед хариуцагч Н.Т- би таны мөнгийг авгайгаа Солонгосоос ирэхэд өгнө гэж хэлээ биз дээ гэж хэлж байсныг шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө ярьсан. Хариуцагч нь “би нэхэмжлэгчид мөнгө зээлүүлж байсан, бидний хооронд одоо мөнгө төгрөгийн тооцоо байхгүй”, “мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрсөн байдал маань бидний дунд байгаа түлшний тооцооны талаар  юм” гэх мэтээр тайлбар өгөх бүрдээ асуудлыг харилцан зөрүүтэйгээр ярьдаг нь түүний худал тайлбар өгч байгааг харуулж байгаа хэрэг. Хариуцагч тал өөрийн татгалзал, тайлбарыг баримтаар нотлоогүй. Нэхэмжлэгч мөнгө зээлүүлсэн, авч чадаагүй байгаа талаараа боломжийнхоо хэрээр нотлоод байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсгийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 74 дугаар магадлалыг хүчингүй болгож, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 103/ШШ2017/00487 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ч.П-, Н.Т-аас зээл 5.000.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч мөнгө зээлээгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Магадлалд “...зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болон  зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлснээ нэхэмжлэгч нотлоогүй...” гэж үзсэн нь үндэслэлгүй, шүүх Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг, хариуцагч татгалзлаа тус тус нотлох үүргийг хүлээнэ.

Хариуцагч мөнгө зээлээгүй гэж маргасан ба нэхэмжлэгч Т.Бямба-Өлзий, П.Ариунтуяа, Б.Сэлэнгэ нарыг гэрчээр асуулгах, өөрийн гар утсанд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангаж, нотлох баримтыг нэхэмжлэгчийн хүсэлтээр бүрдүүлэх ажиллагааг хийжээ. Гэрч нар нэхэмжлэгч Ч.П-, хариуцагч Н.Т-д 5.000.000 төгрөг зээлэхээр тохиролцсоны дагуу зээлдэгч мөнгийг нэхэмжлэгчийн гэрт очиж эхнэр Б.Сэлэнгээс авсныг гэрчилсэн, нэхэмжлэгч гар утсаас хариуцагчийн утсанд мөнгө нэхсэн агуулгатай мессэж байнга илгээж байсан нь үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдсон байна. Эдгээр баримтыг хариуцагч үгүйсгэж чадаагүй, анхан шатны шүүх тухайн баримтуудыг харьцуулан үнэлж нэхэмжлэлийг хангасныг давж заалдах шатны шүүх үгүйсгэхдээ “мөнгөн хөрөнгийг бодитойгоор шилжүүлсэн үйл баримтыг нотлоогүй” гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцээгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 74 дугаар магадлалыг хүчингүй болгож, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 103/ШШ2017/00487 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 95.000 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ