Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 00074

 

 

Ч.П-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 103/ШШ2017/00487 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.П-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Т-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

           

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ч нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.П нь 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Н.Т-д 5 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Тухайн үед зээлийн гэрээг эхлээд амаар ярьж тохиролцсон. Учир нь нэхэмжлэгч тэр үед амралтад явах гээд зээлийн гэрээг бичгээр байгуулж чадаагүй, мөн мөнгөө эхнэрээрээ дамжуулж, Н.Т-д өгсөн гэдэг. Ингээд амралтаас ирснийхээ дараа гэрээг бичгээр байгуулаад нотариатаар батлуулъя гэсэн чинь хариуцагч би ОХУ-д явж байна гээд утсаа тасалсан байдаг. Анх зээл авахдаа Улаан-Үүд, Итгэлт хамба явна гэж зээл авсан байдаг. Зээл төлөх хугацаа нь болоод зээлээ төлөөч гэж шаардахад хариуцагч нь би хавар цагаан сарын дараа өгье гэж хэлсэн, ингээд хэлсэндээ хүрч мөнгөө төлөөгүй. Н.Т-ыг удаа дараа мөнгөө төлөхийг шаардахад уулзахаас зайлсхийдэг. Утсаар ярихаараа автомашин болон орон сууцаа худалдаж, мөнгийг чинь өгье гэж хэлдэг. Зээлийн гэрээг нэгэнт бичгээр байгуулаагүй учраас хүү нэхэмжлээгүй. 5 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. 2017 оны 9 сарын 14-ний өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд хариуцагч нь оршин суух хаягтаа байхгүй байна гэх шалтгаанаар нэхэмжлэлийг буцааж байсан. Иймд хариуцагчаас 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.П нь 2014 оны 6 дугаар сард надаас 1 000 000 төгрөгөөр 2 удаа, 3 000 000 төгрөгөөр 1 удаа нийт 5 000 000 төгрөг зээлж авсан. 5 000 000 төгрөгийн оронд 1.4 тонн түлш 1 литрийг нь 1300 төгрөгөөр тооцож өгсөн. 3 000 000 төгрөг бэлнээр надад өгч бидний хооронд тооцоо дууссан. Миний зүгээс Ч.П-гаас нэг ч удаа мөнгө зээлж байгаагүй. Ч.П-гийн эхнэр, хүүхдийг огт танихгүй, эхнэр нь надад мөнгө дамжуулж өгсөн гэдэг нь худлаа. Зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй учраас мөнгө зээлсэн гэдгийг нотлох боломжгүй. Нэхэмжлэгч өөрийнхөө нэхэмжлэлийг нотлох, нотлох баримтаа өөрөө цуглуулж өгөх үүрэгтэй. Гэтэл хэрэгт гэрчийн мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “... тухайн үед би амралтад явах гэж яараад зээлийн гэрээг нотариатаар батлуулаагүй” гэж байна. Тухайн үед амралтанд явсан юм бол тэр үеийнхээ амралтанд явсан баримтыг хэрэгт хавсаргасан бол болохоор байсан, мөн зээлийн гэрээг заавал нотариатаар батлуулах шаардлага байхгүй байсан. Зээлийн гэрээний талаар ямар ч баримт байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрч Б.С, П.А нарын мэдүүлгүүд нь эх сурвалжаа зааж өгч чадаагүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч нь Н.Т-д зээлсэн мөнгөө төлөхөөр Хаан банкнаас зээл авсан гэдэг, энэ хүн хүний зээлийг төлөхөөр 5 000 000 төгрөгийн зээл авч төлж байсан юм бол хаанаас дахиад 5 000 000 төгрөгийн орлого бий болсон байх вэ, энэ орлогоо тодорхойлж батлах баримт хэрэгт байхгүй, 5 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн нь нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

           

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Хэгэлдэргэнэ овогт Н-гийн Т-аас 5 000 000 төгрөг гаргуулж Боржигин овогт Ч-гийн Пүрэврагчаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд мөнгө зээлсэн, зээлдүүлсэн тухай ямар нэг баримт байхгүй. Уг хэрэгт гэрчээр асуугдсан Б.С нь нэхэмжлэгчийн эхнэр, П.А нь төрсөн охин нь бөгөөд эдгээр нь нэг ашиг сонирхолтой. Мөн мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгөөгүй. Гэрч Т.Б-гийн мэдүүлэгт “... эхнэр Б.С нь Т-д мөнгө өгөх гэж байна гээд бид гурав гэрээс нь хамт гарсан. Тэгээд үүдэнд нэг микро байсан бовдол тортой юмаа өгсөн байх би тэгээд л яваад өгсөн” гэж мэдүүлсэн нь гэрч торонд мөнгө байсан эсэхийг тодорхой мэдээгүй, түүнийг хэн нэгэнд өгсөн гэдгийг нь ч сайн мэдэхгүй таамаг төдий байгаа нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой шууд нотлох баримт болох шаардлага хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Ч.П нь тухайн үед 5 000 000 төгрөгтэй байсан гэдгээ нотлоогүй, орлогын эх үүсвэрээ тодорхойлоогүй нь энэ хэмжээний мөнгө бусдад зээлэх боломжтой байсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Н.Т нь Ч.П-тай 2015 оноос түлшний наймаанаас болж маргаантай байсан гэдэг ба үлдэгдэл тооцооны талаарх асуудал өнөөг хүртэл дуусаагүй тухай тайлбарласан. Харин Ч.П-гаас мөнгө зээлсэн удаа огт байхгүй тул түүнийг нотлох баримт ч бас байхгүй, гэрчүүдийн мэдүүлэгтээ яриад байгаа эхнэр нь одоо Солонгост байдаг учраас гэрчээр асуулгах боломжгүй гэдгийг мэдээд санаатайгаар гүтгэж байна гэсэн гомдолтой байгаа билээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.П нь хариуцагч Н.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээ байгуулах хэлбэрийн шаардлагыг тухайлан заагаагүй боловч мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг аман хэлцлийн хүрээнд хийх боломжтой. Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгөн хөрөнгийг бодитойгоор шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зохицуулсан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа “... 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Н.Т-д 5 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн гэрээ байгуулж чадаагүй, мөнгөө эхнэрээрээ дамжуулж, хариуцагчид өгсөн” гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчид бэлнээр эсхүл дансаар мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй.

 

Ийнхүү талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийн оролцогчийн нотлох үүргийн хуваарилалтыг буруу тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. Өөрөөр хэлбэл хариуцагч нь 5 000 000 төгрөгийг аваагүй гэж маргаж буй тохиолдолд нэхэмжлэгч тал зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэдгээ баримтаар нотлох үүрэг үүснэ.

 

Энэхүү үүргээ нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэрэгжүүлээгүй байна.

             

            Хэдийгээр нэхэмжлэгч нь дээрх 5 000 000 төгрөгийг Н.Т-д зээлдүүлсэн гэдгээ гэрчийн мэдүүлгүүд, гар утасны мессеж зэргээр нотолно гээд нэр бүхий гэрчүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж шүүх хуульд заасан журмаар тэднээс мэдүүлэг авсан байх боловч мөнгөн хөрөнгийг бодитойгоор шилжүүлсэн үйл баримтыг нотлоогүй болно. Түүнчлэн гэрчийн мэдүүлгүүд нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой бусад баримтаар давхар нотлогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 103/ШШ2017/00487 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Н.Т-аас 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.П-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхцэцэгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн     95 000 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Т.ТУЯА

 

                                                     ШҮҮГЧИД                          Ч.ЦЭНД

 

                                                               Г.ДАВААДОРЖ