Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 202

 

Р.Дарханбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Д.Булганцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Батмандах,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дүгээр сарын 26-ны өдрийн 483 дугаар магадлалтай, 201501080518 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Батмандахын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Оорцог овогт Рэнцэнгийн Дарханбаатар нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Р.Дарханбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоног хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 30 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч М.Хүсэл-Од, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Батмандах нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Хэргийн талаар илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хийсэн танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэг, өмгөөлөгч А.Батмандах нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Батмандах хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. ...Шинжээчийн дүгнэлтийг тэмдэглэлийн дэвтрийн хуудсан дээр бичигдсэн тодорхойлолт гэх зүйлийг үндэслэн 1 сарын дараа гаргасан байдаг. Тодорхойлолт бичсэн эмч нь хаана, ямар албан тушаал эрхэлдэг болон мэс засал хийх эрхтэй зэрэг зүйлийг дурьдаагүй. Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт дээрх эмчээс гэрчийн мэдүүлэг аваагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 94 дүгээр зүйлийн 94.2 дахь хэсэгт заасныг зөрчжээ. Уг тодорхойлолт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т заасан шаардлагыг хангаагүй, энэ баримтыг байцаалтаар болон өөр нотлох баримтаар бэхжүүлэлгүй шинжээчийн дүгнэлт гаргасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж байна. Шинжээчийн дүгнэлтэд хохирогч 2015.10.27-11.06-ны хооронд “Энх-Ундарга” сувилалд хэвтэн эмчлүүлсэн гэх боловч дээрх сувилал нь хагалгаа, оёдол хийдэггүй газар юм.

Хохирогч нь анхны тусламжийг 2015.10.27-ны өдрийн 15 цагт буюу 11 цагийн дараа авсан байдаг бөгөөд артерийн судас тасарсан үед тусламж авалгүй хүн 10 минутаас илүү амьдардаггүй болох нь шинжлэх ухаанаар тогтоогдсон.

Шүүгдэгч нь бичиг үсэг огт мэддэггүй бөгөөд хавтаст хэргийг огт уншиж танилцуулалгүй гарын үсэг зуруулсан гэж шүүгдэгч тайлбарласан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-т заасныг зөрчин өмгөөлөгч тулгаж оролцуулсан байна. Иймд хэт нэг талыг барьж хууль зөрчиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож дээрх хууль зөрчсөн, дутуу хийгдсэн ажиллагаануудыг дахин шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Прокурор Д.Булганцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Р.Дарханбаатар нь бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй, үнэн зөв гарсан. Хохирогчид учирсан гэмтэл учрах үедээ амь насанд аюултай гэмтэл болох нь гэрэл зургийн үзүүлэлтээр давхар нотлогдож байгаа. Хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Батмандахын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Р.Дарханбаатарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзвэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320, 321 дүгээр зүйлд заасан “хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангаагүй байх тул Р.Дарханбаатарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтанд буцааж дараах нөхцөл байдлыг зайлшгүй шалгаж, тодруулах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1.Хавтаст хэргийн 145 дугаар хуудсанд авагдсан, хүний их эмч Б.Энхтөрийн гарын үсэг, тэмдэг, 2015 оны 10 дугаар сарын 27 гэсэн огноо бүхий тодорхойлолтод “...Шарханд анхдагч цэгцлэлт хийж повидм иодын уусмалаар арчиж цэвэрлэн 2-3 газар өмнөд артер тасарсан байдалтай, артерийг боож дотор оёдол тавин, гадна оёдол тавьж хаан шархыг цэвэрлэж ариун боолт хийв.” гэж бичигдсэн байхад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 08 тоот шинжээчийн дүгнэлтэд “М.Хүсэл-Одын биед хүзүүнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь ...учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэж дүгнэсэн, өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтэд “артерийн судас тасарсан” талаар дурдаагүй байх тул бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, хохирогчийн хоолойн өмнөд хэсэгт 2-3 газар өмнөд артер тасарсан эсэх, артерын судас болон хоолой зүсэгдсэн шарх нь тус бүрдээ гэмтлийн ямар зэрэгт хамаарах талаар дүгнэлт гаргуулах, анх хохирогчид үзлэг, эмчилгээ хийсэн эмч Б.Энхтөрөөс дээрх байдлын талаар гэрчийн мэдүүлэг авах нь зүйтэй. Энэ талаар өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.

2.Хохирогч М.Хүсэл-Од мөрдөн байцаалтын шатанд “... Дарханбаатар гэртээ очингуутаа нөгөө архинаасаа уусан зүйлгүй надад нэг хийж өгснөө эхнэртэйгээ хэрэлдсэн. Эхнэр нь ч гэсэн өөдөөс нь хэрэлдсэн. Дарханбаатар гэрийнхээ зүүн талд байх ширээн дээрээс хутгыг аваад эхнэр лүүгээ дайрсан чинь эхнэр нь хүүхдүүдээ орхиод зугтаагаад гараад гүйсэн. ...Цацралтуяагийн төрсөн дүү нь “та нар болиоч” гээд босоод ирсэн. Тэгтэл Дарханбаатар “чамайг ална” гээд дүү рүү нь дайрсан чинь тэр бас зугтаагаад гараад явсан. Би урдуур нь орж болиулсан чинь “чамайг насаар чинь тэжээнээ” гээд гартаа барьж байсан хутгаараа миний хоолойг зүссэн” /хх-18/ гэж,

-гэрч Н.Бат-Очир мөрдөн байцаалтын шатанд “Хүсэл-Од нь “би чамайг манай уурхайд ажил гэсэн үү банди минь” гээд тэр хоёр маргалдаад зодолдчих гээд байхаар нь эгч бид хоёр босож ирээд салгаад Хүсэл-Одыг гэрээс түлхэж гаргачихаад хаалга түгжчихсэн. Хүсэл-Од гэрийн гадаа Дарханбаатар ахыг “Дархаа бандиа гараад ир, чи Дархан аварга гэлүү” гээд согтуурхаад чанга дуудаад байсан. Дарханбаатар ах гэрээс гарах гэтэл Цацралтуяа эгч гарахыг нь хориглосон чинь Дарханбаатар ах эгчийг алгадаад авсан, тэгэхээр нь би Дарханбаатар ахыг очоод бариад автал Цацралтуяа эгч гэрээс гараад гүйчихсэн. Би Дарханбаатар ахыг сандал дээр суулгачихаад гараад явсан” /хх-32/ гэж,

-гэрч Н.Цацралтуяа мөрдөн байцаалтын шатанд “Дарханбаатар, Хүсэл-Од хоёр уурхайн асуудлаас болоод маргалдаад байсан. Хүсэл-Одыг “гэрээс гарчих” гэсэн чинь гарахгүй байхаар нь түлхээд гэрээс гаргасан. Түүнийг гарсны дараа би нөхөртөө уурласан чинь Дарханбаатар “чамд хамаагүй” гээд намайг алгадаад авахаар нь би зугтаагаад гараад явсан” /хх-23/ гэж,

-шүүгдэгч Р.Дарханбаатар мөрдөн байцаалтын шатанд “...архи аваад гэртээ орсон чинь манай эхнэр Хүсэл-Одыг харчихаад “та хоёр манай гэрт архи уухгүй шүү” гэхээр нь Хүсэл-Од архиа аваад гараад явчихсан чинь манай эхнэр гарангуут нь гэрийн хаалга дотор талаас нь түгжчихсэн, тэгээд Хүсэл-Од гадаа суучихаад намайг дуудахаар нь би гэрээс гарах гэсэн чинь манай эхнэр намайг гаргахгүй байсан. ...эхнэртэйгээ гарна, гарахгүй гэж хэрэлдээд би хаалганы цоожыг нээсэн чинь Хүсэл-Од орж ирэхээр нь манай эхнэр “чи зайлаач яах гэж орж ирсэн юм, энэ чинь манай гэр” гэсэн чинь Хүсэл-Од манай эхнэрийг “муу гичий минь чи зүгээр байгаарай, би аль түрүүнээс хойш зүгээр тэвчээд байсан шүү” гэхээр нь би уурлаад “чи одоо болиоч” гэсэн чинь Хүсэл-Од манай гэр дотор хувцсаа тайлж шидээд “хоёулаа үзье пизда” гэхээр нь би “чи зүгээр гараад зайл би унтаж амармаар байна” гэтэл намайг хоёр гараараа урдаас тэвэрч аваад хойшоо нугаслаад унагаачихсан. Хүсэл-Од өөрөө миний дээр унасан. Тэгээд би өндийгөөд босох гэтэл намайг дээрээс дараад босгохгүй байхаар нь би “чи намайг зүгээр тавьчих” гэсэн чинь намайг тавиагүй цамцнаас мушгиад хоолой боохоор нь манай эхнэр “хүн аллаа шдээ чамайг цагдаа дуудаж өгнө” гэж орилоод гэрээс гараад гүйчихсэн” /хх-46/ гэж тухайн хэрэг болсон газар, цаг хугацаанд байсан хохирогч, гэрч, шүүгдэгч нар харилцан зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад шүүх эдгээр нотлох баримтыг бүгдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож бичсэн атлаа аль мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн, алийг ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж байгаа талаар дурдаагүй байна.

Түүнчлэн, шүүх үйл баримтыг хөдөлбөргүй тогтоож, хэргийг зөв зүйлчлэхэд ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагыг хангахгүй байгаагаас гадна мөн хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.3 дахь заалтад заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авч бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй...” гэснийг зөрчжээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Батмандахын гаргасан “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах” талаар гаргасан гомдлыг хүлээн авч, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дүгээр сарын 26-ны өдрийн 483 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Р.Дарханбаатарт холбогдох 201501080518 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг шүүхэд очтол Р.Дарханбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                  ДАРГАЛАГЧ,

                                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                                                 ШҮҮГЧ                                                                 Б.БАТЦЭРЭН