Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
Хэргийн индекс | 112/2017/0030/З |
Дугаар | 38 |
Огноо | 2017-11-02 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Иргэн Б.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* сумын Засаг дарга Э.Н холбогдох тус сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий хэргийг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр шүүгч Б.Саранчимэгээс хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагч Э.Н, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д,гуравдагч этгээд Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2008 оны 01 сарын 05-ны өдөр ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдон очоод 9 жил ажилласан. Уг хугацаанд ******* сумын нэрийг гаргах ажилд голчлон оролцож байсан. Сүүлийн жилүүдэд шагналт байруудад удаа дараа шалгарч байсан. Б/16 дугаартай захирамж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг тус тус зөрчсөн. Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд суурь зарчим болох хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн заалтыг зөрчиж байгаа. Төрийн албаны тухай хуулийн зорилт нь Монгол Улсын төрийн алба /цаашид “төрийн алба” гэх/-ны ангилал, зарчим, төрийн албан тушаал, түүнд тавих шаардлага, төрийн алба хаах болзол, журам, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, баталгаа, төрийн албаны төв байгууллагын чиг үүргийг тогтоон зохицуулахад оршино гэсэн заалт байгаа. Би төрийн албан хаагчийн баталгаагаа хангуулахаар сурахаар чөлөө авсан байгаа. Төрийн албан хаагч гэдэг нь төрийн албан тушаалыг эрхэлж бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэж хэлж байгаа. Би бол төрийн жинхэнэ албан хаагч болж байгаа. Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомжийн актаар тогтооно гэсэн байгаа. Тэгэхээр Б/16 дугаартай захирамж нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэж халсан заалттай байгаа. Төрийн албан хаагчийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасан байгаа. Надтай холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг хэрэглэх шаардлага байгаагүй. Төрийн албанаас чөлөөлөгдөх үндэслэл байгаа. Б.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай гэсэн тэргүүтэй захирамж гарсан байгаа. Ажлаас чөлөөлөх үндэслэл Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т байгаа. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах гэж байгаа. Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэсэн заалт байгаа. 26.6-д Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно гэсэн байгаа. Өмнө нь 2013 онд Засаг даргаар Хурцгэрэл ажиллаж байсан. Ажил тасалсан гэдгээр сахилгын арга хэмжээ авсан байсан. А даргын үед бас сахилгын арга хэмжээ авсан. Эдийн засгийн дээд сургуульд сурахаар чөлөө авсан нь үнэн. Сургуульдаа бүртгүүлээд явж байхад Э.Н дарга очоод намайг сургуульд сурдаггүй гэсэн тоот хийгээд өгөөдөх намын даалгавраар явж байна. Энэ хүнийг ажлаас чөлөөлөх гэсэн юм гэж хэлээд тодорхойлолт авсан байгаа. Тодорхойлолтыг бүртгүүлсэн, төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэлээр гаргаж өгсөн байгаа. Би 620.000 төгрөгийн зээл төлдөг. 800.000 гаруй төгрөгийн цалин авдаг. Э.Н ийм зээл авч үзээгүй байх. Чөлөө аваад явахад миний гар дээр 530.000 төгрөгийн цалин авч байсан. Сургалтын төлбөрийг төлж чадаагүй нь үнэн. Дарга чинь манай сургуулиас тодорхойлолт авсан чи бол ер нь болохгүй хүн байна. Чамайг сургуульдаа сургахгүй гэж Сургуулийн захирал Л хэлсэн. Би сургалтын төлбөрөө төлнө, сургуульдаа амжилттай сурна гэсэн амлалтыг өгсөн. Тэгсэн хэдий ч сургуульдаа сургаагүй. Одоо Рояаль академид сурч байгаа. Төрийн болон өмчийн хөрөнгөөр бараа аж ахуй үйлчилгээ худалдан авах тухай хуулийн заалт байгаа. Тухайн байгууллагыг сонгохдоо Сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулаад, үнэлгээний хороо байгуулсан. Сонгон шалгаруулах комисст би ороогүй. Гэрээ байгуулахад нь гарын үсэг зурсан. Дэлгэрхүү дарга гэрээ байгуулсан. Орон нутгийн хөгжлийн хөрөнгийг захиран зарцуулах эрх нь сумын Засаг даргад байгаа. Тендертэй холбоотой асуудал надад хамаагүй. Хэдий миний дүү ч гэсэн тусдаа амьдралтай хүн энэ нь өөр асуудал.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 40.1.5.мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж байгаа энэ талаар Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 15.4-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус тусд нь арга хэмжээ авсан байхыг шаардахгүй гэсэн байгаа. Би эд хөрөнгийн хохирол учруулаагүй. Хөрөнгийн талаар өөрсдөө учраа олохгүй байгаа. Notebook гээд биччихсэн байгаа. Notebook компьютерийг би бичиг хэргийн эрхлэгчид өгчихөөд явсан. Буцаж очиход юу нэхээд байгаа нь тодорхой бус байсан учраас албан бичиг гаргаад өгчих гэж хэлсэн. Хөрөнгийн бүртгэлээр ажлаа хүлээлгэж өгсөн. Төрийн ажил тасралгүй явагдах ёстой. Миний дараа тухайн албан тушаал дээр хоёр ч хүн ажиллалаа. Мэргэжлийн аппарат биш байх, жолооч нэг хэсэг ашиглаад яваад байсан. Би мэдэхгүй Эд хөрөнгө тоолоход бүртгэлтэй хөрөнгө бүрэн байсан. Хэвлэлийн тоног төхөөрөмжийг засуулах гэж өгснөөрөө би буруутай болчихоод байгаа. Дотоод журам нь хуулиас давсан байж болохгүй, дотоод журамд сахилгын шийтгэл ногдуулах заалт байгаа. Төрийн албаны тухай хуулийн 26.1, ёс зүйн дүрмийн 3.3, 2.3.5, 2.3.6, 4.4, Дотоод журмын 5.10, 5.15, 5.16, 6.3, 9.8-р заалтууд Б/16 дугаартай захирамжинд тусгаагүй байгаа. Тушаал гаргахдаа журмаа судлаагүй, өөрийнхөө үзлээр тайлбарлаад байна. Албаны хүсэл зорилгоор завшсан зүйл байхгүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх 3 үндэслэл байгаа. Б.Б нь сургуульдаа сураагүй нь ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болох уу? Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 28 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа огт явуулаагүй. Тайлбар өгөх боломж олгоогүй. Төрийн албан хаагчийн тангараг зөрчсөн асуудал гаргаагүй. Эд хөрөнгөөс Б.Б нь хувьдаа ашигласан зүйл байхгүй байгаа. Эд хөрөнгийг хэн хариуцах ёстой юм бэ? Нярав гээд ажлаад хийгээд цалингаа аваад явж байгаа хүн байгаа. Архи уусныг батлах нотлох баримт байхгүй. Захирамжинд архи уусан талаар нэг үг, өгүүлбэр ч байхгүй. Захиргааны акт нь үндэслэлгүй юм. Хүний эрхийг намын үзэл баримтлалаар зөрчиж болохгүй. Ажлаас чөлөөлснийхөө дараа эд хөрөнгийн талаар ярьж байгаа. Б.Б-ыг ажлаас чөлөөлөхөөсөө өмнө ярих хэрэгтэй байсан. Эд хөрөнгийн асуудлууд нь тодорхой бус байгаа. Б.Б нь тодорхой хэмжээнд ******* сумын төлөө ажилласан. Б.Б нь 2017 оны 05 сарын 01-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Өнөөдөр 2017 оны 11 сарын 02-ны өдөр. Нийт 134 хоног ажилгүй байсан. Ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрт 6.799.696 төгрөгийг тус сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, ажилд нь эгүүлэн томилж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Б нь 2017 оны 02 сарын 01-ний өдөр сургуульд сурахаар чөлөө авсан байдаг. Эдийн засгийн үндэсний дээд сургуульд 2017 онд сурах болсон учраас чөлөө олгож өгнө үү? гэсэн байсан. Тэр үед би аль болох хэмжээгээр 3 сарын цалинтай чөлөө олгосон. Дараагаар сургуульдаа сураагүйг нь мэдсэн. 3, 4 сарын хугацаатай хичээллэх байсныг Б.Б нь хугацаагүйгээр хичээлэх болсон гэсэн сургуулийн албан тоотыг өөрчилж ёс зүйгүй байдал гаргасан. Сургуулиас нь албан ёсоор суугаагүй. Нэг удаа ирж бүртгүүлсэн. Төлбөр мөнгөө төлөөгүй байгаа гэсэн үүнийг нь үндэслэж сургуулиас нь албан бичиг авсан. Аудит ирэхээс өмнө ажлаа маш яаралтай хүлээлгэж өгсөн. Өөр дээр байсан хөрөнгөө өгсөнөөс бусдыг нь өгөөгүй. Аудитын шалгалтаар нилээд хөрөнгө дутсан. Хөрөнгө нь биетээрээ байна уу? гэхэд байгаагүй. Тоног төхөөрөмжүүд нь аймаг дээр хэвлэх үйлдвэрт байсан. Зарим нь ор сураггүй байгаа. Шалгалтаар сумын гэрэлтүүлгийн талаар аудитын дүгнэлт гарсан байгаа. Анх гэрэлтүүлэг хийхдээ 50 гэрэл хийснээс 8 нь гэрэл нь асаагүй. Дараа нь 40 гэрлээс 27 гэрэл нь асаагүй байгаа. Компаний захирал нь Б.Батнайрамдалын төрсөн дүү. Чанарын шаардлага хангаагүй, бараа материалын үзүүлэлтийг муугаар нийлүүлсэн байсан нь тогтоогдсон. Тендерийн материалд хуурамч материал байсан учраас ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан байгаа. Сургуулийн тоотыг өөрчилснөө хэлсэнгүй. Би сургууль дээр албан ёсоор очоогүй. Хүмүүс Б.Б-ыг архи, дарс уугаад ваар саваар явж байна гэж хэлсэн. Тиймээс би сургуулиас нь лавласан. Хоёр тоот хоорондоо зөрүүтэй байгаа. Сургуулийн захиралыг байгаа байдлаар нь тодорхойлолт өгөөч гэсэн. Эдийн засгийн дээд сургуульд хуулийн бакалавраар сурна гэж хэлээд чөлөө авсан. Одоо өөр сургуульд, өөр мэргэжлээр сурч байгаа юм байна. Анх удаа үнэлгээний хороо байгууллагдаад Засаг даргын захирамж гарч байгаа. Надад өрөө доторх эд хөрөнгөө л хүлээлгэж өгсөн. Бусад эд хөрөнгийг дараа хүлээлгэж өгье гээд явсан. Notebook байсан. Онцгой байдлын газартай хамтарч төсөл бичиж байсан. Үүнийг Онцгой байдлын газрын ажилтан Лувсанжамц гуай нотлох байх. Б.Б төслөө бичиж дуусгаад маргааш Notebook-ийг өгье гээд аваад явсан. Маргааш нь утсаа аваагүй. Чамд өгсөн гээд гүтгээд байна. Шаардлага хангахгүй спикер машин, принтер байсан. Би өөрөө очиж үзсэн. Хүлээж авсан акт нь байгаа.
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Төрийн албаны салбар зөвлөлд хандсан албан бичиг 05 сарын 01-ний өдрийн ажлаас чөлөөлсөн тушаалтай холбоотойгоор нотлох баримтуудыг хавсаргасан байгаа. Дотоод журам, чөлөө олгосон тушаалыг хүчингүй болгосон байгаа. Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг дарга нь 05 сарын 01-ний өдөр Б.Б мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Сонсох ажиллагааны талаар мэдүүлэг хүргүүлсэн. Чөлөө хүссэн тухай албан тоот, Эдийн засгийн үндэсний дээд сургуулийн 2017 оны 03 сарын 24-ний өдрийн тодорхойлолт, хэргийн материалд уулзалтын тэмдэглэл байгаа, ажил хүлээлцсэн тэмдэглэл нь дутаасан эд хөрөнгө хүлээлгэж өгсөн тэмдэглэл бол биш. 2017 оны 05 сарын 25-ны өдрийн 03/118 дугаартай албан тоот, чөлөө хүссэн баримтыг хавсаргаж өгсөн байгаа. Сургуулийн тодорхойлолт, гарын үсгийн талаарх тайлбар, хувийн байдлыг тодорхойлохоор сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаалуудыг хавсаргасан байгаа. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Рояаль академи олон улсын дээд сургуулийн тодорхойлолтыг үнэлэх үү гэдэг нь эргэлзээтэй. Хуурамчаар гаргаж өгсөн байх магадлалтай. Чөлөө авахдаа 2-р сард сургуульд сурна гээд чөлөө аваад явсан. Нотлох баримтаас харахад хүний эрхийг зөрчсөн асуудал байхгүй. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримт нь эргэлзээ бүхий байгаа. Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албанд анх орохдоо: “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөдөг. Тангараг өргөсөн заалт маань зөрчигдсөн гэж үзэж байна. Notebook-ийг авсан нь тогтоогдож байгаа. Хариуцагчийн зүгээс Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн асуудал байхгүй. Үндэслэлгүйгээр худлаа хэлээд чөлөө аваад явсан байгаа. Сурах эрхийг зөрчөөгүй бүр хангаад 3 сарын цалинтай чөлөө олгоод сургуульд нь явуулсан. Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь зөрчсөн асуудал байхгүй. Намын үзэл баримтлалаар дарамталсан гээд байх юм тийм асуудал байвал түүнийгээ нотлох хэрэгтэй. Ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байгаа. Notebook-ийг хувьдаа ашигласан магадлал өндөр байгаа. Дээд шүүхийн тайлбарыг нэхэмжлэгч өөрөө буруу тайлбарлаад байна. Эд хөрөнгө дутаасан асуудлын талаарх тайлбараа буруу хэлээд байх шиг байна. Аудитын дүгнэлт гарсан байгаа. Цалинтай чөлөө авсан, эд хөрөнгө дутаасан зүйл байгаа. Ажлаас халсаныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Ч.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ий өдрийн Б/17 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Намайг томилооод Б.Бөөрийн биеэр ажил хүлээлцээгүй. Сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг гарч ажил хүлээлгэн өгсөн. Намайг ажил хүлээж авахад үндсэн хөрөнгийн тооллого хийж Б.Б-тай холбоотой 10 нэр төрлийн 9396000 төгрөгийн хөрөнгө дутсан. Дээрх хөрөнгийг 2017 оны 06 дугаар саын 05-ны дотор хүлээлгэн өгөх талаар 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 3/118 дугаар албан тоот хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг дарга 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 13 дугаар зүйлийн 12.1.2, 15 дугаар зүйлийн 15.1.7, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.8, 5.18, 12.1, 12.1.3 дахь заалт, 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн Эдийн засаг үндэсний дээд сургуулийн тодорхойлолт, Байгууллагын дотоод хяналт шалтгалтын комиссын дүгнэлтийг үндэслэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б нь магистрын сургалтанд сурахтай холбогдуулан 1 жилийн чөлөө авсан атал сургуульдаа албан ёсоор сураагүй болох нь тогтоогдож төрийн албан хаагчийн тангараг, ёс зүйг зөрчсөн, мөн мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны хувьд байгууллагын эд хөрөнгийг хувьдаа ашиглаж ажил олгогчийн итгэлийг алдсан нь тогтоогдож, хөдөлмөрийн дотоод журамд тусгасан хөдөлмөрийн харилцааг дуусгах ноцтой зөрчлийг гаргасан тул 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
1. Магистрын сургалтанд сурахтай холбогдуулан 1 жилийн чөлөө авсан атал сургуульдаа албан ёсоор сураагүй болох нь тогтоогдож төрийн албан хаагчийн тангараг, ёс зүйг зөрчсөн тухайд:
******* сумын Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 30-ны Б/03 дугаар захирамж гарган сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Б шинэ дадлага сургалт эзэмших “Магистр”-ын сургалтад хамрагдах болсонтой холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 2018 оны 03 дугаар сарын 01 хүртэл хугацаанд чөлөө олгосон. Уг чөлөөг олгохдоо Эдийн засгийн үндэсний дээд сургуулийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт “Чөлөө хүсэх тухай” албан бичгийг үндэслэсэн. Тухайн чөлөө хүсэх албан бичгийн нэхэмжлэгч Б.Б“Буянхишиг овогтой Б нь тус сургуулийн “Магистр”-ийн ангид 2016 онд элссэн бөгөөд 1-р улирлын хичээл 2017 оны 01 сарын 20-оос эхлэн хичээллэх тул ажлаас нь чөлөө олгож сургалтанд хамруулж өгнө үү” гэж өөрчилсөн нь Эдийн засгийн үндэсний дээд сургуулийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Буянхишиг овогтой Найрамдал нь тус сургуулийн магистрийн ангид 2016 онд элссэн бөгөөд 1-р улирлын хичээл 2017 оны 01 дүгээр сарын 09-өөс 02 дугаар сарын 04-ний хооронд үргэлжлэн хичээллэх тул ажлаас нь чөлөө олгож сургалтанд хамруулж өгнө үү” гэсэн албан бичиг, нэхэмжлэгчийн “...Н гээд миний нэрийг буруу бичсэн тоот ирсэн. Миний нэр буруу бичигдсэн байна нэрийг солиод өгөөч гэхэд чи наана өөрөө солиод янзалчих гэсэн...” шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9-д зааснаар төрийн албан хаагч төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах баталгаагаар хангагдах эрхтэй. Б.Б магистрын зэрэг хамгаалахаар суралцах чөлөө авсан боловч сургуульдаа сураагүй тухайн үед сургалтын төлбөр төлөх боломжгүй байсан байхад чөлөө авсан боловч сургуульдаа сураагүй гэж буруутгах боломжгүй харин чөлөө авахдаа байгууллагын албан бичгийг өөрчилсөн байгаа тогтоогдож байна.
2.Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны хувьд байгууллагын эд хөрөнгийг хувьдаа ашиглаж ажил олгогчийн итгэлийг алдсан тухайд:
2017 оны 04 дүгээр сарын 12-ны А/01 дүгээр Засаг даргын захирамжаар байгууллагын өмч хөрөнгийг тоолж бүртгэлжүүлэх ажлын хэсэг байгуулан сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөнд тооллого хийсэн байна. Уг ажлын хэсгийн 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдөр тооллого хийсэн талаар илтгэх хуудсаар 1 дүгээрт очиж нүд үзэж тооллогод хамрагдаагүй хөрөнгийн жагсаалт, 2-т ашиглах боломжгүй хугацаа нь дууссан эд хөрөнгийн судалгаа, 3-т бүртгэлд байгаа боловч одоогоор ашиглагдахгүй эзэмшигч нь тодорхойгүй хөрөнгө нь байхгүй эд хөрөнгийн жагсаалтыг гаргасан байна. Уг тооллого хийхэд дутагдсан хөрөнгө болох компьютер, утас, принтер, зургийн аппрат, стикер хэвлэх машин гэх мэт эд хөрөнгийг хариуцах эзэн Б.Б хувьдаа ашиглаж ажил олгогчийн итгэлийг алдсан гэж Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зйлийн 15.1.7 “албаны бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших” гэж заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.
Тодруулбал: ******* сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нарын байгуулсан үр дүнгийн гэрээний 4-т байгууллагын эд хөрөнгийг зохистой ашиглах, хагас бүтэн жилээр өмч хөрөнгө тоолох, бүртгэх, хяналт тавих ажлыг зохион байгуулах, бүрэн бүтэн байдалд хяналт тавих үүргийг төсвийн шууд захирагч буюу сумын Засаг даргын Тамгын газрын дарга хариуцан ажиллахаар үүрэг хүлээсэн. Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийнх нь хүрээнд тухайн албан тушаалтнаас тодруулахгүйгээр чөлөөтэй байх хугацаанд сумын Засаг даргын Тамгын газрын эд хөрөнгөд тооллого хийж, эзэмшигч нь тодорхойгүй, дутагдсан байгууллагын эд хөрөнгийг Б.Б хувьдаа ашигласан гэж үзсэн байдал нь хангалттай нотлогдохгүй байхад ажлаас нь чөлөөж байгаа буруу байна.
Мөн Б.Б чөлөө авсантай холбогдуулж 2017 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр ажил хүлээлцсэн тэмдэглэлд Notebook комьпютер 1 ш хүлээлгэн өгсөн, хүлээн авсан Засаг дарга гэж гарын үсэг зурсан байгаа ч шүүх хуралдаанд хариуцагч Э.Н “...Б.Б-ын нэр дээр байсан хэвлэх үйлдвэрийн тоног төхөөрөмж, зургийн аппарат, камер, өнгөт принтер, хар принтер, компьютер г.м зүйлүүд байгаа, ... надад өрөө доторх эд хөрөнгөө л хүлээлгэж өгсөн. Бусад эд хөрөнгийг дараа хүлээлгэж өгье гээд явсан. Notebook байсан. Онцгой байдлын газартай хамтарч төсөл бичиж байсан. Б.Б төслөө бичиж дуусгаад маргааш Notebook компьютерийг өгье гээд аваад явсан” гэсэн тайлбар, нэхэмжлэгч Б.Б “...Notebook би аваагүй, хүлээлгэж өгсөн байгаа, ...Notebook Э.Н авчаад өөрөө аваагүй гээд дайраад байна. Нөгөө notebook нь бичиг хэргийн эрхлэгчид байгаа .... Ажил хүлээлцэхэд няраваас би эд хөрөнгийн бүртгэл авч Э.Н-т ажлаа хүлээлгэж өгсөн. Хэвлэх машиныг засуулахаар өгсөн, ...өнгөт принтер байж байгаа, хариуцагч өөрөө үзсэн гэж хэлсэн. Принтерийг өөрсдөө ашиглаж байгаа. Нэг принтерийг завсарт өгсөн Би ажлаас халагдаагүй, чөлөө аваад явсан” гэсэн тайлбар, гуравдагч этгээд Ч.Б “...Тамгын газрын нэр нь дээр байдаг. Тооллогоор эд хариуцагч Б.Б-ыг авч явсан гээд байгаа .... эд хариуцагч болон тооллогын комиссынхон Б.Б-д байгаа гэдэг гэв” гэсэн шүүх хуралдаанд тайлбар гаргасан байгааг дурдах нь зүйтэй байна.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасан байгаа хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дах хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэх тохиодолд ажил олгогч ажилтан нарыг хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулсан байхыг шаардах бөгөөд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар байна. Гэтэл сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь төрийн захиргааны албан хаагч бөгөөд сумын Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг тул дээрх хуулийн заалтыг үндэслэн ажлаас чөлөөлж байгаа нь хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн байна.
Иймд ажлаас чөлөөлсөн үндэслэлүүд нь хангалттай нотлогдохгүй, хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн байгаа зэргээс дүгнэлт хийж Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Б-ыг ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Шүүх захиргааны актыг хүчингүй болгож, ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 02 буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны 106 хоногийн олговор 5378933 мянган төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу уг олговороос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 5 дугаар хэсэгт зааснаар хавтас хэргийн мартериалд авагдсан Б.Б-ын нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2016 оны 12 сар 2017 оны 1,2 дугаар сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаанд дахь нийт сарын тоонд хувааж ажилтаны нэг сарын дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг, ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 15 дугаар зүйлийн 15.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Б-ыг ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 106 хоногийн олговор 5378933 /таван сая гурван зуун далан найман мянга есөн зуун гучин гурван/ төгрөгийг ******* сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ