Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 50

 

Т.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул                                               

Шүүгчид                                          Ц.Амаржаргал

                                                        Б.Манлайбаатар

Прокурор                                        Н.Идэр

Шүүгдэгчийн өмгөөлөгч                 Н.Баярмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэн шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 391 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж ирүүлсэн Т-гийн Г-т холбогдох эрүүгийн 201709000240 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг Тосгоны 3-83 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Урианхай овгийн Т-гийн Г- /РД:**********/, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:

-Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 6 сар хорих, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хөнгөн ялыг хүндэд багтааж, биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хорих ялаар тогтоосон,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 5 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэж байсан,

Сэжигтнийг яллагдагчаар татах тухай тогтоолд бичигдсэнээр:

Т.Г- нь согтуурсан үедээ 2017 оны 03 дугаар сарын 17-ны орой 20 цаг 30 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 18-н буудлаас иргэн Б.Ц-ын таксинд сууж, 3 дугаар багийн 10 дугаар худгийн ойролцоо хүргүүлэхдээ буух ёстой газар буулгасангүй гэх шалтгааны улмаас жолоочтой маргалдаж, таксины жолооч Б.Ц- нь Т.Г-ийг хүчээр чирж буулгасны улмаас машины цонх руу чулуу шидэж, урд суудалд сууж явсан иргэн М.М-гийн баруун шанаа руу чулуугаар цохиж түүний бие махбодид тархи доргилт, баруун нүдний цус хуралт, баруун хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 391 дугаартай  шүүгчийн захирамжаар:

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.3-т зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тухай тогтоол баталж ирүүлсэн Т.Г-т холбогдох эрүүгийн 201709000240 дугаартай хэрэгт нэмэлт хэргэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр Аймгийн Прокурорын газарт буцааж,

-Хэргийг Прокурорын газарт очтол шүүгдэгч Т.Г-т урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр... тус тус зааж шийдвэрлэжээ.

Улсын яллагч Н.Идэр давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ

“...Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, Монгол Улсын олон улсын гэрээ, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Шүүхийн тухай хуулийн зарчмаар мэтгэлцээний тал нь яллах болон өмгөөлөх талууд байж, шүүх үүнд хөндпөнгийн, хараат бус байр сууринаас хандан мэтгэлцэгч талуудын гаргасан баримт, тайлбарт үндэслэн шийдвэр гаргадаг билээ.

Гэтэл анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр нэмэлт хэрэгт бүртгэлтэд буцааж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

-Хохирогч М.М-гийн хэрэг бүртгэлтэд өгсөн "2017 оны 03 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед 18-н буудал дээрээс таксины урд суудал дээр суугаад байж байсан чинь хамгийн сүүлд нэг согтуу залуу суусан ...10 дугаар худгийн тийшээ өгсөөд явж байсан чинь таксины жолоочтой нөгөө согтуу залуу маргалдаад жолооч” одоо буу” гэсэн чинь “урд чинь сууж яваа хүүхэнтэй бууна” гээд байсан ...Таксины жолооч ах буу гээд чирээд буулгачихсан. Тэр хоёр гадаа зодолдоод жолооч ах арай гэж салаад машиндаа суугаад явахаар нь би “таны мөнгийг нэмээд өгье, гэртээ хүргүүлье” гэсэн. Тэгээд нилээд явж байгаад буцаад 10 дугаар худгийн тэнд манай гудамж руу эргээд орох гэтэл тас гээд нэг юм намайг цохих шиг болсон. Тэгээд би ухаан алдчихсан" гэх мэдүүлэг /хх-14/,

-Гэрч Б.Ц-ын хэрэг бүртгэлтэд өгсөн "...урд сууж явсан эмэгтэй, хойно сууж явсан согтуу залуу хоёр үлдсэн. Тэгээд голоор хойшоо явж байсан чинь эмэгтэй нь гэртээ хүргүүлнэ гээд, эрэгтэй нь 10 дугаар худгийн тэнд бууна гэхээр нь 10 дугаар худгийн наана ирээд нөгөө согтуу залууг буу гэсэн чинь” манайх энэ хүүхнийхтэй ойролцоо байдаг дөхөөд бууна” гээд байсан. Тэгээд бууж өгөхгүй байхаар нь хойд хаалгаа онгойлгоод тэр залууг буулгасан чинь намайг “яадаг пизда вэ” гээд заамдаад авахаар нь түлхэж унагаачихаад машиндаа суугаад хөдлөхөд араас гүпер рүү өшиглөөд үлдсэн. Тэгээд цаашаа өгсөж байгаад согтуу залууг явчихсан байх гэж бодоод нөгөө эмэгтэйг хүргэж өгөх гээд 10 дугаар худгийн тэнд нөгөө маргалдаад үлдсэн залууг байж магадгүй гэж бодоод эмэгтэйн талын цонхыг онгойлгоод хараад явж байсан чинь гэнэт тас гээд том чулуу орж ирээд нөгөө эмэгтэйгийн шанаа руу цохичихсон. Тэгээд машинаасаа буугаад хартал нөгөө залуу харанхуй гудамж тойроод алга болчихсон. Намайг машинаас чирж буулгасанд уурлаж чулуу шийдсэн байх" /хх-15/,

-Сэжигтэн Т.Г-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн “...18-н буудлаас таксинд суугаад гэрлүүгээ явж байсан чинь жолооч хойгуураа явна гэж хэлчихээд урдуураа яваад байхаар нь миний уур хүрээд “10 дугаар худгийн тэнд бууна шүү” гэсэн чинь наана зогчихоод намайг буу гэхээр нь би буухгүй гэсэн чинь жолооч бууж ирээд новшоо буу гээд хойд хаалгаа онгойлгоод намайг чирээд буулгахаар нь би заамдаад авсан чинь намайг боож унагаад машинаа унаад яваад өгсөн. Тэгээд би араас нь явж байсан чинь нөгөө жолооч өөдөөс буцаад машинтайгаа ирж байхаар нь би уурандаа газраас чулуу аваад машин руу нь шууд шидчихээд зугтаад шууд гэртээ харьсан” /хх- ийн 26-28/ гэх мэдүүлгүүдээс дүгнэвэл шүүгдэгч Т.Г- нь таксигаар зорчиж явахдаа буух газарт нь буулгаагүйгээс таксины жолооч Б.Ц-тай маргалдаж, машинаас чирүүлж буулгаж, жолоочид хүчээр дарлуулсаны улмаас бухимдаж чулуу шидэж, урд суудалд зорчиж явсан М.М-г андуурч цохиж бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь хувийн өс хонзонгийн сэдэлттэй байхад бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэж, нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагааг хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй, шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор ял хариуцлага хүлээлгэх бүрэн боломжтой.

Шүүгчийн захирамжинд дурдагдсан эрүүгийн 201709000240 дугааартай эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолд Т.Г-ийг бусдын эд хөрөнгийг булаасан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсүгэй гэж бичсэн бичиг, техникийн алдааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж зөвтгөх боломжтой юм.

Түүнчлэн Т.Г-т холбогдох эрүүгийн 201709000240 дугаартай хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дуусаад нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д заасан “шүүх хуралдааны явцад шийдвэрлэж байгаа бүх асуудлаар шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэснийг удирдлага болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Н.Идэр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Эсэргүүцлээ дэмжиж байна. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөх шинэ Эрүүгийн хуулиар танхайрах гэмт хэрэг байхгүй. Т.Г- нь ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамт амьдардаг. Хохирлыг төлсөн. Анхан шатны шүүх танхайрах гэж үзсэнийг эсэргүүцэж байна. Т.Г- нь таксины жолоочид ууралснаас болж л чулуу шидсэн. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна. Хохирогч М.М-гийн “Т.Г- нь жолоочтой маргаж байсан гэх мэдүүлэг, ялтны мэдүүлэг зэргээр Т.Г- нь танхайраагүй болох нь нотлогдсон. Т.Г- нь жолоочид ууралснаас болж жолоочид хувийн өс хонзон санаж газраас чулуу авч шидэхэд машины цонх онгорхой байсан учраас хохирогчийг оносон байдаг” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 391 дугаартай  шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий…” байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Г-ийг иргэн Б.Ц-ын таксинд сууж, хүргүүлэхдээ буух ёстой газар буулгасангүй гэх шалтгааны улмаас жолоочтой маргалдаж, таксины жолооч Б.Ц- нь Т.Г-ийг хүчээр чирж буулгасны улмаас машины цонх руу чулуу шидэж, урд суудалд сууж явсан иргэн М.М-гийн баруун шанаа руу чулуугаар цохиж түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд “...шүүгдэгч Т.Г-ийн үйлдэл нь хувийн сэдэлттэй гэж үзэх үндэслэлгүй, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн танхайрах гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж үзэх үндэслэлтэй тул хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх шаардлагатай” гэж хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтэд буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, нотлох баримтуудыг хэрхэн үнэлэх талаар үнэлэлт дүгнэлтээ өгч, хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэх боломжтой, энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй.

Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 391 дугаартай “Хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Т.Г-т холбогдох хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч Т.Г-т урьд авсан батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэхүү магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай

 

 

                                         ДАРГАЛАГЧ                                         Я.ТУУЛ

                                         ШҮҮГЧИД                                             Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                       Б.МАНЛАЙБААТАР