Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2017/ШЦТ/197

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0164/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б-,

Хохирогч М.М.М-,

Шүүгдэгч Т.Т.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Т.Г-т холбогдох эрүүгийн 201709000240 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т.Г-, 1979 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:

  1. Баянгол   дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 6 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хөнгөн ялыг хүндэд багтаан 5 жил 6 сарын хорих ял шийтгэгдсэнийг 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Улсын дээд шүүхийн тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дах хэсэгт заасныг 145 дугаар зүйлийн 145.2 болгон өөрчилж 5 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар эдлээгүй үлдсэн 4 жил 11 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
  2. Дархан-Уул  аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасныг жуармлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 5 хоног баривчлах ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай,.

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:

 

2

 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Цантын 10-р худгийн хажууд иргэн Т.Т.Г- нь согтуугаар Б.Б.Ц-ын ****ДАА аксент маркийн машинд зорчиж явахдаа жолоочтой маргалдаж, түүний улмаас Т.Т.Г- нь Б.Б.Ц-ын машин руу чулуу шидэх гэж байгаад, зорчигч М.М.М-г андуурч цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Т.Г-ийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

2017.3.17-ны өдөр 14 цагийн орчим би гэрээсээ гараад шинэ Дархан орж Спортын ордон дээр бөх үзээд байж байсан чинь найз М-атай тааралдаад бид хоёр дэлгүүрээс 0.75 литрийн Хараа архи аваад ордон дээр М-ын найз гээд 3 залуутай нөгөө архиа хувааж уусан. Тэндээсээ гараад вокзал ороод нүхэн гарц дотор явж байсан чинь М-ын бас нэг таньдаг хоёр найз нь хоёр шил архи авчихсан гарч явж таараад тэр архинаас нь бид 2 хуваалцаж уучихаад би согтоод байхаар нь найз М-адаа би гэртээ харьлаа гэж хэлчихээд 18-н буудал ороод такси байхаар нь жолоочоос нь хойгуур явах уу гэсэн чинь явна гэхээр нь сууугаад гэрлүүгээ явсан. Тэгтэл нөгөө такси шууд урдуураа явахаар нь би хойгуураа бууна шүү дээ гээд жолоочид нь хэлсэн чинь жолооч шууд урдуураа хүн буулгаад, хойшоо голоор өгсөөд явж байгаад 10 дугаар худгийн наана ирээд намайг буу гэхээр нь би жаахан дөхөөд бууя гэсэн чинь нөгөө жолооч юу гээд байгаа новш вэ гээд бууж ирээд хойд хаалгаа онгойлгоод намайг шууд чирээд буулгахаар нь миний уур хүрээд заамдаад авсан чинь намайг түлхэж унагаачихаад машинаа асаагаад худгийн тийшээ өгсөөд явчихсан. Тэгээд би зам дагаад явж байсан чинь нөгөө жолооч өөдөөс ирж байхаар нь миний уур хүрээд газраас том чулуу аваад шууд машин руу нь шидчихээд зугтаачихсан. Тэгээд гэртээ ирээд шууд унтаад өгсөн гэх мэдүүлэг,

Хохирогч М.М.М-гийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

Би 2017.3.17-ны орой 21 цагийн үед 18-ын буудал дээрээс таксины урд суудалд суугаад байж байсан чинь хамгийн сүүлд нэг согтуу залуу суусан. Тэгээд тэр такси урдуураа яваад 7-н буудал дээр нэг эрэгтэй хүн буулгаад голоороо хойш 10-р худгийн тийшээ өгсөөд явж байсан чинь таксины жолоочтой нөгөө согтуу залуу маргалдаад, жолооч нь одоо буу гэсэн чинь би урд чинь сууж яваа хүүхэнтэй бууна гээд байсан. Тэгэхээр нь би чамтай буухгүй гээд хэлсэн чинь намайг янхан, гичий гээд дуудаад байхаар нь таксины ах боль буу гээд байсан. Тэгээд жолооч ах буугаад нөгөө согтуу залууг чирээд буулгачихсан. Тэгээд тэр хоёр гадаа ноцолдож байгаад арай гэж жолооч ах нөгөө согтуугаас салаад машинаа асаагаад хөдлөхөөр нь би -таньд мөнгийг чинь нэмээд өгье гэртээ хүргүүлчихье гэсэн чинь за гээд нилээд явж байгаад буцаад 10-р худгийн тэнд манай гудамж руу эргээд орох гэтэл тас гээд нэг юм намайг цохих шиг л болсон. Тэгээд би ухаан алдчихсан. Нэг сэрсэн чинь миний нүүр ам хөдлөхгүй их өвдөж байсан. Тэгээд цагдаа нар намайг авч явсан. Чулуугаар цохиулсанаас хойш шүд үйрч унасан, эрүү зовиуртай, юмаа мартаж санадаг, юмнаас их айдаг болчихсон. Би эмчилгээ хийлгэж чадаагүй, цаашдаа эмчилгээ хийлгэмээр байна гэх мэдүүлэг,

Гэрч Б.Б.Ц-ын хэрэг бүртгэлтэд өгсөн:

Би 2017.3.17-ны орой таксинд явж байгаад тосгоны 7-н буудлын уулзвар дээр нэг эрэгтэйг буулгаад, нэг эмэгтэйг нь Угалз дэлгүүр дээр буулгаад урд сууж явсан нэг эмэгтэй

 

3

 

хойно сууж явсан согтуу залуу 2 үлдсэн. Тэгээд голоор хойш явж байсан чинь эмэгтэй нь гэртээ хүргүүлнэ гээд эрэгтэй нь 10-р худгийн тэнд бууна гэсэн. Тэгээд 10-р худгийн наана ирээд нөгөө согтуу залууг буу гэсэн чинь манайх энэ хүүхнийхтэй ойролцоо байдаг би дөхөөд бууя гээд байсан. Тэгээд бууж өгөхгүй байхаар нь би буугаад хойд хаалгаа онгойлгоод тэр залууг буулгасан чинь намайг яадаг пизда вэ гээд заамдаад авахаар нь түлхэж унагаачихаад, машиндаа суугаад хөдлөхөд араас гупер лүү өшиглөөд үлдсэн. Тэгээд цаашаа өгсөж байгаад эргээд согтуу залууг явсан байх гэж бодоод нөгөө эмэгтэйгээ хүргэж өгөх гээд эргээд 10-р худгийн тэнд нөгөө маргалдаад үлдсэн согтуу залуу байж магад гээд урд сууж явсан эмэгтэй талын цонхыг онгойлгоод хараад явж байсан чинь гэнэт тас гээд том чулуу орж ирээд нөгөө эмэгтэйгийн баруун шанаа руу цохичихсон. Тэр залуу надтай маргалдсан уурандаа л миний машин руу чулуу шидэж байгаад тэр эмэгтэйг оночихсон. Тэгээд машинаас буугаад хартал нөгөө залуу харанхуй гудамж тойроод алга болчихсон. Нөгөө эмэгтэйг шууд цагдаа руу аваад очсон гэх мэдүүлэг /хх-15/,

Гэрч Л.Х- /хх-ийн 17/, А.А- /хх-ийн 18/, Т.Г- /хх-ийн 19/ нарын мэдүүлэг,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017.8.23-ны өдрийн 21 дугаар дүгнэлт:

  1. М.М.М-гийн    биед тархи доргилт, баруун нүдний цус хуралт, баруун хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх  гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу чулуугаар нэг удаа цохигдох үед тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 21/,

Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 46/, эд мөрийн баримт түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-48/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-34/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 38-42, 53-54/ зэрэг болно.

Шүүгдэгч Т.Т.Г- нь согтуугаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Цантын 10-р худгийн хажууд Б.Б.Ц-ын ****ДАА аксент маркийн машинд зорчиж явахдаа жолоочтой маргалдаж, түүний улмаас Т.Т.Г- нь Б.Б.Ц-ын машин руу чулуу шидэж зорчигч М.М.М-г онож биед нь тархи доргилт, баруун нүдний цус хуралт, баруун хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлэг, хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.М.М-гийн өгсөн мэдүүлэг, гэрч Б.Б.Ц-ын хэрэгт бүртгэлтэд өгсөн мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017.8.23-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Т.Г-т 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчилсөн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

4

 

2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ялтай бөгөөд баривчлах ял нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ялын төрлөөс хасагдсан, торгох ялын хэмжээ нь өндөр байх тул дээрх зүйл ангиар ял оногдуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдал хүндэрнэ. Харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь шүүгдэгчийн хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн гэм буруутай үйлдэлд тохирно гэж үзлээ.

Хохирогч М.М.М- нь ямар нэгэн эмчилгээний зардал баримтаар ирүүлээгүй бөгөөд хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгчээс эмчилгээний зардалд 300 000 төгрөг авсан байх бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  Т.Г-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т.Г-ийг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т.Г- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.М.М- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.Энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор

 

5

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т.Г-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ

 

Т.БАТЖАРГАЛ