Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 978

 

                                                                                                                                                                Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.З хөтлөн

улсын яллагч Ц.Б

шүүгдэгч О.Ц, түүний өмгөөлөгч Н.Н

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1802004750327 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-нд .... аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхон 1 дүгээр гудамж, 137 тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл 4; эх, 03-07 насны 2 хүүхдийн хамт ..... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр байр, .... тоот орон сууцыг түрээслэдэг, ялгүй, .... дугаарын регистртэй, Б овогт О Ц

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч О.Ц өөрийн түр оршин суудүүргий дүгээр хороодугаар байрны 35 тоот гэртээ болон өөрийн биедээ 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 0,7 грамм “Мөс” гэх мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч О.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би үнэндээ мөс гэх бодисыг зарна гэж Зулзагад худлаа ярьсан. Зулзага надад өгөх ёстой мөнгөө өгөхгүй байхаар нь мөнгөө авах гэж худлаа хэлсэн. Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь надад зарж борлуулах санаа зорилго байгаагүй. Би мөс гэх бодисыг өмнө нь 2 удаа хэрэглэж үзсэн. Тухайн үед сэтгэл санаагаар унаад хэрэглэсэн. Зулзага буюу Билгүүтэйд би пүүз зараад үлдэгдэл 290.000 төгрөгийн авлага дутуу байсан юм гэв.

Шүүгдэгч О.Ц хувийн байдалтай холбоотой; ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1 хх-н 106, 117/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-н 119/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1 хх-н 118/, төрсний бүртгэлийн лавлагаа /1 хх-н 107/, ургийн овог, эцэг эх нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа /1 хх-н 108/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч О.Цэлмэгийг түр оршин суух Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар байрны 35 тоот гэртээ болон өөрийн биедээ 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 0,7 грамм “мөс” гэх мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

гэрч У А “... би энэ талаар өмнө нь мэдүүлсэн байгаа. Ц Хилл Сайяд хотхонд нөхөртэйгөө амьдарч байхад нь дэлгүүр ажиллуулж байхад манай дэлгүүрээр орж ирээд хүнс авч, хааяа надаас хүүтэй мөнгө зээлж аваад эргүүлээд өгчихдөг байсан болохоор таньдаг болсон. Хамгийн сүүлд 2018 оны 10 сарын сүүлээр 400.000 төгрөг зээлээч хэрэг болоод байна, удахгүй өгчихнө гэсэн бөгөөд өмнө нь удаа дараа мөнгө зээлэхдээ хэлсэн хугацаандаа асуудалгүй өгчихдөг байсан болохоор би найдаад мөнгө зээлүүлсэн. Тэгтэл яг хэзээ билээ өдөр сарыг нь нарийн санахгүй байна. 10 дугаар сарын сүүлээр байсан Ц рүү залгатал намайг гэрийнхээ үүдэнд хүрээд ирэхгүй юу гэхээр нь зээлсэн мөнгөө өгөх гэж байна гэж бодоод яваад очтол орцныхоо үүдэнд гарч ирээд удахгүй мөнгөтэй болоод зээлсэн мөнгөө өгнө өө, надад харин жаахан мөс байна чи сонирхох уу гэхээр нь тэгье гээд 2-уулаа хуваагаад сорсон. Тухайн үед би эмийн сан орж 3 ширхэг тарианы шил аваад нэгийг задалж хэрэглээд 2 ширхэг нь үлдсэн байсныг машины эмийн хайрцагт хийгээд мартсан байна лээ. Ингээд 2-3 хоногийн дараа байх Ц ээж  над руу залгаад зээлүүлэх мөнгө байна уу, охин цагдаа нарт баригдаад  явчихлаа, түрээсийн мөнгө нэхэгдээд байна туслах арга байна уу гэхээр нь би одоогоор мөнгө байхгүй, хэд хоногоос мөнгөтэй болвол туслахаар хүргэж өгөх гэж байтал цагдаа нар манай гэрт ирээд энэ асуудлаар шалгах шаардлагатай байна гэж хэлсэн.

Ц бид хоёрын дунд мөнгө төгрөгний асуудал дууссан. Харин анхнаасаа өс хонзонгийн асуудал огт байгаагүй. Энгийн танилын хүрээнд харилцаа холбоотой байсан. Би гайхаад Ц уулзахдаа ямар учраас гэмгүй намайг гэмт хэрэгт гүтгэж. Мөнгө төгрөг зээлүүлж тус болсон биш мөс авсан гэж худлаа ярьж байгаа юм бэ? гэж асуухад Ц надаас уучлалт гуйж тухайн үед согтуу манарсан байсан болохоор айж сандарсандаа хамгийн түрүүнд санаанд нь орсон нэрийг хэлчихсэн байна гэсэн. Бас надтай хамт мөс сорж хэрэглэсэн болохоор тэрийгээ надаас авсан гээд сандраад худлаа хэлсэн байх гэж бодож байна.

Мөсийг Ц гэрээсээ гаргаж ирсэн болохоор хаанаас хэзээ яаж олж авсан гэдгийг мэдэхгүй. Энэ талаар өөрөөс нь асууж сонирхоогүй. Цэлмэг надад хэлэхдээ удахгуй Sunday худалдааны төвд худалдагчаар буцаж ажилдаа орно тэрнээс өмнө бэлэн хувцас авч ирэх хэрэгтэй байгаа урагшаа бараандаа явна, зардлын мөнгө дутаад байна гэж хэлээд мөнгө зээлсэн. Түүнээс би Цэлмэгийг Хятадаас мөс олж ирсэн гэж мэдэхгүй бас бодохгүй байна” /хх-н 50-51/ гэж,

гэрч С  “... 2018 оны 1 дүгээр сараас 2019 оны 5 дугаар cap хүртэл хувийн машинаар халтуур хийж таксинд явдаг байсан. Өглөө гараад шөнө орой, үүр цайтал явдаг байсан. Яг энэ гүйлгээг би одоо хараад саналаа. Тэр өдөр цагийг нь санахгүй байна. Нилээн орой, үдэш болсон байсан Зайсангаас залуу гараа өргөж суугаад UB Town руу эргэх замд байдаг ATM ороод хүн рүү мөнгө шилжүүлнэ гэж хэлээд буусан боловч буцаж орж ирээд ах аа картаа алга болгочихож гэл үү хаячихаж гэл үү та карттай юу, мобайльтай юу гэхээр нь байгаа гэтэл надад бэлэн мөнгө байна таны карт руу хийгээд мобайлаар чинь нэг хүний данс руу хийчихье өртэй юм аа гэж хэлэхээр нь би юм бодоогүй за тэг тэг гээд ХААН банкны виза картаа өгсөн. Тэр залуу машинаас бууж ATM ороод миний карт руу 190.000 төгрөг хийхээр нь би тэр мөнгийг өөрийх нь хэлсэн данс руу мобайлаар шилжүүлж өгсөн, хэд дугаартай данс байсныг одоо санахгүй байна. Тэндээсээ Төмөр зам орно гэхээр нь Төмөр зам ортол хүнтэй уулзах гэж байсан болилоо гээд буцаад Улаанхуаран орсон. Тэнд очиж автобусных нь буудал дээр хүн ирнэ ахаа хүлээж байгаарай гэтэл уулзах хүн нь ирэхгүй тэндээсээ 25 дугаар эмийн сангийн ойролцоо очоод буусан. Тэгэхэд таксины мөнгө 25.000 төгрөг гарсан. Би яагаад сайн санаад байна вэ гэвэл надад 190.000 төгрөг карт руу шилжүүлээд мобайлдаж авсан, өөр хүн байхгүй, тэрнээс гадна тэр залуу олон газраар удаан яваад таксины мөнгө их гарсан болохоор би саналаа. Бас саяны хэлсэн өр гэдэг утгаар би өөр хүн рүү мөнгө шилжүүлж байгаагүй. Бас дансны эзэмшигч Батцэцэг гэдэг хүнийг огт танихгүй болохоор тэр шөнө таксинд суусан залуугийн шилжүүлсэн гүйлгээ мөн болж таарлаа” /2 хх-н 32-33/ гэж,

гэрч Д Б “... өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байна. Би анх цагдаагийн байгууллага дээр ирээд маш их айж сандарсан, анх удаа мэдүүлэг өгсөн болохоор юу гэж хэлэхээ мэдэхгүй, балмагдсан. Бас Ц гэгч хүүхнийг ямар хэрэгт холбогдсоныг ч мэдэхгүй байсан. Намайг Төмөр замынхан Зулзага гэж дууддаг. Хэрэг болсон шөнө Ц надаас хуучин пүүзний үлдэгдэл мөнгө гээд нэхээд байсан. Тэгэхээр нь би такси бариад явж байсан. Надад мөнгө нь бэлэн байсан боллохоор таксины жолооч ахын картыг ашиглаад өөрт бэлэн байсан 190.000 төгрөгөө АТМ-ээс карт руу нь хийгээд, тэр ахын мобайль банкаар Ц өгсөн данс руу шилжүүлсэн. Би сандарсандаа хэрэгт холбогдуулах гэж байна гэж ойлгоод өөрийгөө Зулзага биш гээд хэлчихсэн юм. Надад өер санаа зорилго байхгүй. Би Цэлмэгэзс мансууруулах бодис худалдаж авч байгаагүй” /2 хх-н 34/ гэж,

яллагдагч О Ц “... 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос зарах бэлэн хувцас авч ирэхээр Анхбаяраас 400.000 төгрөг, төрсөн дүү Хулангаас 2 сая төгрөг зээлээд явсан боловч Эрээнд очоод олигтой бараа авч чадалгүй, тал мөнгөө үрчихээд 10 дугаар сарын 27-ны өдөр буцаад ирсэн. Мөнгө төгрөгний асуудлаас болоод сэтгэл санаа тавгүй байсан тул гэрийнхээ ойролцоо байдаг бааранд ороод ганцаараа архи уугаад, уйлаад сууж байтал нэг танихгүй залуу ирээд яагаад ганцаараа сууж байгаа юм бэ, сэтгэл санаа чинь таагүй байгаа юм уу, гарч тамхи татангаа сэргэх үү, гэхээр нь би тэгье гээд хамт гарцгаасан. Тэгтэл тэр залуу намайг энийг хэрэглээд үз, хэрэглэхээр сэтгэл санаа тайвширна гээд мөс гэх нэршилтэй мансууруулах бодис өгсөн. Тэр залуу надад юм өгчихөөд утасныхаа дугаарыг өгчих, хамт явах уу гэх мэт буруу хандлагатай байсан болохоор би гар утасны дугаараа буруу хэлээд, гэр рүүгээ орчихсон. Маргааш нь буюу 10 сарын 30-ны өдөр байсан санагдаж байна, Анхбаяраас зээлсэн мөнгөө өгөхөөр гэрийнхээ гадаа дуудсан бөгөөд нөгөө залуугийн өгсөн мөснөөс бага зэргийг хамт сорж хэрэглээд А удалгүй гэртээ харихаар явсан. Анхбаяраас салаад гэрийнхээ ойролцоо 2-3 пиво уучихаад гэртээ ортол удалгүй манай нөхрийн хуурай дүү Зулзага гэж дууддаг залуу над руу залгаад манай нөхрийг аль ангид хуваарилагдсан, хэзээ суллагдах талаар асууж ойр зуурын юм ярихаар нь би халаасанд байсан бага зэргийн мөсөө зарах талаар хэлсэн. Тэгтэл Зулзага 200.000 төгрөгөөр авъя гээд манай ээжийн данс руу мөнгөө шилжүүлсэн. Би мөсөө Ханбүргэдэй дэлгүүрийн шатны доор тавьж үлдээе гэж бодоод гэрээсээ гартал цагдаа нарт баригдсан.

Зулзага нь төмөр замд байхдаа манай нөхрийг шоронд орохоос өмнө хувцас гутлыг нь аваад л өмсчихдөг, пүүз, шипиг нь өмсөөд өгье гэж хэлээд тэр чигтээ авч алга болно, эсвэл өмсөж байгаад муухай болгоод өгдөг байсан. Тийм болохоор би хэрэг болсон өдөр байрны түрээсийн мөнгө төгрөг, хүүхдүүдийн өдөр өнжүүлэхийн мөнгө нэхэгдээд, хоол хүнсний ч юмгүй болсон байсан болохоор Зулзагаас нөхрийнхөө хувцас пүүзний мөнгийг авах гээд дуудсан. Зулзага өөрөө зүгээр хэлээд мөнгө нэхэхээр өгдөггүй, маргааш өгье, нөгөөдөр өгье гээд аль эсвэл утсаа авахгүй хүн чанаргүй зан гаргаад яваад байдаг байсан. Тийм учраас би мөс байна гэсэн утгаар тойруу байдлаар ойлгуулаад хэлтэл өөрөө юу гэж ойлгоод байсан юм мэдэхгүй ямар ч байсан ээжийн данс руу 190.000 төгрөг шилжүүлсэн. Гэхдээ би Зулзагат мөс зарах гээгүй байсан. Өөрөө ч тэрийг мэдүүлэгтээ хэлсэн байх. Би шууд утгаар яриагүй ерөнхийдөө нилээн тойруу байдлаар харьцаж хэлсэн болохоор тухайн үедээ яг юу гэж хэлж мөнгөө авсанаа одоо санахгүй байна. Ямар ч байсан авах ёстой мөнгөө л авсан. Харин бидний хооронд өс хонзонгийн асуудал байхгүй. Би Зулзагаас авсан 190.000 төгрөгийг буцааж өгөх үүрэг байхгүй. Учир нь Зулзага манай нөхрөөс авч эдэлж хэрэглэж байсан пүүзнийх нь мөнгийг суутгаж авсан”,

“... би 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэг, 12 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар үнэн зөв, дэлгэрэнгүй ярьсан байгаа, тэр мэдүүлгээс өөрчлөгдөх асуудал байхгүй. Шүүх хурал дээр би цагдан хоригдсон байсан, хоригдохоо мэдэхгүй анх ямар ч бэлтгэлгүй 461-т ирээд, ар гэр, ээж, хүүхдүүддээ санаа сэтгэл зовоод ямар ч хамаагүй аргаар батлан даалтад гаръя гэж бодоод буруу зөв ярьчихсан. Гэхдээ би санаатайгаар худлаа хэлье гэж бодоогүй, тухайн үед анх удаа шүүхээр ороод айж сандарсан байсан, хорих ял авчихвал ээжтэйгээ, 2 хүүтэйгээ уулзаж чадахгүй, орох оронгүй, идэх хоолгүй орхиод явах нь гэхээс сэтгэл санаа маш хүнд байсан. Тийм болохоор би тухайн үед сандарсандаа Анхбаяраас авсан гээд хэлчихсэн юм. Хэрэгт холбогдоод байрны түрээсийн мөнгө нэхэгдээд, хүүхдүүдийн хичээл цэцэрлэгийн төлбөр, хоол хүнсний хэрэгцээ, өмгөөлөгч авах мөнгө гээд санхүүгийн хүнд байдалд байхдаа Анхбаярыг мөнгө зээлүүлж туслаач гэж гуйхад надад тус болоогүй. Гэхдээ би Анхбаярт өс санасандаа түүнээс мөс авсан гэж хэлээгүй, тухайн үед надад хамгийн түрүүнд орж ирсэн нэрээ хэлчихсэн нь Анхбаяр байсан. Одоо би тэгж хэлсэндээ харамсаж байна. Яг үнэндээ би Анхбаяраас авсан гэдэг нь худлаа хэрэг болохоос өмнөх өдөр гэрийнхээ ойролцоо байх Эргэн дурсахуй бааранд ууж байхад үл таних залуу сэтгэлээ засаарай, тайвширна гэж хэлээд өгсөн нь үнэн”,

“... би Зулзагаас мөс өгнө гэж хэлээд 190.000 төгрөг дансаар шилжүүлж авсан. Хэний, ямар данснаас шилжүүлсэн гэдгийг бол мэдэхгүй, мөнгөө хийчихлээ гэж хэлсэн. Би мөрдөн дээр ирж цагаа бүртгүүлэхдээ Зулзагатай таны өрөөнд таараад харсан, яг л мөн байна лээ. Царайг нь харахад айж сандарсан байсан. Айсандаа худлаа мэдүүлэг өгсөн байх. Бодвол надаас мөс авъя гээд мөнгө шилжүүлсэн болохоор үнэнээ хэлбэл хэрэгт орчих байх гэж бодоод сандарсан байх” /1 хх-н 94-95, 2 хх-н 39-40, 47-48/ гэж тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 5-9/, орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 10-14/, гар утсанд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 15-18/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 45/, камерын бичлэг хуулбарласан СD-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 42/, шинжилгээнээс буцаан ирүүлсэн эд зүйлсэд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 44/, ХААН банкны 29/13456 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх-н 174-162/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11596 дугаартай:

  1. 1.2.3 Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “О Ц” гэж хаягласан шээсний дээж, №87, 88 гэж дугаарласан гялгар ууттай цайвар өнгийн мөс мэт зүйл тус бүрээс метамфетамин илэрч байна.

Матамфетамин нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.

4. №87 гэж дугаарласан мөс мэт зүйлийн ууттай жин нь 0.4174 гр, цэвэр жин нь0.1397 гр байсан шинжилгээнд 0.0212 гр-г зарцуулсан, №88 гэж дугаарласан мөс мэт зүйлийн ууттай жин нь 0.3552 гр, цэвэр жин нь 0.0920 гр байсан шинжилгээнд 0.0208 гр-г зарцуулж үлдэгдлийг буцаав.”, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 61-63/ гэсэн,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 47 дугаартай:

  1. О.Ц нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
  2. О.Ц нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  3. О.Ц нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  4. О.Ц нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  5. О.Ц нь одоогоор мансууруулах донтой эсвэл мансууруулах сэтгэц нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.
  6. О.Ц нь одоогоор мансууруулах донтой эсвэл мансууруулах сэтгэц нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.
  • Монгол улсад эмчлэгдэх боломжтой
  • СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой
  1. О.Ц нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна” /1 хх-н 73-74/ гэсэн дүгнэлтүүд болон бичгийн бусад баримтуудаар шүүгдэгч О.Цэлмэгийг гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.

            Иймд Бо овогт О Ц хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч О.Ц холбогдох энэ хэргийг прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн хэмжээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

Шүүхээс шүүгдэгч О.Ц ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгчийн үйлдсэн энэ гэмт хэрэг нь гэмт хэргийн ангилалаараа хүнд гэмт хэрэг тул тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзав.

Тухайлбал; Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг төдийгүй хүний бие эрхтэнд муу зуршил бий болгодогт нийгмийн хор аюул, уршиг оршино.

Нөгөөтэйгүүр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хорт үр дагавар ихтэй учир тухайн төрлийн бодис, мөс, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглох үүднээс үндэсний хууль тогтоомж, Олон улсын гэрээ, конвенциор зохицуулдаг.

Шүүгдэгч О.Ц “... гэм буруугийн талаар маргахгүй” гэх боловч уг сэтгэцэд нөлөөт бодисыг /мөсийг/ хэзээ, хэнээс, хаанаас, хэрхэн яаж олж авсан талаараа тодорхой мэдүүлж тайлбарлахгүй байгаа, мөн Зулзага гэгчид худалдан борлуулах гээгүй гэсэн байдлаар мэдүүлж байгаа нь түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэхэд эргэлзээ төрүүлж байна.

Эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх №87, №88 гэж дугаарласан 2 ширхэг гялгар ууттай 0.7 грамм мөс, 7*10 см хэмжээтэй улаан өнгийн зиплок түгжээ бүхий 6 ширхэг хоосон гялгар уут, 2*3.5 см хэмжээтэй өнгөгүй зиплок түгжээ бүхий 3 ширхэг хоосон гялгар уут зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгах,

Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа гэх О.Цэлмэгийн гадаад паспортыг түүнд буцаан олгуулах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, шүүгдэгч О.Цэлмэгийн цагдан хоригдсон 97 хоног, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл сэжигтнээр баривчлагдсан 48 цаг буюу 2 хоног, нийт энэ хэрэгт цагдан хоригдсон 99 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов. /1 хх-н 184. 219/

Шүүгдэгч О.Ц нь Энхбатын Мөнгөнхуяг гэгчтэй гэрлэсэн, эдгээр хүмүүс нэг гэр бүлийн эхнэр, нөхөр, цаашлаад тэдний дундаас 2012 онд Мөнгөнхуягийн Мөнгөншагай, 2015 онд Мөнгөнхуягийн Мөнгөн-Эрдэнэ нар төрсөн болох нь Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1 хх-н 118/, хүүхдүүдийн Төрсний гэрчилгээний хуулбар /1 хх-н 136, 137/ зэрэг баримтуудаар нотлогдож байна. Гэвч шүүгдэгч О.Ц нөхөр Э.М хорих ангид ял эдэлж байгаа гэх тул тэдгээрийн хүүхдүүдийг шүүгдэгч О.Цэлмэгийн эх буюу эмэг эх У.Б нь асрамжинд үлдээх нь зүйтэй.

Улмаар Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хүүхдүүдийг асран хамгаалах, харгалзан дэмжих асуудлыг шийдвэрлэх үүргийг харьялах дүүргийн Засаг дарга хэрэгжүүлбэл зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Б овогт О Ц хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч О.Ц оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч О.Ц цагдан хоригдсон 99 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч О.Ц урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ болон “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн өөрчлөн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ШШГЕГазрын харьяа Цагдан хорих ангид цагдан хорьсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гэх №87, №88 гэж дугаарласан 2 ширхэг гялгар ууттай 0.7 грамм мөс, 7*10 см хэмжээтэй улаан өнгийн зиплок түгжээ бүхий 6 ширхэг хоосон гялгар уут, 2*3.5 см хэмжээтэй өнгөгүй зиплок түгжээ бүхий 3 ширхэг хоосон гялгар уут зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар устгаж,

Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа гэх О.Цэлмэгийн гадаад паспортыг түүнд буцаан олгуулсугай.

7. 2012 онд төрсөн Мөнгөнхуягийн Мөнгөншагай, 2015 онд төрсөн М нарыг шүүгдэгч О.Ц эх буюу эмэг эх У.Б нь асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хүүхдүүдийг асран хамгаалах, харгалзан дэмжих асуудлыг шийдвэрлэх үүргийг харьяалах дүүргийн Засаг дарга хэрэгжүүлэхийг үүрэг болгосугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Ц цагдан хорьсонг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             О.ЖАНЧИВНЯМБУУ