Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 103

 

О.Ц-т холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Баярхүү,

шүүгдэгч О.Ц-, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 978 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч О.Ц-, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Ц-т холбогдох эрүүгийн 1802004750327 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             О.Ц-, 1994 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй,

            О.Ц- нь өөрийн түр оршин суух Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, ** дугаар байрны ** тоот гэртээ болон өөрийн биедээ 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 0,7 гр жинтэй “мөс” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: О.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Ц-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, О.Ц-ийн цагдан хоригдсон 99 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг устгаж, О.Ц-ийн гадаад паспортыг түүнд буцаан олгож, 2012 онд төрсөн М.Мөнгөншагай, 2015 онд төрсөн М.Мөнгөн-Эрдэнэ нарыг О.Ц-ийн эх буюу эмэг эх У.Батцэцэгийнх нь асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хүүхдүүдийг асран хамгаалах, харгалзан дэмжих асуудлыг шийдвэрлэх үүргийг харьяалах дүүргийн Засаг дарга хэрэгжүүлэхийг үүрэг болгож, О.Ц-т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Ц- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Нөхөр Э.Мөнгөнтулга нь 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, ялаа эдэлж байгаа. Би өөрөө 7 сартай жирэмсэн бөгөөд 04-07 насны хоёр хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй эхийнхээ хамт байр түрээслэн амьдардаг. Мөн миний эрүүл мэндийн байдал дордсоноос урагт нөлөөлөөд байна. Иймд ар гэр, хувийн байдлыг маань харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Ц-ийн өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч О.Ц- нь тухайн бодисыг хэн нэгэн хүнд огт худалдаагүй, харин худалдах талаар яриа өгүүлэл хийж, утсаар мессеж бичиж байсан тухайгаа мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтвортой мэдүүлж ирсэн. Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаагүй. Тэрээр 04-07 насны хоёр хүүхэд, сэтгэцийн өвчний учир хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсан эхийнхээ хамт амьдардаг. Мөн өөрөө 7 сартай жирэмсэн бөгөөд ар гэрийнхээ санхүүг авч явдаг гол хүн нь юм. Түүний хувьд аль болох бага хугацаагаар ялаа эдэлж, үр хүүхдүүдээ хүмүүжүүлэх, гэр орноо авч явах нь чухал болоод байна. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 Прокурор Б.Баярхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

О.Ц- нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн түр оршин суух Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, ** дугаар байрны ** тоот гэртээ болон биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий 0,7 гр жинтэй “мөс” гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

            О.Ц- мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлэгтээ “...мөнгөний асуудлаас болоод сэтгэл санаа тавгүй байсан. Гэрийнхээ ойролцоох бааранд ороод ганцаараа архи уугаад сууж байтал нэг танихгүй залуу ирээд “...үүнийг хэрэглээд үз, сэтгэл санаа тайвширна...” гээд “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодис өгсөн. Маргааш нь буюу 10 дугаар сарын 30-ны өдөр Анхбаяраас зээлсэн мөнгөө өгөхөөр гэрийнхээ гадаа дуудсан бөгөөд мөснөөс бага зэргийг хамтдаа сорж хэрэглэсэн. Хэрэг болсон өдөр байрны түрээс, хүүхдийн өдөр өнжүүлэхийн төлбөр нэхэгдээд, хоол хүнс дууссан байсан учир Зулзагаас нөхрийнхөө пүүзний мөнгийг авах гээд дуудсан. Зүгээр хэлээд мөнгөө нэхэхээр Зулзага өгдөггүй байсан тул “мөс байна” гэдэг утгаар ойлгуулж хэлтэл манай эхийн данс руу 190.000 төгрөгийг шилжүүлсэн. Би Зулзагаас авсан 190.000 төгрөгийг буцааж өгөх үүрэг байхгүй. Учир нь манай нөхрөөс авч эдэлж хэрэглэж байсан пүүзнийх нь мөнгийг суутгаж авсан. ...” /1хх 94-95, 2хх 39-40, 47-48, 88/ гэж тухайн мансууруулах бодисыг олж авч, хадгалах болсон шалтгаан, санаа зорилгын талаар мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

- гэрч У.Анхбаярын “...2018 оны 10 дугаар сарын сүүлээр Ц-т 400.000 төгрөг зээлүүлсэн. Ц- намайг гэрийнхээ үүдэнд хүрээд ир гэхээр нь зээлсэн мөнгөө өгөх гэж байна гэж бодоод яваад очтол орцныхоо үүдэнд гарч ирээд “Удахгүй мөнгөтэй болоод зээлсэн мөнгөө өгнө өө, надад харин жаахан мөс байна, чи сонирхох уу” гэхээр нь “Тэгье” гээд хоёулаа хуваагаад сорсон. ...” /1хх 50-51/,

- гэрч У.Билгүүтэйн “...намайг Төмөр замынхан “Зулзага” гэж дууддаг. Хэрэг болсон шөнө Ц- надаас хуучин пүүзний үлдэгдэл мөнгөө нэхээд байсан. Тухайн үед би такси бариад явж байсан ба жолооч ахын картыг ашиглаад 190.000 төгрөгийг Ц-ийн өгсөн данс руу шилжүүлсэн. Би Ц-ээс мансууруулах бодис худалдаж авч байгаагүй. ...” /2хх 34/,

- гэрч С.Батмөнхийн “...үдэш болсон байсан. Зайсангаас нэг залуу гараа өргөж суугаад “Ах аа таны карт руу мөнгө хийгээд мобайлаар чинь гүйлгээ хийчихье, хүнд өртэй юм аа” гэж хэлэхээр нь би юм бодоогүй “За тэг тэг” гээд Хаан банкны картаа өгсөн. Тэр залуу автомашинаас бууж АТМ ороод миний карт руу 190.000 төгрөг хийхээр нь би тэр мөнгийг өөрийнх нь хэлсэн данс руу мобайлаар шилжүүлсэн. ...” /2хх 32-33/ гэсэн мэдүүлгүүд,

            - О.Ц-ийн биед болон түүний түр оршин сууж байсан орон байранд хийсэн үзлэгээр 0,7 гр жинтэй цагаан өнгийн нунтаг зүйлийг хураан авч, эд мөрийн баримтаар тооцон, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 7-14, 45/,

            - үзлэгийн явдад хураан авсан цагаан өнгийн нунтаг зүйл болон О.Ц-ийн биеэс авсан биологийн дээжид шинжилгээ хийхэд мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илэрсэн тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 11596 дугаартай дүгнэлт /1хх 61-63/,

- О.Ц-ийн гар утсанд үзлэг хийсэн “...гар утасны Message хэсэг рүү ороход 96935252 дугаараас “Ok msg irne bide gaigui 200d ni tawichaarai ania”, “Hiitsen genee haana tawisiin???”, “Hna tawisiin??? Nuguu ah buun yum bolood bna Hana tawisiin beeee” гэх мессэж ирсэн...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 15-18/,

- О.Ц-ийн эх У.Батцэцэгийн эзэмшлийн Хаан банкан дахь 5064016545 дугаартай дансанд 5023161670 дугаарын данснаас 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 190.000 төгрөгийн орлого хийгдсэн талаарх депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 148-151/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийн үндэслэн шүүгдэгч О.Ц-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Шүүхээс түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг эдлэх байгууллагын дэглэм, нөхцлийг хуульд нийцүүлэн тогтоожээ.

Гэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Шүүгдэгч О.Ц- нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээсэн, урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй бөгөөд одоо 7 сартай жирэмсэн, 04-07 насны хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг, эдгээр бага насны хүүхдүүд нь түүний эх У.Батцэцэг /сэтгэцийн өвчтэй гэх/-ийн асрамжид байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хорих ялыг оногдуулах боломжтой байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч О.Ц-, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэв.

Анхан шатны шүүх эцэг, эх нь хоёулаа хорих газарт ял эдэлж байгаа нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч О.Ц-, түүний нөхөр Э.Мөнгөнхуяг нарын бага насны хүүхдүүд болох 2012 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр төрсөн М.Мөнгөншагай, 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төрсөн М.Мөнгөн-Эрдэнэ нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох асуудлыг шийдвэрлэхийг харьяа дүүргийн Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгүүдэд заасанд нийцсэн байх боловч тухайн асуудлыг шийдвэрлэх хүртэл эдгээр хүүхдүүдийг шүүгдэгч О.Ц-ийн эх буюу эмэг эх У.Батцэцэгийнх нь асрамжид үлдээсэн нь учир дутагдалтай болжээ.

Учир нь, У.Батцэцэг урьд сэтгэцийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 79 хувиар, 24 сарын хугацаагаар /2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүртэл/ алдаж байсан болох нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /1хх 135/-ээр тогтоогдож байх бөгөөд цаашид түүний өвчин эдгэрсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, У.Батцэцэг нь эрүүл мэндийн хувьд өөрөө асран хамгаалуулж, харгалзан дэмжүүлж байгаа буюу энэхүү байдлын улмаас эрх, үүргээ хэрэгжүүлж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй байх тул шүүгдэгч О.Ц-ийн бага насны хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох асуудлыг харьяа дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст уламжлан даруй шийдвэрлүүлэхийг тухайн хэрэгт хяналт тавьж ажилласан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярхүүд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

            Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 978 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-ийг 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч О.Ц-ийн бага насны хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох асуудлыг харьяа дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст уламжлан даруй шийдвэрлүүлэхийг тухайн хэрэгт хяналт тавьж ажилласан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярхүүд даалгасугай.

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Л.ДАРЬСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

                                 ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН