Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/00015

 

Т.Огийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/01325 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1561 дүгээр магадлалтай,

Т.Огийн нэхэмжлэлтэй,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебуланы гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч Т.О, П.Еркебулан, Ц.Байгалмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амар, Д.Мөнхжаргал нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн аж ахуй эрхэлсэн орлогч захирлаар 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр томилогдож, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ажилласан. Энэ хугацаанд ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл аваагүй. Гэтэл Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/II/26 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, хяналт шалгалтыг сулруулсан, сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Миний хувьд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлж ажиллаж байсан, санхүүгийн сахилга бат алдаж байгаагүй, байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулаагүй, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй учраас дээрх тушаалыг хууль бус гэж үзэж байна. Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд аж ахуй эрхэлсэн орлогч захирал гэсэн шинэ орон тоо батлагдан, Т.О уг орон тоонд томилогдон ажилласан. 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 04 тоот шаардлага хүргүүлэх тухай албан бичиг ирүүлсэн бөгөөд уг албан бичигт аж ахуй эрхэлсэн орлогч захирал Т.О сургуулийн хамт олны уур амьсгалд үл ойлголцол, байнгын айдас түгшүүрийг бий болгож, багш ажилчдад сэтгэл санааны дарамт учруулах болсноор энэ хүнтэй холбоотой өргөдөл, гомдлууд багш, ажилтнууд, оюутнууд, эцэг эхчүүдээс удаа дараа ирсээр байна. Дээрх хамт олны шаардлагын дагуу Ёс зүйн хорооны хурлаар Т.Ог цаашид Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн аж ахуй эрхэлсэн орлогч захирал, Төмөр замын салбар нэгжийн удирдах ажилтнаар ажиллахад тэнцэхгүй гэсэн 01 тоот шийдвэр гаргаж, Замын даргад дүгнэлтээ хүргүүлсэн байдаг. Нөгөөтэйгүүр УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 11 өдрүүдэд МСҮТ-д шалгалт хийхэд 2016 оны 12 дугаар сарын 19-нд хуурамч бичиг баримт бүрдүүлэн олгосон 632.480 төгрөгийг захирал О.Энхтөр, орлогч захирал Т.О, ерөнхий ня-бо О.Сувд-Эрдэнэ нараар төлүүлэхээр 61/03/10 төлбөрийн актыг тавьсан. Дээрх зөрчил дутагдлууд нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг зөрчсөн тул Замын даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б-II-26 тушаалаар Т.Отой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/01325 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох МСҮТөвийн аж ахжй эрхэлсэн орлогч захирлын ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоолгох, уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Т.Огийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1561 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 102/ШШ2017/01325 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулангийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/01325 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1561 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлд хамааралгүй, ажлаас халсан тушаалд дурдаагүй, ажлаас халаагүй үндэслэл болох нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаагийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б-II-26 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын үндэслэх хэсгээс тодорхой харагдана. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Огийн хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байхад давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ нэхэмжлэгч Т.О сургуулийн тэмцээнд түрүүлсэн ангийн оюутан сурагчдад согтууруулах ундааны зүйл өгсөн бөгөөд түүнээс уусан оюутан Д.Нямцэрэн согтуугийн улмаас шөнө харьж чадахгүй болсон, маргааш нь хичээлдээ ирээгүй, сургалтын менежер Г.Сэргэлэнтэй хүндэтгэлгүй харьцаж, мэссежээр сэтгэл санааны дарамт үзүүлсэн гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан анхан шатны нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй. Дээр дурдсан үндэслэл нь “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан”, эсвэл “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэдгийн аль үндэслэлд хамаарах эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байхад анхан болой заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг ноцтой зөрчиж, хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хавтаст хэрэгт авагдсан Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хийсэн дотоод .аудитын гүйцэтгэлийн шалгалтын тайлан, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 251 дугаартай зарлагын ордер, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал О.Энхтөрийн 2016 оны дугаар сарын 21-ний өдрийн 95 тоот тушаал зэрэг баримтаар дээр дурдсан 600.000 төгрөгийг сургалтын менежер Г.Сэргэлэнгийн нэрээр гаргаж байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан болох нь хангалттай нотлогдож, тогтоогдсон. Дээр дурдсан 600.000 төгрөгийг зарцуулахад нэхэмжлэгч Т.О оролцсон тухай ямар нэгэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх ерөнхий нягтлан бодогч О.Сувд-Эрдэнэ, сургалтын менежер Г.Сэргэлэн нарын үндэслэлгүй, анхан шатны нотлох баримтгүй тайлбарт хөтлөгдөн хууль бус шийдвэр гаргасан. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал О.Энхтөр болон жолооч Н.Пүрэвдорж нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулагдсан. Ерөнхий нягтлан бодогч О.Сувд-Эрдэнэ “Хөлсөөр ажиллах гэрээ”-г үндэслэн 608.000 төгрөгийн цалин бодож, нийгмийн даатгалын шимтгэл суутгаж бэлнээр олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан хөлсөөр ажиллах гэрээ, дансны хуулга, мөнгө олгосон баримтаар нотлогдсон. Хавтаст хэрэгт авагдсан хөлсөөр ажиллах гэрээ, дансны хуулга, мөнгө олгосон баримт зэрэг нотлох баримтаар жолооч Н.Пүрэвдоржид 608.000 төгрөгийн цалин олгосон үйлдэлд нэхэмжлэгч Т.О оролцоогүй болох нь тогтоогдсон.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/01325 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1561 дугаартай магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй байна.

Шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Т.О нь хариуцагч Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдуулан “...ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон  эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх” шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ажлаас халахдаа хууль зөрчөөгүй гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Ажил олгогч УБТЗ-ын дарга 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Б-II-26  дугаар тушаал гаргаж, Т.Ог Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн орлогч захирлын үүрэгт ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3.-т заасан зохицуулалтыг үндэслэл болгожээ.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан.

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, шүүх ажил олгогчийн тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн гэж үзжээ.

Төмөр замын удирдах ажилтан нь УБТЗ-ын даргын 2016 оны А-414 тоот тушаалаар баталсан ёс зүйн хэм хэмжээг баримталж ажиллахаар Ёс зүйн дүрмийн 2.1-т заажээ.

УБТЗ-ын Ёс зүйн хороо 2017 оны 2 дугаар сарын 10-ний өдөр  хуралдаж, Т.О нь 2016 оны 10 дугаар сарын 16-ний өдөр сургуулийн сагсан бөмбөгийн тэмцээнд түрүүлсэн оюутан сурагчдад согтууруулах ундааны зүйл өгсөн, 2017 оны 1 дүгээр сарын 2-4 өдрүүдэд нийлбэр дүнгээр 7 цаг 15 минут ажил тасалсан, сургалтын менежер Г.Сэргэлэнгийн гар утсанд 2016 оны 10, 11 дүгээр сард мессэж бичин, сэтгэл санааны дарамт үзүүлсэн нь Хөдөлмөрийн дотоод журмын 9.3.3, 9.3.4, 9.2.5, 6.6, Ёс зүйн дүрмийн 2.1.6.1, 2.1.6.2, 2.1.6.3, 2.1.6.5 дах заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн Төмөр  замын салбар нэгжийн удирдах ажилтнаар тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргажээ /хэргийн 45-46 дугаар тал/. 

Түүнчлэн МСҮТ-д хийсэн дотоод аудитын шалгалтаар 2016 оны 12 дугаар сард иргэн Н.Пүрэвдоржтой хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, ажиллаагүй байхад хуурамч баримт бүрдүүлэн цалин олгосон, кассын зарлагын ордероор 600.000 төгрөгийг сургалтын менежер н.Сэргэлэнгийн нэрээр тушаасан, уг мөнгийг Т.О нарын 4 хүн хувааж зарцуулсан, нэхэмжлэгч Т.О 200.000 төгрөгийг авсан зөрчил гаргасан нь актаар тогтоогджээ /хэргийн 49-68 дугаар тал/.           

Дээр дурдсанаас үзвэл нэхэмжлэгч нь МСҮТ-ийн орлогч захирлаар ажиллаж байхдаа хөдөлмөрийн гэрээ болон ёс зүйн дүрэмд заасан зөрчлийг гаргасан байх ба тэрээр дээрх баримтыг үгүйсгэж чадаагүй байна.

Иймд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/01325 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1561 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебуланы гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ