Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдоржийн Саранчимэг |
Хэргийн индекс | 112/2017/0035/З |
Дугаар | 40 |
Огноо | 2017-11-15 |
Маргааны төрөл | Бусад, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Саранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Иргэн А.П-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дэлгэр сумын Засаг дарга С.У-т холбогдох Дэлгэр сумын Гуулин багийн Засаг даргад томилуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагч С.У, хариуцагчийн өмгөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.П нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 12 дугаар сарын 24-нд Гуулин тосгоны иргэдийн хурал болоод өрсөлдөгч маань гомдол гаргаад шүүхээр яваад ялалт байгуулсан. Дараа нь Гуулин багийн иргэдийн Нийтийн хурлын 03 дугаартай тогтоолыг хүчинтэй байна гэсэн шийдвэр гарсан. Шийдвэрийн дагуу Гуулин багийн Засаг даргаар томилуулж өгөхийг Дэлгэр сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Хориг тавих эрх нь Засаг даргад байгаа. Шүүхийн шийдвэр аваачиж өгснөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрээ гаргаж өгөх ёстой байсан. Би төрийн үйлчилгээний алба хашиж байгаа хүн. Ажлаа холбогдох хууль тогтоомж стандартын дагуу хийгээд жил бүр Аудитын газар, Мэргэжлийн хяналтын газар шалгуулж байгаа. Намайг ажлаа хийж чадахгүй байна гэж үзэж байгаа бол холбогдох байгууллагад нь хандах хэрэгтэй. Гуулингийн ард түмэн намайг сонгосон. Баг хорооны Засаг даргын сонгуульд нэр дэвшигчийн хангасан байх ёстой шаардлага байгаа. Бүх шаардлагыг хангасны улмаас би сонгуульд өрсөлдсөн гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сонгууль 2016 оны 12 дугаар сарын 24-нд болсон, бүтэн жилийн хугацаанд шүүхээр явж байгаа. Хэргийг хавтаст хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтын хэмжээнд шийддэг. Тухайн үед А.П санал худалдаж авах гээд бензины бичиг тараагаагүй. Хэн тараасан нь шүүхээр шийдэгдсэн. Засаг даргын татгалзаад байгаа үндэслэлийн сонсохоор хууль зүйн үндэслэлгүй байгаа. Гаргаж өгсөн нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй. А.П нь сонгуульд хуулийн дагуу өрсөлдсөн. Засаг даргын татгалзаж байгаа шалтгаан нь бензины бичиг тараасан гэж байгаа. Өмнө нь тайлбар хийсэн шүүхийн шийдвэр гарсан. А.П нь намайг сумын Засаг даргаас унагах гээд миний эсрэг үйлдэл хийгээд байна гэдэг. Энд төрийн ажил явагдаж байгаа. Үндсэн хуульд хүний үндсэн эрх, эрх чөлөөнд заагаад өгчихсөн. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн байгаа. Өнөөдөр эрх чөлөөнд нь халдаад, үзэл бодлын хязгаарлаад байна. Хариуцагч С.Унь А.П өөр намын хүн, намайг дэмжиж ажиллахгүй байна гэдэг зүйлийг хэлж байна. Гуулин багийн иргэд Засаг даргаа томилуулах саналаа хэлсэн. Хариуцагч тал өөрийнхөө үзэл бодлыг дээгүүрт тавиад байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэв.
Хариуцагч С.У нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.П-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж байна. А.П нь төрийн захиргааны нягтлан бодогчийн ажлыг давхар хийж гүйцэтгэдэг. Албан тушаалаасаа татгалзалгүй сонгуульд өрсөлдсөн. Тухайн үед бензины бичиг тараагдсан. Энэ нь шүүхээр эргэн төлөгдөх нөхцөлтэй гэж тогтоогдсон боловч бүтэн жил болоход өр авлагыг барагдуулаагүй байгаа. Материалд хуулгыг нь авч ирж хавсаргасан. Хамтарч ажилъя гэсэн мөртлөө 06 сарын 29-нд огцруулах нь зүйтэй гэж гарын үсэг цуглуулж сумын хуралд санал оруулсан. Хөдөлмөрчдийн хурал хийх болгонд миний эсрэг үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна.
Тухайн үед бие биенээ дэмжээд явж байсан учраас одоо өш хонзон санах зүйл байхгүй. Үнэхээр надтай хамтарч ажиллах гэж байгаа бол намайг огцруулах гээд гарын үсэг цуглуулаад, өөрөө гарын үсэг зурах шаардлагагүй. Анх дэвшээд гараад ирэхээр нь хурдан материалаа бүрдүүлээд өгчих гэж хэлэхэд материалаа өгөөгүй, намын даргадаа өгсөн гэж хэлсэн. Д шүүхэд хандаад явахлаар нь А.П-ийг нягтлан бодогчоороо ажиллаад цалингаа аваад явж бай гэж хэлсэн. Хөдөлмөрчдийн хурлаар тайлангаа танилцуулахаар А.П нь намайг томилоогүй учраас Гуулин багийн ажил унаад байна гэж байнга хэлдэг. А.П нь төрийн албан хаагчийн ёс зүйгүй. Би шийдэл гаргасан. Өөрийн дэмжээд хамтарч ажиллах гэхлээр А.П нь сонгуулийн сурталчилгаа хийгээд миний эсрэг үйл ажиллагаа явуулаад байсан учраас хамтарч ажиллах боломжгүй гэж үзсэн. 06 сарын 29-ны өдрийн сумын иргэдийн хуралд Гуулин багийн иргэдээс гэсэн гарын үсэгтэй материал өгсөн. Материалд А.П намайг эсэргүүцэж сумын Засаг даргаас огцруулах санал бичсэн байсан. Иргэдээс асуухад огцруулах талаар саналд гарын үсэг зураагүй. Багийн засаг дарга томилуулах гэсэн юм гэж хэлээд гарын үсэг зуруулаад сүүлд нь хуудас нэмсэн байх магадлалтай. Хөдөлмөрчдийн хурлыг 2-3 удаа хийсэн. Хурлын явцад А.П нь Засаг даргаас ингэж асуу, тэгж асуу гэж орилоод, эхнэр нь бичлэг хийгээд зогсож байдаг гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэр дэвших эрхгүй этгээд сонгуульд нэр дэвшсэн. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 4-т төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино гэж заасан байгаа. А.П нь захирагчийн албаны нягтлан бодогчоор ажиллаж байсан. Засаг дарга нь эрх бүхий албан тушаалтныг томилохоос татгалзах эрхтэй. Засаг даргад саналын дагуу заавал томилно гэсэн үүрэг хүлээлгэсэн зүйл байхгүй. Татгалзсан байхад дараагийн хүн нь томилогдсон байгаа. 2017 оны 09 сарын 04-ний өдөр албан тоотоор хариу хүргүүлсэн. Захиргааны акт гэж юу байх талаар тодорхой заасан. Гуулин багийн Засаг даргад томилуулах шийдвэр гаргаж өгөхийг даалгаж өгнө үү? гэсэн шаардлага гаргасан байгаа. Засаг дарга үүрэг хүлээгээгүй. Захиргааны ерөнхий хуульд хүртэл заасан байгаа. 2017 оны 09 сарын 04-ний өдрийн албан тоотыг юу гэж үзэж байгаа нь харагдахгүй байна. Өнөөдөр над руу хандаад өмгөөлөгч нь өөрөө эрх зүйн туслалцаа авах хэрэгтэй гэж хэлээд байна.
Тийм юм бол нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлоод ороод ирэхгүй яасан юм бэ? Магадлал, шийдвэрийг ойлгохгүй байгаадаа өнөөдөр энд зогсоогүй. Санал хураалтанд оролцсон 2 хүн нь харьяалалгүй байсан нь тогтоогдсон. Бензины бичгийг хэн хийж өгсөн нь тогтоогдсон. А.П өнөөдөр захирагчийн албаны нягтлан бодогчоор ажиллаж байгаагийнхаа хувьд орлого, зарлагаа бүртгэсэн байх ёстой. Төсвийн тухай хуулиа хэрэгжүүлээд ажиллаж чадахгүй байгаа. Төрийн албан тушаалаас улс төрийн албан тушаалд ороод ажиллах боломжгүй гэж үзээд Засаг дарга өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд А.П-ийг томилохоос татгалзсан байгаа. Томилохгүй гэж хэлээгүй нэг удаа татгалзах эрхтэй. Дараа нь ямар ажиллагаа явуулах талаар тодорхой заагаад өгчихсөн байгаа. Санал хураалт явуулснаас хойш 50 хоногт багтаан хурлаа хийх ёстой байсан. Засаг даргад татгалзах эрх нь байгаа. Нотлох баримтыг хавтаст хэрэгт өгсөн. Төрийн үйлчилгээний албан тушаалтан байсан ч төрийн албан хаагч мөн. Бензин тараасан, харьяалалгүй хүн сонгууль өгсөн нь тогтоогдсон гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч А.П нь Дэлгэр сумын Гуулин багийн Засаг даргад томилуулах шийдвэр гаргуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хариуцагч С.У нь А.П-ийг Дэлгэр сумын Гуулин тосгоны Засаг даргаар томилохоос 2 үндэслэлээр татгалзсан байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дахь хэсэгт зааснаар сумын Засаг дарга нь багийн Засаг даргыг томилохоос татгалзах бүрэн эрхтэй хэдий ч хуульд заасан үндэслэлээр томилохоос татгалзахаар байна.
Учир нь: Хариуцагч нь сум багийн Засаг дарга нь улс төрийн албан хаагч учраас үзэл бодол нэгдээгүй баг болж ажиллах боломжгүй гэж намын шийдэл гарсан гэсэн тайлбар өгч байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл А.П Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 26 дугаар зүйлийн 26.5 дахь шаардлага хангахгүй мөн хууль зөрчсөн байдал тогтоогдсон зэрэг үндэслэл байгаа тохиолдолд томилохоос татгалзах боломжтой юм.
Мөн багийн Засаг даргыг сонгох сонгуулийн үйл ажиллагаа будлиантай болж иргэдийн санал гомдол, сонгох сонгогдох эрхийг үнэнч шударгаар шийдэхийн тулд дахин сонгууль явуулах шаардлагатай гэж хариуцагч үзсэн тухайд:
Гуулин багийн иргэн Р.Д нь шүүхэд Дэлгэр сумын Гуулин багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, Давж заалдах шатны шүүхээр хянагдаж 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 502 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна. Иймд өмнө шүүхээр шийдэгдсэн асуудлыг дахин хэлэлцэж шүүх шалгаж шийдэх боломжгүй юм.
Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заасан байна. Харин нэхэмжлэгч А.П нь Дэлгэр сумын гуулин тосгоны эмнэлэгийн нягтлан бодогчийн ажлыг захирагчийн ажлын албаны нягтлан бодогчтой хавсран гүйцэтгэж байгаа.
Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дахь хэсэгт зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалтан бөгөөд ямар нэгэн удирдах албан тушаал хашаагүй нь Дэлгэр сумын Гуулин тосгоны Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаар захирамжаар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээний албан хаагч орон нутгийн сонгуульд нэр дэвших бол ажлаас чөлөөлөгдөх шаардлагагүй байна.
Иймд нэхэмжлэгч А.П-ийн Дэлгэр сумын Гуулин багийн Засаг даргад томилуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дэлгэр сумын Гуулин багийн Засаг даргаар томилох шийдвэр гаргахыг Дэлгэр сумын Засаг дарга С.Ур-т даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.САРАНЧИМЭГ