Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2016/01084

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: .... тоотод байрлах, Ж ББСБ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... тоотод оршин суух, Ц.А-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 29,598,356.93 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж ББСБ -ийн гүйцэтгэх захирал Ч.Ч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "... Хариуцагч Ц.А нь 2014 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 000000000 тоот зээлийн гэрээ, 00000000000000 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулан ........ улсын дугаартай тоёота приус 10 маркийн авто машин, ............ улсын дугаартай тоёота приус маркийн авто машин, .........., улсын дугаартай хьюндай аэробус маркийн автобусыг тус тус барьцаалан 30,000,000 төгрөгийн зээлийг сарын 3.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар манай байгууллагаас авсан билээ.

2014 оны 000000000 тоот зээлийн гэрээнд заасны дагуу уг гэрээний хугацаа 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр дуусгавар болж хариуцагч Ц.А нь зээлийн төлбөрт одоогийн байдлаар нийт 19,570,000 төгрөгийг төлсөн байна.

Энэ хугацаанд зээлийн хүү болон зээлийн нэмэгдүүлсэн хүү бодогдсоор байгаа бөгөөд хариуцагчийн зөвшөөрлийн дагуу ........ улсын дугаартай тоёота приус 10 маркийн авто машин, ............ улсын дугаартай тоёота приус маркийн авто машинуудыг тус тус худалдан борлуулж зээлийн төлбөрт хийсэн болно.

Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 2.2.4-д зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд фидүцийн зүйлийг барьцаалагчид үл маргах журмаар түүний анхны шаардлагаар бодитойгоор шилжүүлж өгөх, 3.1.4-д фидүцийн зүйлийг гэрээнд заасан хугацаа дууссан эсэхээс үл хамааран бодитойгоор өмчлөлд шилжүүлэн авч худалдан борлуулах эрхтэй, ийнхүү худалдснаас олсон орлогыг зээлийн төлбөрт суутгах бөгөөд энэ нь зээл, хүү, бусад өр төлбөрийг төлж хүрэлцэхгүй бол үлдэгдэл төлбөрийг шаардах эрх барьцаалагчид хэвээр хадгалагдана гэж тус тус заасан байгаа.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтад зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байгаа.

Хариуцагч Ц.А нь 000000000 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт нийт 25,202,626.80 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 4,202,173.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 193,556,18 төгрөг, нийт 29,598,356.93 төгрөгийг манай байгууллагад төлж барагдуулах ёстой юм.

Иймд хариуцагч Ц.Ааас зээлийн үлдэгдэл төлбөр болох 29,598,356.93 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Ц.А нь нэхэмжлэгчтэй 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулахдаа нэхэмжлэгчийн хүсэлтээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж ........ улсын дугаартай тоёота приус маркийн авто машиныг 4,000,000 төгрөгөөр үнэлж өмчлөлдөө шилжүүлж авсан.

Энэ машиныг 2015 онд хураан авч 3,000,000 төгрөгөөр худалдсан, мөн ............ улсын дугаартай тоёота приус маркийн авто машиныг 6,000,000 төгрөгөөр үнэлж авсан 2015 онд хураан авч 2,500,000 төгрөгөөр худалдсан, энэ 2 авто машиныг үнэлж авсан үнээс мөн зах зээлд худалдан борлуулагдах үнээс 4,500,000 төгрөгөөр доогуур худалдан борлуулсан.

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор .......... улсын дугаартай хьюндай аэробус маркийн автобусыг 2015 оны 9 сард хураан авч үр шимийг ашиглах, зээлийг төлөх боломжгүй болгосон бөгөөд өнөөдөр энэ автобус нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа болно. Энэ автобусыг 20,000,000 төгрөгөөр үнэлж өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үлдэгдэл 25,202,626.80 төгрөгөөс автобусны үнэ 20,000,000 төгрөгийг хасч эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 1.2-т заасан авто машиныг хураан авч 3,000,000 төгрөгөөр худалдсаны зөрүү 1,000,000 төгрөг, мөн гэрээний 1.2-т заасан авто машиныг хураан авч 2,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан үнийн зөрүү 3,500,000 төгрөг, нийт 24,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.

Зээлээс 702,626.80 төгрөг, хүү 4,202,173.96 нэмэгдүүлсэн хүү 193,556.8 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 5,098,356.94 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага болох 29,598,356.93 төгрөгөөс 24,499,999.99 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж ББСБ нь хариуцагч Ц.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,598,356.93 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Ж ББСБ нь 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 000000000 тоот зээлийн гэрээг Ц.Атай байгуулж 30,000,000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр тооцохоор 12 сарын хугацаатай байгуулжээ.

 

Мөн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 00000000000000 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээг байгуулж, хариуцагчийн өмчлөлийн Тоёото приус маркийн ........ улсын дугаартай автомашиныг 4,000,000 төгрөгөөр, Тоёото приус маркийн ............ улсын дугаартай автомашиныг 6,000,000 төгрөгөөр, Хьюндай аэробус маркийн .......... улсын дугаартай автобусыг 20,000,000 төгрөгөөр тус тус үнэлж барьцаалсан байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д " Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасны дагуу нэхэмжлэгч нь шаардлага гаргажээ.

 

Зохигч зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд нь шилжүүлэх гэрээ байгуулагдсан талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь Тоёото приус маркийн ........ улсын дугаартай автомашиныг 4,000,000 төгрөгөөр, Тоёото приус маркийн ............ улсын дугаартай автомашиныг 6,000,000 төгрөгөөр, 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр, Хьюндай аэробус маркийн .......... улсын дугаартай автобус 20,000,000 төгрөгөөр тус тус үнэлж, 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч, 2015 оны 8 дугаар сард хариуцагчаас бодитойгоор хураан авсан талаар талууд маргаагүй бөгөөд Тоёото приус маркийн ........ улсын дугаартай автомашиныг 3,300,000 төгрөгөөр 2015 оны 8 дугаар сарын 06-нд, Тоёото приус маркийн ............ улсын дугаартай автомашиныг 2015 оны 9 дүгээр сарын 14-нд 2,500,000 төгрөгөөр тус тус худалдан борлуулсан байна.

 

Хариуцагч нь автобусны 20,000,000 төгрөг дээр 2 ширхэг приусийг зарсан үнийг нэмэхэд 24,499,999 төгрөг болж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаас хасаад үлдэгдэл 5,098,357 төгрөгийн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна гэж тайлбарласан.

 

Хариуцагч Ц.А нь 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Ж ББСБ-д гаргасан хүсэлтдээ "...зээлийн барьцаанд байгаа автомашинуудыг ББСБ-ын үнэлүүлсэн үнээр зарж зээлийн төлбөрийг барагдуулахад гомдолгүй" гэж бичиж өгч байжээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээл 25,202,262.80 төгрөг, үндсэн хүү 4,202,173.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 193,556.18 төгрөг, нийт 29,598,356.93 төгрөг болж байгаа гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т "үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно" гэж заасан.

 

Фидуцийн гэрээний онцлог нь үүргийн гүйцэтгэлийг хангуулж байгаа эд хөрөнгө үүргийн үнийн дүнд хүрэхгүй байвал үүрэг гүйцэтгүүлэгч, илүү үнэтэй байвал үүрэг гүйцэтгэгч нь эрсдлээ өөрсдөө хүлээдэг.

 

Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр дууссан гэж үзэхээр байна. Учир нь зээлийн гэрээний хугацаа 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дууссан бөгөөд гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй байх тул нийт 30,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд 2015 оны 8 дугаар сард үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний зүйл болох автобусыг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авсан байх бөгөөд Тоёото приус маркийн ........ улсын дугаартай автомашиныг 3,300,000 төгрөгөөр 2015 оны 8 дугаар сарын 06-нд, Тоёото приус маркийн ............ улсын дугаартай автомашиныг 2015 оны 9 дүгээр сарын 14-нд 2,500,000 төгрөгөөр тус тус худалдан борлуулжээ.

 

Иймд Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.4-т зааснаар эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авч фидуцийн гэрээ дуусгавар болж, үүргийн гүйцэтгэл хангагдсан гэж үзэхээр байх тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны холбогдох заалтыг баримтлан нэхэмжлэгч Ж ББСБ-ийн хариуцагч Ц.Ааас зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилсэн 29,598,356.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар хариуцагч Ц.Ааас зээлийн гэрээний үүрэг 29,598,356.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж ББСБ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ж ББСБ-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 305,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА