Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 423

 

Жи Эс Би Капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2016/01084 дүгээр  шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Жи Эс Би Капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Алтаннямд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 29 598 356.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Бадамханд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Алтанням нь 2014 оны 2 дугаар сарын 04-ний өдөр №ЗГ0300140034 тоот зээлийн гэрээ, №ЗБ0300140034 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулан 35-98 УНЦ улсын дугаартай Тоёота приус 10 маркийн авто машин, 58-42 УНБ улсын дугаартай Тоёота приус маркийн авто машин, 65-23 УНД, улсын дугаартай Хьюндай аэробус маркийн автобусыг тус тус барьцаалан 30 000 000 төгрөгийн зээлийг сарын 3.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар манай байгууллагаас авсан. Гэрээний хугацаа 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр дуусгавар болоход хариуцагч Ц.Алтанням нь зээлийн төлбөрт одоогийн байдлаар нийт 19 570 000 төгрөгийг төлсөн байна. Хариуцагчийн зөвшөөрлийн дагуу 35-98 УНЦ улсын дугаартай Тоёота приус 10 маркийн авто машин, 58-42 УНБ улсын дугаартай Тоёота приус маркийн авто машинуудыг тус тус худалдан борлуулж зээлийн төлбөрт хийсэн.

Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 2.2.4, 3.1.4-т  фидуцийн зүйлийг гэрээнд заасан хугацаа дууссан эсэхээс үл хамааран бодитойгоор өмчлөлд шилжүүлэн авч худалдан борлуулах эрхтэй, ийнхүү худалдснаас олсон орлогыг зээлийн төлбөрт суутгах бөгөөд энэ нь зээл, хүү, бусад өр төлбөрийг төлж хүрэлцэхгүй бол үлдэгдэл төлбөрийг шаардах эрх барьцаалагчид хэвээр хадгалагдана гэж заасан.

Иймд хариуцагчаас зээлд 25 202 626.80 төгрөг, хүүд 4 202 173.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд  193 556.18 төгрөг, нийт 29 598 356.93 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд шүүхэд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж 35-98 УНЦ улсын дугаартай тоёота приус маркийн авто машиныг 4 000 000 төгрөгөөр үнэлж өмчлөлдөө шилжүүлж авсан. Энэ машиныг 2015 онд хураан авч 3 000 000 төгрөгөөр худалдсан, мөн 58-42 УНБ улсын дугаартай тоёота приус маркийн авто машиныг 6 000 000 төгрөгөөр үнэлж, 2015 онд хураан авч, 2 500 000 төгрөгөөр худалдсан, энэ 2 авто машиныг үнэлж авсан үнэ  зах зээлд худалдан борлуулагдах үнээс 4 500 000 төгрөгөөр доогуур худалдан борлуулсан. Мөн 65-23 УНД улсын дугаартай Хьюндай аэробус маркийн автобусыг 2015 оны 9 сард хураан авч үр шимийг ашиглах, зээлийг төлөх боломжгүй болгосон бөгөөд өнөөдөр энэ автобус нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа болно. Энэ автобусыг 20 000 000 төгрөгөөр үнэлж өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үлдэгдэл 25 202 626.80 төгрөгөөс автобусны үнэ 20 000 000 төгрөгийг хасч эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 1.2-т заасан авто машиныг хураан авч 3 000 000 төгрөгөөр худалдсаны зөрүү 1 000 000 төгрөг, гэрээний 1.2-т заасан авто машиныг хураан авч 2 500 000 төгрөгөөр худалдан борлуулсан үнийн зөрүү 3 500 000 төгрөг, нийт 24 500 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлээс 702 626.80 төгрөг, хүү 4 202 173.96 нэмэгдүүлсэн хүү 193 556.8 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 5 098 356.94 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага болох 29 598 356.93 төгрөгөөс 24 499 999.99 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар хариуцагч Ц.Алтаннямаас зээлийн гэрээний үүрэг 29 598 356.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч "Жи Эс Би Капитал ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч "Жи Эс Би Капитал ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 305 940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнхзул давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Бид хариуцагчийн Hyundai Aerobus маркийн УНД 65-23 улсын дугаартай автобусыг фидуцийн гэрээгээр 2014.02.05-ний өдөр ББСБ-ын нэр дээр шилжүүлсэн хэдий ч хариуцагч нь гэрээ байгуулагдсанаас хойш 2015 оны 10 дугаар cap хүртэл 1 жил 8 сарын хугацаанд өөрийн эзэмшил ашиглалтадаа байлгасан. Хэдийгээр Иргэний хуулийн 235.4-т зааснаар үүрэг гүйцэтгэгч гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч өөрийн өмчлөлд бүр мөсөн шилжүүлэн авах эрхтэй гэж заасан боловч хариуцагчийн шилжүүлсэн автобус нь бодит байдал дээр фидуцийн гэрээнд заасан 20 000 000 төгрөгийн үнэд хүрэхгүй, автобусыг 2015 оны 10 дугаар сард хариуцагчийн хашаанаас хураан авахад кардан гол, аккумлятор, жанам, дотор паар, халуун тогоо зэрэг эд ангиудыг салган авч тоносон, урд салхины шил цуурсан, дугуйнууд нь бүгд муудсан, ердийн журмаар ашиглах ямар ч боломж, нөхцөлгүй болсон байсан. Бид үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар буюу зээлийн төлбөрийг гаргуулахад автобусны одоогийн зах зээлийн үнэлгээ тодорхойгүй байхад шүүх нэг талыг барьж шууд фидуцийн гэрээнд заасан үнийг баримталж нэг талд шийдвэр гаргасанд гомдолтой байна.

 Анхан шатны шүүхээр нэхэмжлэгчийн барьцаалсан автобусыг мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлэлгүй, фидуцийн гэрээнд заасан үнээр шууд үнэлэн зээлдэгчийг үүргээс чөлөөлсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй байна. Хариуцагчийн автобусыг хураан авсанаас хойш ашиглалтын хугацаа дууссан, хариуцагч өөрөө худалдан авах хүн олж ирнэ гэж ярьсаар маш их хугацаа алдсан, гол эд ангиуд нь байхгүй, ямар ч ажиллагаагүй болсон, эдэлгээний чанар эрс муудсан бөгөөд хариуцагч нь шүүх хуралдаанаас өмнө уулзахдаа уг автобусыг 7 сая төгрөгөөс дээш үнээр зарагдахгүй гэж хэлж байсан.

Фидуцийн гэрээний 1.2-т автобусыг 20 000 000 төгрөгөөр үнэлсэн хэдий ч бодит байдал дээр уг автобус энэ үнээр худалдагдах нь эргэлзээтэй мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн автобусыг өөрт авах хүсэлгүй байгаагаа удаа дараа шүүхэд мэдэгдсэн боловч шүүх автобусыг мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлэлгүйгээр шууд хариуцагчийн өр төлбөрт буюу 29 598 356.93 төгрөгт тооцуулан хариуцагчийг хариуцлагаас чөлөөлж байгаа нь хуульд зааснаар шүүх хэргийг тал бүрээс нь шинжлэн судлалгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн хариуцагчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбарт хариуцагч тодорхой хэмжээний төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа нь хариуцагч Жи Эс Би капитал ББСБ-д өр төлбөртэйгөө хүлээн зөвшөөрч байгаа нь харагдаж байна. Анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө зохигчид эвлэрэх хүсэлтэй байсан бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлтийг хангалгүй шүүх хуралдааныг эхлүүлж, нэг талд илт хууль бус шийдвэр гаргасан. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэснээс тооцооллын алдаа гаргасан байгааг хэрэгт авагдсан баримтын хэмжээнд дүгнэн давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна. 

 

Нэхэмжлэгч “Жи Эс Би Капитал” ББСБ ХХК нь хариуцагч Ц.Алтаннямд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29 598 356.93 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч фидуцийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас 24 499 999  төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Зохигчид 2014 оны 02 дугаар сарын 04-ны өдөр ЗГ0300140034 тоот зээлийн гэрээ байгуулж, Ц.Алтанням нь 30 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэйгээр өмчлөлдөө шилжүүлэн авсан. Талууд зээлийн  гэрээний  үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор фидуцийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч 35-98 УНЦ, 58-42 УНБ улсын дугаартай тоёота приус маркийн автомашин, 65-23 УНД улсын дугаартай хьюндай аэробус загварын автобусыг  өмчлөлдөө шилжүүлж, хариуцагч уг машинуудыг ашиглах эрхтэй байжээ. /хх-ийн 6-7, 8-10/

 

Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон, зээлдэгч Ц.Алтанням нь гэрээний хугацаа дууссанаас хойш төлбөр төлж байснаас гадна 2015 оны 8, 9 дүгээр саруудад фидуцийн зүйлийг зээлдүүлэгчийн эзэмшилд бүрэн шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.  Иймд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болдог зарчимтай талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Зээлдэгч Ц.Алтанням нь зээл төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх хэдий ч гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагчийн төлсөн төлбөрийг нэхэмжлэгч нь үлдэгдэл зээлээс бус хүүгийн төлбөрөөс хасч тооцох нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх зарчимд нийцээгүй байна. Иймд гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй.

 

Хариуцагч Ц.Алтанням гэрээний хугацаанд буюу 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 11 190 832 төлж, 18 809 168 төгрөгийн  төлбөрийн үлдэгдэлтэй байжээ.

Зээлдэгч нь 2 100 000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр буюу гэрээний хугацаа хэтрүүлж төлөх хүртэл 23 хоног, 461 449 төгрөг /18 809 168 * 3,2 % = 601 893 : 30 * 23 хоног/-ийн хүү, үндсэн зээлийн үлдэгдэл 16 709 168 төгрөг, 1 000 000 төгрөгийн төлөлт хийсэн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 3 хоногт 53 470 төгрөг / 16 709 168 * 3,2 % = 534 693 : 30 хоног х 3 хоног /-ийн хүү, үндсэн зээлийн үлдэгдэл 15 709 168 төгрөг, 3 300 000 төгрөгийн төлөлт хийсэн 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 5 сар 4 хоногт  2 580 490 төгрөг /15 709 168 * 3,2 % = 502 693 * 5 сар 4 хоног/-ийн хүү, үндсэн зээлийн үлдэгдэл 12 409 168 төгрөг, 2 500 000 төгрөгийн төлөлт хийсэн 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 1 сар 8 хоногт  502 984 төгрөг /12 409 168 * 3,2 % = 397 093 * 1 сар 8 хоног/-ийн хүүг төлөх үүрэг үүсч, үндсэн зээлийн үлдэгдэл 9 909 168 төгрөг болсон байна. Ингээд хариуцагчийн төлбөл зохих нийт төлбөрийг тодруулбал зээл, хүүд нийт 13  333 772 төгрөг болж байна.

 

Гэвч хариуцагч Ц.Алтанням нь барьцааны зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлснээр үүрэг дуусгавар болох ёстой байсан гэх боловч нэхэмжлэлийн шаардлагаас 5 098 356.94 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчим, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт заасанд харшлаагүй, нэхэмжлэгч нь 65-23 УНД улсын дугаартай “хьюндай аэробус” загварын автобусыг 2015 оны 9 дүгээр сард өөрийн өмчлөлдөө бүрэн шилжүүлэн авсан, уг автобусыг 7 000 000 төгрөгөөр худалдах боломжтой гэх тайлбаруудыг үндэслэн  тооцоолоход автобус, төлөхийг зөвшөөрсөн мөнгөн дүнгийн нийлбэр нь хариуцагчийн төлбөл зохих үүрэгт  дүйцэж байна. 

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2016/01084 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн  235.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Алтаннямаас 5 098 356 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Жи Эс Би Капитал ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Ц.Алтаннямаас 96 524 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Жи Эс Би Капитал ББСБ ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305 940 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж. ОЮУНТУНГАЛАГ

               ШҮҮГЧИД                                     Н.БАТЗОРИГ

                                                                                            Ш.ОЮУНХАНД