Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 1970

 

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2016/01970

 

 

Ц.Цэндсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/06103 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Цэндсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Ганболдод холбогдох

 

45.98 м.кв талбайтай 2 өрөө байр, дулаан зогсоолын хамт гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Ц.Цэндсүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ц.Цэндсүрэн

Хариуцагч: Д.Ганболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Цэндсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нөхөр Н.Батсуурь бид 64 м.кв амины орон сууцыг газрын хамт Д.Ганболдтой 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр худалдах худалдан авах гэрээгээр түүний өмчлөлд шилжүүлсэн. Гэтэл энэ хүн бидэнд 2 өрөө байр, дулаан зогсоол өгөх үүргээ биелүүлээгүй, сууцыг нурааж, газрыг ухаж, ус дүүрсэн нүх болгоод барилга бариулахгүй байсаар 3 жил болж байна. Бид Баянгол дүүрэг, Хан-Уул дүүргийн шүүхээр явсан. Гэтэл үл хөдлөх хөрөнгийн харъяа шүүхэд өргөдлөө гарга гэсэн. Энэ хүнтэй байн байн утсаар ярьж, гэрийг нь хайж арай хийж олж хэд хэд уулзсан, одоо утсаа авахгүй байна. Бид 3 жил хүлээсэн, цаашид хүлээж чадахгүй, нэг удаа 300 000 төгрөг авсан. Бид cap бүр байрны түрээсийн мөнгө аваагүй. Иймд Д.Ганболдоос анх амалсан, гэрээ хийж батлуулсан 45,98 м.кв 2 өрөө байр, дулаан зогсоолыг яаралтай гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Ганболд шүүхэд  болон түүний өмгөөлөгч П.Бямбадорж нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн Ц.Цэндсүрэнтэй хийсэн гэрээний дагуу 2 өрөө байр, нэг зогсоолоо бариад өгөхөөр хатуу тохирч цаашид ч энэ үүргээ биелүүлэхээр барилга барихаар хөөцөлдөж байна. Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, АОС гудамжны 64Б хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний 64 м кв талбайтай газар нь иргэн Н.Батсуурь гэдэг хүний нэр дээр байгаа бөгөөд Ц.Цэндсүрэнгийн эзэмшилд байдаггүй нь гэрчилгээгээр нотлогдож байна. Иргэн Ц.Цэндсүрэнтэй хийсэн гэрээний үүргийг эвлэрлээр   биелүүлэх боломжтой юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа бол хуулийн шаардлага хангуулж бичгээр гаргах ёстой байсан. Ц.Цэндсүрэн нь шүүхэд төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх нь эргэлзээтэй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэг, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг заасныг баримтлан хариуцагч Д.Ганболдоос 2 өрөө орон сууц, дулаан зогсоол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Цэндсүрэн нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байхад хүсэлтийг хүлээн авалгүй хуулийг ноцтой зөрчсөн. Мөн шүүхэд төлөөлөх эрхгүй гэж дүгнэсэн нь буруу юм. Нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж, нотлох баримтыг бүрэн гаргаж өгсөн байхад нотлох баримтыг буруу үнэлэж, бүрэн танилцаагүй хэргийг шийдсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг бүрэн хангаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Цэндсүрэн нь хариуцагч Д.Ганболдод холбогдуулан 45.98 м.кв талбайтай 2 өрөө байр, дулаан зогсоолын хамт гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Д.Ганболдтой байгуулсан худалдах худалдан авах гэрээнээс татгалзана гэсэн бөгөөд хариуцагч эвлэрлээр шийдвэрлэх санал гаргажээ. 

 

            Ц.Цэндсүрэн нь үл хөдлөх хөрөнгө гаргуулахаар шаардаж байгаа бол үнэлж болох нэхэмжлэл бөгөөд шаардаж буй хөрөнгийн үнийн дүнгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн зардлыг төлөх ёстой байтал 70 200 төгрөг төлсөн нь хуульд нийцээгүй байна.

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, агуулгыг тодруулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг Н.Батсуурь, Д.Ганболд нар байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний тал болохын хувьд гэрээний үүргийн биелэлтийг Н.Батсуурь Д.Ганболдоос шаардах эрхтэй юм.

Хэргийн 27 дугаар талд Н.Батсуурь өөрийгөө төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг Ц.Цэндсүрэнд олгосон байна. Мөн хэргийн 1 дүгээр хуудсанд Ц.Цэндсүрэн “.., нөхөр Батсуурь эхнэр Цэндсүрэн бидний эрх ашиг хохирлоо” гэсэн агуулгатай нэхэмжлэл гаргасныг тодруулах замаар нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодорхойлох боломжтой байжээ. Нэхэмжлэлд “өргөдөл гаргасан Ц.Цэндсүрэн” гэж бичсэн зөвхөн хэлбэр талыг харж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу юм.

 

            Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байхад түүнийг хуульд нийцүүлэн гаргуулах, эрх үүргийг тайлбарлах, өөрчилсөн шаардлагыг хуульд заасан журмаар хүлээн авч шийдвэрлэхгүй  орхигдуулсан нь зохигчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөнөөс гадна гэрээнээс татгалзаж байгаа, эсхүл эд хөрөнгө гаргуулах гэж байгаа аль нь болох нь тодорхойгүй үлджээ.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2016/06103 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Цэндсүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                          Ш.ОЮУНХАНД