Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 1562

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, арцат гудамж, сүүл даваа 152 тоот хаягт оршин суух Товсон овогт Нацагдоржийн Батсуурь /рд:ЦД56040571/,

 

Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, арцат хэсэг гудамж, сүүл даваа 152 тоот хаягт оршин суух Бурдууд овогт Цэвгээгийн Цэндсүрэн /рд:ЦЗ58102308/-ийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, энхтайваны өргөн чөлөө гудамж, замчны 52 дугаар байр, 7 тоот хаягт оршин суух Тайж овогт Дамдингийн Ганболд /рд:ФМ55070774/-д холбогдох,

 

97,764,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэндсүрэн, өмгөөлөгч Ц.Алимаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.   

           

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Батсуурийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэндсүрэн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Миний нөхөр Н.Батсуурь 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцтай 64 м.кв талбайтай газрыг иргэн Д.Ганболдод харилцан тохиролцож худалдсан юм.

 

Энэхүү гэрээнд зааснаар тус 64 м.кв талбайтай газар, түүн дээр баригдсан гурван ширхэг дулаан зогсоол бүхий обьектыг 45.98 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 1 дулаан зогсоолын хамт солихоор болж, бид газрыг 2013 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн.

 

Гэтэл хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, өнөөдрийг хүртэлх хугацаанд орон сууцыг автозогсоолын хамт өгөхгүй өдий хүрлээ.

 

Иймд, 2 өрөө орон сууцыг өнөөгийн зах зээлийн ханшаар тооцож, 82,764,000.00 төгрөг, 1 ширхэг автозогсоолыг 15,000,000.00 төгрөгөөр тооцож, нийт 97,764,000.00 төгрөгийг хариуцагч Д.Ганболдоос нэхэмжилж байх тул гаргуулж өгнө үү”

 

Хариуцагч Д.Ганболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч нэхэмжлэгч тал маргааны зүйл болсон Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, АОС-ын гудамж, 64в тоот хаягт байрлах 64 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхгүй байгаа учраас сөрөг нэхэмжлэл гаргахаар шийдвэрлэж, тэмдэгтийн хураамжийг төлсөн.

 

Хэрэв нэхэмжлэгч тал энэхүү 64 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийг шилжүүлнэ гэвэл 97,764,000.00 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй.

 

Бид, харилцан ярилцаад эвлэрч байгаа учраас тэмдэгтийн хураамжид төлсөн 646,770.00 төгрөгийг буцаан олгож өгнө үү” гэв.

 

 

Талууд шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээ байгуулж, дараах зүйлийг тохирчээ. Үүнд:

 

  • Хариуцагч Д.Ганболд 97,764,000.00 төгрөгийг нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 646,770.00 төгрөгийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх,
  • Нэхэмжлэгч Н.Батсуурь 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Газар худалдах, худалдан авах гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, АОС-ын гудамж, 64в тоот хаягт байрлах 64 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийг хариуцагчийн нэр дээр шилжүүлэхээр тус тус тохиролцсон байна.

 

 Шүүх хуралдаанаар зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

  

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Батсуурийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэндсүрэнгээс хариуцагч Д.Ганболдод холбогдуулан 97,764,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.  

 

Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг үзвэл хэдийгээр хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага болох 97,764,000.00 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх боловч нэн даруй бус тодорхой хугацааны дараа төлөхөөр болсон байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Газар худалдах, худалдан авах гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, АОС-ын гудамж, 64в тоот хаягт байрлах 64 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлэх тухай гэрээний үүргээ биелүүлэхээр болсон байх тул талууд энэхүү нөхцөлөөр эвлэрсэн байна.

   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.5-д зааснаар зохигч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй эвлэрэл нь хуульд харшлаагүй бол шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, тогтоол гаргах зохицуулалттай.

 

Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 97,764,000.00 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагчийн зүгээс үл хүлээн зөвшөөрч татгалзаагүй, зохигчид тэдгээрийн хооронд үүссэн маргааныг ийнхүү эвлэрлийн гэрээнд заасан нөхцөлөөр шийдвэрлэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул энэхүү хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.5-д заасан журмын дагуу шийдвэрлэх боломжтой байна.

 

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-д зааснаар хэргийн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, нэмэгдүүлэх, өөрчлөх, хариуцагч талтай эвлэрэх эрхтэй бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй юм.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүх болон зохигч нарт илэрхий байдлаар энэхүү хэрэг маргаанд хуулиар хамгаалагдсан эрх ашиг нь хөндөгдөж буй зайлшгүй татан оролцуулвал зохих бусад гуравдагч этгээд байхгүй, талууд зөвхөн хоорондын харилцаанаас үүссэн маргааны хүрээнд эвлэрч, хэрэв эвлэрлийн гэрээг сайн дураар биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагавар гагцхүү зохигчдод хамаарах учир гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөж байна гэж үзэхгүй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож болно.

 

Талууд уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцохоор болж, Ц.Цэндсүрэн, Д.Мөнхдэлгэр нарт итгэмжлэл олгож, тэдгээрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохигчийн эдлэх эрх, үүргийг эдлүүлэхээр болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийн оролцогч бөгөөд тэдгээрийн бүрэн эрх нь тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэлд заасан хүрээ, хязгаараар тодорхойлогдох ба итгэмжлэгдсэн төлөөлөгчид эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

 

 Нэгэнт тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн шаардлага хангасан итгэмжлэлээр оролцож буй итгэмжлэгдсэн төлөөлөгчид өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байгаа нь тодорхой бүрэн эрхтэй этгээдийн илэрхийлсэн хүсэл зориг учраас үүнийг ийм бүрэн эрхгүй этгээд илэрхийлсэн гэж үзэхгүйгээс гадна зохигчдын эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэхгүй юм.

 

Иймд, шүүхээс дээр дурьдсаныг тус тус үндэслэн зохигчдын эвлэрэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүдийн хүсэл зоригийн үр дүн байх ба хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу нэгэнт төлөгдсөн тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Н.Батсуурийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэндсүрэнгийн гаргасан хариуцагч Д.Ганболдод холбогдох 97,764,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Хариуцагч Д.Ганболд 97,764,000.00 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 646,770.00 төгрөгийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх, нэхэмжлэгч Н.Батсуурь 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан газар худалдах, худалдан авах гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, АОС-ын гудамж, 64в тоот хаягт байрлах 64 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийг хариуцагч Д.Ганболдод шилжүүлэхээр эвлэрсэн болохыг үүгээр дурьдсугай

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар  зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 646,770.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 646,770.00 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 70,200.00 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтын дагуу хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 646,770.00 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж, хариуцагчид буцаан олгосугай.

 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-т тус тус зааснаар зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурьдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР