Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 53

 

С.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                           Я.Туул

Шүүгчид                                        Ц.Амаржаргал

Б.Манлайбаатар

Прокурор                                      Н.Идэр

Шүүгдэгч                                       С.Б-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Ц.Гэнэндулам

Д.Нарангэрэл

Ө.Өлзиймаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 135 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам, Д.Нарангэрэл нарын давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С-ын Б-д холбогдох эрүүгийн 201609000425 тоот 2 хавтаст хэргийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар цэцэрлэгт нягтлан бодогч ажилтай, ам бүл 3, 20-24 насны 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 20/2 дугаар байрны 60 тоотод оршин суух бүртгэлтэй, Санхүү, банкны тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй, Жаргал овогт С-ын Б- /РД:**********/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

С.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн “Б” байранд үйл ажиллагаа явуулах “Боловсрол соёлын газар”-т хохирогч Д.Ч-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний нүдэн тус газар цохиж баруун нүдийг хараагүй болгож хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувь алдагдуулан хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 135 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Жаргал овогт С-ын Б-ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар шүүгдэгч Жаргал овогт С-ын Б-т 5 жил 6 сар /таван жил зургаан сар/-ын хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч С.Б-т оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

-Хохирогч Д.Ч-ын “сэтгэл санааны хохирол болон цаашид гарах эмчилгээний зардал гаргуулах” нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлээ холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар С.Б-ийн өмчлөлийн 6781 ДАХ улсын дугаартай Киа Бонго авто машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолохооор... тус тус заажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...С.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ 2016 оны 07 сарын 15 ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн “Б” байранд  үйл ажиллагаа явуулах “Боловсрол соёлын газарт” хохирогч Ө.Ч-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүдэн тус газар цохиж нүдийг нь хараагүй болгож хөдөлмөрийн чадварын тогтонги 65% алдагдуулан хүнд гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогдон хэргийг мөрдөн байцаалтанд шалгаж, шүүхээр шийдвэрлэсэн юм.

Анхан шатны шүүхээс С.Б-ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт  гэм буруутай гэж үзэж 5 жил 6 сар хорих ял оногдуулсан юм.

Мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэт биш хийгдсэн гэж үзэж байна. Мөрдөн байцаалтанд урьд нь ял шийтгэл эдэлсэн эсэхийг заавал шалгах ёстой.Гэтэл хавтаст хэрэгт ял шалгуулах 2 хуудас байдаг боловч Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны сангаас шалгуулсангүй.

С.Б- нь мөрдөн байцаалтын шатанд өөрөө болон өмгөөлөгчөөр дамжуулан хүсэлт гаргаж байсан. Уг хүсэлтэнд  хохирогч Д.Ч-тай маргалдан муудалцах явцад хөлөө гэмтээсэн нь Б-ийн үйлдлээс болсон гэж мэдүүлдэг бөгөөд энэ асуудлыг шалгаагүй. Хохирогч Ч- болон Б- нарын өрөөнд архи уугаад байж байхад өрөөнд Одхүү ирж архи авчирч өгсөн тухай шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэдүүлдэг бөгөөд энэ тухай хохирогч Ч- “мэдэхгүй санахгүй байна, хаалгаар шагайж байснийг санаж байна” гэж мэдүүлж байгаа нь хохирогч өөрийн үйлдлээ мэдэхгүй байна уу гэсэн эргэлзээ төрж байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...С.Б-т холбогдох хэргийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.2 дахь хэсэгт “яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн гүйцэд тогтоогдоогүй тохиолдолд мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийг нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн гэж үзнэ” гэж заасан байдаг.

Мөрдөн байцаалтын шатанд С.Б-ийн хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй. Учир нь хавтаст хэргийн 36-37 дугаар талд С.Б-ийн ял шийтгэлийн байдлыг шалгуулахаар үйлдсэн 2 хувь ял шалгах хуудсан дээр хоёулан дээр нь С.Б- нь ял эдэлж байсан эсэх талаарх тодорхойлолт бичигдээгүй хоосон, мэдээлэл судалгааны төвийн ажилтны гарын үсэг, тамга тэмдэг дарагдаагүй байсан.

Энэ зөрчлийг би прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэний дараа шүүх дээр эрүүгийн хэргийн материалтай уншин танилцахдаа мэдсэн бөгөөд дахин дахин нягтлан үзэхэд 2 хуудас хоёулаа шалгасан тухай тэмдэглэлгүй байсан.

Мөн анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө яллагдагч С.Б-ийн хамт орж хэргийн материалын 36-37 дугаар талд байгаа ял  шалгах хуудсыг дахин нягтлан үзэхэд ял шалгасан тэмдэглэлгүй хэвээр байсан юм. Гэтэл шийтгэх тогтоолд 37 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл судалгааны төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй гэж 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр тэмдэглэж, эрх бүхий албан тушаалтан гарын үсгээ зурсан гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна.

2016 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ням гариг буюу амралтын өдөр байх ба тэмдэглэгээг хурлын дараа нөхөн хийлгэж хууль зөрчсөн байна.

Иймд С.Б-ийн ял шийтгэлийн байдлыг зохих журмын дагуу үнэн зөв шалгуулж, түүний урьд ял шийтгэлгүй болохыг тогтоолгохоор хэргийг мөрдөн байцаалтанд буцаах зайлшгүй шаардлагатай байна.

Хохирогч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...өрөөнд байхад Одхүү хаалгаар шагайсныг санаж байна. Харин архи авчирсан, уусныг санахгүй байна” гэж мэдүүлснээс дүгнэхэд үүнээс хойш болсон үйл явдлыг сайн мэдэж байгаагаар мэдүүлэг өгсөн нь эргэлзээтэй.

Хэргийн газрын үзлэгийг 5 сарын дараа хийсэн, хохирогч Ч- нь С.Б-ийг хэл амаар доромжилж ус буцалгагчаар ширээ цохиж, ширээний өнцөг хагалсан, ус буцалгагч зэрэг эд хөрөнгийг санаатай эвдэж гэмтээсэн үйлдлийг цаг алдалгүй шалгаагүй, гэрч А.Энхбаатараас бүрэн гүйцэд мэдүүлэг аваагүй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.1.3-д зааснаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр хангалттай нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын  11-ний өдрийн 135 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэжээ.

Хохирогч Д.Ч- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

“Д.Ч- миний бие нь 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр С.Б-д зодуулж хүнд гэмтэл авч баруун нүд хараагүй болсоноос хойш сэтгэл санаа, бие махбодийн хувьд хүнд байгаа тул байнгын эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд цаашид солонгос улс руу явж эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байгаа болно. Иймд эм болон эмчилгээний зардал болох 381.000 төгрөг, солонгос явж эмчлүүлэх зардал болох 55.588.000 төгрөг, сэтгэл санаа, гоо сайхны зардал болох 100.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Д.Ч- миний бие нь солонгос улсад очиж эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч С.Б- гаргасан мэдүүлэгтээ:

“...Тайлбар байхгүй” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам гаргасан тайлбартаа:

“...С.Б- нь учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн. “Цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулна” гэж хохирогчтой ярьсан. Хохирогчид 150.000.000 төгрөг нэхэмжилснийг төлөх боломжгүй, харин 30.000.000-40.000.000 төгрөг төлөх боломжтой. С.Б- нь төрийн байгууллагад 24 жил эдийн засагчаар ажилласан, дахин гэмт хэрэг үйлдэхгүй зэрэг хувийн байдлыг харгалзан үзнэ үү. Шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэж шинэ Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлгийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу торгуулийн ялын доод хэмжээг оногдуулж, С.Б-ыг бусдын батлан даалтад гаргаж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Нарангэрэл гаргасан тайлбартаа:

“...Хохирогч анхан шатны шүүх хуралдааны шатанд гомдолгүй гэж хэлснийг анхаарч өгнө үү. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шинэ Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлгийн 11.1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хамгийн бага нэгжээр буюу 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр оногдуулж, С.Б-ийг бусдын батлан даалтад гаргаж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа гаргасан тайлбартаа:

“...Шинэ Эрүүгийн хуульд өөрөө гэм буруугаа хүлээсэн байх шаардлагыг С.Б- хангаж гэм буруугаа хүлээсэн тухай баримтыг бичгээр үйлдэж гаргаж өгсөн. С.Б- нь бодит хохирлыг төлсөн. С.Б- нь бусдын батлан даалтад байвал ажил хийж эмчилгээний зардлыг төлөх боломжтой. Шинэ Эрүүгийн хуулиар С.Б-д 10.000 нэгжээс доогуур торгох ял шийтгэл оногдуулах боломжтой” гэв

Улсын яллагч Н.Идэр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“...Өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга өөрчлөгдсөн тул тайлбар байхгүй” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б-ийг хохирогч Д.Ч-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүний нүдэн тус газар цохиж баруун нүдийг хараагүй болгож хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувь алдагдуулан хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх /2002 оны Эрүүгийн хууль/ хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд С.Б-ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 05 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу торгуулийн ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү...” гэх давж заалдах гомдлын үндэслэлийн дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд:

Шүүгдэгч С.Б- нь Д.Ч-ын нүдэн тус газар цохиж баруун нүдийг хараагүй болгож хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувь алдагдуулан хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Д.Ч-ын мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 11-12 хуудас/, гэрч Ю.Ариунцацралын мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 16, 201 хуудас/, гэрч Т.Сайхнаагийн мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 115 хуудас/, гэрч Ц.Дэлгэрмаагийн мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 14 хуудас/, гэрч Ч.Самбуугийн мэдүүлэг /1-р хавтас хх-ийн 15 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р хавтас, хх-ийн 20 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №893 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хавтас, хх-ийн 25 хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд анхан шатны шүүхээс хэргийн байдалд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийж, түүнд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байх бөгөөд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь шүүгдэгч С.Б-ийн үйлдсэн хэргийн шинж байдал, гэм бурууд тохирсон байна.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар С.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт тохирох зүйл ангийн ялын хэмжээ 2-8 жил болж өөрчлөгдсөн тул шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт бүхэлд нь өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн баруун нүд хараагүй болж, түүнд хүнд хор уршиг учирсан байх тул С.Б-д торгуулийн ял оногдуулах, мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 1.5 дахь хэсгүүд, 39.11 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3, 5 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Жаргал овогтой С-ын Б-д холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт дүйцүүлэн өөрчилж түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлсэнтэй холбогдуулан Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 135 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг дараах байдлаар бүхэлд нь өөрчилсүгэй.

“1. Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Жаргал овогт С-ын Б-д Эрүүгийн хуулийн /2002 он/ тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар ял сонсгож ирүүлснийг Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 гэж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жаргал овогт С-ын Б-д 02 жил 03 сар /хоёр жил гурван сар/-ын хорих ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 02 жил 03 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийн цагдан хоригдсон 52 /тавин хоёр/ хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хассугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Ч-ын “сэтгэл санааны болон БНСУ-д эмчлүүлэх” зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний үндсэн дээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурьдаж энэхүү нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийн өмчлөлийн 6781 ДАР улсын дугаартай  “Киа Бонго” маркийн авто машиныг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай”

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-оос 381 000 /гурван зуун наян нэгэн мянга/ төгрөг гаргуулж Дархан сумын 10-р баг 5 дугаар хороолол 1-в байрны 30 тоотод оршин суугч Данхарын Ч-ад олгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэг, 37.2 дугаар зүйлд зааснаар Давж заалдах шатны шүүхийн шийдвэр уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болох тул шүүхийн шийдвэрийг энэ өдрөөс эхлэн гүйцэтгэсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                         Я.ТУУЛ

                                       ШҮҮГЧИД                                             Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                     Б.МАНЛАЙБААТАР