Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 0270

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Ц.Алтангадас, шүүгч Ш.Эрдэнэцэцэг нарын бүрэлдэхүүнтэй  

 

Иргэдийн төлөөлөгч П.Ш

Улсын яллагч Н.Д

Хохирогч Ш.С

Хохирогчийн өмгөөлөгч З.Б

Иргэний нэхэмжлэгч Г.Ц, П.Б

Шүүгдэгч Ц.Ө

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.От, Р.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ө холбогдох эрүүгийн 1825006640453 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ц.Ө

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ц.Ө нь 2018 оны 09 сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Говил багийн Дэнжийн 15-9 тоотод хамтран амьдрагч Ш.Сүхбатын хэвлий тус газарт шилний хагархайгаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, 2018 оны 06 сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн 10-11 тоотод оршин суух Б.Нямбаярын байшингийн цонхоор нэвтэрч монетон ээмэг, гоёлын дан дээл, эмэгтэй туфль, индукцин плитка, гар цүнх, үсний хайч зэрэг эд хөрөнгө хулгайлан 771.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 05 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 16-34 тоотод оршин суух Г.Ганхуягийн байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн хар өнгийн зурагт, эмэгтэй хүний мөнгөн ээмэг, бөгж, зүүлт зэрэг эд зүйлийг хулгайлан 375.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Ц.Ө-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би төрсөн байсан. Охин маань 2.1 кг төрсөн. Би хүүхдээ угааж чадахгүй байсан. Гангаа эгч Мөрөн эгч хоёр хүүхэд угааж өгсөн. Нөхөр Сүхбаттай утсаар ярьсан. Би хүүхдийн памперс, сүүний мөнгө гэхэд ажил дээр ирээд ав гэсэн. Тэгээд ажил дээр нь очиход хүүхэд аваад шууд цохиод авсан. Намайг алчихъя гэсэн. Би нялх биетэй байсан болохоор уурлаад ийм асуудал болсон. Тэгээд маргааш нь гэрт нь очиж уурлан дан биетэй байхад ч, давхар биетэй байхад ч зодож байдаг гээд уурласан. Би уурлаж амиа хорлож үхнэ гэж хэлсэн. Би гартаа шил барьсан байсан. Би Сүхээг хатгая гэж бодоогүй. Тухайн үед атверк барьсан байсан боловч Янжин эгчийг надад өгчих гэхээр нь өгчихсөн. Би варейны шилийг баруун гартаа барьсан байсан. Зүүн гараас Сүхээ барьсан байсан. Би амиа хорлоно гэж байхад Сүхээ болно гэж байсан. Сүхээ намайг араас тэврээд авсан. Надтай зууралдаад байж байхад нь шилээр гэдсэнд нь хатгасан байсан. Энэ үйлдлээ сайн санахгүй байна. Би нэг зурагтыг нь ломбарданд тавьсан. Хаанаас авснаа мэдэхгүй байна. Нэг цагдаа намайг байцааж паарнаас гавлаж байгаад цахилгаан бороохойгоор зодсон. Харин Нямбаяр гэдэг айлаас намайг хулгайлсан гээд хэрэг нэмсэн. Нөхрөө ийм байдалтай болгосонд харамсаж байгаа. Гэхдээ санаатай хатгаагүй. Хөнгөн ял оногдуулна уу. 2 хүүхдийг минь харгалзан үзнэ үү. Би хулгайн хэргийн хохирлоо төлмөөр байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Ш.С-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед ханийгаа гэртээ хонуулъя гээд араас нь гарсан. Би уг нь эвээр ярьж учраа ольё гэж бодсон боловч Өгөөдэй уурлаад архины шилний амсар барьсан байсан. Би тэр архины шилний амсарыг булааж авах гээд байж байхад нөгөө гараараа варейны шилний хагархайгаар гэдэс рүү хатгасан. Би ална барина гэж хэлээгүй. Би Өгөөдэйгээс эмчилгээний зардал 500.000 төгрөг нэхэмжилж байсан боловч хүүхдээ бодоод нэхэмжлэхээ больсон. БОЭТ-д төлөх төлбөрөө ажил хийж төлнө. Өгөөдэй юунаас болж уурласныг мэдэхгүй байна. Би энэ хүнд баргийн гар хүрдэггүй. Хааяа пиво уусан үедээ ганц нэг гар хүрдэг нь үнэн. Би Өгөөдэйг дарамталддаггүй. Тэр өдөр мод бариад араас нь хөөх нь хөөсөн, гэхдээ цохиогүй. Харин Өгөөдэйгийн гарт шил байсан. Шилийг цонхон доор хагалсан гэсэн мэдүүлэг,

 

-Иргэний нэхэмжлэгч Г.Ц-йн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Өгөөдэй нь зурагт 2 ширхэг удирдлагатай барьж орж ирээд барьцаанд тавья гэсэн. Надад эмээ нас барсан гэж хэлээд уйлах гээд байсан. Тулгаад гуйгаад байхаар нь тус больё гэж бодоод бичиг баримтаа аваад ир гэсэн. Лавлагаа авчирна гээд явсан. 150.000 төгрөг өгсөн. Удаагүй хэд хоногийн дараа хүүхэд хатгаа авсан. 100.000 төгрөг нэмж өгөөч гэхээр нь би 20.000 төгрөг өгсөн. Тэгтэл удалгүй Цагдаагаас хулгайн зурагт гээд хураагаад аваад явсан. Одоо 170.000 төгрөг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг,

 

-Иргэний нэхэмжлэгч П.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Сүхбат гэдэг хүн БОЭТ-д гадны нөлөөтэйгөөр шилэнд зүсэгдсэн гэсэн оноштойгоор эмчлүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар Сүхбатаас нэхэмжлэх ёстой. Тэгтэл Сүхбат нь өнөөрийг хүртэл төлөөгүй байгаа. Ер нь бол эмнэлгийн тусламжийг төлбөрөө төлсний дараа тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой. Гэвч тухайн хүний эрүүл мэндийн байдлаас шалтгаалж эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байгаа. Сүхбат нь төлбөрөө 100 хувь төлсний дараа тухайн хүнээс нэхэмжлэх ёстой гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 06 сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн 10-11 тоотод байрлах өөрийн эзэмшлийн байшингаа түгжээд өглөө 06 цаг 30 минутанд ажилдаа яваад орой 17 цагийн үед гэртээ очиход манай байшингийн урд талын цонхны поорчиг хэсгийг хуга татаад газар аваад тавьчихсан байсан. Тэгээд байшингаас эд зүйл алдагдсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. 2016 онд 400.000 төгрөгөөр худалдаж авч байсан нэг хос 2 ширхэг бантаг шиг хэлбэртэй монетон ээмэг, монгол загварын богино ханцуйтай цэнхэр өнгийн нимгэн дээл, 2018 онд 170.000 төгрөгөөр оёулж байсан, өсгийтэй хар өнгөтэй арьсан эмэгтэй гутал 2018 оны 01 сард 150.000 төгрөгөөр авч байсан, индукцийн хар өнгөтэй нэг ширэмтэй плитка, дунд зэргийн хэмжээтэй хөх өнгөтэй даавуун материалтай гар цүнх 2018 оны 01 сард 30.000 төгрөгөөр худалдаж авч байсан, үсний хар өнгийн хайч 2018 оны 01 сард 28.000 төгрөгөөр авч байсан. Би Өгөөдэй гэх хүнийг танихгүй учир ямар нэгэн холбоо байхгүй, энэ хүн манай гэрт ирж байгаагүй. Манай гэрт нэг их хүн ирээд байдаггүй. Хохирлоо гаргуулна гэсэн мэдүүлэг /1хх 81-85 ху/ ,

 

-Хохирогч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...500.000 төгрөг алдагдаагүй байсан. Мөн эхнэрийн улаан өнгийн цүнх алдагдаагүй.  Тухайн үед алга байсан, дараа нь гэрээсээ олсон. Үнэлгээнд заагдсан эд зүйлийг нэхэмжилнэ. ...Хохирол нөхөн төлөгдөөгүй байгаа. Төлөх юм бол саналхүсэлт байхгүй гэсэн мэдүүлэг /2хх 197 ху/

 

-Гэрч Ш.Я-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 09 сарын 27-ны өдөр би гэртээ 08 цаг 30 минутын үед ороход манай төрсөн дүү Сүхбат эхнэр Өгөөдэйтэй хэрүүл маргаан хийж Өгөөдэй гартаа хар иштэй аптерк барьчихсан Сүхбатыг нэвт шаана шүү, хүүхдийг чинь ална шүү гэж байхаар нь Сүхбат бид 2 арай гэж Өгөөдэйгөөс хар иштэй аптеркийг нь булааж аваад далд хийсэн. Тэгтэл Өгөөдэй хананд байсан толийг аваад Сүхбатыг цохиж ална бүгдийг чинь ална гэж Сүхбат бид 2-луу дайрахаар нь тэр толийг нь булааж авахад Өгөөдэй хэсэг хэрүүл хийж байгаад гэрээс гараад гадаа модны ёроолд байсан огурцины шилийг авч цонхон дээр ирээд цонхыг чинь хагална, Сүхбатаа чи гарч ирэхгүй бол хүүхдийг чинь шидэж ална гээд байсан. Сүхбат би хүүхдээ очиж авъя энэ Өгөөдэй яаж ч мэднэ гээд гэрээс гарсан. Төд удалгүй 10-аад минутын дараа Сүхбат гараараа гэдсээ дараад, толгойноос нь цус гарчихсан атиралдаад орж ирэхээр нь юу болов Сүхбатаа гэхэд Өгөөдэй шилээр хатгачихлаа гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /1хх 42-45 ху/,

 

-Гэрч П.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Тухайн өдөр би гэртээ байж байтал оройхон Сүхбатын хамтран амьдрагч Өгөөдэй нөхрийн эгч, хадам ээж хоёртой маргалдсан, намайг хөөгөөд байна гэхээр нь би Өгөөдэйг нөхөр чинь хайчсан юм бэ гэтэл ажил дээрээ байгаа гэхээр нь тэгвэл манайд хоночих гээд ор засч өгөөд унтуулсан. 2018 оны 09 сарын 27-ны өглөө бие засна гээд гарч яваад ирэхгүй байхаар нь би Сүхбатынд очсон чинь Өгөөдэй Сүхбаттай маргалдан гартаа аптерка барьчихсан Сүхбатыг хүүхдээ очиж ав гээд орилоод байсан. Энэ үед Сүхбатын эгч нь гаднаас ороод ирэхээр нь би Өгөөдэйгийн хүүхдийн угжийг нь аваад гэртээ ирсэн. Би гэртээ ирээд Өгөөдэйгийн хүүхдийн угжийг өгчихөөд өлгийдээд байж байтал Өгөөдэй гар нь цус болчихсон орж ирсэн. Тэгэхээр нь би яасан бэ гэтэл шилэнд гараа зүсчихлээ гээд гараа угаачихаад хүүхдээ аваад гараад явсан. ..Би хажуу айлын эгчээсээ Өгөөдэй нөхрөө хэвлийд нь шилээр зүсч гэмтээсэн гэж сонссон гэсэн мэдүүлэг /1хх 55-57 ху/,

 

-Гэрч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...орой 17:30 цагийн үед гэртээ эхнэр хүүхдийн хамт ирэхэд манай байшингийн ар талын цонхоор хулгай ороод Самсунг маркийн 32 инчийн зурагт, эхнэрийн улаан өнгийн цүнх, хар өнгийн түрийвч, мөнгөн ээмэг зүүлт болон 500 гаран мянган төгрөг аваад явсан байсан гэсэн мэдүүлэг /2хх 201-202 ху/

 

-Шинжээч эмч Ч.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай гарын алганы мөр нь Аюушийн Өгөөдэй гэх хүний зүүн гарын алганы хээний дардастай 2,3 гэж дугаарласан гарын мөр нь Аюушийн Өгөөдэйн баруун гарын дунд хурууны хээний дардастай папилляр шугамын эхлэл, нийлэлт, салаалалт, төгсгөл зэрэг хувийн онцлог шинж тэмдэгийн цогц байдлаар тохирсон тул, тохирсон байна гэсэн дүгнэлт гаргасан байна гэсэн мэдүүлэг /1хх 106-107 ху/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 684 дугаартай дүгнэлтэнд:

1. Ш.С-н биед хэвлийн хөндий рүү нэвтэрч орсон хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийг нээж шалгасан хагалгааны дараах байдал, хуйханд шарх, баруун гарын чигчий хуруунд зулгаралт үүсчээ.

2. Уг гэмтлүүдийн хэвлийн хөндий рүү нэвтэрч орсон хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийг нээж шалгасан хагалгааны дараах байдал, хуйханд шарх нь үзүүр иртэй зүйлийн үйлчлэлээр, баруун гарын чигчий хуруунд зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхаар байна.

3. Хэвлийн хөндий рүү нэвтэрч орсон хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийг нээж шалгасан хагалгааны дараах байдал нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Хуйханд шарх нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун гарын чигчий хуруунд зулгаралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамраагдахгүй. Гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байхаар байна.

4. Хэвлийн хөндий рүү нэвтэрч орсон хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийг нээж шалгасан хагалгааны дараах байдал нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Бусад гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /1хх 15-16 ху/,

 

-Шүүх сэтгэц судлалын шинжээчийн 25 дугаартай дүгнэлтэнд:

1. Магадлуулагч Ц.Ө нь оюун ухааны хомсдол хөнгөн хэлбэр, зан төрхийн өөрчлөлт. Энэ өвчин нь төрөлхийн /удамшлын/.

2. Магадлуулагч Ц.Ө нь хэрэг үйлдэгдэх үед дээрх өвчтэй байсан. Сэтгэцийн эмчийн байнгын хяналтанд байдаг ба эмчилгээ жилдээ 2-3 удаа хийлгэдэг.

3. Магадлуулагч Ц.Ө нь дээрх сэтгэцийн өвчтэй байна. 10 сард хэвтэн эмчлүүлсэн тул одоогоор албадан эмчлүүлэх шаардлагагүй.

4. Ц.Ө нь гэмт хэрэг үйлдэх үед санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан шинжгүй.

5. Магадлуулагч Ц.Ө нь гэмт хэрэг үйлдэх үедээ дээрх сэтгэцийн өвчтэй. Энэ өвчин нь мэдүүлэг өгөх болон хэрэг хариуцах чадварт нөлөөлөхгүй. Иймд хэрэг хэрэг хариуцах чадвартай гэсэн дүгнэлт /1хх 24-25 ху/,

 

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны мөр судлалын шинжээчийн 173 дугаартай дүгнэлтэнд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжлэгдэж буй 1 дугаартай гарын мөр МN003010002120 дугаараар санд бүртгэгдсэн Цэнд-Аюушийн Өгөөдэйн зүүн гарын алганы хээний дардастай, 2, 3 дугаартай гарын мөр баруун дунд хурууны хээний дардастай папилляр шугамын төгсгөл, эхлэл, салаалалт, нийлэлт зэрэг хувийн онцлох шинж тэмдгүүдээрээ тохирч байна.

3. Шинжлэгдэж буй 4 дугаартай гарын мөр Гарын хээний нэгдсэн санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас болон гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэсэн дүгнэлт /1хх 97-103 ху/,

 

-Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 17 дугаартай дүгнэлтэнд:

1. Магадлуулагч Ц.Ө нь хөнгөн хэлбэрийн төрөлхийн оюун ухааны хомсдол, гүнзгий хэлбэрийн зан төрхийн өөрчлөлттэй. Өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэрч удирдах чадвартай.

2. Магадлуулагч сэтгэцийн хувьд төрөлхийн оюун ухааны хөнгөн хэлбэрийн хомсдолтой.

3. Магадлуулагч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

4. Магадлуулагч эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай.

5. Ц.Өн зан төрхийн өөрчлөлт дошгирсон үед эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай гэсэн дүгнэлт /1хх 109 ху ху/,

 

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 40 дугаартай дүгнэлтэнд:

1. Сэтгэлзүйн оношлогоонд IQ50%-69% үзүүлэлтийг Төрөлхийн хөнгөн хэлбэрийн оюун ухааны хомсдол өвчин гэж үздэг тул онош хэвээр, хэрэг хариуцах чадвартай, урьд гарсан дүгнэлт өөрчлөгдөхгүй.

2. IQ50%-60% хооронд байгаа тул оношилгоонд өөрчлөлт орсон гэж үзэхгүй.

3. Магадлууллагч Ц.Ө нь хэрэг хариуцах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэсэн дүгнэлт /2 хх 157 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 121 дугаартай дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №7-д байх “Хашааны хаалганы дотор байх гутлын мөр”, зураг №8-т байх “Хашааны гадна байх гутлын мөр” гэсэн тайлбартай гутлын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №6-т байх “Дээрх газарт үүссэн мөрийг харуулав” гэсэн тайлбартай гутлын мөр шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцсэн гутлын мөрүүд тус албаны хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гутлын мөрний сан болон Эрүүлжүүлэгдсэн, баривчлагдсан хүмүүсийн гутал, гутлын улны хээний санд байгаа гутлын улны хээ, гутлын мөрүүдтэй тохирохгүй байна гэсэн дүгнэлт /2 хх 218-219 ху/

 

            -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / 1 хх 3-4, 77-78, 2 хх 188-189 ху/

            -Гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх 5-6, 8, 79, 2 хх 190, 220-221, 223-224 ху/

            -Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / 1 хх 7 ху/

            -Эд мөрийн баримтаар тооцох тухай / 1 хх 9 ху/

            -Хохирогч Ш.Сүхбатын өвчний түүх / 1 хх 30-41 ху/

-Ц.Өг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 1 хх 61, 64-66, 128, 229-231 ху/

-Эд зүйлийн үнэлгээ /1 хх 86-92, 2 хх 208-214 ху/

-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас / 1 хх 131 ху/

-Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 28-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / 1 хх 133-135 ху/

-Хэл загвар, дээж авсан тэмдэглэл /2 хх 166 ху/

-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл / 2 хх 192 ху/

-Хүлээн авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 хх 193 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц.Ө нь 2018 оны 09 сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Говил багийн Дэнжийн 15-9 тоотод хамтран амьдрагч Ш.Сүхбатын хэвлий тус газарт шилний хагархайгаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, 2018 оны 06 сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн 10-11 тоотод оршин суух Б.Нямбаярын байшингийн цонхоор нэвтэрч монетон ээмэг, гоёлын дан дээл, эмэгтэй туфль, индукцин плитка, гар цүнх, үсний хайч зэрэг эд хөрөнгө хулгайлан 771.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 05 сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 16-34 тоотод оршин суух Г.Ганхуягийн байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн хар өнгийн зурагт, эмэгтэй хүний мөнгөн ээмэг, бөгж, зүүлт зэрэг эд зүйлийг хулгайлан 375.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн “...Нөхөр Сүхбаттай утсаар ярьсан. Би хүүхдийн памперс, сүүний мөнгө гэхэд ажил дээр ирээд ав гэсэн. Тэгээд ажил дээр нь очиход хүүхэд аваад шууд цохиод авсан. Намайг алчихъя гэсэн. Би нялх биетэй байсан болохоор уурлаад ийм асуудал болсон. Тэгээд маргааш нь гэрт нь очиж уурлан дан биетэй, давхар биетэй байхад зодож байдаг гээд уурласан. Би уурлаж амиа хорлож үхнэ гэж хэлсэн. Би гартаа шил барьсан байсан. Би варейны шилийг баруун гартаа барьсан байсан. Зүүн гараас Сүхээ барьсан байсан. Сүхээ намайг араас тэврээд авсан. Надтай зууралдаад байж байхад нь шилээр гэдсэнд нь хатгасан байсан. Энэ үйлдлээ сайн санахгүй байна. Би нэг зурагтыг нь ломбарданд тавьсан. Хаанаас авснаас мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг, хохирогч Ш.Батсүхийн “...Тухайн үед ханийгаа гэртээ хонуулъя гээд араас нь гарсан. Би уг нь эвээр ярьж учраа ольё гэж бодсон боловч Өгөөдэй уурлаад архины шилний амсар барьсан байсан. Би тэр архины шилний амсарыг булааж авах гээд байж байхад нөгөө гараараа варейны шилний хагархайгаар гэдэс рүү хатгасан” гэсэн, иргэний нэхэмжлэгч Г.Цэцэнбилэгийн “Өгөөдэй нь зурагт 2 ширхэг удирдлагатай барьж орж ирээд барьцаанд тавъя гэсэн. Надад эмээ нас барсан гээд уйлах гээд байсан. Тулгаад гуйгаад байхаар нь тус больё гэж бодоод бичиг баримтаа аваад ир гэсэн. Лавлагаа авчирна гээд явсан. 150.000 төгрөг өгсөн. Удаагүй хэд хоногийн дараа хүүхэд хатгаа авсан. 100.000 төгрөг нэмж өгөөч гэхээр нь би 20.000 төгрөг өгсөн. Тэгтэл удалгүй Цагдаагаас хулгайн зурагт гээд хураагаад аваад явсан” гэсэн, иргэний нэхэмжлэгч П.Баатармаагийн “...Сүхбат гэдэг хүн БОЭТ-д гадны нөлөөгөөр шилэнд зүсэгдсэн гэсэн оноштойгоор эмчлүүлсэн” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохиогч Б.Нямбаярын “...2018 оны 06 сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн 10-11 тоотод байрлах өөрийн эзэмшлийн байшингаа түгжээд өглөө 06 цаг 30 минутанд ажилдаа яваад орой 17 цагийг үед гэртээ очиход манай байшингийн урд талын цонхны поорчиг хэсгийг хуга татаад газар аваад тавьчихсан байсан. Тэгээд байшингаас эд зүйл алдагдсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...2016 онд 400.000 төгрөгөөр худалдаж авч байсан нэг хос 2 ширхэг баантаг шиг хэлбэртэй монетон ээмэг, монгол загварын богино ханцуйтай цэнхэр өнгийн нимгэн дээл, 2018 оны 170.000 төгрөгөөр оёулж байсан, өсгийтэй хар өнгөтэй арьсан эмэгтэй гутал 2018 оны 01 сард 150.000 төгрөгөөр авч байсан, индукцэн хар өнгөтэй нэг ширэмтэй плитка, дунд зэргийн хэмжээтэй хөх өнгөтэй даавуун материалтай гар цүнх 2018 оны 01 сард 30.000 төгрөгөөр худалдаж авч байсан, үсний хар өнгийн хайч 2018 оны 01 сард 28.000 төгрөгөөр авч байсан” гэсэн /1хх 81-85 ху/, хохирогч Г.Ганхуягийн “...хохирол нөхөн төлөгдөөгүй байгаа, төлөх юм бол санал хүсэлт байхгүй, үнэлгээнд заагдсан 375.000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна” /2 хх 197 ху/, “...Яргуйт толгодын 16-34 тоот гэртээ иртэл манай байшингийн ар талын цонхоор хулгайч ороод самсунг маркийн 32 инчийн хар өнгийн телевизор ...хар өнгийн түрийвч, ээмэг зүүлт аваад явсан байсан” гэсэн / 2 хх 201-202 ху/ мэдүүлгүүд, мөн гэрч Ш.Янжиндулам /1хх 42-45 ху/, гэрч П.Ганганхулан /1 хх 55-57 ху/, шинжээч эмч Ч.Ганзориг /1хх 106-107 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогч Ш.Сүхбатын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч орсон хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийг нээж шалгасан хагалгааны дараах байдал, хуйханд шарх, баруун гарын чигчий хуруунд зулгаралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон шүүхийн шинжилгээний албаны 684 дугаартай дүгнэлт /1 хх 15-16 ху/, шүүх сэтгэц судлалын 25 дугаартай дүгнэлт, шинжээчийн 17, 25, 40, 121 173 дүгнэлтүүд, эд зүйлийн үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос шүүгдэгч Ц.Өг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулахдаа зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн “...Би уурлаж амиа хорлож үхнэ гэж хэлсэн. Би гартаа шил барьсан байсан. Би Сүхээг хатгая гэж бодоогүй. Тухайн үед атверк барьсан байсан боловч Янжин эгчийг надад өгчих гэхээр нь өгчихсөн. Би варейны шилийг баруун гартаа барьсан байсан. Зүүн гараас Сүхээ барьсан байсан. Би амиа хорлоно гэж байхад Сүхээ болно гэж байсан. Сүхээ намайг араас тэврээд авсан. Надтай зууралдаад байж байхад нь шилээр гэдсэнд нь хатгасан байсан” гэсэн, хохирогч Ш.Сүхбатын “...эвээр ярьж учраа ольё гэж бодсон боловч Өгөөдэй уурлаад архины шилний амсар барьсан байсан. Би тэр архины шилний амсарыг булааж авах гээд байж байхад нөгөө гараараа варейны шилний хагархайгаар гэдэс рүү хатгасан” гэсэн мэдүүлгүүд, мөн  мөрдөгч хэргийн газраас 1 ширхэг шилний хагарахайг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл зэргээр Ц.Ө нь хоёр гартаа шил барьсан байсан нь нотлогдоогүй, шилний хагархайг хохирогчийн биед гэмтэл учруулахаар зориуд тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргүүдийн үндсэн шинжүүдийг агуулж байна.

 

            Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 17 дугаартай дүгнэлтэнд шүүгдэгч Ц.Өг хөнгөн хэлбэрийн оюун ухааны хомсдол, гүнзгий хэлбэрийн зан төрхийн өөрчлөлттэй, өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэрч удирдах чадвартай, магадлуулагч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай гэж дүгнэсэн тул түүнийг хэрэг хариуцах чадварын талаар эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

           

            Шүүгдэгч Ц.Өд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал /1-8 настай 2 хүүхэдтэй/ зэргийг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоосон болно.

 

            Хохиролын хувьд хохирогч Ш.Сүхбатын эрүүл мэндэд хүнд гэмтэл, хохирогч Б.Нямбаярт 771.000 төгрөгний, хохирогч Г.Ганхуягт 375.000 төгрөгний, иргэний нэхэмжлэгч Г.Цэцэнбилэгт 170.000 төгрөгний хохирол тус тус учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт Ш.Сүхбат хохирол нэхэмжлэхгүй гэсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Ганхуягт хохирол болох 320.000 төгрөгөөр үнэлэгдсэн Самсунг маркийн 32 инчийн зурагтыг биет байдлаар буцааж өгсөн, бусад хохирол төлөгдөөгүй байна.

 

            Иймд шүүгдэгчээс 996.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Нямбаярт 771.000 төгрөгийг, Г.Ганхуягт 55.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Ц-т 170.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний нэхэмжлэгч П.Б-н хувьд нь шүүхийн хэлэлцүүлэгт  “...хохирогч Сүхбат БОЭТ-д гадны нөлөөтэйгөөр шилэнд зүсэгдсэн гэсэн оноштойгоор эмчлүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 507.960 төгрөгийг Сүхбатаас нэхэмжлэх ёстой. Тэгтэл Сүхбат нь өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа” гэсэн тайлбарыг гаргаж байх боловч эмнэлгийн байгууллага нь тухайн иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг төлбөрөө төлсний дараа үзүүлэхээр хуульчилсан байх тул 507.960 төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар Ш.Сүхбатаас нэхэмжлэх нь зүйтэй.  

 

Шүүгдэгч нь 58 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Ш.Сүхбат нь хохирол нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Ө-г Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Ц.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Ц.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-гийн эдлэх 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-гийн цагдан хоригдсон 58 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ө-гөөс 996.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Нямбаярт 771.000 төгрөг, хохирогч Г.Ганхуягт 55.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Цэцэнбилэгт 170.000 төгрөгийг тус тус олгож, иргэний нэхэмжлэгч П.Баатармаагийн нэхэмжилсэн 507.960 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

10. Шүүгдэгч Ц.Өгийн 2011 оны 09 сарын 05-нд төрсөн хүү Ө.Энхбаяр, 2018 оны 09 сарын 15-нд төрсөн охин С.Энхсаран нарыг Б.Цэнд-Аюуш, Х.Ариунаа нарын асрамжинд үлдээсүгэй.

 

11. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Ш.Сүхбат нь хохирол нэхэмжлэхгүй, иргэний нэхэмжлэгч П.Баатармаа нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

  12. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА

 

                                        ШҮҮГЧИД                              Ц.АЛТАНГАДАС

 

                                                                                       Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ