Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Ууганцэцэг |
Хэргийн индекс | 119/2017/0025/З |
Дугаар | 00028 |
Огноо | 2017-09-25 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 00028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.Д-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдох
“Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Засаг даргаар Т.Д-ыг томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2017/0025/з/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гэрч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр явагдсан иргэдийн Нийтийн Хуралд оролцож, тус багийн Засаг даргад нэр дэвшсэн. Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын тооллогын комиссын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаартай “Багийн Засаг даргыг сонгосон тухай” тогтоол, иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 07 дугаартай “Багийн Засаг даргыг сонгосон тухай” тогтоолоор тус тус Баянбулаг багийн Засаг даргаар сонгогдсон. Улмаар Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаартай “Багийн Засаг даргыг батламжлуулахаар уламжлах тухай” тогтоолоор намайг Баянбулаг багийн Засаг даргаар томилуулахаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад тогтоолыг хүргүүлсэн. Би тухайн өдрийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдийн олонхийн буюу 55.2 хувийн санал авч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Засаг даргаар сонгогдсон. Гэтэл Баян-Өндөр сумын Засаг дарга С.Г нь намайг Баянбулаг багийн Засаг даргаар томилохгүй явсаар өнөөдрийг хүрээд байна. Би намайг Баянбулаг багийн Засаг даргаар томилох талаар Засаг даргад удаа дараа хандсан боловч томилно гэдэг ч томилсон захирамж гаргахгүй байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.3 дахь хэсэгт “...”, 26.4 дэх хэсэгт “...” гэж тус тус заасан. Баян-Өндөр сумын Засаг дарга дээрх заалтыг зөрчиж, Баянбулаг багийн Засаг даргаар сонгогдсон намайг томилохгүй байна. Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Засаг даргаар Т.Д-ыг томилохыг даалгаж өгнө үү”
“Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлаас 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 08 дугаартай тогтоолоор намайг Баянбулаг багийн Засаг даргаар томилуулахаар Баян-Өндөр сумын Засаг даргад уламжилсан. Гэтэл Баянбулаг багийн Засаг даргаар намайг томилолгүй үлдээсэн бөгөөд бусад багийн Засаг дарга нарыг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр томилж, батламжилсан. Миний бие нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын намайг Баянбулаг багийн Засаг даргаар томилолгүй үлдээж, хууль зөрчсөн эс үйлдэхүйн улмаас өнөөдрийг хүртэл Засаг даргын ажлаа хүлээж аваагүй ба цалин мөнгө аваагүй явж байгаа билээ. Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр явагдаж, Т.Д-ыг Баянбулаг багийн Засаг даргаар томилуулахаар албан ёсны тогтоолыг Баян-Өндөр сумын Засаг даргад хүргүүлсэн. Баян-Өндөр сумын Засаг дарга тогтоолыг хүлээж аваад томилсон, эсвэл томилохоос татгалзсан гэх хариуг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4-т зааснаар гаргах үүрэгтэй. Засаг дарга энэ хоёр үүргээ хоёуланг нь биелүүлээгүй эс үйлдэхүй байгаа. Захиргааны байгууллагын хувьд эс үйлдэхүй нь өөрөө захиргааны акт болдог. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд тухайн эс үйлдэхүйг гаргаснаар Т.Д-ын эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа. Иргэдийн Нийтийн Хурлаар багийн Засаг даргыг сонгож томилдог. Ингэж сонгодог албан тушаалтны оронд орлон гүйцэтгэгч гэж хүн томилж байгаа нь өөрөө хууль бус. Энэ нь ямар нэгэн компани, аж ахуйн нэгж байгууллага биш улс төрийн албан тушаал. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй.” гэж заасан байгаа. Тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй” гэж заасан байгаа. Тэгэхээр иргэдийн Нийтийн Хурлаас тогтоол хүлээж авснаас хойш Баян-Өндөр сумын Засаг дарга С.Г нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4-т зааснаар шийдвэр гаргах үүрэгтэй байсан. Гэтэл энэ шийдвэр албан ёсоор гарсан зүйл байхгүй. Надад өгсөн мэдээллээр Т.Д нь Баян-Өндөр сумын Засаг даргатай очиж уулзахаар Ж.А-ийн нэхэмжлэлтэй хэрэг шүүхэд хэлэлцэгдэж байгаа. Тухайн хэрэг маргааныг хэлэлцэж дууссаны дараа томилох эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хариу хүргүүлдэг. Ж.А-ийн нэхэмжлэлтэй хэрэг бол Баянбулаг багийн Засаг дарга, Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох хэрэг, энэ хэрэгт огт хамааралгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Т.Д-ыг томилохыг түр түдгэлзүүлнэ үү гэсэн бичиг нь үндэслэл муутай. Энэ бичгийг үндэслээд Баян-Өндөр сумын Засаг дарга хууль журам зөрчих эрх байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага дээр нэмээд Т.Д-ын ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Т.Д ажилдаа очоогүй нь цалинг олгохгүй байх үндэслэл биш. Т.Д-ыг Баянбулаг багийн Засаг даргаар ажиллах боломж нөхцөлийг нь хангаагүй. Баян-Өндөр сумын Засаг дарга С.Г нь энэ хариуцлагыг хүлээх ёстой. Тиймээс Баян-Өндөр сумын санхүүгээс Т.Д-ын цалин мөнгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, хариуцагчийн гаргаж байгаа хариу тайлбар үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Багийн Засаг дарга сард 700 000 төгрөгийн цалин авдаг учраас 5 сард үржүүлээд 3500000 төгрөгийн цалин гаргуулах шаардлага гаргаж байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа” гэв.
Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өндөр сумын 21 багийн иргэдийн Нийтийн Хурал зохион байгуулагдаж багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн Засаг даргыг сонгох сонгуулийн үйл ажиллагаа явагдсан. Баян-Өндөр сумын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүлээн аваад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасны дагуу томилохоос татгалзсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасны дагуу тухайн шатны хурал 15 хоногийн дотор 26 дугаар зүйлийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлж тогтоол ирүүлээгүй байна. Иймд иргэн Т.Д-ын нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй болно”
“2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурал зохион байгуулагдсан бөгөөд тус хурлаас иргэн Т.Д иргэдийн олонхийн саналыг авсан. 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр сумын Засаг даргын захирамжаар Т.Д-ыг Баянбулаг багийн Засаг даргаар томилох төсөл гарын үсэг зурах шатандаа байхад түүнтэй өрсөлдсөн Ж.А нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд бичгээр гомдол гаргасан тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас манай байгууллагад албан бичиг ирүүлж, иргэн Т.Дыг томилох асуудлыг түдгэлзүүлэхийг хүссэн. Уг албан бичгийн дагуу Т.Д, Ж.А нарын асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар Т.Д-ыг Баянбулаг багийн Засаг даргаар томилохоос түр түдгэлзүүлсэн. Сумын Засаг даргын захирамж гарч, батламж гардаж аваагүй байгаа тул Т.Д-ыг Баянбулаг багийн Засаг даргаар томилогдсон гэж үзэх үндэсгүй бөгөөд нэгэнт томилогдоогүй хүн цалин авах эрх нь үүсээгүй болно. Иймд иргэн Т.Д-ын гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлаар багийн Засаг даргыг сонгосон үйл ажиллагаатай холбоотой Ж.А-ийн нэхэмжлэлтэй хэрэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд шийдэгдэх гээд явж байгаа. Тухайн Баянбулаг багийн Засаг даргыг томилох асуудал шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байгаа учраас сумын Засаг даргаас ямар нэгэн үйлдэл хийж хэн нэгнийг үүрэг гүйцэтгүүлэгч болон бусад байдлаар томилох асуудлыг түр түдгэлзүүлсэн байгаа. Ямар үндэслэлээр түдгэлзүүлсэн гэхээр 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө 08 цаг 20 минутад нийт 21 багийн Засаг дарга сонгох, томилох хурлын тогтоолуудыг үндэслээд 21 багийн Засаг даргыг томилох захирамж визийн байдалтай зурагдаж явж байсан. Гэтэл Ж.А Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд иргэн хүний хувьд гомдол гаргасан байсан. Ингээд Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Баянбулаг багийн Засаг дарга томилогдох ажиллагааг түр түдгэлзүүлнэ үү. Энэ хоёр иргэний хоорондох маргааныг шийдвэрлэж дуустал Т.Д-ыг томилох захирамжийг түр түдгэлзүүлнэ үү? гэсэн албан бичиг ирүүлсэн. Үүний дагуу манайх Т.Д-ыг Баянбулаг багийн Засаг даргаар томилохоос түр түдгэлзүүлсэн байхад Ж.А нь Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхийн шийдвэр гарч 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ж.А нь давж заалдах гомдол гаргасан байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан учраас Т.Д, Ж.А нарын аль алиныг нь томилох боломжгүй байгаа. Тиймээс төрийн ажлыг гацаахгүй, өдөр тутмын ажлыг явуулахын тулд Баян-Өндөр сумын Засаг даргын зүгээс ямар арга хэмжээ авсан гэхээр Баянбулаг багийн зохион байгуулагч нь төрийн жинхэнэ албан хаагч байдаг. Багийн зохион байгуулагчид багийн Засаг даргын үүргийг хавсран гүйцэтгэгч гэсэн захирамж гарган 40 хувийн цалинг нь олгож төрийн ажлыг ямар нэгэн саадгүй явуулж байгаа. Т.Д-ын нэмэгдүүлсэн шаардлагын хувьд Т.Д нь Баян-Өндөр сумын Засаг даргын батламж дээр гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулаад тухайн хүний ажил үүрэг гүйцэтгэх эрх нь үүсдэг. Тэгээд манай Баян-Өндөр сумын Тамгын газрын байрны нэг давхарт байрлах жижүүрт ажлынхаа цагийг бүртгүүлж байдаг. Энэ нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.6-д “Багуудын ажлын албаныхан ажлын байрны утаснаас ажлын цагаа зөвхөн өөрийн биеэр бүртгүүлнэ. Өөрийн биеэр бүртгүүлээгүй тохиолдолд ажил тасалсанд тооцно” гэж заасан байгаа. Мөн хөдөлмөрийн дотоод журмын 10.8-д “Ажлын цагийн бүртгэл нь тухайн ажилтны цалин хөлс олгох үндсэн баримт болно” гэсэн заалт байдаг. Тиймээс Т.Д нь ямар нэгэн ажлын байранд очиж ажил үүргээ биелүүлээгүй. Баянбулаг багт ажилласан гэх цагийн бүртгэл байхгүй. Тэр хүнийг томилсон хууль эрх зүйн акт байхгүй. Тиймээс Т.Д-ыг Баянбулаг багийн Засаг дарга гэж үзэх боломжгүй. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд сумын Засаг даргын зүгээс тухайн багийн Засаг даргыг томилж эрх зүйн баримт бичиг гаргана. Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Т.Д-ыг Баянбулаг багийн Засаг даргаар томилохыг түр түдгэлзүүлж өгнө үү гэсэн албан бичиг ирснээс татгалз, буцаа гэсэн зүйл биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Т.Д-ыг багийн Засаг даргаар томилох болон томилохоос татгалзсан ямар нэгэн шийдвэр гараагүй, түр түдгэлзүүлсэн байгаа. Аливаа нэгэн иргэн цалин хөлс авахын тулд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйл, 24 дүгээр зүйлдүүдэд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ болон түүнтэй адилтгах гэрээ байгуулсны үндсэн дээр цалин хөлс авах эрх нь үүсдэг. Т.Д-ын хувьд ямар нэгэн гэрээ байгуулаагүй, захирамж шийдвэр гараагүй, батламж байгуулаагүй учраас цалин хөлс тооцуулах эрх нь үүсээгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Д нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Засаг даргаар Т.Д-ыг томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус багийн Засаг даргад Т.Д-ын нэрийг дэвшүүлж, түүнийг тус багийн Засаг даргаар томилуулахаар Баян-Өндөр сумын Засаг даргад санал хүргүүлжээ.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргаас Т.Д-ыг Баянбулаг багийн Засаг даргаар томилсон болон томилохоос татгалзсан ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4-т зааснаар багийн Засаг даргад санал болгосон нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилох эсхүл томилохоос татгалзах асуудлыг дээд шатны Засаг дарга болох Баян-Өндөр сумын Засаг дарга нь эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэхээр байна.
Хариуцагч талаас “Т.Д, Ж.А нарын асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн” гэж тайлбарлаж байгаа бөгөөд Т.Д-ыг Баянбулаг багийн Засаг даргаар томилох эсхүл томилохоос татгалзах талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа нь эс үйлдэхүй байна гэж үзэхээр байгаа боловч энэхүү эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Баян-Өндөр сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа “Т.Д-ыг багийн Засаг даргаар томилохоос татгалзсан”, “ Т.Д-ыг багийн Засаг даргаар томилох асуудлыг түдгэлзүүлсэн” гэж хоёр өөр тайлбар ирүүлсэн боловч Т.Д-ыг Баянбулаг багийн Засаг даргаар томилохоос татгалзсан талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй, Баянбулаг багийн Засаг даргад дахин нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх талаар тус багийн иргэдийн Нийтийн Хуралд мэдэгдсэн зүйл байхгүй байна.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараас дүгнэхэд Т.Д-ыг багийн Засаг даргаар томилох болон томилохоос татгалзах талаар ямар нэгэн шийдвэр гараагүй, энэ асуудлыг шийдвэрлэхийг түр түдгэлзүүлсэн гэж тайлбарлаж байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4-т зааснаар Баян-Өндөр сумын Засаг дарга нь Баянбулаг багийн Засаг даргад нэр дэвшигчийг томилох, томилохоос татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргах талаар сонгох заалт байгаа учраас шүүхээс Т.Д-ыг Баянбулаг багийн Засаг даргаар томилох шийдвэр гаргахыг шууд даалгах нь захиргааны байгууллагын хуульд заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлэх, сонгох боломжийг хязгаарласан шийдвэр болно.
Иймд Т.Д-ыг Баянбулаг багийн Засаг даргаар томилохыг Баян-Өндөр сумын Засаг даргад даалгах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Т.Д-ыг Баянбулаг багийн Засаг даргаар томилохыг даалгахыг хүссэн учраас шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрч Т.Д-ыг Баянбулаг багийн Засаг даргаар томилох эсхүл томилохоос татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргахыг даалгаж шийдвэрлэх боломжгүй болно.
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 /Төрийн албан хаагчид төрийн албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно/-т зааснаар Т.Д нь төрийн албанд томилогдоогүй, багийн Засаг даргын албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлээгүй учраас цалин хөлс авах эрх үүсээгүй байна.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Т.Д нь төрийн албанд ажиллаж байгаад ажлаас үндэслэлгүйгээр халагдаж, цалин хөлс авах эрх нь зөрчигдсөн гэх үндэслэл байхгүй учраас түүнд ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дахь заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Т.Д-ын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Засаг даргаар Т.Д-ыг томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан Т.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.УУГАНЦЭЦЭГ