Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2020/0637

 

Л.А-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Г, нэхэмжлэгч Л.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Б.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 620 дугаар шийдвэртэй, Л.А-ын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 620 дугаар шийдвэрээр:

1. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь хэсэгт /2017/ заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.А-аас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/592 тоот тушаалыг хүчингүй болгож Орхон аймгийн Цагдаагийн газарт Аж ахуйн ажилтнаар эгүүлэн тогтоож, цагдаагийн ахлах дэслэгч цолыг буцаан олгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.А тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...2017 оны 08 сарын 17-ны өдөр Орхон аймгийн Цагдаагийн газрын ахмад настангууд, цагдаагийн ажилтнуудын ажлын байрыг /кобан/ галлах мод, түлээг Булган аймгийн Бугат сумаас бэлтгэх ажлын хэсгийг ахалж явах үүрэг даалгавар үүргийн дагуу 2017 оны 08 дугаар сарны 15-ны өдөр мод бэлтгэхээр цагдаагийн 4 ажилтан болон бусад бэлтгэх хүмүүсийн хамт Бугат суманд очиж мод бэлтгэсэн. Энэхүү мод бэлтгэж байхдаа Орхон аймгийн Цагдаагийн газар нь мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй гэдгээр буруутгагдаж, ахалж явснаар намайг буруутай гэж үзсэн ба хариуцагчаар Орхон аймгийн Цагдаагийн байгууллага татагдан хохирлыг барагдуулж, энэхүү хэргийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 278 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд гэм буруутай гэж ял оногдуулахгүйгээр 6 сарын тэнсэн харгалзаж хэргийг шийдвэрлэсэн ба уг хугацаа дуусч ял шийтгэлгүй болсон.

2019 оны 06 дугаар сарын 07-оос 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нэг жил гаруй хугацаа өнгөрсөн. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь заалтыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр дараах байдлыг анхаарч үзээгүй.

1. Гэм буруутай гэж үзсэн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр гэж үзэх хугацааг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаанд хамаарахгүй гэж буруу дүгнэлт хийсэн. Харин Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтад Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүйг анхаарч шийдвэрлээгүй. Гэм буруутай гэж тооцсон нь сахилгын шийтгэл биш бөгөөд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаанд хамаарах ойлголт биш. Гэм буруутай гэж тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэж, уг хариуцлага хүлээж дуусгавар болсон байхад түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж эрх зүйн байдлыг дордуулан шийдвэр гаргасныг шүүх анхаарч үзээгүй.

2. Л.А-ын гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш хэдий хугацаанд үйлчлэх, уг үйлчлэх хугацаа дуусгавар болсон эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй ба эрүүгийн хариуцлага хүлээж шийтгэл тогтоол дуусгавар болсонд дүгнэлт хийгээгүй.Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 болон Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь заалт нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол гэж заасан байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь заалтад гэмт хэрэг үйлдсэн өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацааг тоолно гэж зааснаар Улсын дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 287 дугаар тогтоол гарах хүртэл гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдсон байна. Өөрөө хэлбэр гэмт хэрэг үйлдсэн гэх хугацаа тоологдон эрүүгийн хариуцлага хүлээж, дуусгавар болсон байна. Энэхүү хариуцлага хүлээж дуусгавар болсон нь насан туршид гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай ахлах шийдвэр 2020 оны 02 дугаар 28-ны өдрийн 20/89 тоот тогтоолоор нотлогдсон. Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох үед ажлаас халаагүй атал уг шийтгэх тогтоолыг биелүүлж дуусгавар болсны дараа эрх зүйн байдлыг дордуулж ажлаас халсан нь үндэслэлгүй.

3. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл, 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлийг хариуцагч зөрчсөн бөгөөд Л.А-аас тайлбар болон сонсох ажиллагаа огт хийгээгүй тушаал гарсан нь нотлогдож байгааг анхан шатны шүүх дүгнэсэн атлаа сонсох ажиллагаа хийсэн ч түүний эрх зүйн байдал үр дагавар өөрчлөгдөхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй хууль зөрчсөн дүгнэлтийг хийсэн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн.

4. Төрийн албаны тухай хуулийн 47 зүйлийн 47.1.2 дахь заалтыг анхан шатны шүүх тайлбарлахдаа ...үндэслэл илэрсэн тохиолдолд түүнийг мэдсэн үеэс хэдийд албан тушаалаас халах зохицуулалт байна гэж хуульд заагаагүй үндэслэлээр дүгнэлт хийсэн. Цагдаагийн байгууллага тус хэрэгт өөрөө иргэний хариуцагчаар татагдсан байсан 2019 оны 06 дугаар сарны 07 ны өдрөөс уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон цаг хугацааг мэдэж хохирлыг бүрэн барагдуулж дуусгавар болгосон. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 0620 тоот шийдвэрийг хүчингүй болгож, Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/592 тоот тушаалыг хүчингүй болгож Орхон аймгийн Цагдаагийн газарт Аж ахуйн ажилтнаар эгүүлэн тогтоож, цагдаагийн ахлах дэслэгч цолыг буцаан олгох нэхэмжлэлийн шаардлага, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үүгэжээ.

 

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч Л.А-аас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Цагдаагийн Ерөнхий газрын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/592 тоот тушаалыг хүчингүй болгож, Орхон аймгийн Цагдаагийн газарт Аж ахуйн ажилтнаар эгүүлэн тогтоож, цагдаагийн ахлах дэслэгч цолыг буцаан олгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

          Маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/592 тоот тушаалаар Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасныг үндэслэн Орхон аймаг дахь цагдаагийн газрын аж ахуйн ажилтан, цагдаагийн ахлах дэслэгч Л.А-ыг “шүүхийн шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэж цагдаагийн албанаас халж, цагдаагийн ахлах дэслэгч цолыг нь хураасан байна.

          Маргаан бүхий акт гарах үед үйлчилж байсан Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Цагдаагийн байгууллага, ... нь хуулийг чанд сахиж, ... хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй.”, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т “Цагдаагийн алба хаагчийг дараахь тохиолдолд цагдаагийн албанаас хална: гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон”, Эрүүгийн хуулийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заажээ.

          Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч Л.А-ыг “хуурамч баримт бичиг ашиглаж, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн”, уг тогтоолыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 278 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн, энэхүү шүүхийн шийтгэх тогтоол нь маргаан бүхий “Цагдаагийн Ерөнхий газрын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/592 тоот тушаал” гарахаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаас[1] тогтоогдож байна.

          Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн.”, 66 дугаар зүйлийн 66.2-т “Цагдаагийн албан тушаалд анх томилохдоо гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй,... болон бусад тусгайлсан шалгуур үзүүлэлтийг хангасан 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэнийг хүсэлтийг нь үндэслэн шалгуур хангасан байдлаар нь эрэмбэлэн шалгаруулж томилно.” гэжээ.

          Түүнчлэн Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т цагдаагийн алба хаагчийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд цагдаагийн албанаас халах” агуулгыг тодорхой зохицуулсан, ийм нөхцөл байдал бий болсон тохиолдолд цагдаагийн алба хаагчийг албан тушаалаас нь халах үүргийг цагдаагийн байгууллага, тэр дундаа цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хариуцагчид хуулиар хүлээлгэсэн гэж үзнэ.

           Хуулийн дээрхи зохицуулалтаас үзэхэд, цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах төрийн тусгай албыг хэрэгжүүлэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй иргэнийг цагдаагийн алба хаагчаар томилох, ажиллуулах шалгуур үзүүлэлтийг зааж, хэрэв цагдаагийн албан хаагчаар ажиллаж байх үедээ гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдсэн тохиолдолд цагдаагийн албанаас халах нөхцөл, шаардлагыг хуулиар тусгайлан зохицуулсан байна.

          Харин нэхэмжлэгчийн гомдолдоо дурдсан “гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоол биелэгдэж, эрүүгийн хариуцлагыг хүлээж дууссан” гэх үндэслэлээр цагдаагийн алба хаагчийг цагдаагийн албанаас халахгүй байх, энэ тохиолдолд “Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасан цагдаагийн албанаас халах хуулийн зохицуулалт хэрэглэгдэхгүй” гэсэн агуулгыг илэрхийлээгүй, энэ агуулгаар хуульд ямар нэгэн зохицуулалт байхгүй.

          Мөн нэхэмжлэгчийн гомдолдоо дурдсан “Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4-т “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэсэн зохицуулалт нь “хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд” хэрэглэгдэх бөгөөд маргааны тохиолдлын хувьд хуулиар буюу Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нөхцөлд цагдаагийн албанаас халахгүй байх тусгай нөхцөлийг заагаагүй, харин “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” нөхцөлд цагдаагийн албанаас халах тохиолдлыг зохицуулсан.

          Иймээс хариуцагчаас нэхэмжлэгч Л.А-ыг “хуурамч баримт бичиг ашиглаж, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон” гэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсны дараа дээр дурдсан хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу цагдаагийн албанаас халсан үйлдлийг хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн цагдаагийн албанд ажиллах, ажлаас халагдахгүй байх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дордуулсан, зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

          Үүний учир нэхэмжлэгчийн “гэм буруутай гэж тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэж, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдон уг эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байхад түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж эрх зүйн байдлыг дордуулан шийдвэр гаргасан, энэхүү эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь насан туршид гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

          Захиргааны ерөнхий 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 25 дугаар зүйлийн 25.1.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна: .ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах” гэжээ.

          Уг хуульд заасны дагуу хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахын өмнө нотлох баримт цуглуулах ажиллагааг хийсэн гэдэг нь Цагдаагийн ерөнхий газраас Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн “Ажлын чиглэл хүсэх тухай” 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 3/92 дугаар албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн даргаас тус газрын Хүний нөөцийн хэлтсийн даргад хүргүүлсэн “Цагдаагийн албаны тухай хуулийн 82.1.2-т заасны дагуу...5 алба хаагчийн холбогдох материалууд болон танилцуулгыг хүргүүлэв. Хүлээн авч танилцан, Төрийн албаны зөвлөлийн зөвлөмж, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаас өгсөн чиглэлийн дагуу хянаж, хуулийн хүрээнд шийдвэрлэж хариу ирүүлнэ үү.” гэсэн агуулга бүхий 2020 оны 04 дүгээр сарын 27-ны 3б/2933 албан бичиг[2] зэргээр тогтоогдож байна.

          Харин Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу маргаан бүхий акт гарахаас өмнө нэхэмжлэгчид уг акттай холбоотой ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгосон гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдсонгүй.

          Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн “хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийг зөрчсөн...” гэх гомдол үндэслэлгүй, харин “Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу түүнд маргаан бүхий акттай холбоотой ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.

          Гэсэн хэдий ч маргаан бүхий актыг гаргахын өмнө актын үндэслэл болсон бодит нөхцөл байдал, уг нөхцөл байдалд хэрэглэх хууль зүйн үндэслэлийн талаар ач холбогдол бүхий ажиллагааг хийж холбогдох байгууллагаас зөвлөмж, чиглэл авсан,  мөн маргаан бүхий актын  үндэслэл болсон “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэх нөхцөл байдал болон нэхэмжлэгчид уг тогтоолыг гарснаас хойш мэдэгдэж, сонсох ажиллагааг хийсэн зэрэг нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байхад “маргаан бүхий актыг гарахаас өмнө нэхэмжлэгчид мэдэгдээгүй” гэх нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр маргаан бүхий актыг шүүхээс хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрт “ ...хууль хэрэглээний хувьд тухайн харилцаанд нарийвчилсан зохицуулалт бүхий хуулийг түрүүлж хэрэглэх зарчмын хувьд маргаан бүхий актад Цагдаагийн албаны тухай хуулийг баримталсан нь үндэслэлтэй байх тул Төрийн албаны тухай хууль баримтлаагүй гэх гомдлоор маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй” гэсэн дүгнэлтийг хийсэн атлаа шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт Төрийн албаны тухай хуулийг баримтлан шийдвэр гаргаж, анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тул хууль хэрэглээний хувьд зөвтгөсөн өөрчлөлтийг оруулав.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 620 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь хэсэгт /2017/ заасныг тус тус баримтлан” гэснийг “Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасныг баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ШҮҮГЧ                                                          Д.БАТБААТАР

                        ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ

                        ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 6-9, 12-15,

[2] Хэргийн 1-р хавтас 79 дэх тал