Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/00017

 

Ц.Л-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/02185 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1945 дугаар магадлалтай,

Ц.Л-гийн нэхэмжлэлтэй,

“Л” ХХК болон Б.Б, Н.Бнарт холбогдох,

78.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

13.200.000 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай “Л” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “Л” ХХК-ийн өмгөөлөгч Б.Энхзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Л- түүний өмгөөлөгч А.Зоригтбаатар, хариуцагч Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарантуул, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Л- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: би “Л” ХХК-нд нягтлан бодогчоор 2008 оны 04 сарыг 03-ны өдрөөс ажиллах болсон. Тус компани 18 охин компанитай. Хөдөө ажилласан хүмүүсийн цагийн бүртгэл, хээрийн нэмэгдэл, хоол хүнсний зарцуулалт, бензин тосны зардал гэх мэт бүх тооцоог инженер Н.Баярсайханы хяналт дор ажилчдын цалин мөнгийг бодож өгдөг байсан. Манай компани 2012 онд ажиллагсдын 9, 10, 11, 12 дугаар сарын цалин, нийгмийн даатгал, ээлжийн амралтын мөнгө олгогдоогүй маш хүнд байсан,  ажилчид цалин мөнгөө нэхдэг, зарим нарийн мэргэжлийн хүн ажлаасаа гарах болсон. Захирал Б.Б, инженер Н.Бнар биднийг мөнгө олоод цалин тавь гэсэн. Ингээд ажилчдын цалин тавихын тулд 2012.12.26-нд өөрийн хоёр өрөө байраа барьцаалан Нацагаас  30.000.000 төгрөгийг  5%-ийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай аваад ажил дээрээ Н.Баярсайханы өрөөнд орж хугацаанд нь төлнө шүү гэхэд тэгэлгүй яахав гэсэн. Ажилчдын цалинд нийт 23.645.100 төгрөг зарцуулсан. Мөн компанийн ажилчдын нийгмийн даатгалын 2010 оны төлөгдөөгүй байсан 3.000.000 төгрөг төлсөн. Н.Б2012 оны 9 дүгээр сарын 21-нд хөдөө явахаар боллоо мөнгө байхгүй гээд намайг мөнгө ол, ажилчид хоол хүнс байхгүй, бензин тос гээд мөнгө хэрэгтэй байна гэхэд нь би ээмэг бөгжөө барьцаанд тавиад 2.750.000 төгрөгийг нэг сарын хугацаатай 4%-ийн хүүтэй авч өгсөн. Компанид мөнгө орж ирэхгүй байсан учир 3 удаа сунгуулж байж 2012.12.26-нд дээрх 30.000.000 төгрөгөөсөө 3.100.000 төгрөгийг өгч өрөө төлсөн. Нацагтай байгуулсан гэрээний хугацаа 2013 оны 6 дугаар сарын 26-нд дууссан. Энэ хугацаанд 2013 оны 5 дугаар сард “Л” компанийн дансанд 10.000.000 төгрөг орж ирсэн бөгөөд Н.БНацагийн өрөнд өг гэсэн тул өрөндөө тооцож өгсөн. Энэ үед хүү ч төлөөгүй байсан болохоор алданги тооцож 4.500.000 төгрөг хүүнд 7.500.000 төгрөг төлөх тооцоо гарч байсан. Ингээд үндсэн зээл 30.000.000 төгрөг, 1 сарын хүү 1.500.000 төгрөг төлөхөөр байсан боловч төлөөгүй. Би 42.000.000 төгрөгийг Нацагт төлөхгүй бол байраа алдчих гээд, мөн мөнгө орж ирэхгүй байсан юм. Ингээд байраа чөлөөлүүлэхийн тулд Ичинхорлоогоор 2 өрөө байраа чөлөөлүүлээд ээж Бархасын нэг өрөө байрыг Ичинхорлоод барьцаанд тавьж 2014 оны 3 дугаар сарын 14-нд 40.000.000 төгрөгийг 9 сарын хугацаатай, сарын 5 %-ийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 % -ийн алданги төлөхөөр зээлийн гэрээ байгуулж, уг мөнгийг Нацагт өгч өрөө төлсөн. Ичинхорлоотой хийсэн гэрээний нөхцлөөр Б.Б, Н.Бнартай зээлийн гэрээ байгуулсан, тэд гарын үсгүүдээ зурж тамгаа дарсан. Намайг гэртээ ажилгүй сууж байх үед инженер Н.Бкомпаний санхүүгийн тайлан гаргаж өгөөч гээд байхаар нь 2013 оны бүтэн жилийн тайлан, 2014 оны 2 дугаар улирлын тайлангуудыг гаргаж өгч байсан. “Л” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2014.12.14-нд дууссан бөгөөд үндсэн зээл 40.000.000 төгрөг 9 сарын хүү 18.000.000 төгрөг, Ариг банкнаас мөнгө зээлэх хүртэл буюу 2014.9.25 хүртэл 163 хоног 0.5%-ийн алданги 16.300.000 төгрөг нийт 74.300.000 төгрөг болсон. Би “Л” ХХК-иас мөнгөө аваад Ичинхорлоод төлчихнө гэсэн итгэлтэй байсан. Ариг банктай 2014.09.25-нд Нацагт барьцаалж байсан өөрийнхөө 2 өрөө байраа тус банкинд барьцаалж 30.000.000 төгрөгийг 4 %-н хүүтэй, 2 жилийн хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээ байгуулж аваад Ичинхорлоод 30.000.000 төгрөг төлөөд 44.300,000 төгрөг үлдсэн, тухайн үед 2 өрөө байр барьцаалахад 30 саяас илүү мөнгө өгөхгүй байсан юм. “Л” ХХК, Б.Б, Н.Бнар надад мөнгөө төлөхгүй байсан тул Ариг банкинд барьцаалсан байраа зарж орон байргүй болж гудамжинд гарсан. Миний орон сууц тухайн үеийн зах зээлийн ханшаар 110.000.000 төгрөгийн үнэтэй байраа 84.000.000 төгрөгт худалдаж өрөө дарсан. Тухайлбал, Ичинхорлоод 44.300.000 төгрөг, Ариг банкинд 39.288.000 төгрөг төлж өөрт 412.000 төгрөг үлдсэн. Иймд Ичинхорлоод 44.300.000 төгрөг, Ариг банкинд 39.288.000 төгрөг бүгд 83.588.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Л- нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж:  Б.Б, Н.Бнар нь 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний нөхцөл, үүсээд буй нөхцөл байдлыг сайтар мэдэж, гэрээ байгуулсан ба бидний хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд уг үүссэн үүргийг хүлээн зөвшөөрч дээрх зээлийн гэрээг байгуулсан. Гэвч Б.Б, Н.Бболон Л ХХК-ийн зүгээс зээлийн төлбөрийг огт төлөөгүй  тул зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл 40.000.000 төгрөг, зээлийн хүү 18.000.000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 20.000.000 төгрөг, нийт 78.000.000 төгрөгийг Б.Б, Н.Бнараас гаргуулж өгнө үү. Хариуцагч “Лэнд Межор” ХХК-аас татгалзаж байна гэжээ.

Хариуцагч “Л” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Л- нь 2008 оноос 2013 он хүртэл тус компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан ба захирлын 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 05/02-13 тоот тушаалаар түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Ц.Л-гийн нэхэмжлэлд дурдсан ажилчдын цалинд яг хэдэн төгрөг зарцуулсан нь тодорхойгүй, уг мөнгийг юунд зарцуулсан талаарх баримт байдаггүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Л-гийн нэхэмжлэлтэй “Л” ХХК-д холбогдох иргэний хэрэгт ямар ч холбогдолгүй бөгөөд тухайн үед тус компанийн захирлаар ажиллаж байгаагүй. Мөнгийг гардаж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэжээ.

Хариуцагч Н.Бшүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Л-гээс нэг ч төгрөг дансаар болон гар дээр аваагүй. Иймд хариуцагч Н.Бнэхэмжлэгч  Ц.Л-д тус зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү алдангид нийт 78.000.000 төгрөгөөс төлөх хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

Хариуцагч “Л” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ц.Л- нь ажлаас халагдах үедээ манай компанийн санхүүгийн холбогдолтой баримт бичгүүд болон тамга тэмдгийг авч явсан тул араас нь хөөцөлдөж байж тамга тэмдгээ олж авсан. Гэтэл Ц.Л- ажлаас халагдсанаасаа хойш буюу  2013 оны 4-р сарын 16-ны өдөр Голомт банк “Л” ХХК-ийн 1601411550 тоот данснаас 1.700.000 төгрөг, 2013 оны 07-р сарын 09-ны өдөр 4.000.000 төгрөг, 2013 оны 09-р сарын 30-ны өдөр 7.500.000 төгрөгийг тус тус дур мэдэн зарлагадсан баримт илэрсэн болно. Иймд Ц.Л-гээс 13.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Л” ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2014 оны гэрээнд гарын үсэг зурж байхдаа байгууллагын ажилчдын цалинд зарцуулахаар зээл авсан юм байх гэж бодож байсан боловч сүүлдээ энэ талаар бодитой баримт байхгүй нь түүний цагдаагийн байгууллагад гаргасан гомдлыг шалгасан мөрдөн байцаалтын явцад ч, өөрийнх нь гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч тодорхой харагдаж байна. Бид Ц.Л-гийн хэлсэнд итгэж анхнаасаа ноцтой төөрөгдөж уг гэрээнд гарын үсэг зурсан нь бүр тодорхой болж байгаа тул 2014 оны 03-р сарын 14-ний өдрийн иргэд хоорондын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Л- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдөр мөнгөө төлөөч гэж хэлэхэд захирал их уурлаж зайл гэж хашхираад компьютерын гар дэлгэц авч над руу шидсэн, би мөнгөө авч байж явна гэхэд мөнгийг чинь төлнө гэсэн. Захирал Б.Бийн бичиж өгсөн гарын үсэг тамгатай чекээр мөнгө авдаг авангуут өөрт нь авчирч өгдөг, би өөрийн дураар мөнгө авах ямарч боломжгүй. Хэдийгээр Голомт банкинд 2 дугаар гарын үсгийн баталгаа байдаг ч захирлын өөрийнх нь гарын үсэг тамга тэмдэггүй мөнгө авна гэх ойлголт байдаггүй. Болдмөр захирал цагдаад шалгагдаж байхдаа 13.200.000 төгрөг идэж ашигласан талаараа яагаад ярилгүй өнгөрсөн юм, ор үндэсгүй зүйл нэхэмжилсэнд харамсаж байна. 30.000.000 төгрөгийг ажилчдын цалин болон нийгмийн даатгал төлсөн баримт санхүүгийн тайланд байгаа. Нацагаас авсан зээлээ Ичинхорлоогоор чөлөөлүүлэхэд хүү нь нийлээд 40.000.000 төгрөг болчихсон байсан. Ичинхорлоотой гэрээ хийсэн өдрөө Болдмөр Н.Бнартай зээлийн гэрээ байгуулахад Болдмөр захирал ч гэсэн хувьдаа зээлээгүй гэдгээ илэрхийлж компанийн тамгаа дарсан байх. Өөрсдөө зөвшөөрөөд тухайн үйл явдлыг бүрэн мэдэж байсан учир гэрээгээ 2014 оны 3 дугаар сарын 14-нд бичсэн хэдийгээр тухайн үед би тэдэнд мөнгө өгөөгүй  ч 40.000.000 төгрөг төлнө гэдгээ баталгаажуулсан баримт гэж үзэж байна. “Л” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/02185 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бөөс 29.250.000 төгрөг, хариуцагч Н.Баярсайханаас 29.250.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Л-д олгож, нэхэмжлэлээс 19.500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Л-д холбогдуулан гаргасан 13.200.000 төгрөг гаргуулах, 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Иргэд хоорондын зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай “Л” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч Ц.Л-гийн хариуцагчаар “Л” ХХК-ийг татахаас татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ц.Л-гээс төлсөн 575.890 төгрөгийг, хариуцагч “Л” ХХК-иас төлсөн 581.900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Бөөс 304.200 төгрөг, хариуцагч Н.Баярсайханаас 304.200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Л-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1945 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/02185 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... нэхэмжлэлээс 19.500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “нэхэмжлэлээс 19.500.000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч “Л ХХК-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8”... гэснийг “Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1” гэж, 3 дахь заалтыг хүчингүй болгож,4 дэх заалтыг “3” болгон дугаарлаж “... хариуцагч Б.Бөөс 304.200 төгрөг, хариуцагч Н.Баярсайханаас 304.200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Л-д олгосугай” гэснийг “хариуцагч Б.Бөөс 225.225 төгрөг, хариуцагч Н.Баярсайханаас 225.225 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Л-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 223.950 төгрөг гаргуулж хариуцагч “Л” ХХК-д олгосугай” гэж, 5 дахь заалтыг “4” болгон дугаарлаж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч “Л” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581.900 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Лэнд мэжор” ХХК-ийн өмгөөлөгч Б.Энхзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2017 оны 08-р сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6-р сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/02185 дугаар шийдвэртэй хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 1945 дугаар магадлал гаргахдаа “ХЯНАВАЛ" гэсэн хэсэгт дурдсан зүйлийнхээ утгыг “ТОГТООХ НЬ:” хэсэгтээ орхигдуулснаараа уг магадлал нь хууль ёсны байх хуулийн заалтыг зөрчсөн энэхүү гомдлыг хяналтын журмаар гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх магадлалынхаа “ХЯНАВАЛ” хэсэгт "...Нэхэмжлэгч Ц.Л- нь ажлаас чөлөөлөгдсөний дараа буюу 2013 оны 4 сараас 9 сар хүртэл хугацаанд “Л” ХХК-ийн данснаас 13.200.000 төгрөг авсан болох нь дансны хуулгаар тогтоогдсон, уг мөнгөн хөрөнгийг тэрээр авснаа хүлээн зөвшөөрч, компанид буцаан төлсөн гэх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй байна./1-р хх-ийн 156-157 дугаар тал/ Иймд түүнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэж 13.200.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангах үндэслэлтэй байна. ’’ гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа ч Ц.Л-гээс 13.200.000 төгрөг гаргуулж “Л” ХХК-д олгохоор шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар боллоо гэдгээ тайлбарлаж байсан атлаа “ТОГТООХ НЬ:” хэсэгтээ анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан хэсэгтээ дээрх утгатай заалтаа орхигдуулсанд гомдолтой байна.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1945 дугаар магадлалын “ТОГТООХ НЬ:” хэсэгт Ц.Л-гээс 13.200.000 төгрөг гаргуулж “Л” ХХК компанид олгосон утгатай заалт нэмж оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Ц.Л- нь хариуцагч Б.Б, Н.Бнараас зээл 40.000.000 төгрөг, хүү 18.000.000 төгрөг, алданги 20.000.000 төгрөг нийт 78.000.000 төгрөг шаарджээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...мөнгө аваагүй” гэсэн тайлбар гаргажээ.

Н.Бнь “Л” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Б.Б нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байна /хэргийн 1 дүгээр хавтас 100-118 дугаар тал/.

Нэхэмжлэгч Ц.Л- нь “Л” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа М.Нацагаас 2012 оны 12 дугаар сарын 26-ний өдөр 30.000.000 төгрөгийг 6 сарын хугацаагаар сарын 5 хувийн хүүтэй зээлж, тус компанийн ажилчдын цалин болон бусад өр төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд уг зээлийг төлөхийн тулд 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр С.Ичинхорлоогоос 40.000.000 төгрөгийг 9 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон, хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Хариуцагч Б.Б, Н.Бнар нь нэхэмжлэгчтэй 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 40.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 9 сарын хугацаагаар зээлэх, гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт эргүүлж төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алданги төлөхөөр тохирчээ /хэргийн 41 дүгээр тал/.

Зээлийн гэрээнд зааснаар хариуцагч нь 40.000.000 төгрөг зээлэхээр тохирсон ч 30.000.000 төгрөгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан нь тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, зээл, хүү, алдангид нийт 58.500.000 төгрөг үүрэгтэй гэж дүгнэн улмаар хариуцагч тус бүрээс 29.250.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна.

Харин анхан шатны шүүх “Л” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, уг алдааг давж заалдах шатны шүүх залруулж зөвтгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцээгүй байна.

Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2-т заасан.

Нэхэмжлэгч нь анх хариуцагч “Л” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь “...13.200.000 төгрөг гаргуулах, Иргэд хоорондын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” сөрөг нэхэмжлэл гаргажээ. Гэвч  нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Л” ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан байхад шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хариуцагч гэх бөгөөд нэхэмжлэгч нь “Л ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан, энэ тохиолдолд  тэрээр сөрөг нэхэмжлэл гаргах боломжгүй тул сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т нийцнэ.

Дээрх үндэслэлээр шйидвэр, магадлалд өөрчлөлт оруулж, “Л” ХХК-ийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1945 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/02185 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Л-гээс 13.200.000 төгрөг гаргуулах, 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Иргэд хоорондын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай “Л” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 4 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 575.890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нараас тус бүр 304.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, “Л” ХХК-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581.900 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж олгосугай” гэж тус тус өөрчлөн, 3 дах заалтыг хасч, 4, 5 дах заалтыг 3, 4 гэж дугаарлан, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, “Л” ХХК-ийн өмгөөлөгч Б.Энхзаяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 223.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ