Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0016

 

“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, хариуцагч болон гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, гуравдагч этгээд “А” СӨХ-ны төлөөлөгч Ш.Н, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, Ө.Э, П.Н, өмгөөлөгч Ө.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 667 дугаар шийдвэртэй, “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 667 дугаар шийдвэрээр:

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 9 дүгээр зүйлийн 9.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “А” СӨХ-ны бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/484 дугаар “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 дугаар байрны хойд талд байрлах 2000 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар “И” ХХК-тай байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2016/09 дугаар хамтран ажиллах гэрээг тус тус илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гтус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тухайд: 1.1 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд огт дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэрэглэвэл зохих Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7 дахь заалтыг хэрэглээгүй, 47.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж гомдол гаргаж байна.

Учир нь нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас зарласан нээлттэй сонгон шалгаруулалтад орж шалгаран дээрх төслийг хэрэгжүүлэгчээр шалгарсан бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журмын дагуу Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/484 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар манай компанийн төсөл хэрэгжүүлэх Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 дугаар байрны хойд талд 2000 м.кв газрыг тохижилт бүхий авто зогсоолын зориулалтаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн. Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь манай компанитай дээрх журмын дагуу “Хамтран ажиллах гэрээ” байгуулан бид төслийн үйл ажиллагааг явуулж байсан болно. Гэтэл Нийслэлийн Засаг даргын зүгээс газар эзэмшигч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газартай Газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй, энэ талаар газар эзэмшигчийн зүгээс удаа дараа гэрээ байгуулах талаар хүсэлт гаргасан боловч үндэслэлгүйгээр хариу өгөөгүй, гэрээ байгуулаагүй байсан хэрнээ маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжаар огт байхгүй газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан боловч дээрх үндэслэлд шүүхээс огт дүгнэлт өгөлгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

2. Гуравдагч этгээд “А” СӨХ-ны бие даасан шаардлагыг бүхэлд нь хангасан тухайд: 2.1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт маргаан бүхий газрыг төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээний газарт хамаарахгүй, уг үндэслэлээр төсөвт байгууллагад газар эзэмшүүлсэн тохиолдолд дүүргийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэх ёстой байхад Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Учир нь дээрх маргаан бүхий газрыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журмын 1.5-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/484 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар манай компанийн төсөл хэрэгжүүлэх Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 дугаар байрны хойд талд 2000 м.кв газрыг тохижилт бүхий авто зогсоолын зориулалтаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж шийдвэрлэсэн бөгөөд энэ тохиолдолд Нийслэлийн Засаг даргыг дээрх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээгүй гэж үзэх боломжгүй, Нийслэлийн Засаг даргын захирамж нь Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журмын 1.5 тус тус нийцэж байна гэж үзэж байна.

2.2 Шүүхийн шийдвэрээр анх маргаан бүхий газрыг эзэмшүүлэхдээ Нийслэлийн газар барилгажилтийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэлгүйгээр гэж үзэж энэ нь газар эзэмшүүлэх захирамж болон Хамтран ажиллах гэрээг илт хууль бус болохыг тогтоох үндэслэл болно гэсэн ойлгомжгүй дүгнэлтийг хийжээ. Хавтаст хэрэгт авагдсан баримт болон хариуцагч Нийслэлийн Засаг даргын тайлбараар уг байршил нь дээрх дурдсан журмын дагуу Нийслэлийн газар барилгажилтын зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 08-н өдрийн хурлаар хэлэлцэгдэн, дэмжигдсэн болох нь тогтоогдож байхад дээрх нотлох баримтыг үнэлэхгүйгээр хэргийг шийдсэн хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй, хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна.

2.3 Анхан шатны шүүхээс гуравдагч этгээд “А” СӨХ-ны бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ гуравдагч этгээд “А” СӨХ нь бие даасан шаардлага гаргах эрх /нэхэмжлэл гаргах эрх/-тэй эсэх, маргаан бүхий акт болон гэрээний улмаас гуравдагч этгээд “А” СӨХ-ны ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар огт дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

Учир нь нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд зааснаар Сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй байгууллага бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хуулийн этгээдийн эрхгүй байгууллагаас гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэх зохицуулалт байхгүй, өөрөөр хэлбэл Сууц өмчлөгчдийн холбоо нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд бөгөөд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад нэхэмжлэлд тавигдах хуулийн шаардлага нэгэн адил хамаарна гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 667 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч “И” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг[1] гаргасан.

          Уг нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох”[2] гэж өөрчилжээ.

          Харин гуравдагч этгээд “А” Сууц өмчлөгчдийн холбооноос Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/484 дүгээр “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжлах хэсгийн 1 дэх заалтын тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 дугаар байрны хойд талд байрлах 2000 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон хэсэг, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар “И” ХХК-тай байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2016/09 дүгээр хамтран ажиллах гэрээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” гэсэн бие даасан шаардлагыг гаргажээ.

          1.Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “..., нийслэлийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 18 дугаар зүйлийн 18.1.3 “в”-д “... Хурал нь ... тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ: орон нутгийн өмчийн талаар: в/орон нутгийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу иргэн /Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн/, орон нутгийн бусад өмчийн хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах” гэжээ.

          Мөн Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.2-т “Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно: хот байгуулалт болон газар зохион байгуулалт хийх” гэж заажээ.

          Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 175 дугаар тогтоолын[3] 1.1, 1.2, 1.5, 1.6, 2.11, 3.11-д зааснаас дүгнэхэд уг тогтоол нь өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх, оршин суугчдын тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж, газар дээрх болон доорх авто зогсоолыг барих ажлыг төлөвлөж, уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газарт газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад хариуцуулж, газрын эрх нь авто зогсоолыг ашиглалтад оруулах хүртэл тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газарт хадгалагдах, газар эзэмших эрх авсны дагуу дүүргийн Засаг дарга, дүүргийн Засаг даргын Тамгын газраас авто зогсоол барих төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулан “Хамтран ажиллах гэрээ” байгуулах, гэрээ байгуулагдсаны дараа нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага нь дүүргийн Засаг даргын Тамгын газар болон төсөл хэрэгжүүлэгчид архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж өгөх зэргээр хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын талаар төлөвлөлтийн үйл ажиллагааг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид авч хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

          Уг тогтоол болон Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ... газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох”, 21.2.4-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ... ажлыг зохион байгуулах.”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ: 33.1.1... болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг ..., нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан.

          Эдгээр хуулийн заалтыг үндэслэн  Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/484 дүгээр захирамжаар[4] Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 дугаар байрны хойд талд байрлах 2000 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт тохижилт бүхий авто зогсоолын зориулалтаар газар эзэмших эрхийг олгож, уг захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар “И” ХХК-тай 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2016/09 дүгээр Хамтран ажиллах гэрээг[5] байгуулжээ.

          Дүгнэхэд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс нийслэлийн нутаг дэвсгэрт авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх, оршин суугчдын тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж, газар дээрх болон доорх авто зогсоолыг барих ажлыг төлөвлөх хэрэгжүүлэх зорилгоор төсөвт байгууллагад буюу дүүргийн Засаг даргын Тамгын газруудад нийтийн эдэлбэр газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн төлөвлөлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/484 дүгээр захирамж гарсан бөгөөд Нийслэлийн Засаг даргаас өөрт төлөвлөлт болон хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээний газрыг эзэмшүүлэх эрх олгосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д “Захиргааны байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана: захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн гэж заасны дагуу “илт хууль бус акт” гэж үзэх үндэслэлгүй байна.

          Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 175 дугаар тогтоолын 2.11-д “Дүүргийн Засаг дарга нь шалгарсан төсөл хэрэгжүүлэгчтэй “Хамтран ажиллах гэрээ” байгуулна.” гэж Баянзүрх дүүргийн Засаг даргад гэрээ байгуулах эрхийг олгосон, уг гэрээ нь гуравдагч этгээдийн маргаж буй үндэслэлээр хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байх тул уг гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д “Дараах тохиолдолд захиргааны гэрээ илт хууль бус байна: захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэж заасны дагуу “илт хууль бус гэрээ” гэж үзэх үндэслэлгүй.

          Иймд гуравдагч этгээдийн “Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт газар эзэмших эрх олгох үндэслэл болсон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 175 дугаар тогтоол нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж хуулийн хүчин төгөлдөр болоогүй тул уг тогтоолыг үндэслэл болгосон, өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/484 дүгээр захирамж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасан илт хууль бус акт,  өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдэлж газраа бусдад ашиглуулахаар Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар “И” ХХК-тай байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2016/09 дүгээр Хамтран ажиллах гэрээ байгуулсан, гэрээ байгуулах эрх олгогдоогүй” гэх үндэслэлээр маргаж байгаа бие даасан шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулав.

          2.Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална:4.1.2.газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4.1.4.-т “газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх”, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.”, 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ.”, 27.4.2-т “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна: саналыг бичгээр авах”, 48.2.1-д “Захиргааны ерөнхий хуулийн  48.2.1-д “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно: хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэж заасныг болон “Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь газраа хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаагаар дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

          Уг захирамжийг нэхэмжлэгч “И” ХХК-иас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус акт гэж маргажээ.

          Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.1.утга агуулгын илэрхий алдаатай; 47.1.6.иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй; 47.1.7.түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй.” гэж заажээ.

          Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн  34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн ..., нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.”, 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ. гэжээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна: захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”,  106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.2-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох, захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох” гэж, мөн зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж тус тус зохицуулжээ. 

           Нийслэлийн Засаг даргын А/862 дугаар захирамжийг “газар эзэмших гэрчилгээ олгуулах хүсэлтийг шийдвэрлэж гэрчилгээ олгоогүй атлаа гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн” гэх үндэслэлээр[6] Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасны дагуу “утга агуулгын илэрхий алдаа”- байх шинжийг агуулсан гэж үзэх, мөн хуулийн 47.1.7-д заасны дагуу энэ актыг “бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ үндэслэлээр уг актыг гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй илт хууль бус  гэж дүгнэх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу шүүхээс уг актыг “илт хууль бус болохыг тогтоох” үндэслэлгүй байна.

          Харин “газар эзэмших гэрчилгээ олгуулах хүсэлтийг шийдвэрлэж гэрчилгээ олгоогүй атлаа гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн” гэх нэхэмжлэлийн үндэслэл, түүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага нь дээр дурдсан Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 34 дүгээр зүйлийн  34.1, 34.8-д заасныг зөрчсөнтэй холбоотойгоор захиргааны актыг хууль бус гэж хүчингүй болгуулахаар маргаж байгаа захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын төрөлд хамаарч байна.

          Мөн нэхэмжлэгч талаас маргаж буй “хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 2 жилийн хугацаанд газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох үүргээ биелүүлээгүй байж хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэх хугацааг тоолох үндэслэлгүй, 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй, хамтран ажиллах гэрээ байгуулах, барилгын зураг төслийг батлуулах, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах, эскиз зураг, техникийн нөхцөл авах зэрэг хийгдсэн гэдэг нь баримтаар тогтоогдож байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон” гэх үндэслэлүүд[7] нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх шинжийг агуулаагүй, тодруулбал, Нийслэлийн Засаг даргад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх хуулиар олгогдоогүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд уг үндэслэлд хамааралгүй байна.

          Харин нэхэмжлэгчийн маргаж буй энэ үндэслэл нь Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 34 дүгээр зүйлийн  34.1, 34.8, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг хариуцагч захиргааны байгууллагаас зөрчсөн хууль бус акттай холбоотой, захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын төрөлд хамаарна.

          Ийм нэхэмжлэлийн төрлийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс “захиргааны акт, ...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” шүүхийн шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох, ийнхүү гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх дүгнэлт хийх нөхцөл, шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 болон мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д тодорхой зохицуулсан.

          Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “захиргааны актыг хууль бус үндэслэлээр хүчингүй болгуулах”-аар тодорхойлоогүй харин “илт хууль бус болохыг тогтоолгох”-оор тодорхойлсон атлаа захиргааны актыг хууль бус гэж хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэлээр маргаж байхад шүүхээс тус актыг “илт хууль бус” акт гэж дүгнэх үндэслэлгүй, түүнчлэн Нийслэлийн Засаг даргын А/862 дугаар захирамж илт хууль бус болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч  “И” ХХК-ийн “төсөл хэрэгжүүлэх” эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас зөрчсөн гэдэг нь тогтоогдсонгүй.

          Үүний учир нэхэмжлэгч “И” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан  “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

          Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой дүгнэлтийг бүрэн хийгээгүй нь буруу боловч энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

          Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаатай холбогдуулан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн холбогдох заалтад өөрчлөлт оруулав.

          Эдгээр үндэслэлээр, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 667 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7, 55 дугаар зүйлийн 55.1.1, 73 дугаар зүйлийн 73.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан  “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, 47.1.7-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд “А” Сууц өмчлөгчдийн холбооноос Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан  “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/484 дүгээр “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжлах хэсгийн 1 дэх заалтын тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 дугаар байрны хойд талд байрлах 2000 м.кв газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон хэсэг”, “Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар “И” ХХК-тай байгуулсан 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2016/09 дүгээр Хамтран ажиллах гэрээг” тус тус илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж гуравдагч этгээдэд олгосугай” гэснийг “хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ШҮҮГЧ                                                          Д.БАТБААТАР

                        ШҮҮГЧ                                                          Д.БААТАРХҮҮ

                        ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 30-31 дэх тал

[2] Хэргийн 2-р хавтас 207 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 216-219 дэх тал

[4] Хэргийн 1-р хавтас 64 дэх тал

[5] Хэргийн 1-р хавтас 50-54 дэх тал

[6] Хэргийн 3-р хавтас 33-34 дэх тал

[7] Хэргийн 3-р хавтас 34 дэх тал