| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0288/Э |
| Дугаар | 0304 |
| Огноо | 2019-10-15 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Г.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 0304
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Г.Т
Шүүгдэгч Э.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Т-д холбогдох эрүүгийн 1925003770284 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Э.Т
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Э.Т нь 2019 оны 05 сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн нутаг дэвсгэрт байрлах Толгодын 16-13 тоотын хүн байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч Арена брендийн 43 инчийн ЛСД зурагтыг хулгайлан А.Долгорсүрэнд 500.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 06 сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн толгодын 17-16 тоотын хүн байнга амьдрах монгол гэрт нэвтэрч Сундуйн жүд, говийн лха гэх 2 судар, бурхан багшийн шавран бурхан, мөнгөн гуутай ногоон Дарь-Эх бурхан, 108 ширхэгтэй зандан эрх зэрэг эд зүйл хулгайлан Д.Алтансүрэнд 140.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 07 сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 21-02 тоотын хүн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч цэргийн шар гутал, самсунг ноте-2 маркийн гар утас, Самсунг band LTE маркийн гар утас зэрэг эд зүйл хулгайлан Д.Билэгсайханд 191.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 07 сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянзамын 7-47 тоотын хүн байнга амьдрах монгол гэрийн цоожийг хөшиж онгойлгон нэвтэрч Алтангэрэл, Сундуй, Жадамба судрын хураангуй, Цагаан шүхэрт судар, Банзрагч жижиг судар, 108 ширхэгтэй эрх, цагаан өнгийн дун, жаазан зурмал бурхан зэрэг эд зүйл хулгайлан Х.Отгонбаатарт 135.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Э.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Эхлээд Долгорсүрэн гэдэг айлд очиж нөхөртэй нь уулзах гэтэл хүнгүй байсан. Тэгэхээр нь баруун хойд цонхыг нь хөшиж онгойлгож ороод зурагтыг нь авсан. Зурагтаа ломбарданд 250.000 төгрөгөөр тавьсан. Дараа нь Алтансүрэнгийнд гэрт орсон. Түлхүүр тааруулж орсон. Тэр айлаас 2 бурхан судар авсан. Эдгээр зүйлээ Төгөлийн хажууд 1 хүнд 120.000 төгрөгөөр зарсан. Дараа нь Билэгсайхан гэдэг айлын гал тогооны цонхоор нь орж гутал, 2 ширхэг гар утас авсан. Гутлаа бараан захад хүнд 30.000 төгрөгөөр зарсан. 1 утсыг нь гээсэн. Нэг нь надад байсан. Дараа нь Отгонбаатар гэдэг айлын гэрийн цоожны цүүг нь хөшөөд 3 судар, 1 бурхан, 1 архи, 1 дун зэргийг авч Төгөлийн хажууд байдаг шашны зүйл авдаг дэлгүүрт зарсан. Эдгээр 4 айлд орж эд зүйл хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Отгонбаатарын шашны эд зүйлүүдийг буцааж өгсөн. Мөн Билэгсайханы Самсунг маркийн гар утсыг нь буцааж өгсөн. Бусад хохирол төлөгдөөгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөрт тохиолдсон хувийн асуудлаа шийдэж чадалгүй ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Хохирлоо төлнө гэсэн мэдүүлэг,
-Хохирогч А.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Э.Т гэх хүн манай нөхөртэй Зэвсэгт хүчний 110 дугаар ангид хамт ажилладаг байсан. 2019 оны 05 сарын 18-ны өдөр манай гэрт орж ирээд гараад явсан. Манай гэрт хулгай орсон өдрөөс хойш Төрболд манай гэрээр ирээгүй. Арена брендийн 43 инчийн ЛСД зурагтыг 2018 онд 700.000 төгрөгөөр худалдан авч байсан гэсэн мэдүүлэг /хх 24-25 ху/,
-Хохирогч Д.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Яргуйт баг Толгодын 17-16 тоотод манай охин Э.Мөнхзул, хүргэн Г.Баттулга нар хөдөө ажилтай байдаг учир ерөнхийдөө эзэнгүй байдаг. Эрдэнэтэд ирэхдээ хааяа л очдог. Бид нар ихэнхдээ 5-13 дугаар байрандаа байдаг. 2019 оны 06 сарын 04-ний өдөр охин Мөнхзулын хамт гэрээ шалгахаар очиход гэрийн цоож эвдэрсэн шинжгүй зүгээр байсан. Монгол гэрийнхээ цоожийг онгойлгож үзэхэд хойморийн шүүгээн дээр байсан модон хайрцагтай Сундуйн жүд, говийн лха гэх 2 судар, модон агуйтай бурхан багшийн шавран бурхан, мөнгөн гуутай ногоон Дарь-Эх бурхан, 108 ширхэгтэй зандан эрх зэрэг эд зүйл алга болсон байсан. Мөнхзул хөдөө ажиллаж байгаа ирэх боломжгүй гэсэн мэдүүлэг /хх 69-71 ху/,
-Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Манай гэрээс цөлийн шар гутал, самсунг ноте-2 маркийн, ЛЖ стайл маркийн гар утаснууд алга болсон байсан. Маргааш өглөө нөхөр бид 2 бараан захын комисс дотроос гутлаа олж авсан. Манайхаас урд нь хөлдөөгч, нөхрийн ажлын дүрэмт хувцас, энгийн хувцас зэрэг зүйлс алга болж байсан ч найз нөхөд гээд цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Бүр сүүлдээ давраад байхаар нь аргаа бараад мэдэгдсэн. Төрболд манай нөхөртэй хамт ажилладаг байсан, мөн манайд 2 сар гаран амьдарч байсан. Намайг жижүүрт гарсан өдөр манай гэрийн хамаг эд зүйлийг ачаад явуулчихсан байсан. Намайг ажилтай хойгуур цонх эвдээд орчихдог ч бид нар 2-3 удаа чимээгүй өнгөрсөн. Тэрнээс гадна таньдаг найзууд юм уу, эсвэл өмнө нь хамт ажилладаг байсан хүмүүсийн гэрээр яваад байдаг гэсэн мэдүүлэг /хх 101-102 ху/, “... ЛЖ маркийн гар утас гэж өмнө мэдүүлэг өгсөн. Гэхдээ тухайн утсыг санахгүй байна. ЛТ гэх утас ч байж магадгүй нээх ашигладаггүй байсан. ...хулгайд алдагдсан зүйлүүдээс чухал гэх цөлийн шар гутлаа комисс дээрээс олоод авчихсан одоо өөр гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 103 ху/,
--Хохирогч Х.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 07 сарын 21-ний өдөр манай гэрт хулгайч орж гурван ширхэг судар, Бурхан багшийн зурмал бурхан, дун, эрх зэрэг эд зүйл алдагдсан. Манай гэрийн хаалганы цоожийг хөшиж онгойлгоод гарахдаа буцаагаад түгжсэн байсан. Төрболд гэх залуу манай дүүтэй Зэвсэгт хүчний 110 дугаар ангид хамт ажилладаг байсан гэсэн мэдүүлэг /хх 130-131 ху/,
-Гэрч Г.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...настайвтар ах, нэг залуу 2 орж ирээд настай ах нь бичиг баримтаа өгөөд Арена брендийн 43 инчийн ЛСД зурагтыг 300.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. ...хугацаа нь дуусаад ирж авахгүй байхаар нь 320.000 төгрөгөөр танихгүй хүнд зарсан гэсэн мэдүүлэг /хх 31 ху/,
-Гэрч Г.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Их залуу багаас уруудаад Горд орохоор явж байхад нэг залуу гар өргөж суугаад Горд орж гэрийнхээ зурагтыг ломбарданд тавих гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд үйлчилгээний төвийн ломбард орсон. Тэр залуу бичиг баримтаа мартчихсан байна яаралтай хэрэг гараад гэхээр нь би юу ч бодолгүй өөрийн бичиг баримтаараа зурагтыг нь ломбарданд тавьж өгсөн. Би хулгайн зурагт гэдгийг нь огт мэдээгүй гэсэн мэдүүлэг /хх 32 ху/,
-Гэрч А.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...манай нөхрийн танил Алтанцоож над руу залгаж энэ хавиар таньдаг айлуудаараа ороод байна гэж хэлсэн. ...Би гэрээсээ гараад 4, 5 хоносон. Харин манай ах Отгонбаатарын гэр зунжингаа эзэнгүй байсан. Манай нөхөр Шинэбаяр Төрболдтой цэргийн ангид хамт ажилладаг байсан гэсэн мэдүүлэг /хх 135-136 ху/,
-Гэрч О.Л-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... намхан шар залуу өөрийгөө дотоодын цэрэгт ажилладаг, миний өөрийн эд зүйл байгаа юм гэж хэлээд 3 ширхэг судар, эрх, дун, зурмал бурхан зэргийг нийлүүлээд 40.000 төгрөгөөр зарсан. Би 40.000 төгрөгөө нэхэмжлэхгүй, надад гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 187-188 ху/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 7-8, 65-66, 94-95, 124-125 ху/,
-Гэрэл зургийн үзүүлэлт / хх 9, 14, 19-21, 67, 96-97, 126-128 ху/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 11-13, 17-18 ху/
-Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх 22 ху/
-Эд зүйлийн үнэлгээ / хх 34-39, 77-82, 106-112, 138-142, 195-199 ху/,
-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 44 ху/
-Э.Тыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 56-58, 85-87, 116-118, 146-150 ху/
-Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай /хх 60, 89, 120 ху/
-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 99 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас / хх 152 ху/
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 192 ху/
-Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 193 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.Т нь 2019 оны 05 сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн нутаг дэвсгэрт байрлах Толгодын 16-13 тоотын хүн байнга амьдрах байшингийн цонхоор нэвтэрч Арена брендийн 43 инчийн ЛСД зурагтыг хулгайлан А.Долгорсүрэнд 500.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 06 сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн толгодын 17-16 тоотын хүн байнга амьдрах монгол гэрт нэвтэрч Сундуйн жүд, говийн лха гэх 2 судар, бурхан багшийн шавран бурхан, мөнгөн гуутай ногоон Дарь-Эх бурхан, 108 ширхэгтэй зандан эрх зэрэг эд зүйл хулгайлан Д.Алтансүрэнд 140.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 07 сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 21-02 тоотын хүн байнга амьдрах байшингийн вакум цонхоор нэвтэрч цэргийн шар гутал, самсунг ноте-2 маркийн гар утас, Самсунг band LTE маркийн гар утас зэрэг эд зүйл хулгайлан Д.Билэгсайханд 191.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 07 сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянзамын 7-47 тоотын хүн байнга амьдрах монгол гэрийн цоожийг хөшиж онгойлгон нэвтэрч Алтангэрэл, Сундуй, Жадамба судрын хураангуй, Цагаан шүхэрт судар, Банзрагч жижиг судар, 108 ширхэгтэй эрх, цагаан өнгийн дун, жаазан зурмал бурхан зэрэг эд зүйл хулгайлан Х.Отгонбаатарт 135.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Долгорсүрэн гэдэг айлд очиж нөхөртэй нь уулзах гэтэл хүнгүй байсан. Тэгэхээр нь баруун хойд цонхыг нь хөшиж онгойлгож ороод зурагтыг нь авсан. Зурагтаа ломбарданд 250.000 төгрөгөөр тавьсан. Дараа нь Алтансүрэнгийнд гэрт орсон. Түлхүүр тааруулж орсон. Тэр айлаас 2 бурхан судар авсан. Эдгээр зүйлээ Төгөлийн хажууд 1 хүнд 120.000 төгрөгөөр зарсан. Дараа нь Билэгсайхан гэдэг айлын гал тогооны цонхоор нь орж гутал, 2 ширхэг гар утас авсан. Гутлаа бараан захад хүнд 30.000 төгрөгөөр зарсан. 1 утсыг нь гээсэн. Нэг нь надад байсан. Дараа нь Отгонбаатар гэдэг айлын гэрийн цоожны цүүг нь хөшөөд 3 судар, 1 бурхан, 1 архи, 1 дун зэргийг авч Төгөлийн хажууд байдаг шашны зүйл авдаг дэлгүүрт зарсан. Эдгээр 4 айлд орж эд зүйл хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч А.Долгорсүрэнгийн “...Э.Т гэх хүн манай нөхөртэй Зэвсэгт хүчний 110 дугаар ангид хамт ажилдаг байсан. 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр манай гэрт орж ирээд гараад явсан. Манай гэрт хулгай орсон өдрөөс хойш Төрболд манай гэрээр ирээгүй” гэсэн мэдүүлэг /хх 24-25 ху/, хохирогч Д.Алтансүрэнгийн “гэрээ шалгахаар очиход гэрийн цоож эвдэрсэн шинжгүй зүгээр байсан. Монгол гэрийнхээ цоожийг онгойлгож үзэхэд хойморийн шүүгээн дээр байсан модон хайрцагтай Сундуйн жүд, говийн лха гэх 2 судар, модон агуйтай бурхан багшийн шавран бурхан, мөнгөн гуутай ногоон Дарь-Эх бурхан, 108 ширхэгтэй зандан эрх зэрэг эд зүйл алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх 69-71 ху/, хохирогч П.Билэгсайханы “...Гэртээ ирэхэд гал тогооны өрөөний цонх онгойчихсон хулгай орсон байсан. Манай гэрээс цөлийн шар гутал, самсунг ноте-2 маркийн, ЛЖ стайл маркийн гар утаснууд алга болсон байсан. ...ЛЖ маркийн гар утас гэж өмнө мэдүүлэг өгсөн. Гэхдээ тухайн утсыг санахгүй байна. ЛТИ гэх утас ч байж магадгүй нээх ашигладаггүй байсан ... хулгайд алдагдсан зүйлүүдээс чухал гэх цөлийн шар гутлаа комисс дээрээс олоод авчихсан одоо өөр гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 101-103 ху/, хохирогч Х.Отгонбаатарын “...манай гэрт хулгайч орж гурван ширхэг судар, Бурхан багшийн зурмал бурхан, дун, эрх зэрэг эд зүйл алдагдсан. Манай гэрийн хаалганы цоожийг хөшиж онгойлгоод гарахдаа буцаагаад түгжсэн байсан” гэсэн /хх 130-131 ху/ мэдүүлгүүд, гэрч Г.Цолмонгэрэл /хх 31 ху/, гэрч Г.Жаргалсайхан /хх 32 ху/, гэрч А.Өлзийсайхан /хх 135-136 ху/, гэрч О.Лхагварагчаа /хх 187-188 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Т урьд нь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 16-ны өдрийн 297 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил, 1 сарын хорих ялаар шийтгэгдэж уг ялаа нээлттэй хорих байгууллагад эдэлж байгаад тус шүүхийн 2019 оны 03 сарын 25-ны өдрийн 20 дугаартай шүүгчийн захирамжаар 2 сар 27 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон байна. Гэвч уг хугацааг дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй.
Хохирлын хувьд А.Долгорсүрэнд 500.000 төгрөгийн, Д.Алтансүрэнд 140.000 төгрөгийн, Д.Билэгсайханд 191.000 төгрөгийн, Х.Отгонбаатарт 135.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Отгонбаатарт хулгайд алдагдсан гэх 3 ширхэг судар, эрх, дун, жаазтай зурмал бурхан зэрэг эд зүйлийг, хохирогч Д.Билэгсайханд Самсунг ЛЖ маркийн гар утсыг тус тус хураан авч хохирогч нарт хүлээлгэн өгсөн, бусад хохирол төлөгдөөгүй байна.
Иймд хохирогч Х.Отгонбаатарт төлөх төлбөргүй, хохирогч Д.Билэгсайханд /Самсунг ЛЖ гар утасны үнэ 70.000 төгрөгийг хасч тооцох/ 120.000 төгрөгийг, А.Долгорсүрэнд 500.000 төгрөгийг, Д.Алтансүрэнд 140.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь 146 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-ыг 4 /дөрөв/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тод Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 16-ны өдрийн 297 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил, 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 27 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил, 2 /хоёр/ сар, 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-д оногдуулсан 4 жил, 2 сар, 27 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-ын цагдан хоригдсон 146 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Тод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тоос 760.000 /долоон зуун жаран мянга/ төгрөг гаргуулж хохирогч А.Долгорсүрэнд 500.000 төгрөг, хохирогч Д.Алтансүрэнд 140.000 төгрөг, хохирогч /Д.Билэгсайханд 120.000 төгрөгийг тус тус олгосугай.
9. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА