Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Сарангэрэл |
Хэргийн индекс | 119/2017/0027/З |
Дугаар | 00036 |
Огноо | 2017-10-30 |
Маргааны төрөл | Татвар, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 00036
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Х И” ХХК
Хариуцагч: Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч Д.Б, Б.Х нарт холбогдох
“Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 200015607 тоот актаар ногдуулсан төлбөрийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2017/0027/3/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагч Д.Б, Б.Х, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х И” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “1.1.Манай компаний үндсэн үйл ажиллагаа нь 2010-2012 оныг дуустал Y-2101013571 Улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай түрээсийн үйлчилгээ үзүүлж байгаад 2013 оноос ямар нэгэн түрээсийн болон ашиг олох бизнес хийгээгүй болно.
1.2. 2014 оны эхээр гүйцэтгэх захирал Б.Б Хөвсгөл аймагт хэрэгт сэрдэгдэж мөрдөнд сууж шүүхээр шийдвэрлэгдэж ял эдэлж байгаад 2015 оны 11-р сард өршөөлөөр суллагдсан болно. Энэ хугацаанд хяналт байхгүй нягтлан бодогч Т.Э нь 2014 оны сүүлчээс бие давхар 2015 онд хүүхэд төрүүлсэн гэрээс гардаггүй таамгаар ямар ч бодит мэдээлэлгүй тайлан гаргаж байсан байгаа юм.
1.3. 2014 оны 11-р сарын 17-оос 2015 оны 11-р сарын 18-ныг хүртэлх хугацаанд манай компани түрээслүүлж орлого олж байсан Улсын бүртгэлийн Y-2101013571 дугаартай байшингаа иргэн Л.Б-ын өмчлөлд шилжүүлсэн тул ямар ч орлого олоогүй байхад ня-бо Т.Э энэ хугацаанд дээр дурдагдсан шиг санаанаасаа худлаа тайлангаа гаргасаар л байсан.
Иймд Орхон аймгийн татварын Улсын байцаагч Д.Б тус компаний 2011.01.01-нээс 2015.12.31-ний хооронд дахь хугацаанд татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийгээд 2016 оны 11 сарын 23-ны өдрийн 200015607 тоот актаар нийт 10.421.204.00 төгрөгний төлбөр тавьсныг эс зөвшөөрч Татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж 2017.02.23-ны өдрийн 02 тоот тогтоолоор нөхөн татвар, торгууль, хүүний нийт 2583246.2 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож 7838776.7 төгрөг болгосныг 2012 оны 468200.00 төгрөгийн зөрчилд 46820.00 төгрөгийн нөхөн татвар, 14046.00 төгрөгний торгууль, 23410.00 төгрөгийн алданги нийт төлбөр 84276.00 төгрөгийн төлбөрийг зөвшөөрч 2014 оноос хойш ногдох 7754500.00 төгрөгний төлбөрийг зөвшөөрөхгүй байгаа тул татварын Улсын байцаагчийн 2016 оны 11-р сарын 23-ны өдрийн 200015607 тоот актын төлбөрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х И” ХХК татвар найдвартай төлөгч, олон жил найдвартай татвар төлөгч компаниар шалгарч байсан. Татварын шалгалтаар их бага хэмжээний акт тавигдаж байсан. Түүнийг цаг тухайд нь төлдөг хариуцлагатай компани юм. Б-О гэдэг хүний нэр дээр үл хөдлөх хөрөнгө шилжсэн байхад акт тавигдсан. Үүнийг шүүх авч үзэх байх гэж бодож байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс байцаагч нарыг ажил үүргээ биелүүлж байгаа гэж бодож байна. Мөн тухайн үед маргаан таслах зөвлөлөөс манай компаний асуудлыг шүүх шийднэ, бидний зүгээс засах боломжгүй гэж хэлж байсан. Энэ 2010-2013 оны хугацаанд гэрээ хэлэлцээр хийгээд албан ёсоор түрээслэж байсан компаний захирал, нягтлан, тогооч нараас мэдүүлэг авсан. Жинхэнэ ажилчин хүн үнэн бодит мэдүүлгийг өгсөн гэж ойлгож байгаа. Харин захирал, нягтлан нар татварын улсын байцаагч нарт жил болгон тайлангаа шалгуулдаг учраас жаахан айдастай тайлбар, мэдүүлэг шүүхэд өгсөн байх. Эдгээр хариуцагч нар акт, торгууль тавьсан. Энэ хүмүүсээс өөр хүмүүс шүүхэд хариуцагчаар орж байвал зүгээр юм болов уу гэж бодож байна. Хувийн компани баялаг бүтээгээд хүмүүсийн амьдралд хэрэг болоод явж байгаа. Энэ компаний олсон орлого гадагшаа гардаггүй эх орондоо үлддэг, ажлын байраа нэмэгдүүлээд явдаг. Иймд захиргааны хэргийн шүүх үүнийг харгалзан үзэж хуульд өөрчлөлт оруулах тал дээр анхаарч өгнө үү. Нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна” гэв.
Хариуцагч Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч Д.Б, Б.Х нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Б.Х бид нар Б.Б-Э захиралтай /шалгах үед энэ хүн захирал байсан/ “Х-И” ХХК-ний санхүү, татварын тайлан, балансад ТЕГ-аас ирүүлсэн төлөвлөгөө болон удирдамж, хяналт шалгалтын тасгийн даргын олгосон томилолтын дагуу төлөвлөгөөт татварын хяналт шалгалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-аас эхлэн 2016 оны 11 дүгээр сарын 23-ыг дуустал хийж дуусгасан.
Шалгалтаар нийт 68,302,021.63 төгрөгийг зөрчилд 10,421,203.73 төгрөгийн төлбөр тавигдсанаас төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй аймгийн Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус зөвлөл нь 17,181,818.48 төгрөгийн зөрчил бүхий 2,582,427.32 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараар тавигдсан төлбөрийг хүчингүй болгосон ба бусад тавигдсан 51,120,203.15 төгрөгийн зөрчил бүхий 7,838,766.42 төгрөгийн төлбөрийг хэвээр баталсныг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн захиргааны хэргийн шүүхэд хандсан байна.
“Х-И” ХХК-ний гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1.Тус компани нь түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг ба 2013 оноос үйл ажиллагааг эрхлээгүй гэсэн байна. Гэтэл уг компани нь түрээсийн үйл ажиллагаагаа зогсоогоогүй бөгөөд 2013-2015 онуудад түрээсийн орлого олж байсан нь татвар төлөгчийн өөрийн гаргасан сар бүрийн нэмэгдсэн өртгийн албан татварын болон улирал бүр гаргадаг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан зэргээр нотлогдож байгаа юм.
2. Хэдийгээр холбогдох албан тушаалтан байхгүй байсан ч гэсэн тухайн компани нь түрээсийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулан орлого бэлнээр хураан авч байсан нь уг компаний байрыг эмнэлгийн зориулалтаар түрээсэлж байсан “О у” ХХК, “Э-О” ХХК, “И т” ХХК-ний холбогдох албан тушаалтнууд нотолж байгаа юм.
Татварын улсын байцаагч Д.Б, Б.Х бид нар тус компаний илэрсэн дараах зөрчлүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авсан болно.
1.2012 оны 468,200.00 төгрөгийн орлогыг ААНОАТ-ын тайланд тусгаагүй /НӨАТ-ын тайланд тусгасан байсан/ учраас хуулийн дагуу арга хэмжээ авсан.
2. 2014 оны 24,004,259.44 төгрөгийн баримтгүй зардал нь ашиглалтын зардал-11,9981,053.00 төгрөг, элэгдлийн зардал-2,298,097.00 төгрөг, бусад зардал-9,725,109.00 төгрөгийн зардлуудыг давхардуулан хассанаас татвар ногдуулах орлого буурсан тул хуулийн дагуу арга хэмжээ авсан. Дээрх зардлууд нь санхүүгийн тайлан дээр ижил дүнтэйгээр давхардан орсон байгаа.
3.Орлогын зөрүү дараах байдалтай байсан. Үүнд:
ААНОАТ-ын тайлангаар НӨАТ-ын тайлангаар зөрүү
2015 онд 14,636,363.63 10,000,000.92 /4,636,362.71/
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангууд ийм зөрүүтэй байсан ба эдгээр тайлангууд нь НӨАТ чөлөөлөгдөх борлуулалтын орлогоор зөрөх ёстой байсан. Тус компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу үүсгэн байгуулагч Х.Б гэгч тайлбарлахдаа орлогоо давхардуулан оруулж тооцсоноос болсон гэх боловч түүнийг нь нотлох журналын бичилт дансны харьцаа байхгүй. Нягтлан бодогч болох Энхтуяа шалгалтын явцад холбогдох журналын бичилтүүдээ авчирч тулган зөв дүнг гаргахаар хэд хэдэн удаа шаардсан боловч огт ирээгүй. Иймээс орлого давхардсан гэх тайлбар нь нотлогдоогүй учраас хуулийн дагуу арга хэмжээ авсан.
2010 оноос тус компаний байрыг эмнэлгийн зориулалтаар түрээсэлж эхэлсэн. “О у” ХХК, “Э-О” ХХК, “И т” ХХК гэсэн 3 компани байсан. Сард 800,0-1100,0 мянган төгрөгийн түрээсийн төлбөрийг тухайн компанид төлдөг ба түрээсийн орлого дээр нэмж ашиглалтын зардлаа бас төлдөг байсан. Үүнээс харахад тухайн компаний сарын дундаж түрээсийн орлого 800,000.0 төгрөг байгаа нь орлого олоогүй гэх тайлбар нотлогдохгүй байна.
4. Тухайн компани түрээсийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Үндсэн үйл ажиллагаатай холбоотой зардалд төлсөн худалдан авалтын НӨАТ-ыг хасах ёстой боловч ямар ч холбогдолгүй утасны нэгж авсан болон их хэмжээний шатахуун авсан худалдан авалтын НӨАТ-ыг хасч тооцсон нь холбогдох хуулийг зөрчсөн тул арга хэмжээ авсан. Хэрэв худалдах зорилгоор нэгж авч мобикомтой байгуулсан гэрээ байгаа бол энэ нь орлогод орлогод орох байсан гэхэд тийм юм байхгүй гэдэг тайлбарыг Х.Б өгч байсан.
Үндэслэлгүйгээр хасч тооцсон нэгжний төлбөр болон шатахууны жагсаалт
2012 онд 10,000,000.00 НХГ-5,00,000.0 төгрөг, 4,090,909.10 төгрөг нийт
9,090,909.10 төгрөгийг шатахуун
Мобикомоос нэгж авсан-909,090.90 төгрөг,
2013 онд 9,136,272.00 НИК-3,654,545.40 төгрөг, 1,845,454.00 төгрөг,
2014 онд НИК-2,875,109.10 төгрөг төгрөгийн шатахуун
Тус компаний эдгээр зөрчилд нь татварын багц хуулийн холбогдох заалтуудын дагуу арга хэмжээг авсан ба энэхүү татварын улсын байцагчийн 200015706 тоот акт нь холбогдох хууль тогтоомжуудыг үндэслэн бичигдсэн тул хууль зүйн зөрчилгүй гэж үзэж байна” гэжээ.
Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ”Татварын ерөнхий хуульд татвар төлөгчийн үүрэг эрхийг заасан байдаг. Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд “Татвар төлөгчийг бүртгэл “гэж байгаа. Энэ талаар Татварын Ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Татвар төлөгч үл хөдлөх эд хөрөнгө худалдах, бэлэглэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн өдрөөс хойш ажлын 20 өдрийн дотор харьяалагдах татварын албанд мэдэгдэнэ гэж заасан. Тус хуулийн 13.6-д “Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол татвар төлөгч нь хуулийн этгээдийн мэдээлэл, хувийн хэрэгт тусгагдсан зүйл өөрчлөгдөх бүрд өөрчлөлт орсноос хойш ажлын 20 өдрийн дотор татварын албанд мэдэгдэж, бүртгэл, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэнэ” мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.8-д “Татвар төлөгчөөр бүртгүүлээгүй нь татвар ногдуулах, төлөх, суутгах үүрэг, түүнтэй уялдаж хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй” гэж заасан байдаг. Үүний дагуу Б нь үл хөдлөх хөрөнгийн албан татварыг төлсөн гэдэг. Үл хөдлөх хөрөнгийн албан татвар ямар учраас төлөгддөг вэ гэхээр үл хөдлөх хөрөнгийн өмчилж байгаа өмчлөгчийн гэрчилгээний үндсэн дээр татвар төлдөг.
Бид нарын өнөөдрийн ярьж байгаа асуудал түрээсийн орлоготой холбоотой асуудал. Түрээсийн орлого 2010-2013 онд “Х-И” ХХК өөрөө өмчлөгч нь байсан учраас түрээслэгч нартай гэрээ хийгээд явсан. Тухайн түрээсийн гэрээний хугацаа 2013 онд дуусахад хугацаа сунгасан гэрээ хийгдээгүй ч түрээсийн орлого олж байсан учир “Х-И” ХХК-нд татвар ногдуулах үндэслэлтэй. Б гэдэг хүнийг татвар төлсөн гэж байгаа. Үл хөдлөх хөрөнгийг өмчилж байгаа этгээд хэрвээ түрээсийн орлого олж байсан бол татвар төлөх ёстой. Татвар төлөгч “Х-И” ХХК өмчлөгч биш болж өөр этгээдэд компаниа шилжүүлж байгаа бол энэ талаарх өөрчлөлтөө ажлын 20 хоногийн дотор Татварын албанд мэдэгдэх ёстой байтал мэдэгдээгүй, хувийн хэрэгтэй өөрчлөлт оруулаагүй учраас түрээсийн орлого нь “Х-И” ХХК-ний орлого гэж үзэхээс өөр аргагүй. Энэ тухайгаа холбогдох газарт нь мэдэгдэж өөрчлөлт хийлгүүлээгүй. Мөн ААНОАТ тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө” гэсэн заалтын дагуу түрээсийн орлогыг бэлнээр авсан ч бай аваагүй ч бай гэрээний дагуу шууд авах ёстой төлбөрөө авна гэж бүртгэх ёстой.
Түрээсэлж байгаа газар засвар хийсэн тохиолдолд түрээсийн орлогод оруулан тооцож бүртгэх ёстой. Түрээсэлж байгаа газрын засвар нь өөрөө засварын зардлаа бүртгэж гаргадаггүй. Тэгэхээр тэр түрээсийн байранд хийгдэж байгаа засварт заавал түрээсийн орлого шингэж түрээслүүлэгчид оногдох ёстой зардал байгаа юм. Үүний дагуу “Х-И” ХХК түрээслэгч компаниудаас авч байгаа түрээсийн орлого, засварын зардлыг өөрийн нэр дээр бүртгэх ёстой. Ингээд түрээсийн орлого олоогүй гэж байгаа “Х-И” ХХК-нд нэмж хэлэхэд бид гэрчээс асуусан. Хэдийгээр түрээсийн гэрээ 2010-2013 оны хооронд хийгдсэн боловч өөрөө Орос явсан гэсэн шалтгаанаар сунгагдаагүй.
Энэ сунгагдаагүй байгаа шалтгаан нь татвар төлөхөөс зайлсхийх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Гэрчүүдийн мэдүүлснээр 2015 онд А н эмнэлэг 2016 оны 01 дүгээр сард гарсан. Тэгэхээр түрээсийн орлого 2013 хүртэл 850.000 төгрөгөөр тооцогдож байсан. Түүнээс хойш 1.100.000 төгрөг болон өөрчлөгдөж усны төлбөр гэж сар болгон 50.000 төгрөгийг авч дулаан, цахилгааны мөнгийг дулаангүй үед 50.000 төгрөг, дулаантай үед 200.000 төгрөг авдаг гэсэн тооцоог хэлсэн. Үүний дагуу тооцоод үзэхэд нийт А эмнэлэгээс 15.450.000 төгрөгийн ашиг олсон байх үндэслэлтэй.
Үүн дээр дулаан усны мөнгийг “Э-О” ХХК 2015 онд тодорхой хэмжээгээр өгч байсан гэж гэрч мэдүүлсэн. Үүнээс үндэслэх юм бол байгаа “Х-И” ХХК-ний 2015 оны татварын тайланд аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан буюу ТТ0002 гэдэг цахим хэлбэрээр өгсөн тоон гарын үсгээр баталгаажсан 14.636.363.63 төгрөгийн аж ахуйн нэгж байгууллагын тайлангаар тайлагнасан энэ орлого үндэслэлтэй байна гэж үзэж байна. Энэ орлогын зөрүү дээр тавигдсан 4.636.362 төгрөгийн зөрүү нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгагдаагүй учраас энэ мөнгө тавигдсан юм. Энэ тавигдсан актыг хуулийн дагуу үндэслэлтэй гарсан үзэж байна” гэв.
Хариуцагч Б.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг сонслоо. Гэрчүүдийг айлган сүрдүүлэх, ажил мэргэжлээрээ далайлгах гэсэн утга бүхий юм ярьлаа. Тийм зүйл байхгүй, татварын хуульд байдаг. Тэгш, шударга, зарчимч байх гэсэн үг байдаг. Тийм болохоор бид ажил үүрэгтээ адил тэгш ханддаг. “Х-И” ХХК-нд тавьсан акт бодитой гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х-И” ХХК нь “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 200015607 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн тул шүүх тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарт дүгнэлт хийж дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
1. Нэхэмжлэгч талаас “Манай компани нь 2010-2013 оныг дуустал Y-2101013571 Улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай түрээсийн үйлчилгээ үзүүлж байгаад 2014-2015 онд ямар нэгэн түрээсийн болон ашиг олох бизнес хийгээгүй,
2014 оны эхээр гүйцэтгэх захирал Б.Б-Э Хөвсгөл аймагт хэрэгт сэрдэгдэж мөрдөнд сууж шүүхээр шийдвэрлэгдэж ял эдэлж байгаад 2015 оны 11-р сард өршөөлөөр суллагдсан,
энэ хугацаанд хяналт байхгүй нягтлан бодогч Т.Э нь 2014 оны сүүлчээс бие давхар 2015 онд хүүхэд төрүүлсэн гэрээс гардаггүй таамгаар ямар ч бодит мэдээлэлгүй худал тайлан гаргаж өгч байсан, ийм байхад татварын Улсын байцаагч нар дээрх маргаан бүхий актаар төлбөр тавьсан нь үндэслэлгүй...” гэж,
Хариуцагч талаас “Тус компани нь түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг ба 2013 оноос хойш тус үйл ажиллагааг эрхлээгүй гэх боловч түрээсийн үйл ажиллагаагаа зогсоогоогүй, 2014-2015 онуудад түрээсийн орлого олж байсан нь татвар төлөгчийн өөрийн гаргасан сар бүрийн нэмэгдсэн өртгийн албан татварын болон улирал бүр гаргадаг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, түрээслэгч нарын тайлбар зэргээр нотлогдож байгаа,
Хэдийгээр холбогдох албан тушаалтан байхгүй байсан ч гэсэн тухайн компани нь түрээсийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулан орлого бэлнээр хураан авч байсан нь татвараас зайлсхийх үндэслэл биш, энэ дагуу 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 200015607 тоот актаар тогтоосон төлбөр үндэслэлтэй...” гэж тус тус маргажээ.
“Х-И” ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 8 дугаар баг Бүрэнбүст 11 дүгээр байрны урд байрлах 864 м.кв талбай бүхий /3 давхар/ үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлж байсан болох нь нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нь 2010-2013 онуудад үл хөдлөх эд хөрөнгөө түрээслэн орлого олж байснаа хүлээн зөвшөөрсөн, харин 2014-2015 онд түрээсийн орлого олоогүй гэх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагад холбоотой тухайн маргаан бүхий байдалд үнэлэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс “2016 оны 11 сарын 23-ны өдрийн 200015607 тоот актаар нийт 10.421.204.00 төгрөгний төлбөр тавьсныг эс зөвшөөрч Татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж 2017.02.23-ны өдрийн 02 тоот тогтоолоор нөхөн татвар, торгууль, хүүний нийт 2,582,247.40 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож 7,838,776.7 төгрөг болгосон, үүнээс 2012 оны 468200.00 төгрөгийн зөрчилд 46820.00 төгрөгийн нөхөн татвар, 14046.00 төгрөгний торгууль, 23410.00 төгрөгийн алданги нийт төлбөр 84276.70 төгрөгийн төлбөрийг зөвшөөрсөн, 2014 оноос хойш ногдох 7,754,500.00 төгрөгний төлбөрийг зөвшөөрөхгүй” гэх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд тус компани нь 2014-2015 онд үндсэн үйл ажиллагаа болох өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байсан, 2014 оноос 2015 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэл 1 сард 1,100,000.00 төгрөгөөр түрээсийн төлбөр төлж, эмнэлгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсан байсан болох нь гэрч Б.Ц, Ж.Н нарын тайлбар,[1] мэдүүлэг[2] болон хариуцагч нарын тайлбар, түүнд хавсаргаж ирүүлсэн бичгийн нотлох баримтуудаар[3] тогтоогдож байна.
Иймд “Х-И” ХХК-ний 2014-2015 онуудад үйл ажиллагаа явуулаагүй, түрээсийн орлого олоогүй гэх тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Нөгөөтэйгүүр тухайн компаний захирал Б.Б нь 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 137 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 02 жил 03 сарын хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр суллагдсан[4] хэдий ч, тухайн компани нь түрээсийн үйл ажиллагаагаа явуулж түрээсийн орлого /бэлнээр хураан авч/ олж байсан нь хуулиар хүлээсэн татвар төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл биш юм.
Дээрх компани нь:
-2014 онд ашиглалтын зардал 11,981,053.00 төгрөг, элэгдлийн зардал 2,298,097.00 төгрөг, бусад зардал 9,725,109.00 төгрөг нийт 24,004,259.44 төгрөгийг баримтгүй зардлыг давхардуулан тооцож татвар ногдуулах орлогоо бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-д “албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал” гэж заасныг зөрчсөн тул татварын улсын байцаагчдаас төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна.
-2015 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, НӨАТ-ын тайлангаар борлуулалтын орлого 4,636,362.71 төгрөгөөр зөрсөн байна. НӨАТ-аас чөлөөлөгдөх орлого байсан тухай нотлох баримт ирүүлээгүй тул НӨАТ-ын тайлангаар борлуулалтын орлогыг 4,636,362.71 төгрөгөөр дутуу тооцсон гэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч талаас Орхон аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Х-И” ХХК-д холбогдох 200015607 тоот актын тухай” 02 тоот тогтоолоор актаар ногдуулсан төлбөрийг багасгасан талаар маргаагүй, 200015607 тоот актаар ногдуулсан 10,421,204.00 төгрөгийн төлбөрөөс 2,582,427.40 төгрөгийн төлбөрийг хасч шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 200015607 тоот актаар ногдуулсан 10,421,204.00 төгрөгийн төлбөрөөс 2,582,427.40 төгрөгийн төлбөрийг хасч, уг хэсэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Харин “Х-И” ХХК нь 2012 оны 468200.00 төгрөгийн зөрчилд 46820.00 төгрөгийн нөхөн татвар, 14046.00 төгрөгний торгууль, 23410.00 төгрөгийн алданги нийт төлбөр 84276.70 төгрөгийн төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн бөгөөд үлдэх 7,754,500.00 төгрөгийн төлбөрийг татварын хууль тогтоомж зөрчсөн учир төлөх үүрэгтэй.
“Х-И” ХХК нь дээрх маргаан бүхий түрээсийн үйл ажиллагаа эрхэлж байсан гэх үл хөдлөх хөрөнгөө бусад /Б.Б/-д шилжүүлсэн гэх бөгөөд энэ талаар Татварын Ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Татвар төлөгч үл хөдлөх эд хөрөнгө худалдах, бэлэглэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн өдрөөс хойш ажлын 20 өдрийн дотор харьяалагдах татварын албанд мэдэгдэнэ” зааснаар холбогдох байгууллагад мэдэгдээгүй.
Мөн Б.Б нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан талаар Орхон аймгийн Татварын хэлтэст мэдэгдээгүй нь Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д “Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол татвар төлөгч нь хуулийн этгээдийн мэдээлэл, хувийн хэрэгт тусгагдсан зүйл өөрчлөгдөх бүрд өөрчлөлт орсноос хойш ажлын 20 өдрийн дотор татварын албанд мэдэгдэж, бүртгэл, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэнэ” заасныг зөрчсөн тул Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч нараас тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 /Татвар төлөгчөөр бүртгүүлээгүй нь татвар ногдуулах, төлөх, суутгах үүрэг, түүнтэй уялдаж хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй/-д зааснаар татвар ногдуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн болохыг дурьдвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.13, 106.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.6.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Х-И” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 200015607 тоот актаар ногдуулсан 10,421,204.00 төгрөгийн төлбөрөөс 2,582,427.40 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгон хасч, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Орхон аймгийн төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 35200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ
[1] ХХ-ийн 55, 56 дугаар тал
[2] ХХ-ийн 134, 135, 138-140 дүгээр тал
[3] ХХ-ийн 36-52 дугаар тал
[4] ХХ-ийн 96-98 дугаар тал