Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 21

 

 

Ч.Чойжиндондогт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                           Хэргийн индекс 132/2016/0074/Э

 

      Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Ц.Туяа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

            Прокурор                                                  Ц.Гэрэлбаатар

           Шүүгдэгч                                                    Ч.Чойжиндондог  

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                            П.Ган-Очир

           Хохирогч                                                    Ш.Дамбийжанцан

           Нарийн бичгийн дарга                              Н.Батзаяа нарыг оролцуулан

 

        Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолтой Ч.Чойжиндондогт холбогдох 201606000107 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.Чойжиндондог, түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Монгол улсын иргэн, 1960 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг Домын дэвсэгийн задгайд оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, АК60112217 регистрийн дугаартай, Гал овогт Чүлтэмжамцын Чойжиндондог.

        Шүүгдэгч Ч.Чойжиндондог нь 2015 оны 8 дугаар сард Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн нутаг “Гурван мод” гэдэг газар оршин суух иргэн Ш.Дамбийжанцангийн амбаараас эд зүйл хулгайлж 3.920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

       Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор:

      Шүүгдэгч Гал овогт Чүлтэмжамцын Чойжиндондогийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ч.Чойжиндондогийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

        Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ч.Чойжиндондогт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

     Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар шүүгдэгч Ч.Чойжиндондогоос 3920000 /гурван сая есөн зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн нутагт оршин суух Жагд овогт Шагдарын Дамбийжанцан /РД:ГА51061572/-д олгох,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Ч.Чойжиндондогийн цагдан хоригдсон 47 хоногийг эдлэх ялд оруулан тооцох,

      Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 хос бор шаргал өнгийн буриад гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 

       Мөрдөн байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Г-0408000903 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар битүүмжилсэн тогтоол, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 77-50 УБП Т-Nadya маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож эзэмшигч Д.Отгонсүрэн, Ч.Наранбаатар нарт  олгох, 

         Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Чойжиндондогт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, ял эдлэх хугацааг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

    Шүүгдэгч Ч.Чойжиндондог давж заалдах гомдолдоо:  “…Миний бие 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний амьдрал хүнд би өөрөө группт байдаг. Хохирогчийн төлбөрийг тодорхой хугацаанд барагдуулна. Надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү… ” гэжээ.

       Шүүгдэгч Ч.Чойжиндондогийн өмгөөлөгч П.Ган-Очир давж заалдах гомдолдоо: “.... Анх энэ хэрэгт Ч.Чойжиндондогийн эхнэр О.Отгонсүрэн, хүү Ч.Наранбаатар нарыг бүлэглэн, машин техник ашиглан хулгайлсан гэж шалгасан боловч дээрх хүмүүсийн үйлдэл холбогдол нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ мөрдөн байцаалтын үйл ажиллагаа анхнаасаа хэт нэг талыг барьж хүний эрхийг зөрчсөн хэрэг юм. Ч.Чойжиндондог нь Дамбийжанцангийн амбаараас 3 шуудай эд зүйл авч шуудайнд хувааж нэг нэгээр шороон зам руу зөөсөн, 500 м орчим зайтай байсан. Зам тосож байгаад 22 цагийн орчимд суудлын хар өнгийн машиныг гар өргөн зогсоож хаа явахыг нь асуухад Улаанбаатар явж байгаа гэхээр нь гуйж ачаагаа ачиж сууж явсан. Жолоочтой танилцаагүй нэр усыг нь мэдэхгүй. Гэртээ буусан, ачаагаа хашаандаа нуусан. Хулгайлсан эд зүйлээ эхнэртээ сүүлд өгч заруулсан. Эхнэр хаана хэнд зарсныг мэдэхгүй. Эхнэртээ буриад шар өнгийн гутлыг нилээд хэд хоногийн дараа өгсөн гэсэн мэдүүлэг өгсөн байх боловч энэ байдлуудыг нарийвчлан тогтоогоогүй. Энэ хэрэг анх шалгагдахдаа хэрэгт авагдсан буриад гуталнаас үүдэлтэй. Үүнийг шүүх хурал дээр ярих болно.

      Ч.Чойжиндондог нь тухайн хэрэг үйл явдал гарсан цаг хугацаанд Булган аймгийн нэгдсэн Эмнэлгийн сэтгэцийн тасагт хэвтэн эмчлүүлсэн, эмнэлгийн хяналт үргэлжилж байсан. Энэ хавтаст хэрэгт авагдсан эмнэлэг, эмчилгээний баримтаар нотлогддог. Ер нь мөрдөн байцаах үйл ажиллагаа ЭБШХ-ийн 16 дугаар зүйлийн хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, 80 дугаар зүйл хэргийг тал бүрээс нь нотолбол зохих асуудлуудыг анхаарч үзээгүй. Хохирогч Ш.Дамбийжанцан мөрдөн байцаалтын болон анхны шүүх хурлын хэлэлцүүлгийн явцад хэрэгт ач холбогдол бүхий алдсан гэж буриад гутлаа минийх биш байна гэж мэдүүлсэн болон тайлбар шүүхэд өгсөн мэдүүлэг хавтаст хэрэгт бий. Ч.Чойжиндондогт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

             Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ:

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул  хэвээр үлдээх саналтай байна гэв.              ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүгдэгч Ч.Чойжиндондог нь 2015 оны 8 дугаар сард Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн нутаг “Гурван мод” гэдэг газар оршин суух иргэн Ш.Дамбийжанцангийн байшинд хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлан 3.920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

            Хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулжээ.

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, ял шийтгэл оногдуулсан байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Харин Сэтгэцийн Эрүүл Мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 400 дугаартай дүгнэлтээр “Ч.Чойжиндондог нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай” гэж  тогтоогдсон боловч

шүүгдэгч нь “тархины гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн органик эмгэг /Р07,8/ сэтгэцийн эмгэгтэй, өвчин нь намжмал байдалтай байгаа” гэх эрүүл мэндийн байдлын талаархи баримт, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж баривчлах ял оногдуулан,

       2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөлд “баривчлах ял” тусгагдаагүй тул энэ хуульд нийцүүлэн Ч.Чойжиндондогийг баривчлах ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

       Ч.Чойжиндондог нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөгдөхгүй болохыг дурьдав.

 

      Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх тухай Хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “…2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих” гэснийг “… 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг хүчингүй болгож,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Чойжиндондогийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сар баривчлах ялаас чөлөөлсүгэй” гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ч.Чойжиндондог, түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Ч.Чойжиндондогт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ё.БЯМБАЦЭРЭН

 

                ШҮҮГЧИД                                                              Ц.ТУЯА       

     

                                                                                               С.УРАНЧИМЭГ