Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/00153

 

БАЭМНДХ-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 433 дугаар шийдвэр

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 212/МА2017/00113 дугаар магадлалтай

БАЭМНДХ-ийн нэхэмжлэлтэй

С.Ш-д холбогдох

Байгууллагад учирсан хохирол 92 074 648 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч С.Ш-, хариуцагчийн өмгөөлөгч Х.Т-, Б.Э нарын гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга асан С.Ш нь тус байгууллагын ажилтан Н.С-ийг удаа дараа илт хууль бусаар ажлаас халсан болох нь шүүхээр тогтоогдож, ажилгүй байсан хугацааны нийт 31 743 607 төгрөгийн цалин хөлсийг байгууллагаас олгож, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан байна. Өөрөөр хэлбэл, Н.С-ийг шүүхээс хуучин ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоосоор байхад хууль бусаар түүнийг дахин ажлаас халж удаан хугацаагаар шүүхэд маргаан үүсгэж, үндэслэлгүйгээр удаа дараагийн шүүхэд давж заалдсаны улмаас ажилгүй байсан хугацаанд цалин хөлс нь онц их хэмжээнд хүрчээ. Тухайлбал, Н.С-д шүүхийн шийдвэрийн дагуу олгосон мөнгийг дэс дараагаар нь бичвэл:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 483 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 62 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 653 тоот тогтоолоор Н.С-д 2013 оны 01 дүгээр сарын 10-наас 2013 оны 03 дугаар сарын 18-ны хүртэлх 2 сар 8 хоногт ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 150 400 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 41 676 төгрөг төлсөн.

2. Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 611 дугаар захирамжаар Н.С-ий ажилгүй байсан хугацааны цалинд 9 999 030 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 87 467 төгрөг төлсөн.

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 391 тоот шийдвэр, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 125 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1136 тоот тогтоолын дагуу 5 897 913 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 40 100 төгрөг төлсөн.

4. Баян-Өлгийн аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 599 тоот шийдвэр, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн 001/ХТ2016/00511 тоот тогтоолын дагуу 1 822 278 төгрөгийн өглөгтэй.

5. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 508 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 378 тоот тогтоолоор 6 850 240 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлөхөөр болсон.

6. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд 6 сар 6 хоног ажилгүй байсан хугацааны цалинд 5 327 853 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 102 000 төгрөг нэхэмжилж байна.

Иймд хариуцагч С.Ш-ээс байгууллагад учруулсан хохирол болох 31 743 607 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн С.Ш-ээс байгууллагад учруулсан гэм хор болох 31 743 607 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан билээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу уг нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар ихэсгэж байна. 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хуурамч дипломоор ажиллаж, байгууллагад учруулсан гэм хор болох 60 331 041 төгрөг, Н.С-ийг төрийн албанаас илт хууль бус тушаал гаргаж халснаас болж байгууллагаас түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 743 607 төгрөг нийт 92 074 648 төгрөгийг С.Ш-ээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь: С.Ш- нь 2005 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хуурамч диплом ашиглаж тус байгууллагаас нийтдээ 60 331 041 төгрөгийн цалин хөлс авч ирсэн нь эрх бүхий байгууллагын тогтоолоор нотлогдон тогтоогдож байна. Нэгэнт хуурамч бичиг баримт ашиглан цалин хөлс авсан тохиолдолд уг цалин хөлсийг олгосон байгууллага буцаан шаардах эрх нь байгаа юм. С.Ш- нь Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтсийг хууран мэхэлж, хуурамч дипломоор цалин хөлс авсан хууль бус ажиллагаанаас учирсан гэм хорыг өмнө нь гаргаж байсан гэм хорын нэхэмжлэлтэй хамтад нь хянан шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Учир нь аль аль нь байгууллагад учирсан гэм хор бөгөөд хариуцагч нь ганц хүн юм. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хамтад нь шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: БАЭМНДХ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.Үүнд:

1. Нэхэмжлэгч гэх Т.Ө-ы нэхэмжлэлдээ дурдсан Н.С-ийг удаа дараа илт хууль бусаар ажлаас халсан болох нь шүүхээр тогтоогдсон тухайд: Н.С-ийг анх Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Д.Д- нь 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 4 тоот тушаалаар тус хэлтсийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга бөгөөд магадлагч эмчийн ажлаас Төрийн албаны тухай хуулийн 23.1.1, 24.1.3-д заасан үндэслэлээр чөлөөлсөн байна. Гэтэл Н.С нь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандаж ажилд эгүүлэн тогтоох тогтоол гарсан тул уг тогтоолыг үндэслэн ажилд томилсон. Энэ хугацаанд ажилгүй байсан гэх 1 500 000 төгрөг болно. Дараа нь намайг тус хэлтсийн даргаар ажиллаж байхад Н.С-ийг удаа дараа Нийгмийн даатгалын Ерөнхий газрын ЭХМТК-оос ажлыг нь хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан ба, мөн хуурамч бичиг баримт бүрдүүлж бусдад тахир дутуугийн тэтгэвэр олгох боломж олгосон зэрэг Төрийн албаны тухай хуулийн ёс зүйг ноцтой зөрчиж байсан учир ажлаас чөлөөлсөн боловч шүүх эгүүлэн тогтоосон. Энэ талаар Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргад уламжлан танилцуулахад санхүүгийн зөрчил гаргасан хүнийг авч болохгүй гэсэн шийдвэр өгч байсан. Үүнээс үзэхэд Н.С-ийг ажлаас халсан явдал үгүй болно. Үүнийг Т.Ө- дарга нь хууль бус уу? Эсвэл үндэслэл байсан уу? гэдэгт дүгнэлт хийх эрх бүхий этгээд биш мөртлөө төрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд намайг ийнхүү илт хууль бусаар ажлаас халсан гэж хэтэрхий басамжлан доромжилсонд маш их харамсаж байна. Н.С-ий 2016 оны 06 дугаар сарын 10-наас 2016 оны 02 дугаар сарын 16-ны хоорондох цалинг нэхэмжилсэн тухайд бол Н.С-ийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 5/14 тоот тушаалаар магадлагч эмчээр томилсон. Ажил хүлээлцэх комиссын ахлагч Т.Ботакөз тэргүүтэй комисс ажилд орох болсон тул дуудаж тушаал гардуулах гэтэл “Та бүхэн ирэх юм бол энд байгаа залуучуудаар зодуулна” гэж айлган сүрдүүлсэн гэсэн. Энэ тухай тушаалд орсон комиссын бүрэлдэхүүнээс тайлбар авах нь зүйтэй. Мөн Н.С нь сонгуулийн хороонд очиж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд 22 дугаар тойрогт бие даан нэр дэвшиж байгаа гэсэн.

2. С.Ш- би 4 жилийн хугацаанд Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажил албан тушаалыг гүйцэтгэж байсан. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулж төрийн албыг нэр төртэй гүйцэтгэж 4 жилийн хугацаанд А үнэлгээтэй буюу 95 оноогоор дүгнүүлж ирсэн ба ТЗ-9 дэх ангиллаар цалинждаг тангараг өргөсөн төрийн албан хаагч юм. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 зааснаар төрийн албан хаагч надад байгууллагад учирсан хохирлыг төлөх үүрэг хуулиар ногдоогүй. Харин Т.Ө- гуай хуулийн энэ заалтын шаардлагыг ойлгоогүй юм уу, эсвэл надаас зөрчил дутагдал олохын тулд та бүхнийг хууль мэддэггүй юм шиг бичсэнд нь гайхаж байна. Н.С-ий талаар гаргасан миний тушаалууд Захиргааны хууль хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө өөрөөр хэлбэл 2013-2016 онуудын хооронд билээ. Тэгээд ч урьд гаргасан шүүхийн шийдвэрүүдэд С.Ш- намайг хууль бусаар ажлаас халсан гэж тогтоох хэсэгт дүгнээгүй бөгөөд түүний ажилгүй байсан хугацааны цалинг надаар төлүүлэх гэсэн заалт байхгүй болно. Н.С-д шүүхийн шийдвэрээр олгох цалинг тухайн үед Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргад Аймгийн Нийгмийн Даатгалын Хэлтсийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 4 тоот албан тоот хүргүүлж зөвшөөрөл авч байсан болно. 3ахиргааны ерөнхий хууль 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улсын Их хурлаар батлагдаж 2016 оны 07 дугаар сарын 01-ээс дагаж мөрдсөн. Н.С-ийг ажлаас чөлөөлсөн миний гарын үсэг бүхий тушаалыг шүүхэд ирүүлээгүй байна. Нэхэмжлэгч Т.Ө- нь шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг зөрчсөн байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: БАЭМНДХ-ийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн С.Ш-д холбогдуулан гаргасан 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хуурамч дипломоор ажиллаж байгууллагад учруулсан гэм хор болох 60 331 041 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн тухай хүсэлттэй танилцаж үзээд дараах тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд гаргаж байна.

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ: С.Ш- нь 2005 оны 03 дугаар сарын 11-нээс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хуурамч диплом ашиглаж тус байгууллагаас нийтдээ 60 331 041 төгрөгийн цалин хөлс авч ирсэн нь эрх бүхий байгууллагын тогтоолоор нотлогдон тогтоогдож байна гэжээ. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагад 2013 оноос 2017 он хүртэлх хугацааны цалин, нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт 2005-2017 он хүртэлх хугацааны цалинг гэж нэхэмжилсэн байх ба нэхэмжлэгч байгууллагаас чухам хэдээс хэдэн он хүртэлх хугацааны цалин хөлсний хохирол нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, тодорхой бус байна. Нөгөөтэйгүүр, хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд хэний ямар үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан эсэх, ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн буюу хэрэв хохирол бодит байдлаар учирсан гэж үзэж байгаа бол аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс үйл ажиллагааныхаа чиг үүргээ хуулийн хүрээнд хэрэгжүүлж чадахгүй байгаа гэдгээ нотлох, үүнийг нэхэмжлэлийн үндэслэлдээ заавал заах ёстой бөгөөд маргааны үйл баримт болон ямар эрх ашиг нь зөрчигдсөн талаарх үндэслэлээ тусгаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй байна.

2. Энэхүү нэхэмжлэлийг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Ө- өөрөө гаргасан эсэх нь эргэлзээтэй. Учир нь, шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон сүүлд нэхэмжлэлийг ихэсгэсэн тухай албан бичигт зурсан гарын үсэг нь зөрүүтэй харагдаж байна.

3. Мөн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж үзвэл энэ нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй ба энэ талаар холбогдох байгууллагад шалгуулж хохирол учирсан эсэхийг тогтоолгосон байх шаардлагатай бөгөөд байгууллагад хэн гэдэг ямар албан тушаалтан хохирол учруулсан эсэх нь маргааны нөхцөл байдлаар нотлогдохгүй.

4. Нэхэмжлэгч байгууллагаас Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны зөвлөмжийг нотлох баримтаар гаргаж өгсөн байх ба уг зөвлөмжийн Асуудал 8 гэсэн хэсэгт “Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 47 тоот тушаалаар Н.С-ийг ажлаас халж, оронд өөр хүнийг томилсныг хууль бус гэж үзэн Н.С нь шүүхэд гомдол гаргаж 3 шатны шүүхээс ялсан байна. Байгууллагын даргын буруу шийдвэрээс болж 2015 онд 7 удаагийн шилжүүлгээр ажилгүй байсан хугацааны цалин болох 9 999 900 төгрөг, 2016 онд 5 285 780 төгрөгийг иргэн Н.С-д тухайн байгууллагын төсвөөс төлж байгууллагыг хохироосон байна. Үр нөлөө: дарга нарын хууль бус шийдвэрээс болж тухайн байгууллага хохирох, үргүй зардал гаргах, төсөв хэтрэх эрсдэлтэй” гэжээ. Дээрх зөвлөмжид Н.С-д тухайн байгууллагын төсвөөс цалин төлж байгууллагыг хохироосон гэсэн боловч нөхцөл байдлыг үнэнд нийцүүлэн тодруулаагүй байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, Н.С-д байгууллагын төсвөөс шууд байдлаар мөнгө шилжүүлсэн эсэх, байгууллагын төсөв тухайн ондоо хэтрэлтэй гарсан эсэх талаар ямар нэгэн дүгнэлт гаргаж, акт тогтоогоогүй бөгөөд хийсвэр маягаар хандаж, дүгнэлт гаргасан гэж ойлголоо. Түүнчлэн, үр нөлөө буюу дүгнэлт хэсэгт байгууллага хохирох, төсөв хэтрэх эрсдэлтэй гэж тусгасан байх ба үүнээс харахад, Н.С-д 7 удаагийн шилжүүлгээр ажилгүй байсан хугацааны цалинг шилжүүлэхэд төсвийн ямар хэсгээс зарцуулалт хийсэн гэдгийг тогтоогоогүй байна. Төсөв хэтрэх эрсдэлтэй гэсний хувьд Нийгмийн даатгалын хэлтэс нь тухайн онуудад төсвийн ямар нэгэн хэтрэлт гаргаагүй, мөн төсвийн хэмнэлтээр уг мөнгийг шилжүүлсэн байна. Энэ нь Төсвийн тухай хуулийн 46.1-д заасан “...Төсвийн захирагч төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн үр ашгийг сайжруулах зорилгоор тухайн төсвийн жилд захиран зарцуулж болно...”, 46.3-ын “...Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлд үндэслэн дараах арга хэмжээнд зарцуулж болно...” гэж заасантай тус тус нийцжээ. Иймд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст ямар хохирол учирсан, ямар хууль зөрчигдсөн эсэх тодорхойгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн болон үйл баримтын талаар тодруулан заагаагүй байх тул нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 443 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-ыг тус тус баримтлан хариуцагч С.Ш-ээс байгууллагад учирсан хохирол нийт 92 074 648 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч БАЭМНДХ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 212/МА2017/00113 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 443 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч БАЭМНДХ-ийн хариуцагч Жадик овогт Солтаны Шаяхметэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч С.Ш-ээс 16 667 360 төгрөг гаргуулан БАЭМНДХ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 75 407 288 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай”. гэж өөрчилж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар БАЭМНДХ-ийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар хариуцагч С.Ш-ээс 241 287 төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар БАЭМНДХ-ийн өмгөөлөгчийн гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Ш-, хариуцагчийн өмгөөлөгч Х.Т- нараас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна.

Гомдлын үндэслэл: Аливаа нэг зүйл өөрийн гэсэн зарчим, арга, ажиллах механизмтай бөгөөд үүний нэгэн адил хууль ч гэсэн өөрийн гэсэн аргачлал, механизм, зарчимтай. Түүний зохицуулалтын аргачлал оновчгүй байдлаар бий болвол хуулийн хэм хэмжээг буруу задлан, хуулийг буруу хэрэглэх байдал үүснэ. Энэ байдлаас үүдэн хувь хүний эрх ашиг зөрчигдөх боломж бий болдог. Иймдээ ч давж заалдах шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн судлалгүйгээр шүүхийн жишиг тогтоох нэрийдлээр буюу бодлогын хүрээнд хуульд нийцээгүй шийдвэр гаргаж, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж байна.

Магадлалын үндэслэх хэсэгт: “хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Н.С-ий ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 31 743 607 төгрөгийг БАЭМНДХ-ээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шат шатны шийдвэр, магадлал, тогтоолоор, БАЭМНДХ-ийн Н.С-д шүүхийн шийдвэрээр олгосон цалингийн тодорхойлолт, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт, Н.С-ий ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ” гэх дүгнэлтийн тухайд:

Магадлалын дээрх үндэслэлээс харахад 31 743 607 төгрөгийн хохирол учирсныг олж тогтоосон, гэвч бодит байдлаар 16 сая төгрөгийг төлсөн болох нь нотлогдсон гэх үндэслэл бүхий тайлбар нь хоорондоо зөрүүтэй байна. Учир нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт, Н.С-ий ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар 31 743 607 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь тогтоогдсон гэсний дараах үндэслэлдээ эдгээр баримтуудаар 16 сая төгрөг төлсөн болох нь нотлогдсон гэж 2 өөр зөрүүтэй үндэслэл бичсэн нь ойлгомжгүй болжээ. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт, Н.С-ий ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар Н.С-д 31 743 607 төгрөгийг олгосон байдал нь тогтоогдоогүй юм. Эдгээр нотлох баримтуудад зөвхөн 16 сая төгрөгийг Н.С-д аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон нь харагддаг болохыг дурдаж байна. Энэ нь шүүх бүрэлдэхүүний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн ойлгоогүй бөгөөд зөвхөн нэг талын ашиг сонирхлыг хангах үүднээс хийсвэр байдлаар хандсаныг харуулж байна.

“Хариуцагч С.Ш- нь БАЭМНДХ-ийн даргаар ажиллаж байх хугацаанд Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, Н.С-ийг удаа дараа ажлаас үндэслэлгүй халсан буруутай болох нь шат шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор нотлогдсон... гэх тухайд: Н.С-ийг анх Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Д.Д нь 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 4 тоот тушаалаар тус хэлтсийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга бөгөөд магадлагч эмчийн ажлаас Төрийн албаны тухай хуулийн 23.1.1, 24.1.3-д заасан үндэслэлээр чөлөөлсөн боловч аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоолоор ажилд эгүүлэн томилогджээ. Анх Н.С-ийг тус хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Д- ажлаас чөлөөлсөн байхад уг үйлдлийг С.Ш-д хамаатай хэмээн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй төдийгүй, түүнчлэн, энэ үеийн цалинтай холбоотой асуудлыг гэм буруутай этгээдээс /гэм буруутай гэдэг нь шүүхээр тогтоогдсон нөхцөлд/ гаргуулахыг шаардах эрхтэй байсан бөгөөд энэ нөхцөл байдлын улмаас С.Ш-ийг буруутгах үндэслэлгүй. Дараа нь С.Ш- тус хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаанд Н.С-ийг удаа дараа Нийгмийн даатгалын Ерөнхий газрын ЭХМТК-оос түүний ажлыг хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан, нөгөөтэйгүүр бичиг баримт бүрдүүлж бусдад тахир дутуугийн тэтгэвэр олгох боломж олгосон зэрэг Төрийн албаны тухай хуулийн ёс зүйг ноцтой зөрчсөн зөрчлийг үндэслээд ажлаас чөлөөлсөн хэдий ч шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон байх ба энэ талаар Ерөнхий газрын даргад уламжлан танилцуулахад, санхүүгийн зөрчилтэй хүнийг дахин томилж болохгүй гэсэн хариу ирүүлсэн учир томилохоос татгалзаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан эрхээ эдэлж, шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасныг мөн буруутгах боломжгүй.

Түүнчлэн шат шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор Н.С-ийг эгүүлэн тогтоосон шийдвэр гарснаар Ерөнхий газрын даргын үүрэг болгосноор /санхүүтэй холбоотой зөрчил гаргасан гэх үндэслэлээр тухайн албан тушаалд дахин томилж болохгүй/ байгууллагын даргын эрх хэмжээний дагуу өөр албан тушаалд буюу нэг цонхны үйлчилгээний улсын байцаагчийн албан тушаалд томилоход, Н.С өөрөө ажиллахаас татгалзсан болохыг дурдаж байна. Мөн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 5/14 дугаартай тушаалаар магадлагч эмчээр Н.С-ийг томилсон. Ажил хүлээлцүүлэх комиссын ахлагч Т.Ботакөз тэргүүтэй комисс Н.С-ийг дуудаж тушаал гардуулах гэтэл тушаалыг гардан авахаас татгалзсан ба аймгийн Сонгуулийн хороонд очиж, аймгийн ИТХ-ын сонгуульд 22 дугаар тойрогт бие даан нэр дэвшихээр болж, төрийн албанд цаашид ажиллахгүй гэдгийг мэдэгдэж байжээ. Энэ талаарх нотлох баримтыг анхан шатны шүүхээс Иргэний хуульд заасны дагуу цуглуулах тухай хүсэлт гаргахад, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Дээрх үйл баримтуудаас дүгнэж үзэхэд, С.Ш-ийг буруутгах ямар ч үндэслэл байхгүй бөгөөд Н.С нь өөрөө ажиллахаас татгалзсан үйлдлийг, С.Ш- хуульд заасан эрхээ эдэлснийх нь төлөө түүнийг гэм буруутайд тооцож байгаа нь учир дутагдалтай байна.

“С.Ш-ээс байгууллагад учруулсан хохирлоо нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 498.5 дахь зохицуулалтад нийцсэн, гэм буруутай” гэх тухайд: Гэм буруу гэх ойлголт нь гэм буруутай бол ялгүй гэсэн зарчимд дээр суурилна. Гэм буруу нь ял дээр үндэслэнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т “...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...” гэж заасан бөгөөд гэм буруугийн зарчмын хувьд тайлбарлахад, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй нөхцөлд гэм буруу гэх ойлголт яригдахгүй. Мөн Захиргааны хэргийн шүүхээс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын Н.С-ийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль бус гэж шийдвэрлэсэн. Энэ тохиолдолд ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль бус гэж томьёологдох ба уг шийдвэртэй холбогдуулан С.Шаяхтетийг шууд гэм буруутай этгээдээр тооцох нь буруу юм.

Түүнчлэн, Иргэний хуулийн 498.5-д “...Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй...” гэх зохицуулалт зөвхөн эрүүгийн гэмт хэрэгт хамааралтай ойлголт буюу гэмт хэрэг үйлдэж, тухайн хэрэг нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай этгээдэд хамаарах болохыг давж заалдах шатны шүүх буруугаар тайлбарлан хэрэглэжээ. Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт “...хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэг болох нь шүүхээр нотлогдсон тохиолдолд төрөөс гаргасан хохирлыг эрх бүхий байгууллагаас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5.-д заасан үндэслэлээр нэхэмжлэл гаргавал түүнийг шүүх ердийн журмаар шийдвэрлэнэ. “Эрх бүхий байгууллага” гэдэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох прокурорыг хэлнэ. Энэ төрлийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5.-д туссан зохицуулалтыг баримтлана...” гэж тайлбарласан бөгөөд үүнийг гэм буруутай албан тушаалтанд /гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон нөхцөлд/ төсөөтэй хэрэглэнэ. Мөн Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т “...албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргана...” гэж заасан байх ба өөрөөр хэлбэл төрийн нэрийн өмнөөс прокурор нэхэмжлэл гаргахаар зохицуулсан байх тул уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой.

“... анхан шатны шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй бөгөөд нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай талаас үнэлэх журмыг зөрчжээ” гэх тухайд:

Нэхэмжлэгч байгууллагаас Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны зөвлөмжийг нотлох баримтаар гаргаж өгсөн байх ба уг зөвлөмжийн Асуудал 8 гэсэн хэсэгт: “Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 47 тоот тушаалаар Н.С-ийг ажлаас халж, оронд нь өөр хүнийг томилсныг хууль бус гэж үзэн Н.С нь шүүхэд гомдол гаргаж 3 шатны шүүхээс ялсан байна. Байгууллагын даргын буруу шийдвэрээс болж 2015 онд 7 удаагийн шилжүүлгээр ажилгүй байсан хугацааны цалин болох 9 999 900 төгрөг, 2016 онд 5 285 780 төгрөгийг иргэн Н.С-д тухайн байгууллагын төсвөөс төлж байгууллагыг хохироосон байна. Үр нөлөө: дарга нарын хууль бус шийдвэрээс болж тухайн байгууллага хохирох, үргүй зардал гаргах, төсөв хэтрэх эрсдэлтэй” гэжээ. Энэхүү зөвлөмж бүхий тэмдэглэлд Н.С-д тухайн байгууллагын төсвөөс цалин төлж байгууллагыг хохироосон гэх боловч нөхцөл байдлыг үнэнд нийцүүлэн тогтоогоогүйгээс гадна үүнтэй холбоотой албан ёсны улсын байцаагчийн акт тавигдаагүй. Нөгөөтэйгүүр, Н.С-д байгууллагын төсвийн ямар хэсгээс мөнгө шилжүүлсэн эсэх, байгууллагын төсөв тухайн ондоо хэтрэлттэй буюу өртэй гарсан эсэхийг нотолж чадаагүй буюу төсөв хэтэрсэн гэх талаар нотлох баримт болон Төсвийн хуулийг зөрчсөн эсэхийг тогтоосон аудитын газрын дүгнэлт, акт байхгүй байна. Нэмж хэлэхэд, хэний, ямар үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч байгууллагад хэр хэмжээний хохирол учирсан эсэх, ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн буюу хэрэв хохирол бодит байдлаар учирсан гэж үзэж байгаа бол аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс үйл ажиллагааныхаа чиг үүргээ хуулийн хүрээнд хэрэгжүүлж чадахгүй байгаа гэдгээ нотлох, үүнийг нэхэмжлэлийн үндэслэлдээ заавал заах ёстой бөгөөд маргааны үйл баримт болон ямар эрх ашиг нь зөрчигдсөн талаарх үндэслэлээ тусгаагүй, өөрөөр хэлбэл энэ талаар ямар ч нотлох баримт байхгүй болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна. Мөн байгууллагад хохирол учирсан гэж үзвэл нягтлан бодогчийн тодорхойлолтоор нотлох баримт бүрдүүлэх биш, уг асуудлыг байгууллагын хамт олны өргөтгөсөн хуралдаанаар авч хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрч, улмаар байгууллагад хохирол учирсныг мэдэгдэх ёстой байх ба зөвхөн тухайн байгууллагын даргын ганцаарчилсан, хэн нэгний нөлөөнд автаж шийдвэрлэх асуудал биш юм. Иймд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э-аас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна. Үүнд:

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийг буруу хэрэглэсэн. Учир нь хариуцагч С.Ш- уг хуульд заасан “өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор”-ыг нэхэмжлэгч БАЭМНДХ-т учруулаагүй. С.Ш-ийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдэл нь энэ байсан гэж шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй. Ийм үйлдэл санаа зорилго түүнд огт байгаагүй. С.Ш- нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажил албан тушаалыг хашиж байхдаа өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд ажилтан Н.С-ийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж байсан төрийн удирдах албан тушаалтан юм. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн. С.Ш- нь нэхэмжлэгчийн эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээрээ гэм хор учруулаагүй. Хэлтсийн дарга ажилтнаа ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь тус байгууллагад хохирол учруулж байгаа санаатай үйлдэл биш юм. Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгийг хэрэглээгүй. Уг хуульд хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсадын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорыг ажил олгогч хариуцахаар зааж өгсөн. Нэг үгээр хэлбэл байгууллага хариуцаж арилгахаар зааж өгсөн. Гэтэл ажилтан Н.С хөдөлмөрийн гэрээгээр биш үр дүнгийн гэрээгээр ажиллаж байсан. Мөн ажил олгогч гэж байгууллагыг зааж өгснөөс биш иргэн С.Ш-ийг буюу хэлтсийн даргыг гэж зааж өгөөгүй. Ажилтан Н.С ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох нийт 31 743 607 төгрөгийг ажил олгогч буюу Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс төлөхөөр заасан удаа дараагийн шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байгаа. Нэг ёсондоо урьд шүүхээр шийдвэрлэсэн асуудлууд болно. Шүүхийн шийдвэрлэсэн асуудлыг дахин шийдвэрлэсэн. Н.С нь С.Ш-ээс гаргуулна гэж нэхэмжлэл гаргаагүй. Эдгээр шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангахын оронд иргэн С.Ш-ээс гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Мөн байгууллагаас Н.С-д өгөх нөхөн олговрын 31 743 607 төгрөгнөөс заримыг нь буюу 16 667 360 төгрөгийг иргэн С.Ш-ээс гаргуулж төлүүлэхээр заасан нь бүр ч үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх “Н.С-ий урьд авч байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 31 743 607 төгрөгөөс одоогийн байдлаар 16 667 360 төлсөн болох” нь нотлогдож байна гэсэн дүгнэлтийг хийсэн атлаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт ийм зохицуулалт байхгүй байгааг харсангүй. Хуулийг буруу хэрэглэлээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н-аас хариуцагч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд тайлбарлахдаа: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дүгээр, 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаар, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 43 дугаар, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 51 дүгээр, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Н.С-ийг тус тус ажлаас чөлөөлж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 65 дугаар, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаар, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2016/0508 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 98 дугаар, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 378 дугаар тогтоолоор Н.С-ийг ажилд эгүүлэн тогтоосон юм. Өөрөөр хэлбэл С.Ш- нь төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, шүүхийн 3 шатны шийдвэр байсаар байхад гурван ч удаа эрхийг зөрчсөн юм. Тухайлбал, Н.С-ийг ажлаас хууль бусаар халсны дараа шүүхийн 3 шатны шийдвэрээр эгүүлэн тогтоогдсоны дараа дараагийн өдөрт нь дахин ажлаас хууль бусаар халж дахиад 3 шатны шүүхээр маргалдах журмаар яваад дахин ажилд эгүүлэн тогтоосны дараа дахин ажлаас халж маргасаар байгаад 4 жил өнгөрөөсөн. Энэ хугацаанд ажилтан Н.С-д нийтдээ ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 31 743 607 төгрөгийг БАЭМНДХ-ээс гаргуулахаар шүүхээс шийдвэрлэсэн юм. Энэ нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 483 дугаар, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 391 дүгээр, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 599 дүгээр, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2016/0016 дугаартай шийдвэрүүд, Баян-Өлгий аймгийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 62 дугаар, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 125 дугаар, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1136 дугаар, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 001/252016/00511 дүгээр тогтоолууд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2016/0508 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 378 дугаар тогтоолоор, БАЭМНДХ-ийн Н.С-д шүүхийн шийдвэрээр олгосон цалингийн тодорхойлолт, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт, Н.С-ий ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Хариуцагч С.Ш- нь БАЭМНДХ-ийн даргаар ажиллаж байх хугацаанд Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, Н.С-ийг удаа дараа ажлаас үндэслэлгүй халсан буруутай болох нь шат шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор нотлогдсон байна. Үүнийг хариуцагч болон түүний өмгөөлөгч үгүйсгэж чадаагүй. БАЭМНДХ-ийн хариуцагч С.Ш-ээс байгууллагад учруулсан хохирлоо нэхэмжлэх эрхийг нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь зүйлээр олгосон юм. Энэ эрхийнхээ дагуу нэхэмжлэл гаргасан юм. БАЭМНДХ-ээс Н.С-ий ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 31 743 607 төгрөгөөс одоогийн байдлаар 16 667 360 төгрөгийг хариуцагч С.Ш-ийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас Н.С-д нөхөн төлж өгч нэхэмжлэгч байгууллагад бодит хохирол учирсан. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч байгууллагад учирсан бодит хохирлыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “...гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэсэнд нийцсэн юм. Иймд давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан зөв дүгнэсэн тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч БАЭМНДХ-ээс С.Ш-д холбогдуулан байгууллагад учруулсан хохирол 92 074 648 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч С.Ш- нь тус байгууллагын ажилтан Н.С-ийг үндэслэлгүйгээр ажлаас халж, хууль бусаар ажлаас халсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байтал шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй, ажилд нь эгүүлэн томилоогүйгээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 31 743 607 төгрөгийг олгох болоод байна, түүнчлэн хариуцагч нь 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хуурамч диплом ашиглаж тус байгууллагад ажиллаж байгаад, энэ хугацаанд нийт 60 331 041 төгрөгийн цалин авч энэ хэмжээгээр гэм хор учруулсан...” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...ажилтныг ажлаас чөлөөлсөнд намайг буруутай талаар шүүх тогтоогоогүй, түүнчлэн Н.С нь ажилд томилоход өөрөө ажлаа хүлээж аваагүй, сонгуульд оролцохоор бүртгүүлсэн, ажиллах хугацаандаа ажил үүргээ хангалттай биелүүлж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаас 16 667 360 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байх бөгөөд тэрээр хариуцагчаас төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн хууль зүйн үндэслэлээ тодорхойлоогүй, энэ тухай нотлох баримтгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч С.Ш- нь хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ, эсхүл контрактын гэрээний алийг ажил олгогчтой байгуулж ажил үүрэг гүйцэтгэж байсан болох, улмаар түүний ажлын байрны тодорхойлолт болон ажил үүрэг гүйцэтгэх, хариуцлага хүлээх тухай баримт хэрэгт авагдаагүйгээс тэрээр Хөдөлмөрийн тухай хуульд заасан эд хөрөнгийн бүрэн эсхүл хязгаарлагдмал хариуцлага хүлээх эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Н.С-ий 2016 оны 06 дугаар сарын 10-наас 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5 327 853 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилсэн байх бөгөөд нэхэмжлэлийн энэ шаардлагад хамааруулан хариуцагч нь Н.С-ийг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ажилд томилсон тушаал, ажил үүргээ гүйцэтгээгүй үндэслэлээр 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ажлаас чөлөөлсөн тушаалыг нотлох баримтаар гаргаж өгснийг “хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй” гэх үндэслэлээр нотлох баримтаас хасч шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9.-д зааснаар “...шүүх ...хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй...” баримтыг хэргийн нотлох баримтаас хасахаар зохицуулсан байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Харин тухайн хэрэгт ач холбогдол бүхий баримтыг гаргах, цуглуулах, бүрдүүлэх боломжийг зохигчдод олгохын тулд “...шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэсэн хуулийн дээрх заалтын зохицуулалтыг шүүх хэрэглээгүйгээс хэргийн оролцогчид нотлох баримт бүрдүүлэх, гаргаж өгөх үүргээ биелүүлэх боломжийг олгоогүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмыг зөрчиж, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх үүргээ биелүүлээгүй, нотлох баримт бүрдүүлэх хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй байхад давж заалдах шатны шүүх зөрчлийг засуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5., 168 дугаар зүйлийн 168.1.1. дэх заалтыг зөрчсөн байна.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байх боловч шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй тул гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 433 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 212/МА2017/00113 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч С.Ш-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД