Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 212/МА2018/00092

 

Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,  тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2018/00437 дугаар шийдвэртэй, тус аймгийн Өлгий сумын 5 дугаар багт орших, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, С.Ш-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.      

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып, хариуцагчийн өмгөөлөгч Х.Тасхын нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: (1) Ажилтан Н.С-д шүүхийн шийдвэрийн дагуу олгосон ажилгүй байсан хугацааны олговор буюу тухайн үед Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Ш-ийн байгууллагад учруулсан хохиролд 26.313.754 төгрөг, (2) ажилтан Н.С-ий 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 5.327.853 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 102.000 төгрөг, /нийлээд 31743607 төгрөг/, (3) С.Ш-ийн хуурамч диплом ашиглаж байгууллагад учруулсан хохиролд 60.331.041 төгрөг, нийт 92.074.648 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга асан С.Ш нь тус байгууллагын ажилтан Н.С-ийг удаа дараа илт хууль бусаар ажлаас нь халсан болох нь шүүхээр тогтоогдож, ажилгүй байсан хугацааны нийт 31.743.607 төгрөгийн цалин хөлсийг байгууллагаас олгож, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан байна. Өөрөөр хэлбэл, Н.С-ийг шүүхээс хуучин ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоосоор байхад хууль бусаар түүнийг дахин ажлаас халж удаан хугацаагаар шүүхэд маргаан үүсгэж, үндэслэлгүйгээр удаа дараагийн шүүхэд давж заалдсаны улмаас ажилгүй байсан хугацаанд цалин хөлс нь онц их хэмжээнд хүрчээ. Тухайлбал, Н.С-д шүүхийн шийдвэрийн дагуу олгосон мөнгийг дэс дараагаар нь бичвэл:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 483 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 62 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 653 тоот тогтоолоор Н.С-д 2013 оны 01 дүгээр сарын 10-наас 2013 оны 3 дугаар сарын 18-ны хүртэлх 2 сар 8 хоногт ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 150.400 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 41676 төгрөг төлсөн.

2. Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 611 дугаар захирамжаар Н.С-ний ажилгүй байсан хугацааны цалинд 9.999.030 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 87467 төгрөг төлсөн.

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 09-ны өдрийн 391 тоот шийдвэр, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 125 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1136 тоот тогтоолын дагуу 5.897.913 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 40.100 төгрөг төлсөн.

4. Баян-Өлгийн аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 599 тоот шийдвэр, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн 001/хт2016/00511 тоот тогтоолын дагуу 1.822.278 төгрөгийн өглөгтэй.

5. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 508 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 378 тоот тогтоолоор 6.850.240 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлөхөөр болсон.

6. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд 6 сар 6 хоног ажилгүй байсан хугацааны цалинд 5.327.853 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 102.000 төгрөг нэхэмжилж байна.

Иймд хариуцагч С.Ш-ээс байгууллагад учруулсан хохирол болох 31.743.607 /гучин нэгэн сая долоон зуун дөчин гурван мянга зургаан зуун долоон/ төгрөгийг гаргуулан өгнө үү.

 

2013 оны 1 дүгээр сарын 01-ээс, 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хуурамч дипломоор ажиллаж, байгууллагад учруулсан гэм хор болох 60.331.041 төгрөг, Н.С-ийг төрийн албанаас илт хууль бус тушаал гаргаж халснаас болж байгууллагаас түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.743.607 төгрөг нийт 92.074.648 /ерэн хоёр сая далан дөрвөн мянга зургаан зуун дөчин найман/ төгрөгийг С.Ш-ээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна.

С.Ш нь 2005 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хуурамч диплом ашиглаж тус байгууллагаас нийтдээ 60.331.041 төгрөгийн цалин хөлс авч ирсэн нь эрх бүхий байгууллагын тогтоолоор нотлогдон тогтоогдож байна. Нэгэнт хуурамч бичиг баримт ашиглан цалин хөлс авсан тохиолдолд уг цалин хөлсийг олгосон байгууллага буцаан шаардах эрх нь байгаа юм. С.Ш нь Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтсийг хууран мэхэлж, хуурамч дипломоор цалин хөлс авсан хууль бус ажиллагаанаас учирсан гэм хорыг өмнө нь гаргаж байсан гэм хорын нэхэмжлэлтэй хамтад нь хянан шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Учир нь аль аль нь байгууллагад учирсан гэм хор бөгөөд хариуцагч нь ганц хүн юм. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хамтад нь шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, тодруулах тухай шаардлагад: “Тус хэлтсийн дарга асан С.Ш нь магадлагч эмч Н.С-ийг удаа дараа хууль бусаар ажлаас халсан нь шүүхээр тогтоогдож ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 31.743.607 төгрөгийн цалин хөлсийг байгууллагаас олгож их хэмжээний гэм хор учруулсан. Үүнээс одоогийн байдлаар 26.726.600 төгрөгийг Н.С-ий ХААН банк дахь 5100000000 тоот дансанд шилжүүлж тооцоо хийв. Энэхүү мөнгийг төсвийн байгууллагын батлагдсан төсвөөс төлсөн талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн хуулийн этгээд хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 497.1, 498.5-д заасны дагуу гэм хорыг буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлнэ.” гэж заасны дагуу иргэн С.Ш-ээс улсад учирсан хохирол болох 31.743.607 төгрөгийг төлүүлж улсын төсвийн хохиролгүй болгохыг даалган шийдвэр гаргаж өгнө үү. Урьд нэхэмжлэлд дурдсан С.Ш-ийн хуурамч диплом ашиглан ажилд орж, цалин хөлс авч байсан тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.Үүнд: 

1. Нэхэмжлэгч гэх Т.Ө-ний нэхэмжлэлдээ дурдсан “Н.С-ийг удаа дараа илт хууль бусаар ажлаас халсан болох нь шүүхээр тогтоогдсон” тухайд: Н.С-ийг анх Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Д.Д нь 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 4 тоот тушаалаар тус хэлтсийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга бөгөөд магадлагч эмчийн ажлаас Төрийн албаны тухай хуулийн 23.1.1, 24.1.3-д заасан үндэслэлээр чөлөөлсөн байна. Гэтэл Н.С нь аймгийн ТАСЗөвлөлд хандаж ажилд эгүүлэн тогтоох тогтоол гарсан тул уг тогтоолыг үндэслэн ажилд томилсон. Энэ хугацаанд ажилгүй байсан гэх 1.500.000 төгрөг болно. Дараа нь намайг тус хэлтсийн даргаар ажиллаж байхад Н.С-ийг удаа дараа Нийгмийн даатгалын Ерөнхий газрын ЭХМТКомиссоос ажлыг нь хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан ба, мөн хуурамч бичиг баримт бүрдүүлж бусдад тахир дутуугийн тэтгэвэр олгох боломж олгосон зэрэг Төрийн албаны тухай хуулийн ёс зүйг ноцтой зөрчиж байсан учир ажлаас чөлөөлсөн боловч шүүх эгүүлэн тогтоосон. Энэ талаар Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргад уламжлан танилцуулахад санхүүгийн зөрчил гаргасан хүнийг авч болохгүй гэсэн шийдвэр өгч байсан. Үүнээс үзэхэд Н.Сийг ажлаас халсан явдал үгүй болно. Үүнийг Т.Ө дарга нь хууль бус уу? Эсвэл үндэслэл байсан уу? гэдэгт дүгнэлт хийх эрх бүхий этгээд биш мөртлөө төрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд намайг ийнхүү илт хууль бусаар ажлаас халсан гэж хэтэрхий басамжлан доромжилсонд маш их харамсаж байна. Н.Сий 2016 оны 6 дугаар сарын 10-аас 2016 оны 2 дугаар 16-ны хоорондох цалинг нэхэмжилсэн тухайд бол Н.С-ийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 5/14 тоот тушаалаар магадлагч эмчээр томилсон. Ажил хүлээлцэх комиссын ахлагч Т.Б тэргүүтэй комисс ажилд орох болсон тул дуудаж тушаал гардуулах гэтэл “Та бүхэн ирэх юм бол энд байгаа залуучуудаар зодуулна" гэж айлган сүрдүүлсэн гэсэн. Энэ тухай тушаалд орсон комиссын бүрэлдэхүүнээс тайлбар авах нь зүйтэй. Мөн Н.С нь сонгуулийн хороонд очиж аймгийн ИТХ-ын сонгуульд 22 дугаар тойрогт бие даан нэр дэвшиж байгаа гэсэн.

2. С.Ш би 4 жилийн хугацаанд Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажил албан тушаалыг гүйцэтгэж байсан. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулж төрийн албыг нэр төртэй гүйцэтгэж 4 жилийн хугацаанд А үнэлгээтэй буюу 95 оноогоор дүгнүүлж ирсэн ба ТЗ-9 дэх ангиллаар цалинждаг тангараг өргөсөн төрийн албан хаагч юм. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 зааснаар төрийн албан хаагч надад байгууллагад учирсан хохирлыг төлөх үүрэг хуулиар ногдоогүй. Харин Т.Ө гуай хуулийн энэ заалтын шаардлагыг ойлгоогүй юм уу, эсвэл надаас зөрчил дутагдал олохын тулд та бүхнийг хууль мэддэггүй юм шиг бичсэнд нь гайхаж байна. Н.С-ий талаар гаргасан миний тушаалууд Захиргааны хууль хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө өөрөөр хэлбэл 2013-2016 онуудын хооронд билээ. Тэгээд ч урьд гаргасан шүүхийн шийдвэрүүдэд С.Ш намайг хууль бусаар ажлаас халсан гэж тогтоох хэсэгт дүгнээгүй бөгөөд түүний ажилгүй байсан хугацааны цалинг надаар төлүүлэх гэсэн заалт байхгүй болно. Н.С-д шүүхийн шийдвэрээр олгох цалинг тухайн үед Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргад Аймгийн Нийгмийн Даатгалын Хэлтсийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 4 тоот албан тоот хүргүүлж зөвшөөрөл авч байсан болно. 3ахиргааны ерөнхий хууль 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр УИХ-аар батлагдаж 2016 оны 7 дугаар сарын 1-ээс дагаж мөрдсөн. Н.С-ийг ажлаас чөлөөлсөн миний гарын үсэг бүхий тушаалыг шүүхэд ирүүлээгүй байна. Нэхэмжлэгч Т.Ө нь шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг зөрчсөн байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэмэлт тайлбарт: “Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн С.Ш-д холбогдуулан гаргасан 2013 оны 1 дүгээр сарын 01-ээс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хуурамч дипломоор ажиллаж байгууллагад учруулсан гэм хор болох 60.331.041 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн тухай хүсэлттэй танилцаж үзээд дараах тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд гаргаж байна.

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ: С.Ш нь 2005 оны 3 дугаар сарын 11-нээс 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хуурамч диплом ашиглаж тус байгууллагаас нийтдээ 60.331.041 төгрөгийн цалин хөлс авч ирсэн нь эрх бүхий байгууллагын тогтоолоор нотлогдон тогтоогдож байна гэжээ. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагад 2013 оноос 2017 он хүртэлх хугацааны цалин, нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт 2005-2017 он хүртэлх хугацааны цалинг гэж нэхэмжилсэн байх ба нэхэмжлэгч байгууллагаас чухам хэдээс хэдэн он хүртэлх хугацааны цалин хөлсний хохирол нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, тодорхой бус байна. Нөгөөтээгүүр, хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд хэний ямар үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан эсэх, ямар хууль зөрчигдсөн, эсхүл нийтийн эрх зүйн ямар чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн буюу хэрэв хохирол бодит байдлаар учирсан гэж үзэж байгаа бол аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс үйл ажиллагааныхаа чиг үүргээ хуулийн хүрээнд хэрэгжүүлж чадахгүй байгаа гэдгээ нотлох, үүнийг нэхэмжлэлийн үндэслэлдээ заавал заах ёстой бөгөөд маргааны үйл баримт болон ямар эрх ашиг нь зөрчигдсөн талаарх үндэслэлээ тусгаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй байна.

2. Энэхүү нэхэмжлэлийг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Ө өөрөө гаргасан эсэх нь эргэлзээтэй. Учир нь, шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон сүүлд нэхэмжлэлийг ихэсгэсэн тухай албан бичигт зурсан гарын үсэг нь зөрүүтэй харагдаж байна.

3. Мөн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж үзвэл энэ нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй ба энэ талаар холбогдох байгууллагад шалгуулж хохирол учирсан эсэхийг тогтоолгосон байх шаардлагатай бөгөөд байгууллагад хэн гэдэг ямар албан тушаалтан хохирол учруулсан эсэх нь маргааны нөхцөл байдлаар нотлогдохгүй.

4. Нэхэмжлэгч байгууллагаас Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны зөвлөмжийг нотлох баримтаар гаргаж өгсөн байх ба уг зөвлөмжийн Асуудал 8 гэсэн хэсэгт "Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 47 тоот тушаалаар Н.С-ийг ажлаас халж, оронд өөр хүнийг томилсныг хууль бус гэж үзэн Н.С нь шүүхэд гомдол гаргаж 3 шатны шүүхээс ялсан байна. Байгууллагын даргын буруу шийдвэрээс болж 2015 онд 7 удаагийн шилжүүлгээр ажилгүй байсан хугацааны цалин болох 9.999.900 төгрөг, 2016 онд 5.285.780 төгрөгийг иргэн Н.С-д тухайн байгууллагын төсвөөс төлж байгууллагыг хохироосон байна.Үр нөлөө: дарга нарын хууль бус шийдвэрээс болж тухайн байгууллага хохирох, үргүй зардал гаргах, төсөв хэтрэх эрсдэлтэй" гэжээ. Дээрх зөвлөмжид Н.С-д тухайн байгууллагын төсвөөс цалин төлж байгууллагыг хохироосон гэсэн боловч нөхцөл байдлыг үнэнд нийцүүлэн тодруулаагүй байна гэж үзлээ.Өөрөөр хэлбэл, Н.С-д байгууллагын төсвөөс шууд байдлаар мөнгө шилжүүлсэн эсэх, байгууллагын төсөв тухайн ондоо хэтрэлтэй гарсан эсэх талаар ямар нэгэн дүгнэлт гаргаж, акт тогтоогоогүй бөгөөд хийсвэр маягаар хандаж, дүгнэлт гаргасан гэж ойлголоо.

Түүнчлэн, үр нөлөө буюу дүгнэлт хэсэгт байгууллага хохирох, төсөв хэтрэх эрсдэлтэй гэж тусгасан байх ба үүнээс харахад, Н.С-д 7 удаагийн шилжүүлгээр ажилгүй байсан хугацааны цалинг шилжүүлэхэд төсвийн ямар хэсгээс зарцуулалт хийсэн гэдгийг тогтоогоогүй байна. Төсөв хэтрэх эрсдэлтэй гэсний хувьд Нийгмийн даатгалын хэлтэс нь тухайн онуудад төсвийн ямар нэгэн хэтрэлт гаргаагүй, мөн төсвийн хэмнэлтээр уг мөнгийг шилжүүлсэн байна.

Энэ нь Төсвийн тухай хуулийн 46.1-д заасан ...Төсвийн захирагч төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн үр ашгийг сайжруулах зорилгоор тухайн төсвийн жилд захиран зарцуулж болно..., 46.3-ын ...Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлд үндэслэн дараах арга хэмжээнд зарцуулж болно... гэж заасантай тус тус нийцжээ. Иймд, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст ямар хохирол учирсан, ямар хууль зөрчигдсөн эсэх тодорхойгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн болон үйл баримтын талаар тодруулан заагаагүй байх тул нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2018/00437 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч С.Ш-ээс байгууллагад учирсан хохирол нийт 92.074.648 (ерэн хоёр сая далан дөрвөн мянга зургаан зуун дөчин найман) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд: Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С миний бие Баян Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2018/00437 тоот шийдвэрийг эс зөвшөөрч шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.Үүнд:

1.Анхан шатны шүүх хариуцагч С.Ш нь Нийгмийн Даатгалын хэлтсийн дарга хийж байхдаа үр дүнгийн гэрээг маш сайн үнэлгээтэй хамгаалж байсан бөгөөд гэрээндээ эд хөрөнгийн талаар бүрэн эсхүл хязгаарлагдмал хариуцлага хүлээх талаар заалт ороогүй, хариуцлага хүлээх талаар гэрээ байгуулаагүй тул тус хэлтэст учирсан хохирлыг С.Ш-ээр төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж шударга бусаар дүгнэж хариуцагчийг өөгшүүлэн дэмжиж, хамгаалсан байдалтай дүгнэлт хийсэн. Энэ хохирол нь С.Ш-ийн буруутай үйл ажиллагааны улмаас тус хэлтэст учруулсан бодит хохирол гэдгийг шүүхүүд тогтоосон байдаг. Хэдий үр дүнгийн гэрээнд тусгаагүй байсан ч Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн захирагч нь хариуцлагатай байх зарчим, /Төсвийн тухай Хуулийн 5  дугаар зүйлийн.5.1.5 заалт/ мөн зарчмыг хэрэгжүүлэхийн тулд тухайн байгууллагын төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар харьцуулах зарчим, /Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1/ төсвийг зохистой удирдаж өр авлага үүсгэхгүй байх, /Төсвийн тухай хуулийн 6.4.8/ хариуцлагатай байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлдэг ба Төсвийн захирагч нь төсвийн талаар хариуцлага хүлээдэг байхаар /Төсвийн тухай хуулийн 6.6.1/ тусгаж зохицуулагдсан байдаг.Өөрөөр хэлбэл Төсвийн төвлөрүүлэн захирагч Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын өмнө Төсвийн захирагч С.Ш нь хариуцлага хүлээж, төсвийг үр ашигтай, зохистой хэмнэлтэй зарцуулах үүргийг тухайн хуулиар хүлээсэн байдаг болохоор анхан шатны шүүх энэ хуулийг хэрэглээгүй ба хэрэглэхийг хүсээгүй байжээ. С.Ш-ийн төсвийг төвлөрүүлэн хийсэн үр дүнгийн гэрээнд байгууллагын төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах талаар үүрэг хүлээсэн заалт тусгагдсан байгаа. Түүнээс гадна үр дүнгийн гэрээ нь бүх нийтээр дагаж мөрдөх эрхийн акт, хууль биш болно.

2.”Бусдын эд хөрөнгө халдашгүй дархан байна” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим алдагдсан гэж үзэж байна.Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрийн утга агуулга,үзэл санаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн энэ зарчмын эсрэг дүгнэгдсэн байна гэж үзэхээр байна. Учир нь С.Ш нь төсвийн захирагч байсан хэдий ч түүний хариуцаж байсан эд хөрөнгө нь ядарсан төсвийн хөрөнгө байсан учраас С.Ш нь түүнд хариуцлагагүй хандаж, тойруу замаар хууль бусаар халдах эрх түүнд байхгүй гэдгийг анхан шатны шүүх анзаараагүй байна

З.Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байна. Шийдвэрийн 11 дүгээр талд “нэхэмжлэгч аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан” гэсэн атлаа татгалзлын талаар мөн дурдаж хоёрдмол утгаар нь дүгнэжээ. Хэрэв нэхэмжлэгч хүсэл зоригоо бүрэн илэрхийлж багасгасан бол энэ талаар шүүх дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шаардлагагүй байсан.Түүнээс харахад анхан шатны шүүх нь хэт нэг талын эрх ашгийг хамгаалан, гаднын нөлөөнд автагдсан гэж үзэхээр байна.

4.Нэхэмжлэгч Н.С-ний эрх ашгаа хамгаалах үүднээс шүүхэд гаргаж байсан нэхэмжлэл, гомдол энэ хэрэгт огт хамааралгүй байна. Харин Н.С намайг залхаан цээрлүүлэх үүднээс эрх хэмжээгээ хэтрүүлэн С.Ш нь хугацаа алдагдуулан гомдол гаргаж яваад байсныг анхан шатны шүүх анхаараагүй байна. Учир нь шийдвэрт дурдсанчлан     "С.Ш нь Нийгмийн Даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Н.С-ийг удаа дараа ажлаас нь үндэслэлгүй халсан буруутай болох нь нотлогдож байгаа” гэж дүгнэсэн байсан.

5. Анхан шатны шүүх Захиргааны Ерөнхий хуулийг хэрэглэх ёстой байсан боловч уг хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй. С.Ш-ийн тус төсөвт учруулсан хохирол нь бодит хохирол мөн болно. Учир нь Н.С-ий нөхөн олговрыг хэлтсийн төсвөөс төлж яваад байсан. Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд Иргэнд учруулсан хохирлыг барагдуулсны улмаас өөрт нь учирсан хохирлыг захиргааны байгууллага гэм буруутай этгээд буцаан төлүүлэхээр зохицуулагдсан байгаа тул энэ үүднээс Нийгмийн даатгалын хэлтэс хохирлыг нь С.Ш-ээр төлүүлэх нь зүйд нийцнэ.

Иймд анхан шатны шүүхийн 00437 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах, эсвэл анхан шатны журмаар дахин хэлэлцүүлж өгөхийг Давж заалдах шатны шүүхээс хүсэж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 437 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзээд хэсэгчлэн эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийг анхан шатны шүүх тайлбарлахдаа "хариуцагчийн шууд санаатай, гэм буруутай үйл ажиллагаанаас хохирол учирсан болох нь тогтоогдсон боловч үр дүнгийн гэрээгээ маш сайн үнэлүүлэн, үр бүтээлтэй ажилласан ба эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулаагүй учраас хариуцлага хүлээлгэх боломжгүй" гэж тайлбарласан байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийг хэрэглэх урьдчилан нөхцөл дотор эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байх ёстой гэсэн шаардлага байхгүй. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байсан эсэхээс үл хамааран албан тушаалтан өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж, хохирлоо гаргуулах эрхтэй талаар маш тодорхой зааж өгсөн. Хариуцагч С.Ш нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаанд Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, Н.С-ийг удаа дараа ажлаас үндэслэлгүй халсан буруутай болох нь шат шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор нотлогдсон ба үүнээс болж байгууллагад 31.743.607 төгрөгийн бодит гэм хор учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Хариуцагч С.Ш-ийн шууд санаатайгаар хийсэн буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгч байгууллагад хохирол учирсан гэж зөв дүгнэсэн боловч Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс болж шүүхийн шийдвэр үндэслэлгүй болж гарсан. Тухайлбал, С.Ш-ийн гэм буруугаас болж ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд байгууллагын хөрөнгөөс иргэн Н.С-д олгосон 31.743.607 төгрөгийг буруутай этгээдээр төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байсан. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С нь хариуцагч С.Ш-ээс хуурамч бичиг баримт ашиглан 60.331.041 төгрөгийн цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа талаар удаа дараа тодруулан үндэслэлээ ярьж байсан боловч анхан шатны шүүх түүний энэхүү шаардлагын талаар дүгнэлт хийлгүйгээр орхигдуулж байгаа нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрсөн. Нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн бүх эрхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С-д шилжүүлэн итгэмжлэл олгосон байсан. Энэхүү итгэмжлэлийн дагуу Н.С нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах, ихэсгэх, багасгах болон татгалзах зэрэг нэхэмжлэгчийн бүрэн эрхийг эдэлж байгаа боловч анхан шатны шүүхээс түүний итгэмжлэлээр олгосон эрхийг нь хязгаарлан хэргийг шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С-ий нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан хэлснийг анхан шатны шүүхээс буруу тодорхойлон, дутуу дүгнэлт хийсэн байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч С.Ш-д холбогдуулан (1) ажилтан Н.С-д шүүхийн шийдвэрийн дагуу олгосон ажилгүй байсан хугацааны олговор буюу тухайн үед Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Ш-ийн байгууллагад учруулсан хохиролд 26.313.754 төгрөг, (2) ажилтан Н.С-ий 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 5.327.853 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 102.000 төгрөг, /нийлээд 31743607 төгрөг/, (3) С.Ш-ийн хуурамч диплом ашиглаж байгууллагад учруулсан хохиролд 60.331.041 төгрөг, нийт 92.074.648 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн гурван шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.4, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс гадна нэхэмжлэгчийн шаардлага тус бүрийг зөв тодорхойлоогүйгээс зарим нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            1. С.Ш-ийн хуурамч диплом ашиглаж байгууллагад учруулсан хохиролд 60.331.041 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь иргэн С.Ш-д холбогдуулан тус хэлтсийн даргаар ажиллаж байхдаа байгууллагад учруулсан хохирол 92.074.648 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2005 оны 3 дугаар сарын 11-ээс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хуурамч диплом ашиглаж даргаар ажиллаж цалин хөлст авсан 60.331.041 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан /2 дугаар хавтас 226 тал/ байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн гэж үзэж анхан шатны шүүх 92.074.648 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг ихэсгэх, багасгах, эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгосон болохоос итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөр нэхэмжлэлийн шаардлага гаргах, нэхэмжлэх эрхгүй байна. Учир нь, нэхэмжлэгчээс Н.С-д 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр итгэмжлэл олгосны дараа 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, зарим нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх жинхэнэ нэхэмжлэгчийн хүсэл зоригийг удирдлага болгох нь зүйтэй юм.

 

2. Ажилтан Н.С-ий 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 5.327.853 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 102.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн тухайд:

            Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 31.743.607 төгрөгөөс 26.313.754 төгрөгийг ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болж биелэгдсэн ба үлдсэн 5.327.853 төгрөгийн /2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх 6 сар 6 хоногийн цалин/ дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, 102.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид нийт 5.429.853 төгрөгийг Н.С-д олгохоор  шүүхийн шийдвэр гараагүй байхад уг мөнгийг нэмж ирээдүйд манай байгууллага төлөх болно гэх үндэслэлээр шууд хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь Н.С нь уг мөнгийг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжлээгүй, уг мөнгийг Н.С-д төлсөн талаарх нотлох баримт, шүүхийн шийдвэр хэрэгт байхгүй байхад  нэмж нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул   5.429.853 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

 

3. С.Ш-ийн байгууллагад учруулсан хохиролд 26.313.754 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

           

Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дүгээр, 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаар,  2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 43 дугаар, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 51 дүгээр, 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Н.С-ийг тус тус ажлаас чөлөөлж,  Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 65 дугаар, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 16 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаар, 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2016/0508 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 98 дугаар, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 378 дугаар тогтоолоор Н.С-ийг ажилд эгүүлэн тогтоож, Н.С-ий ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 26.313.754 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 483 дугаар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 391 дүгээр, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 599 дүгээр, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 110/ШШ2016/0016 дугаартай шийдвэрүүд, Баян-Өлгий аймгийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 62 дугаар, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 125 дугаар, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1136 дугаар, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 001/252016/00511 дугаар тогтоолууд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2016/0508 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 378 дугаар тогтоолоор, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн Н.С-д шүүхийн шийдвэрээр олгосон цалингийн тодорхойлолт, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт, Н.С-ний ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

            Хариуцагч С.Ш нь Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаанд Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, Н.С-ийг удаа дараа ажлаас үндэслэлгүй халсан буруутай болох нь шат шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор нотлогдсон байна.

 

            Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хариуцагч С.Шээс байгууллагад учруулсан хохирлоо нэхэмжилсэн нь Иргэний  хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь зохицуулалтад нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Н.С-ний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 31.743.607 төгрөг нэхэмжилснээс одоогийн байдлаар 26.313.754 төгрөгийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт шүүхийн шийдвэр гарч уг мөнгийг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс Н.С-д төлсөн болох нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн тодорхойлолт, Н.С-ний ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтаар нотлогдсон  байхад анхан шатны шүүх хариуцагч С.Ш нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд жил бүр Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулж, гэрээг дүгнүүлж А буюу маш сайн гэх үнэлгээ авч байсан, үр дүнгийн гэрээнд эд хөрөнгийн бүрэн эсхүл хязгаарлагдмал хариуцлага хүлээх тухай заагаагүй байх тул түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 31.743.607 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй бөгөөд нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай талаас үнэлэх журмыг зөрчжээ.

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 31.743.607 төгрөгөөс 26.313.754 төгрөгийг ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговроос 9.255.472 төгрөг нь Хууль зүйн дотоод хэргийн сайдын А/277 дугаартай тушаалаар Н.С-ний өөрийн дансанд шууд орсон /2 дугаар хавтас 128 тал/ ба уг мөнгийг Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс төлсөн болох нь тогтоогдоогүй тул 9.255.472 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.

            Анхан шатны шүүх хариуцагч С.Ш нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд жил бүр Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулж, гэрээг дүгнүүлж А буюу маш сайн гэх үнэлгээ авч байсан, үр дүнгийн гэрээнд эд хөрөнгийн бүрэн эсхүл хязгаарлагдмал хариуцлага хүлээх тухай заагаагүй байх тул түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь Хөдөлмөрийн сайдын 1991 оны 216 дугаар тогтоолоор “Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх албан тушаалтны жагсаалт”-ыг баталсан ба уг жагсаалтаар Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаал нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ заавал байгуулах ажил, албан тушаалтанд хамаарахгүй байна.

 

Хөдөлмөрийн сайдын 1991 оны 216 дугаар тогтоолыг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/249 дугаартай “Эрх зүйн зөрчилтэй захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох тухай” тушаалаар хүчингүй болгожээ. Энэ хугацаанд хариуцагч С.Ш нь Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан ба түүнтэй заавал үр дүнгийн гэрээ байгуулах албан тушаалтан биш боловч Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5., 6 дугаар зүйлийн 6.4.1., 6.4.8., 6.6.1.-д заасныг зөрчиж Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн төсвийг хэтрүүлсэн өр үүсэх үндэслэл бий болжээ.

Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргатай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдаагүй нь түүнийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5.-д зааснаар байгууллагад учруулсан хохирлоос чөлөөлөх үндэслэл болохгүйгээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 132, 133, 135 дугаар зүйлээс үзвэл, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг ажил олгогчтой биш, харин тодорхой ажил үүргийн онцлог бүхий ажилтантай байгуулахаар заасан байна.

            Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 31.743.607 төгрөгөөс 1.504.850 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 41.676 төгрөг,  нийт 1.546.526 төгрөгийн /2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 2 сар 05 хоногийн/ дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч С.Ш-ээс нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Н.С-ийг анх 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн албан тушаалтан нь С.Ш биш, тухайн үеийн дарга байсан Д.Д байх тул уг хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, улсын тэмдэгтийн хураамж болох 1.546.526 төгрөгийг хариуцагч С.Ш хариуцах үндэслэл тогтоогдохгүй тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

            Иймд, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 31.743.607 төгрөгөөс Н.С-д олгосон, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 15.511.756 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16.231.851 төгрөгийг /5327853+9255472+1546526+102000/ хэрэгсэхгүй болгож, 60.331.041 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээж авах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2018/00437 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

 

“1.а. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч С.Ш-д холбогдуулан гаргасан байгууллагад учруулсан хохирол 60.331.041 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргээс уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

1.б. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн  хариуцагч С.Ш-д холбогдуулан гаргасан “ажилтан Н.С-ний 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 5.327.853 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.”

 

1.в. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хариуцагч С.Ш-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч С.Ш-ээс 15.511.756 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 10.903.998 /10.801.998+102.000/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

2 дахь заалтыг:

 

“2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч С.Ш-ээс 235508.78 төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

                                                           

                                                                                                            Д.КӨБЕШ