Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2021/0011

 

 

 

 

 

 

 

 

“ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, Г.З, хариуцагч Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга Б.Б, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга П.М, хариуцагч нарын өмгөөлөгч Ч.Г, Б.Б нарыг оролцуулан, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаа илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаар шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын “ХХ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайд хийх хайгуулын ажлын Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад “ХХ” ХХК-ийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө-г зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж,

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, 14.6, 14.7 дахь хэсэгт заасныг тус тус заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Газар тусгай хамгаалалтад авах тухай 14/05 дугаар тогтоолыг 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, уг асуудлыг дахин авч хэлэлцэхийг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд даалгаж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Газар тусгай хамгаалалтад авах тухай 14/05 дугаар тогтоолыг түдгэлзүүлсэн 2 /хоёр/ сарын хугацаанд уг асуудлыг дахин авч хэлэлцэж шийдвэрлээгүй бол Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Газар тусгай хамгаалалтад авах тухай 14/05 дугаар тогтоол хүчингүй болохыг мэдэгдэж,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн үүссэн хохирол 1 026 102 611.00 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж...” шийдвэрлэжээ.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга Б.У, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.М нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...“ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг Өвөрхангай аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 20 дугаартай шүүхийн шийдвэр гаргасан байна. Тус шүүхийн шийдвэрээр:

1. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын “ХХ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайд хийх хайгуулын ажлын “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан сумын Засаг даргад “ХХ” ХХК-ийн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж,

2. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Газар тусгай хамгаалалтад авах тухай” 14/05 дугаар тогтоолыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, уг асуудлыг дахин хэлэлцэхийг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж,

3. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Газар тусгай хамгаалалтад авах тухай” 14/05 дугаар тогтоолыг түдгэлзүүлсэн 2 сарын хугацаанд уг асуудлыг дахин авч хэлэлцэж шийдвэрлээгүй бол Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Газар тусгай хамгаалалтад авах тухай” 14/05 дугаар тогтоол хүчингүй болохыг мэдэгдэж,

4. Нэхэмжлэгчийн “үүссэн хохирол 1,026,102,611,00 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах” нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар тус тус шийдвэрлэсэн.

Хариуцагчийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан эрхийн дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1, 2, 3 дахь заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Өвөрхангай аймаг дах Захиргааны хэргийн Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасныг зөрчиж, хуулийн болон бодит үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

Нэг. Шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалт нь хуулийн болон бодит үндэслэлгүй талаар:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад “Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга “ХХ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайд хийх хайгуулын ажлын “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад “ХХ” ХХК-ийн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгасугай” гэж шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрээс харахад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад заасан “Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга “ХХ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайд хийх хайгуулын ажлын “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, батлахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ дараах зөрчлүүдийг гаргасан байна. Тухайлбал 

Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “... байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүлээн авч хянан үзэж зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэж байгаачлан “ХХ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайд хийх хайгуулын ажлын Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасны дагуу баталгаажуулж, олгохыг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад даалгах” шийдвэрийг шууд гаргах боломжгүй. Учир нь захиргааны хэргийн анхан шатны шүүх нь захиргааны байгууллага биш тул захиргааны байгууллага, албан тушаалтны хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх боломжгүй харин зөвхөн хуулиар харьяалуулсан хэрэг маргааныг шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг болно. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлах эрх хэмжээг холбогдох хуулийн дагуу зөвхөн сумын Засаг даргад үүрэг болгосон ба сумын Засаг дарга үүргээ хэрэгжүүлээгүй байх тул уг төлөвлөгөөг хянан үзэж зохих журмынхан дагуу батлах эсэхээ шийдвэрлэхийг буюу хуулиар хүлээлгэсэн тодорхой чиг үүргээ хэрэгжүүлэхийг шүүхээс даалгаж шийдвэрлэж байна.” гэж дүгнэжээ. Ингээд анхан шатны шүүх энэ шаардлагыг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас Татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний ашиг сонирхол нь зөрчигдсөн бол улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасныг үндэслэл болгосон байна.

Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ 1 дэх заалтаараа сумын Засаг дарга тухайн аж ахуйн нэгжийн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл шүүх тухайн шатны Засаг дарга ямар үндэслэлээр “ХХ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайд хийх хайгуулын ажлын “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахгүй байгаа талаар судлаагүй бөгөөд энэ талаар огт нэг ч дүгнэлт хийгээгүйгээс гадна хэрхэн шийдвэрлэх нь Засаг даргын эрх хэмжээний асуудал хэмээн дүгнэсэн атлаа “... батлахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож ...” хэмээн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх шийдвэртээ энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэсэн бөгөөд гагцхүү хариу өгөхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй юм гэсэн дүгнэлт хийсэн атлаа, шийдвэртээ батлахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй хэмээн заасан нь үндэслэлгүй билээ. Өөрөөр хэлбэл шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт дүгнээгүй асуудлаа Тогтоох хэсэгтээ зааж өгсөн нь шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт заасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасныг зөрчиж байна.

Нөгөөтээгүүр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж , шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчжээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нэгэнт хангаж шийдвэрлэх боломжгүй, шүүхийн эрх хэмжээнээс хэтэрсэн асуудал байвал шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох ёстой. Гэтэл анхан шатны шүүх “... захиргааны хэргийн анхан шатны шүүх нь захиргааны байгууллага биш тул захиргааны байгууллага, албан тушаалтны хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх боломжгүй” гэж дүгнэсэн атлаа, нэхэмжлэлийн шаардлагад заагаагүй шийдвэр гаргаж хариуцагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шийдвэрийн 1 дэх заалт хэрэгжих боломжгүй, хоорондоо зөрчилтэй байна. Тухайлбал ... батлахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй гэж шүүх тогтоочихоод хэрхэн зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж байгаа нь утга агуулгын илэрхий алдаатай, логикгүй шийдвэр байна.

Анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийн хүрээнд ямар учраас “ХХ” ХХК-ийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлаагүй талаар дүгнэлт хийгээгүй тул Засаг даргыг хууль бусаар тийнхүү нэхэмжлэгчийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлаагүй гэж тогтоох боломжгүй билээ.

Дээрхээс дүгнэхэд Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалт бодит үндэслэлгүйгээс гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээр дурдсан холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн тул хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Хоёр . Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалт нь хуулийн болон бодит үндэслэлгүй талаар:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дах заалтад “ Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5, 14.6, 14.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Газар тусгай хамгаалалтад авах тухай” 14/05 дугаар тогтоолыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, уг асуудлыг дахих авч хэлэлцэхийг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасугай” гэж, мөн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Газар тусгай хамгаалалтад авах тухай” 14/05 дугаар тогтоолыг түдгэлзүүлсэн 2 сарын хугацаанд уг асуудлыг дахин авч хэлэлцэж шийдвэрлээгүй бол Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Газар тусгай хамгаалалтад авах тухай” 14/05 дугаар тогтоол хүчингүй болохыг мэдэгдсүгэй” гэжээ.

Шүүхийн шийдвэр болон түүний үндэслэх хэсгээс харахад анхан шатны шүүх Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг үндсэн нэг асуудалд /хууль бус эс үйлдэхүй/-д буруутгасан байна. Тэр нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийсэн эсэх талаар юм. Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу маргаан нь захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 60, 61, 62 дугаар зүйлийг зөрчсөн талаар байна. Гэтэл шүүхээс энэ талаар дүгнэлт хийж, нотлох баримтыг цуглуулж, талуудыг мэтгэлцүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Нөгөөтээгүүр хариуцагчийн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбараас харахад захиргааны хэм хэмжээ тогтоосон актын хууль зүйн үндэслэл гэхээсээ илүү талуудын хооронд үүссэн зөрчил буюу ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд нь холбогдох хууль, тогтоомж зөрчсөн, харин хариуцагч нь бүрэн эрхийн хүрээнд арга хэмжээ авсан мэт харагдаж байна. Анхан шатны шүүх талуудын дээрх маргаантай асуудлаар дүгнэлт хийгээгүй бөгөөд харин талуудыг маргаагүй асуудал буюу сонсох ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлээр асуудлыг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна .

Негөөтээгүүр хариуцагч нарын зүгээс тухайн тусгай зөвшөөрөл олгосон газар нь Онги таацын сав газрын захиргааны зөвлөмж, Байгаль, орчны хяналтын улсын байцаагч нарын оруулж ирсэн асуудлыг хэлэлцэн маргаан бүхий тогтоолыг гаргасан гэдэг. Гэтэл шүүхээс дээрх этгээдүүдийг гуравдагч этгээдээр оролцуулахгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тухайн тусгай зөвшөөрөл олгогдсон газарт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах нь зөвхөн тухайн сумын Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын асуудал биш бөгөөд байгаль орчин, гол усны сав газрыг хамгаалах эрх бүхий төрийн болон төрийн бус байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөх нь тодорхой байна.

Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй, асуудлын бодит байдлыг тогтоож чадаагүй байна. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д “Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь өөрчлөх эрхтэй” гэж зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн 1, 2, 3 дахь заалтуудыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Хариуцагч нарын зүгээс цаг үеийн нөхцөл байдал, онцгой байдал тогтоосонтой холбоотойгоор хэргийн материалтай дахин тухтай танилцаж чадаагүйн улмаас энэхүү гомдолд тусгаагүй асуудлаар дараа нэмж тайлбар гаргах болно.

Иймд Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаартай шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1, 2, 3 дахь заалтуудыг хүчингүй болгож, холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн “Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Газар тусгай хамгаалалтад авах тухай 14/05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,

“ХХ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайд хийх хайгуулын ажлын Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасны дагуу баталгаажуулж, олгохыг Өвөрхангай аймгийн 3үүнбаян-Улаан сумын Засаг даргад даалгах,

Хууль тогтоомжийг илтэд зөрчиж Засгийн газрын бүрэн эрхэд халдаж нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуул хийх ажлыг үндэслэлгүйгээр зогсоосноос үүссэн хохирол 1,026,102,611.00 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д зааснаар шүүх нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзал, маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болсон нотлох баримтыг үнэлж, дүгнэн захиргааны актын үндэслэл болгосон хэм хэмжээ, хэргийн бодит нөхцөл байдалд тохирсон эсэх тухай дүгнэх замаар хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

            Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын шийдвэр хуульд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй талаар нотлох баримтыг цуглуулах бөгөөд тухайн баримтуудад үндэслэн, хууль тайлбарлах замаар маргааныг хянан шийдвэрлэх учиртай.

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл энэхүү маргааны хувьд нэхэмжлэгчид олгосон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын А нэртэй газарт байрлах XV-021190 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хариуцагч Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга батлахгүй байгаа эс үйлдэхүйг болон тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Газар тусгай хамгаалалтад авах тухай” 14/05 дугаар тогтоолоор сумын тусгай хамгаалалтад авсан 2000 га газарт маргаан бүхий газрыг хамааруулсан нь хууль зүйн үндэслэлтэй тухайд маргааны гол үйл баримт оршиж байна.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзвэл маргаан бүхий Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Газар тусгай хамгаалалтад авах тухай” 14/05 дугаар тогтоолоор тус сумын Дэвшил 6 дугаар багийн нутагт байрлах 2000 га газрыг сумын тусгай хамгаалалтад авсан гэх боловч нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн XV-021190 дугаартай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл бүхий 1421.89 гектар талбайтай ямар хэсгээр хэрхэн давхцаж байгаа талаарх нотлох баримт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл шүүх уг захиргааны актын хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхэд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газартай бүхэлд нь эсхүл, зарим хэсгээр давхцаж байгаа эсэхээс хамааран тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх Ашигт малтмалын тухай хуулийн 14, 17 дугаар зүйлүүдэд заасанчлан хамгаалагдах эсэх буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхол зөрчигдсөн эсэхийг тодруулахад ач холбогдолтой байжээ.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчээс тухайн газарт 2019 онд хайгуулын ажил хийсэн хэмээн тайлбарлаж байх боловч тухайн үйл ажиллагаа явуулсан газар нь тусгай зөвшөөрөл бүхий газрын ямар хэсэгт явагдсан талаарх баримт байхгүй байгаагаас улбаалан дээрх тусгай хамгаалалтад авсан газартай хэрхэн давхцаж, захиргааны байгууллагын хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирлыг үнэлэхэд ойлгомжгүй байдлыг үүсгэж байна.  

Үүнээс гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар шүүх захиргааны байгууллагын захиргааны актыг гаргахаас татгалзсан хууль бус шийдвэр, эсхүл эс үйлдэхүй байгаа бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах шийдвэр гаргах боловч хэрэгт нэхэмжлэгчийн батлуулахыг хүсэж буй байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон нэхэмжлэгчээс Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахаар хандсан эсэх талаарх баримт авагдаагүй учир хариуцагчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэхийг тогтоох болон нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй тухайд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна.

Иймд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг давж заалдах шатны шүүх засах боломжгүй бөгөөд маргааны үйл баримтуудыг нотлох баримтуудыг бүрэн цуглуулан нөхцөл байдлыг зөв тодорхойлуулсны үндсэн дээр анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгон, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ШҮҮГЧ                                                      Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН

                ШҮҮГЧ                                                         Д.ОЮУМАА