Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 20

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сугар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж

Нэхэмжлэгч: “Х Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга нарт холбогдох

“1. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Газар тусгай хамгаалалтад авах тухай” 14/05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,

2. “Х Х” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайд хийх хайгуулын ажлын Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасны дагуу баталгаажуулж, олгохыг Өвөрхангай аймгийн 3үүнбаян-Улаан сумын Засаг даргад даалгах,

3. Хууль тогтоомжийг илтэд зөрчиж Засгийн газрын бүрэн эрхэд халдаж нэхэмжлэгч “Х Х” ХХК-ийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуул хийх ажлыг үндэслэлгүйгээр зогсоосноос үүссэн хохирол 1 026 102 611.00 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Х Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, Г.З, хариуцагч Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.М, тус сумын Засаг дарга Б.У, шүүх хуралдааны дэг сахиулагч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч “Х Х” ХХК нь Зүүнбаян-Улаан сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нарт холбогдуулан 3 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлдээ хариуцагч нарыг Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хуулийг ноцтой зөрчиж, Монгол Улсын Засгийн Газрын бүрэн эрхэд халдсан, Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэн, хуулийн этгээдийн баталгаатай эдлэх өмчлөх эрхийг хууль зөрчин хязгаарласан, Төрийн захиргааны байгууллагын хувьд хийх ёстой ажил үүргээ гүйцэтгээгүй эс үйлдэхүй гаргах замаар бусдын эд хөрөнгө, эдийн засгийн халдашгүй байдал, цаг хугацаанд ноцтой хохирол учруулсан талаар хуулийн үндэслэл, нотлох баримтад тулгуурлан тодорхой дурдсан. Гэвч шүүх хуралдаан дээр дурдсан асуудлыг илүү тодруулан тайлбарлах замаар хариуцагч нарын гаргасан хэм хэмжээний акт, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй нь хууль тогтоомж, зөрчсөн, илтэд хүчин төгөлдөр бус болохыг дараах 4 хүрээнд хууль болон нотлох баримтад тулгуурлан дэлгэрэнгүй тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байна: Нэг.Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Алаг толгой нэртэй СШ-28-1 сонгон шалгаруулалт болон тусгай зөвшөөрлийн талаар ...Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зарлагдсан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Алаг толгой нэртэй СШ-28-1 дугаартай сонгон шалгаруулалтад оролцож, хамгийн сайн буюу 65.9 оноо авч, XV-021190 дугаартай тусгай зөвшөөрлийг хууль ёсны дагуу эзэмших болсон. Уг тусгай зөвшөөрлийг олгосон АМГТГ нь тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгчид олгох, сонгон шалгаруулалт явуулахаас өмнө дараах ажиллагааг хуульд заасны дагуу нэг бүрчлэн хийсэн болох нь хэргийн оролцогчид хүргүүлсэн албан мэдэгдэл, бусад нотлох баримтаар нотлогддог: Тус тусгай зөвшөөрлийн талбайд санал авахаар Өвөрхангай аймгийн Засаг даргад Кадастрын хэлтсийн даргын 2018.05.17-ны өдрийн 7/3754 тоот албан бичгээр сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн солбицол, талбайн зураг мэдээллийг Сиди-ээр хүргүүлсэн байдаг. Аймгийн Засаг дарга уг мэдэгдлийг хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хугацаанд хариу өгөх ёстой байсан боловч хариу өгөөгүй байдаг. Ийнхүү хариу өгөөгүй тул Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор уг Алаг толгой гэх газар нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн солбицлын жагсаалтад багтаж, батлагдсан. Засгийн газрын дээрх тогтоолоор батлагдсан талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлж, ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэж, тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагад үүрэг болгодог. Дээрх процессоос харахад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох газрын солбицол тодорхойлох, түүнийг сонгон шалгаруулалтаар худалдан борлуулах бүхий л ажиллагаа Үндсэн хууль, АМтХуульд заасны дагуу зохион байгуулагдсан болох нь бүрэн нотлогдож байна. Нэхэмжлэгч сонгон шалгаруулалтаар худалдан авсан хайгуулын XV-021190 дугаартай тусгай зөвшөөрөл нь дараах нотлох баримтаар нэхэмжлэгчид хууль ёсоор шилжин ирсэн болох нь бүрэн ойлгогдоно: АМГТГ-ын 2018.12.19-ний өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай”-аар нэхэмжлэгчид тус тусгай зөвшөөрлийг олгохоор болсон тухай мэдэгдсэн, МУ-ын БОАЖЯ-ны 2019.01.23-ний өдрийн 06б/582 албан тоотоор уг тусгай зөвшөөрлийн талбай нь Улсын тусгай хамгаалалтын газар нутагтай давхцалгүй бөгөөд усны сан газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалгүй, Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хилийн заагтай давхцалгүй болохыг тус тус нотолсон. Гэвч сумын иргэдийн хурал, Засаг дарга, Онги таац голын сав газрын захиргаа яагаад ингэж үзэж байгааг ойлгохгүй байгаагийн дээр хариуцагч нар үүнийгээ баримтаар нотлох байгааг гайхаж байна. Энэ нь хариуцагч нарын эс үйлдэхүй, хууль тогтоомж зөрчсөн үйлдэл нь ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэсэн хардлага төрүүлж байгаа юм. Мөн МУ-ын БОАЖЯ-ны 2019.04.24-ний өдрийн 02/12 дугаар “Ерөнхий үнэлгээний дүгнэлт хүргүүлэх тухай” албан тоотоор уг талбай нь “байгаль орчны ерөнхий үнэлгээний дүнгээр тус талбайд хэрэгжүүлэх төслийг болзолтой хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн байдаг. Мөн 2019.10.22-ны өдрийн 15104/351/341 дугаар Аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагчийн албан шаардлагаар “хууль сахин мөрдөлт 66.6 хувь, бага эрсдэлтэй” гэж үнэлэгдсэн төсөл юм. Тус талбай дээр МУ-ын БОАЖЯ-ны 2019.10.31-ний өдрийн 03/22 дугаар албан бичгээр “Ус ашиглуулах дүгнэлт хүргүүлэх тухай” албан тоотоор ус ашиглах зөвшөөрөл олгогдсон. Мөн АМГТГ-аас тусгай зөвшөөрлийн талбайг хууль ёсны дагуу шилжүүлэх зорилгоор төлбөр болох 973,601,495 төгрөгийг шилжүүлэх мэдэгдлийг 2018.12.12-ны өдөр ирүүлсэн байдаг. Дээрхээс харахад тусгай зөвшөөрөл бүхий талбайг сонгон шалгаруулалт оруулж, худалдан борлуулсан Төрийн захиргааны байгууллага, түүнийг худалдан авсан хуулийн этгээдийн хэн хэн нь үйл ажиллагаагаа хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулсан болох нь нотлогдож байна. Хоёр.Зүүнбаян-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 14/05 дугаар тогтоол, түүний хууль зүйн үндэслэлийн талаар ...Зүүнбаян-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 14/05 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлд заасан Захиргааны хэм хэмжээний акт болох бөгөөд ийнхүү хэм хэмжээний акт болохын хувьд мөн хуулийн 60 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, 61 дүгээр зүйлд заасны дагуу бэлтгэх шаардлагатай. Гэвч Зүүнбаян-Улаан сумын Иргэдийн хурал дээрх тогтоолоо хуульд заасан шаардлагын хангаж гаргаагүй нь хууль бус үндэслэлгүй акт болохыг тодорхойлж байгаа юм. Тодруулбал тус 14/05 дугаар тогтоол нь бүхэлдээ захиргааны хэм хэмжээний актын шаардлагыг хангаагүй байх бөгөөд хамгийн гол нь хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т “ ... эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх ...”, 61 дүгээр зүйлд заасан “ ... зохицуулах харилцаа нь бусад захиргааны байгууллагын чиг үүрэгт давхар хамаарч байгаа бол тухайн захиргааны байгууллагаас албан ёсоор санал авна ...”, “ ... захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээг хууль заасан аргачлалын дагуу хийж, танилцуулга бэлтгэнэ ...”, “ ... тухайн акт гаргах үндэслэл, шаардлага, зорилт”, “ ... акт гарсны дараа эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй бүлгийг тодорхойлох ... “, “ ... хүний эрх, эрх чөлөө, өрсөлдөөнийг хязгаарласан, эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан, аливаа хүнд суртал, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн байж болзошгүй зохицуулалт агуулж байгаа эсэх ...” зэргийг тодруулах шаардлагатай байсан. Гэвч сумын ИТХ-ын зүгээс эдгээр ажиллагааг зохион байгуулсан талаарх ямар ч нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, түүгээр зогсохгүй улсын төсөвт сонгон шалгаруулалтын төлбөрийг суулгаж чадаагүй тохиолдолд тусгай зөвшөөрөл 1 жилийн дараа автоматаар сэргэх хуулийн заалттай байхад түүнийг шинжлэн судлаагүй нь ашиг сонирхлын зөрчилтэй, хязгаарлалт тогтоох замаар эдийн засгийн ашиг хонжоо олох зорилготой байхыг үгүйсгэх арга гэж нэхэмжлэгчийн зүгээс хардаж байгаа юм. Мөн Сумын ИТХ-аас захиргааны хэм хэмжээний акт нь  “ ... хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах ...” шаарддаг боловч ИТХ-аас нэхэмжлэгчийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулалгүйгээр захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргасан нь Үндсэн хуульд заасан “ХУУЛЬ ДЭЭДЛЭХ” зарчмыг зөрчсөн, улмаар хууль бус шийдвэр болох нь тодорхой ойлгогдож байгаа юм. Гурав. Засаг даргад холбогдуулан гаргасан шаардлагын талаар ...Нэхэмжлэгч нь дээр дурдсан АМГТГ-аас хуульд заасан бүхий л болзол шаардлагыг ягштал хэрэгжүүлэн, сонгон шалгаруулалтын дагуу авсан тусгай зөвшөөрлийг АМтХуульд заасны дагуу ашиглах, хайгуулын ажлыг эхлүүлэх эрхтэй. Нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг хэрэгжүүлэх Төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу “Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах үүрэгтэй ...” гэж заасан. Энэхүү үүргээ биелүүлээгүй бол мөн хуулийн 64 дүгээр зүйл болон Зөрчлийн тухай хуулийн доорх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчид учирсан хохирлыг буруутай албан тушаалтнууд болох хариуцагч нараас гаргуулах хуулийн заалт бүрэн дүүрэн хэрэгжиж эхэлсэн гэдгийг анхаарч, ойлохыг сануулж байна” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга Б.У-ын ярьсан 3 асуудалтай холбогдуулаад нэмэлт тайлбар хэлье. Тухайн лицензийг эзэмших болсноор тухайн аж ахуйн нэгж Ашигт малтмалын тухай хуулиар үүрэг хүлээдэг. Мөн тодорхой хэмжээний эрхтэй. Үүргийнхээ хүрээнд тухайн аж ахуйн нэгж хайгуулын үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн хэлтэст өгч батлуулдаг. Тэр батлагдсан төлөвлөгөөгөөр 32 цооног 10 метрийн гүнтэй гэж тусгагдсан байна. Яг талбай дээр үйл ажиллагаа явагдахад түрүүн 56 цооног 16 цооног гэж 2 тоо дурдагдаж байна. Тухайн талбай дээр хайгуул хийгээд явахад шороон ордын хувьд ул чулуу гэж байдаг. Ул чулуунд тулж байгаа тохиолдолд 10 метрийн гүнтэй ч байна уу 2 метрийн гүнтэй ч байна уу шууд өрөмдлөгийн ажил зогсдог. Хайгуулын үйл ажиллагаа цооногоор биш тууш метрээр тооцогддог юм. Тухайн цооног дээр бид нар 320 метрийн тууш шугамын ажил хийнэ гэж байсан бол 2018 онд 278 тууш метрийн гүнтэй 56 цооног буюу 14 икновын хайгуулын ажил хийсэн байдаг. Энэ ажлаа бид нар холбогдох баримтаар Ашигт малтмалын газарт тайлагнаад Геологийн фонддоо бүртгүүлсэн. Төлөвлөгөөнд хүлээсэн үүргийнхээ дагуу байгаль орчныг хамгаалах байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагаагаа явуулж албан ёсоор Ашигт малтмалын газарт тайлан бичиж хүргүүлсэн. Тэгэхээр хайгуулын үйл ажиллагааг зөвхөн цооногоор биш тууш метрээр хэмждэг гэдгийг урьд нь уулзаж байхдаа танд хэлж байсан. Хайгуулын ажлыг хайгуулын талбай дээр хийж байхад нутгийн иргэдийн хүмүүстээ хэлж байсан. Орон нутгийн байгаль орчны газар болон холбогдох мэргэжлийн байгууллагад тайлбараа өгөөд үйл ажиллагаа явуулсан. Үүнд хууль зөрчиж хийсэн үйл ажиллагаа байхгүй. Хоёрдугаарт сав газрын асуудлыг тодорхойлох ёстой гэсэн асуудал ярьж байна. Тэр бол сав газарт орон нутгийн сумын засаг захиргаанаас тухайн талбайд орон нутгийн талбай дээр усны буюу ус цэгийн сав газар байгаа бол байршлыг нь сав газарт бүртгүүлэх ёстой байдаг. Хуулиараа 2 жилийн хугацаанд орон нутгаас сав газарт бүртгэгдээгүй орон нутгийн өгсөн газар. Сав газрыг байгаль орчны яамны мэдээллийн санд бүртгүүлэх ёстой байдаг. Энэ мэдээлэл бүртгэгдээгүй учраас байгаль орчны яамнаас уул уурхайн үйл ажиллагаа явуулахад заавал ойн сан, усны сан, тусгай хамгаалалттай газрын лавлагааг тухайн аж ахуйн нэгж ашигт малтмалын газрын лавлагаа авах ёстой. Энэ лавлагааны хүрээнд бид нар 2018 онд тухайн тендерт ороход ч тэр 2019 онд лавлагаа авахад уст цэгийн бүртгэлд бүртгэгдсэн гэж гарч ирээгүй. Тус лавлагааг сав газар өгдөггүй. Байгаль орчны яамны мэдээллийн сан буюу байгаль орчны яамны дэргэдэх кадастрын албанаас авдаг юм гэдгийг тайлбарлах байна. Гурав дахь асуудал бол шүтлэгтэй хайрхан гэж байна. Тэгэхээр энэ талбайг анх зарлахаас нь өмнө сум орон нутгийн зүгээс уул уурхайн чиглэлээр ашиглуулах боломжгүй гэдэг хүсэлт нь ирсэн бол тухайн талбайд ашигт малтмалын газрын 2018 онд тендер зарлаад аж ахуйн нэгжүүдийг нээлттэй оролцох боломж хангагдахгүй байсан. Тэгэхээр тендер зарлагдахаас өмнө аймаг, сум, орон нутгийн зүгээс саналаа өгөөгүйн улмаас энэ процесс үүсчхээд байгаа юм. Энэ талаар танайх ч ойлгож байгаа байх манайх ч ойлгож байгаа. Тэгэхээр манайхаас энэ газрын талаар Ашигт малтмалын газарт хангалттай албан бичгээ өгч тодруулсан. Танай зүгээс ч тодруулсан байх. Тэгээд аргагүй эрхэнд бид нар шүүхэд нэхэмжлэлээ гаргаж одоо иргэдийн Хурал оролцоод явж байна. Нэгэнт хуулиар олгогдсон талбай дээр бид нар хуулийн хүрээнд үүрэг хүлээсэн учраас хайгуулын ажлыг явуулахаар 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргад хүргүүлсэн. 2020 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг бид нар Ашигт малтмалын газраар батлуулсан. 2020 оны хайгуулын ажлын төлөвлөгөөгөөр 420 тууш метрийн ажил хийнэ гээд төлөвлөсөн байсан. Энэ ажил бас зогсож байгаа. Нөгөө талаасаа Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл үүсч байна. Бидний хүлээсэн үүрэг цаг тухайд нь буюу 12 дугаар сарын 01-нд хайгуулын ажлыг Ашигт малтмал, газрын тосны газарт тайлагнах үүрэгтэй. Энэ тайлагнах үүрэг нь төлөвлөгөө батлуулаад байтал тайлагнах боломжгүй учраас шаардлага дээрээ байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж хангаж өгөөч гэсэн шаардлага хүргүүлсэн байгаа шүү” гэв

Хариуцагч Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.М шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаас гарсан 14/05 тоот шийдвэр нь Дэвшил багийн нутагт орших “Алаг толгой” хэмээх газарт хайгуулын үйл ажиллагаа хийх тухай яригдаж байгаа тул хамгаалалтад авах, энэ талаар хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргах тухай Дэвшил багийн иргэн, Иргэдийн нийтийн хурлын дарга, хурлын төлөөлөгч Д.Б, төлөөлөгч Б.Л, багийн засаг дарга, төлөөлөгч Ч.Ч нарын санал, мөн тус багийн иргэдийн саналыг уламжилсан тогтоол, “Онги таацын сав газрын захиргаа”-наас ирүүлсэн албан бичиг зэргийг харгалзан үзэж, Байгаль Орчны хяналтын улсын байцаагч Т.Ц, Газрын даамал Г.А нар асуудал оруулснаар тус хуралдаанаар хэлэлцэж төлөөлөгчдийн олонх дэмжиж тогтоол батлагдсаныг Хууль Зүй Дотоод Хэргийн яамаар хянуулан баталгаажуулсан” гэв.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга Б.У шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“1. Зүүнбаян-Улаан сумын Дэвшил 6 дугаар багийн нутагт орших Дөлгөөн хайрхан нь дагуул Төгс, Ханги, Жаргалант, Дулаан, Хараат, Гүндсамба, Лаанс, Цагаан овоо гэсэн дагуул 8 хайрхантай бөгөөд 1800-аад оны үеэс нутгийн зон олон дахин шүтэж, бишрэн дээдэлсээр иржээ. Дөлгөөн хайрхан нь хангай, хээр говийн уулзварт хамгаас өндөрлөг ноёлог хоёр өндөрлөг бүхий сүрлэг алсын бараа харагдахуйц онцлог тогтоцтой уул юм. Дөлгөөн хайрхны бэлд “Алаг толгой” гэх газар оршдог бөгөөд байгалийн унаган төрхөө хадгалсан, түүх, соёл шинжлэх ухааны болон танин мэдэхүйн ач холбогдол бүхий газар нутаг гэж үзэн Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалтад заасан бүрэн эрхийн хүрээнд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад зааснаар Байгалийн цогцолборт газарт хамруулж сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэг байгалийн цогцолбор газарт газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах зэрэг үйл ажиллагааг хориглосон үйл ажиллагааг зөрчсөн. Онги-Таац голын сав газрын захиргааны 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 75 дугаартай албан бичигт Цорж, Боловсон, Хөдөө цав, Дугант, Хадан булаг эхэн дэрсэн ус, зэрэг булаг, шандыг орон нутгийн хамгаалалтад авах тухай зөвлөмж Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалт зэрэг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Дөлгөөн хайрхны бэлд орших Боловсон, Дайчин, Цорж, Дугант, Хадан булаг, Эхэн дэрсэн усанд хамаарах 2000 га газрыг сумын тусгай хамгаалалтад 10 жилийн хугацаатайгаар 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14/05 тоот тогтоолоор авсан нь хууль зүйн үндэслэлтэй. 2. 2019 онд Ашигт малтмал, газрын тосны газраас 1421,89 га бүхий Х\/-021190 хайгуулын тусгай зөвшөөрлийг “Х Х” ХХК-д олгосон байдаг ба уг зөвшөөрлийг олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 17,1, 17.2 дахь заалт, Уул уурхай. хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/28 дугаар тушаал “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 2.2-д зааснаар тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авна гэх заалтыг зөрчиж уг зөвшөөрөлтэй холбоотой ямар нэгэн бичиг манай суманд мэдэгдэлгүй санал авалгүйгээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Ашигт малтмал газрын тосны газраас Мөн Усны тухай хууль зөрчиж “Алаг толгой” гэх газарт “Эхэн дэрсэн ус” нэртэй булаг 103°1 ГЗО”, 46а29’45,Т' солбицолтой урсаж байна. Энэ нь Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар тус газар нь “Усан сан бүхий газар”, 3.1.6-т зааснаар “усны эх үүсвэр" болно. “Х Х” ХХК- нь алтны эрэл хайгуул хийхдээ Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалт /Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын саналыг үндэслэнэ. Сав газрын захиргаанаас давхцалын судалгаа зөвшөөрлийн саналыг авах шаардлагатай байдаг. Гэтэл уг зөвшөөрөл саналыг аваагүй. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дүгээр заалтыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан. “Х Х” ХХК-ийн 2019 онд хийгдэх хайгуулын ажлын байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөнд заасан 32 цооног өрөмдөх төлөвлөгөөтэй байсан боловч 14 хоногийн хугацаанд 70 цооног өрөмдөж 38 цооног илүү өрөмдсөн. Дээрх хууль тогтоомжуудыг зөрчиж үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө дээр бид гарын үсэг зурах боломжгүй. Хэдэн зуун жил тахин шүтэж ирсэн онгон дагшин хайрхнуудыг ухаж сэндийчихийг нутгийн зон олон онгон дагшин байгаль, уул, усаа хамгаалахын төлөө эсэргүүцэн тэмцэж байгаа тул “Х Х” ХХК-д олгосон ХV-021190 хайгуулын тусгай зөвшөөрлийг дээрх хууль тогтоомжийг зөрчиж олгосон гэж үзэж байна. Иймд бид “Х Х”      ХХК-ийн нэхэмжилсэн 1.026,102,611,00 төгрөгийг гаргаж өгөх боломжгүй” гэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь “1. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14/05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, 2. “Х Х” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайд хийх хайгуулын ажлын Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасны дагуу баталгаажуулж, олгохыг Өвөрхангай аймгийн 3үүнбаян-Улаан сумын Засаг даргад даалгах, 3. Хууль тогтоомжийг илтэд зөрчиж Засгийн газрын бүрэн эрхэд халдаж нэхэмжлэгч “Х Х” ХХК-ийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуул хийх ажлыг үндэслэлгүйгээр зогсоосноос үүссэн хохирол 1 026 102 611.00 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах” гэсэн 3 шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаан дээр дэмжсэн тул нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн дээрх гурван шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагуудыг эс зөвшөөрч өөрсдийн тайлбар үндэслэлээ өгч холбогдох баримтуудыг ирүүлжээ. Шүүхээс нэхэмжлэлийн гурван шаардлага нэг бүрийг тухайлан авч үзэж хэлэлцэн доорх байдлаар шийдвэрлэлээ. Үүнд: 

Нэг: “Х Х” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайд хийх хайгуулын ажлын Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасны дагуу баталгаажуулж, олгохыг Өвөрхангай аймгийн 3үүнбаян-Улаан сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Х Х” ХХК нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Алаг толгой” нэртэй сонгон шалгаруулалтад оролцон шалгарч XV-021190 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хууль ёсны дагуу эзэмших болсон байна.

Улмаар “Х Х” ХХК нь уг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайдаа хийх хайгуулын ажлын Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Өвөрхангай аймгийн 3үүнбаян-Улаан сумын Засаг даргаар батлуулж 2019 онд хайгуулын ажил хийжээ.

Харин тус компани нь 2020 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Өвөрхангай аймгийн 3үүнбаян-Улаан сумын Засаг даргаар батлуулж чадаагүй байх бөгөөд тус шүүхэд хандаж уг төлөвлөгөөг батлахыг сумын Засаг даргад даалгаж өгөхийг хүсчээ.

Хариуцагч сумын Засаг дарга нь шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд дээр гаргасан тайлбарууддаа тодорхой үндэслэлүүдийг нэрлэн зааж тус компанийн ирүүлсэн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй болохоо хүлээн зөвшөөрч байгаа болно.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу сонгон шалгаруулалтад орж тусгай зөвшөөрөл авсан ашгийн төлөө хуулийн этгээд болох “Х Х” ХХК-ийн ирүүлсэн төлөвлөгөөг ямар үндэслэлээр яагаад хүлээн авч баталгаажуулах боломжгүй байгаа болохоо албан ёсоор албан бичгээр тайлбарлаж хүргүүлээгүй нь ойлгомжгүй тодорхой биш байхаас гадна хэрэв уг төлөвлөгөөг батлах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон, зөрчил илэрсэн бол түүнийг албан бичгээр мэдэгдэх, гарсан алдаа зөрчлийг арилгуулах, дээрх төлөвлөгөөг батлахад саад болж буй нөхцөл байдлыг тайлбарлаж мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл дээрх хэлбэрээр албан ёсоор мэдэгдээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудад заасан журмын дагуу төрийн байгууллага, албан тушаалтанд буюу сумын Засаг дарга нь өөрт нь хандан гаргасан иргэн, хуулийн этгээдийн аливаа санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг дээрх хуулиудад заасан хоног хугацааны дотор шийдвэрлэж хариуг албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл хариуцагч сумын Засаг дарга нь “Х Х” ХХК-аас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайдаа хийх хайгуулын ажлын Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлсэн санал хүсэлтийг хүлээн авсан атлаа төлөвлөгөөг баталсан, эсхүл батлахгүй гэх хариугаа албан ёсоор гаргаж албаны журмаар тогтсон журмын дагуу мэдэгдээгүй эс үйлдэхүй нь хууль зүйн үндэслэлгүй хууль бус эс үйлдэхүй байна.

 Тухайлбал Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт сумын Засаг дарга төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх үүрэгтэй болохыг сумын Засаг даргад үүрэг болгон уг хуулийн зүйл заалтаар хуульчилж өгсөн байна. Хэрэв хянан батлах явцад төлөвлөгөө, түүний тайлантай холбоотой ямар нэгэн зөрчил, батлах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа бол цаг тухай бүрт нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид төрийн албанд тогтсон албан бичиг хэргийн дэг журмын дагуу албаны шугамаар албан ёсоор тоот бичгээр үүссэн нөхцөл байдлыг мэдэгдэх арга хэмжээг авч хэрэгжүүлж, үүсч бий болсон нөхцөл байдал, зөрчлийг арилгуулах зэрэг арга хэмжээнүүдийг авах ёстой байна.

Иймд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүлээн авч хянан үзэж зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсч байгаачлан “Х Х” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайд хийх хайгуулын ажлын Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасны дагуу баталгаажуулж, олгохыг Өвөрхангай аймгийн 3үүнбаян-Улаан сумын Засаг даргад даалгах” шийдвэрийг шууд гаргах боломжгүй юм. Учир нь захиргааны хэргийн анхан шатны шүүх нь захиргааны байгууллага биш тул захиргааны байгууллага, албан тушаалтны хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх боломжгүй харин зөвхөн хуулиар харьяалуулсан хэрэг маргааныг шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг болно.

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлах эрх хэмжээг холбогдох хуулийн дагуу зөвхөн сумын Засаг даргад үүрэг болгосон ба сумын Засаг дарга үүргээ хэрэгжүүлээгүй байх тул уг төлөвлөгөөг хянан үзэж зохих журмынхан дагуу батлах эсэхээ шийдвэрлэхийг буюу хуулиар хүлээлгэсэн тодорхой чиг үүргээ хэрэгжүүлэхийг шүүхээс даалгаж шийдвэрлэж байна.

Хоёр: Нэхэмжлэлийн удаах шаардлага болох  “Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Газар тусгай хамгаалалтад авах тухай” 14/05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий захиргааны акт болох Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Газар тусгай хамгаалалтад авах тухай” 14/05 дугаар тогтоолоор 2000 га газрыг сумын тусгай хамгаалалтад 10 жилийн хугацаатайгаар авсан байна.

Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль зэрэг хуулиудаар сум өөрийн нутаг дэвсгэрт байгаа тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно. Энэ нь тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн асуудал бөгөөд тухайн сумынхаа аль ч хэсэгт хэдийд ч ямар ч хэмжээгээр тусгай хамгаалалтад авах эрхийг нь дээрх холбогдох хуулиудаар олгосон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бүрэн эрхийн асуудал юм.

Гэхдээ тусгай хамгаалалтад авах тухайн газар нь бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад байдаг эсэхийг тодруулж, тусгай хамгаалалтад авснаар ямар нэгэн хөндлөнгийн гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх эсэхийг тодруулах ёстой байна. Хэрэв газрыг тусгай хамгаалалтад авсан бол эрх нь зөрчигдөж байгаа этгээдэд энэ тухайгаа урьдчилж мэдэгдэж, сонсгох мэдэгдэх ажиллагаа хийх, түүний тайлбар, хүсэлтийг сонсож хүлээн авах ажиллагааг хийх, мөн эрх нь зөрчигдөж болзошгүй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн дагуу хамгаалах, нөхөн сэргээх ёстой байдаг болохыг Газрын тухай хууль, Иргэний хууль, Ашигт малтмалын тухай хууль зэрэг олон хууль тогтоомжуудад хуульчлан зааж нарийвчлан зохицуулж журамлаж өгсөн байна.

Тухайлбал Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж хуульчлан зааж, мөн зүйлийн 14.5-14.8 дахь хэсгүүдэд тухайн харилцааг нарийвчлан журамлан зохицуулж хийх ажиллагаа нэг бүрийг хуульчилжээ.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 6 дугаар бүлэг буюу Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой хуулийн зохицуулалтууд ялангуяа захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагуудыг 14/05 дугаар тогтоол хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Тухайлбал мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 61 дүгээр зүйлийн 61.4, 61.4.3, 61.4.4, 62 дугаар зүйлийн 62.2, 62 дугаар зүйлийн 62.3, 62.3.1 зэрэг зүйл заалтууд зөрчигдсөн буюу эрх нь зөрчигдөж болзошгүй болон зөрчигдөж байгаа этгээдүүдэд мэдэгдэх сонсгох ажиллагааг хийгээгүй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч “Х Х” ХХК-ийн зүгээс манай компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайг сумын тусгай хэрэгцээнд авсан, төлөвлөгөө хянан баталж хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль ёсны үйл ажиллагааг явуулах боломж олгоогүй гэсэн тайлбар хийж тэрбум гаруй төгрөгийн хохирол нөхөн төлбөрийн асуудлыг хөндөн тавьсан байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Газар тусгай хамгаалалтад авах тухай” 14/05 дугаар тогтоол нь “Х Х” ХХК-ийн XV-021190 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай яг хаагуураа хэрхэн яаж давхцаж байгаа нь тодорхойгүй, бүхэлдээ эсхүл тодорхой хэмжээгээр давхцаж байгаа буюу яг хэдэн хувь нь аль хэсгээрээ хэрхэн яаж давхцаж байгааг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шүүхээс тогтоох боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна. 

Шүүх хуралдааны явцад хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зүгээс уг тогтоолыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эргэж харна, сонгууль болсон шинэ иргэдийн Төлөөлөгчдийн Хурал авч хэлэлцэж хүчингүй болгож шийдвэрлэнэ байх гэсэн тайлбарыг хийсэн болохыг мөн дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” шийдвэр гаргах ёстой болохыг тодорхой хуульчлан заажээ. 

Иймд дээрх тогтоогдож буй нөхцөл байдал, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хууль эрх зүйн зохицуулалт зэрэгт тулгуурлан дүгнэж үзээд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Газар тусгай хамгаалалтад авах тухай” 14/05 дугаар тогтоолыг 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, уг асуудлыг дахин авч хэлэлцэж шийдвэрлэхийг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлалд даалгах нь илүү шударга, үнэн бодитой шийдвэр болно гэж шүүх үзлээ.

Учир нь тусгай хамгаалалтад авсан газар нь бусдын эзэмшил, ашиглалт, өмчлөлийн газартай давхцаж буй эсэхийг дахин тодруулж байж уг асуудлыг шийдвэрлэх, хэрэв ямар нэгэн байдлаар давхцаж байгаа бол холбогдох хуулийн дагуу учирсан төлбөр хохирлыг зайлшгүй барагдуулах зэрэг үр дагавартай байна. 

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж заажээ.

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасны дагуу Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Газар тусгай хамгаалалтад авах тухай” 14/05 дугаар тогтоолыг түдгэлзүүлсэн 2 /хоёр/ сарын хугацаанд уг асуудлыг дахин авч хэлэлцэж шийдвэрлээгүй тохиолдолд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Газар тусгай хамгаалалтад авах тухай” 14/05 дугаар тогтоол хүчингүй болох үр дагавартай болохыг цохон тэмдэглэх нь зүйтэй.

Гурав: Нэхэмжлэлийн сүүлийн буюу гурав дахь шаардлага болох “Хууль тогтоомжийг илтэд зөрчиж Засгийн газрын бүрэн эрхэд халдаж нэхэмжлэгч “Х Х” ХХК-ийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хайгуул хийх ажлыг үндэслэлгүйгээр зогсоосноос үүссэн хохирол 1 026 102 611.00 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн энэхүү хохиролтой холбоотой шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцсон ба шүүх хуралдааны явцад хэрэв хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч хайгуулын үйл ажиллагааг нь хэвийн явуулах боломжоор хангасан тохиолдолд нэхэмжлэлийн энэхүү шаардлагаасаа татгалзах боломжтой гэж мэдүүлсэн болно. Хариуцагчийн зүгээс уг хохирол гэх 1 026 102 611.00 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 700 гаруй сая нь сонгон шалгаруулалтад оролцож тусгай зөвшөөрөл авсан төлбөр, бусад нь ээлжит жилийн төлбөр гэх мэт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зайлшгүй гарах ёстой зардлууд байсан, нарийн тооцоо хийж үзвэл 30-40 орчим сая төгрөгийн асуудал яригдаж болзошгүй гэхдээ үүнийг бид биш буруутай байгууллага албан тушаалтан нь хариуцах ёстой гэсэн утга агуулгатай тайлбар хийн маргаж байгаа болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж хуульчлан заасан байна.

            Тодруулбал нэхэмжлэгч нь захиргааны үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж болох хэдий боловч хохирлын хэмжээний талаар маргаан гарсан тохиолдолд уг хохирлын маргааныг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хуулийн зохицуулалт үйлчилж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь захиргааны үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасантай хариуцагч маргаагүй, нөхөн төлүүлэх хохирлын хэмжээний талаар маргаан байхгүй тохиолдолд захиргааны хэргийн шүүх хохирол нөхөн төлбөрийг шийдэж болно. Энэ хэргийн тухайд нэхэмжлэгчийн өөрт учирсан хохирол гэж үзэж нөхөн төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй төдийгүй төлбөрийн хэмжээний талаар маргаантай байдал тогтоогдож байна. Иймд 1 026 102 611.00 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлээ харьяалах иргэний хэргийн шүүхэд хандаж гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар,

мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж зааснаар нэхэмжлэгчийн “үүссэн хохирол 1 026 102 611.00 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах” нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. 

Эцэст нь дурдахад хариуцагч Засаг даргын зүгээс хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон болон олгох үйл явц нь хууль бус байсан гэсэн утга агуулгатай буюу сум орон нутгаас нь саналыг нь авалгүйгээр тусгай зөвшөөрлийг олгосон, аймгийн Засаг даргад санал авахаар ирүүлсэн гэх албан бичигт хавсаргаж ирүүлсэн СИДИ дээрх мэдээлэлд тусгай зөвшөөрөл олгосон газар болох манай сумын Дэвшил баг Дөлгөөн хайрхан Алаг толгой орчмын газрын мэдээлэл байгаагүй гэж маргаж байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу захиргааны хэрэг маргааныг шийдвэрлэхдээ зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу зөвхөн нэхэмжлэлийн агуулгад хууль зүйн дүгнэлт хийж шийдвэр гаргах үүрэгтэй.

Нэхэмжлэгчээс дээр дурдсан 3 шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлснийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн бөгөөд өөр бусад асуудлаар дүгнэлт өгч шийдвэрлэх боломж хуулиар олгогдоогүй болно.

Хэрэв хариуцагч сумын Засаг дарга “Х Х” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол тусгай зөвшөөрөл олгосон байгууллагатай, Засаг даргад хүргүүлсэн мэдэгдлийг зөвшөөрөхгүй гэж  маргаж байгаа бол мэдэгдэл хүргүүлсэн байгууллагатай, орон нутгаас санал аваагүй гэж үзэж байгаа бол Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтын дагуу орон нутгаас санал аваагүй аймгийн Засаг даргатай маргах эрх нь нээлттэй байгаа болохыг шүүхээс тухайлан цохон тэмдэглэх нь зүйтэй байна. Тэдгээр байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол, санал хүсэлтээ гаргаж маргаж буй асуудлаа тавьж шийдвэрлүүлэх, тэдгээрийн хариуг авах хуулийн бүрэн боломжтой байна.

Дээрх дүгнэлтэй холбогдуулан Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно”,

17.1-д “Энэ хуулийн 11.1.25-д заасны дагуу төрийн захиргааны байгууллага нь талбайн солбицлыг тодорхойлохдоо тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд талбайн зургийг хавсаргана” гэж тус тус хуульчлан зааж тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан болохыг тухайлан шүүхийн шийдвэрт цохон тэмдэглэх нь зүйд нийцэхээр байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.1, 107.7, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын “Х Х” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайд хийх хайгуулын ажлын “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад “Х Х” ХХК-ийн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгасугай.   

2. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, 14.6, 14.7 дахь хэсэгт заасныг тус тус заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Газар тусгай хамгаалалтад авах тухай” 14/05 дугаар тогтоолыг 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, уг асуудлыг дахин авч хэлэлцэхийг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд даалгасугай.   

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Газар тусгай хамгаалалтад авах тухай” 14/05 дугаар тогтоолыг түдгэлзүүлсэн 2 /хоёр/ сарын хугацаанд уг асуудлыг дахин авч хэлэлцэж шийдвэрлээгүй бол Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Газар тусгай хамгаалалтад авах тухай” 14/05 дугаар тогтоол хүчингүй болохыг мэдэгдсүгэй.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн “үүссэн хохирол 1 026 102 611.00 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах” нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай. 

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.