Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 613

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Э

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар,

Нэхэмжлэлийн шаардлага: 

“Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, түүний өмгөөлөгч Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Монгол улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа ерөнхий консул С******* Э******* намайг Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, Дипломат албаны тухай хуулийн 16.2-т заасныг тус тус үндэслэн эгүүлэн татах тухай Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар тогтоол гаргажээ. Уг тогтоолын гарын үсэг зурж албажуулаагүй хуулбарыг би 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр (Сан Франциско хот Улаанбаатараас 16 цагаар хоцордог) албаны цахим шуудангаар хүлээн авсан.

Миний бие энэ тогтоол гарахаас өмнө буюу 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2. 24.3-д тус тус заасны дагуу 65 нас буюу төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд одоогийн эрхэлж буй ерөнхий консулын албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаа тухай өргөдөл, ажлын тайлангаа Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.А-т хүргүүлсэн билээ. 

Гэтэл миний гаргасан өргөдөл, тайланг Гадаад харилцааны яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээс өмнө Засгийн газрын ******* дугаар тогтоол гарсан тул уг асуудлыг хэлэлцэх боломжгүй болсон байна. Энэ нь хуулийн хугацаанд гаргасан миний өргөдөл, тайланг зохих журмын дагуу хэлэлцэж шийдвэрлэх боломж олгохгүйг хичээж санаатайгаар яаравчлан хийсэн алхам гэж харагдаж байна.

Харин 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн Гадаад харилцааны яамны дэргэдэх 5 дугаар салбар зөвлөлийн 05 дугаар хуралдаан хуралдаж 2017 онд тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн төвд ажиллаж буй болон томилолтын хугацаа нь энэ онд дууссан нийт албан хаагчдыг төрийн албанаас хуулийн хугацаанд нь чөлөөлөхөөр зарчмын хувьд шийдвэрлэсэн байдаг. Миний хувьд эдгээр үндэслэлийн аль нь ч хангагдаагүй байна.

Намайг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суух ерөнхий консулаар томилсны дагуу 2016 оны 06 дугаар сарын 02-нд уг албыг хүлээн авсан билээ. Өнөөдрийг хүртэл 1 жил хүрэхгүй энэ хугацаанд тус ерөнхий консулын газрын консулын тойрогт хамрагдаж буй АНУ-ын баруун хагасын 17 мужид Монгол Улсын консулын үйлчилгээ үзүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үндсэн үүрэгт ажлаа би алдаагүй, хариуцлагатай эрхэлж байна. 

Энэ ажлыг хариуцаад удаагүй байгаа ч нилээд хэдэн чиглэлээр тодорхой үр дүнд хүрснийг Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа удирдлагын газарт өгсөн өргөдөл, тайландаа тодорхой тусгасан байгаа. Мөн миний дипломат алба хаах /томилолтын/ 3 жилийн хугацаа 2019 оны 07 дугаар сард дуусгавар болохоор байгаа.

Миний бие Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2, 24.3-д тус тус заасны дагуу төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллах боломж олгохыг хүссэн өргөдөл, ажлын тайлангаа Гадаад харилцааны яаманд хуулийн хугацаанд нь өгсөн бөгөөд уг албыг хаших нөөц бололцоо надад бий гэдэгт илтгэлтэй байгаагаа эрх бүхий этгээдэд уламжилсаар байтал миний хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхгүйгээр, төрийн албанаас чөлөөлөх шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Хууль ёсны эрх, ашгийг минь хөсөрдүүлж, урьдчилж мэдэгдэлгүй гаргасан энэ гэнэтийн шийдвэр тухайн үед манай гэр бүлд учирсан уй гашуутай давхцсан нь бүр ч хүндээр тусаж гэр бүлийн гишүүдийн маань сэтгэл санаа, эрүүл мэндэд ч ихээхэн халтай, ямар ч гэм зэмгүй иргэдийнхээ хувь заяаг огт бодолцоогүй болчимгүй шийдвэр байлаа. 

Иймээс эрх зүйт Монгол Улсын иргэнийхээ хувьд, төр засгийн өндөр хариуцлагатай албыг алдаа эндэгдэлгүй, нэр төртэй гүйцэтгэж ирснийхээ хувьд Засгийн газрын хууль бус шийдвэрээс болж зөрчигдсөн эрх, хууль ёсны ашгийг зохих хууль журмын дагуу шударгаар сэргээлгэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 

Захиргааны акт гаргах үндэслэл, журмыг зөрчиж гаргасан Монгол улсын Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгож, иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“...Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1-д Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол гаргахыг, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т гадаад улсад суух Монгол Улсын Ерөнхий Консулыг Засгийн газар томилж, эгүүлэн татахыг тус тус хуульчилсан бөгөөд “Ерөнхий консулыг эгүүлэн татах тухай” 2017 оны ******* дугаар тогтоолыг Монгол Улсын Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө, 24.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох нас буюу 60 насанд хүрмэгцээ үргэлжлүүлэн ажиллах тухай хүсэлтээ гаргах эрхтэй, харин уг хүсэлтийг эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл үргэлжлүүлэн ажиллуулах эсэх шийдвэрийг захиргааны санаачлагаар гаргах бөгөөд хүсэлт гаргасан албан хаагчийг заавал үргэлжпүүлэн ажиллуулах үүрэггүй юм.

Нэхэмжлэгч С.Э хувьд 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 60 нас хүрсэн бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Гадаад харилцааны яаманд хандан “...65 нас буюу төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллах тухай” хүсэлтээ гаргасан байдаг. 

Түүний хүсэлтийг Монгол Улсын Засгийн газар 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр С.Э******* тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн жинхэнэ алба буюу Ерөнхий консулын албан тушаалаас чөлөөлж, эгүүлэн татахаар шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг түүнд 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн е/08/17/0445 тоот цахим шуудангаар хүргүүлж мэдэгдсэн. Мөн тэрээр 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Гадаад харилцааны сайдад хандан Засгийн газрын 2017 оны ******* дугаар тогтоолыг хүлээн авснаа дурдаж, уг тогтоолыг үл маргах журмаар хэрэгжүүлэхээ илэрхийлэхийн зэрэгцээ буцах хугацааг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөр тогтоож өгөх тухай хүсэлтийг гаргасан байдаг. 

Уг хүсэлтийг зөвшөөрсөн тухай 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн е/08/17/0517 тоот цахим шууданг түүнд хүргүүлсэн байдаг.

Иймд “Ерөнхий консулыг эгүүлэн татах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 148 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

  ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч С.Ээс “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хууль зүйн үндэслэлийг хянаж, дараах байдлаар хууль тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Ерөнхий консулыг томилох тухай” тогтоолоор С******* Э******* Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын  Сан-Франциско хотод суух Ерөнхий консуулаар томилсон байна. 

Улмаар нэхэмжлэгч С.Э ийг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Дипломат албаны тухай  хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасныг тус тус үндэслэл болгон Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан-Франциско хотод суугаа Ерөнхий консул С******* Э******* эгүүлэн татахаар шийдвэрлэжээ .

Нэхэмжлэгч С.Э  нь 1957 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн , 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 60 нас буюу тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бөгөөд энэ талаар талуудын хэн аль нь маргадаггүй болно.

Гэвч нэхэмжлэгчээс 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Ат  “...65 нас буюу төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа үүгээр өргөн мэдүүлж байна...”гэж, харин 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.М******* хандан “... намайг эгүүлэн татах тухай 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар тогтоол гарсаныг 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авлаа. Иймээс тухайн шийдвэрийг үл маргах журмаар хүлээж авахаас өөр аргагүй болж байна...миний буцах хугацааг энэ 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөр тогтоож өгнө үү...” гэх утга бүхий өргөдөл, хүсэлтийг бусдын шахалт шаардлагаар бус зөвхөн өөрийн санаачилгаар бичгээр гаргаж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...нэхэмжлэгчийн хүсэл зориг бол томилолтын хугацааг дуустал төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл ажиллах байсан...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. 

Учир нь Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Энэ хуулийн 16.1-д  зааснаас бусад тохиолдолд Олон улсын байгууллагын дэргэд суух Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүн, гадаад улсад суух Монгол Улсын Ерөнхий Консулыг Засгийн газар томилж, эгүүлэн татна” гэж, харин Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” бол төрийн албанаас чөлөөлнө, 24.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана.Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж тус тус заажээ.  

Тодруулбал, Төрийн албаны хуулийн дээрх заалтууд нь төрийн албан хаагч тэтгэвэрт гарах өөрийн хүсэл эсвэл цаашид үргэлжлүүлэн ажиллах хүсэлттэй байгаа эсэхээс үл хамаарч тэтгэврийн нас хүрсэн бол төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх эрх захиргаанд Төрийн албаны тухай хуулиар олгосон байх тул тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь хариуцагч маргаан бүхий захиргааны актаараа эгүүлэн татсан нь үндэслэлтэй байна. 

Иймд дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар тогтоолыг  хууль бус гэж үзэх үндэслэлгүй бөгөөд уг маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж шүүх үзлээ.

Нөгөөтэйгүүр шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нын өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээр нь ханган , түүний сонгон авсан өмгөөлөгчид хэрэг маргааны үйл баримт зэргийг үнэлэн хэргийн материалтай танилцах боломжит хугацаагаар хангасаар атал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Жаас “...хэргийн материалтай танилцаагүй  7 хоногийн хугацаатай шүүх хуралдааныг хойшлуулах тухай...” хүсэлт гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг баримтлан “хэрэгсэхгүй“ болгож шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлий 106.1, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1.Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2, Дипломат албаны тухай  хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасныг тус тус баримтлан ”Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэгч С.Э ийн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Л.БАТБААТАР