Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2021/0023

 

 


“ШТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Янжиндулам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ц, Б.У нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 662 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “ШТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 662 дугаар шийдвэрээр:

“...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3, 37 дугаар зүйлийн 37.3, 37.4-д зааснаар нэхэмжлэгч ШТ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/788 дугаар захирамжийн ШТ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож...” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У давж заалдах гомдолдоо:

“...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 662 дугаар шийдвэрээр “ШТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийг Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/788 дугаар захирамжийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ үйл баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

Тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахдаа хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болгож байгаа гэх үндэслэлээр Газрын хэвлийн тухай 7 дугаар зүйлийн 7.2.4, 21 дүгээр зүйлийн 21.1.5, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.13-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалж газрын хэвлийн ашиглах эрхийг дуусгавар болгосон.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 2-т заасан иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэсний дагуу тухайн газар оршин сууж байгаа иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахаар гаргасан шийдвэр болно.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ захирамж гаргах болсон дээрх үндэслэл бий болсон эсэхийг дүгнээгүй өөрөөр хэлбэл үнэхээр хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон эсэх талаар дүгнэлт хийгээгүй.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 662 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны журмаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлсэн, шийдэл үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны журмаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/788 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 21 дүгээр зүйлийн 21.1.5, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6, 7, 8, 11, 12 дугаар хороодын нутаг дэвсгэрт шавар олборлож, тоосгоны үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болгож байгаа гэсэн үндэслэлээр 6 аж ахуйн нэгжийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон ба тус захирамжийн хавсралтын 5 дахь хүснэгтэд нэхэмжлэгч “ШТ” ХХК-ийн MV-004591 дугаартай 10.13 га талбайг заажээ.

Нэхэмжлэгчээс дээрх захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасанд “... Мэргэжлийн хяналтын байгууллагын хувьд хяналт шалгалт явуулж, үйл ажиллагааг хууль, журамд нийцсэн гэж дүгнэсэн дүгнэлтийг хэрхэн үнэлж, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болгож буй нь ойлгомжгүй...” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Учир нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Хяналт шалгалт хийсэн тухай” 02-05-198/774 албан бичгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн үүрэг даалгаврын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/212 удирдамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Найрамдалын орд ашиглагч “ШТ” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд аливаа зөрчил илрээгүй байх ба Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасан “хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасанчлан энэ тохиолдолд Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий захирамжийг “хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон” гэх үндэслэлээр гаргахдаа нөхцөл байдлыг бүрэн тодруулж, шаардлагатай судалгаа шинжилгээг эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргасны үндсэн дээр “ШТ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг дуусгавар болгох ёстой байжээ.

Эсрэгээр хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “ШТ” ХХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд батлуулж тайлагнадаг байсан ба Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 02-04-311/190 дугаартай зөвлөмжид заасан ажиллагааг тогтоосон хугацаанд бүрэн биелүүлж шаардлагатай төлөвлөгөө, шинжилгээг хийлгэн батлуулж, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга болон Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэстэй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамтран ажиллах “Гурвалсан гэрээ”, Сонгинохайрхан дүүргийн тохижилт цэвэрлэгээ үйлчилгээний ОНӨААТУГазартай “Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг хураах, тээвэрлэх гэрээ”, Байгаль орчны хэмжил зүйн төв лаборатортой “хамтран ажиллах гэрээ” байгуулан агаар, хөрсний шинжилгээ хийлгэсэн байгаагаас үзвэл хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болгохоос хангалттай сэргийлж, шаардагдах ажиллагааг бүрэн хийдэг гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр хариуцагчаас маргаан бүхий газар нь суурьшлын бүсэд хамаарч байгаа гэх тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгч байх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж заасанчлан хэргийн оролцогчид тайлбар үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй боловч уг маргаанд тухайн газрыг суурьшлын бүсэд хамаарч байгаа болон хамаарах болсон талаарх баримтыг хариуцагчаас ирүүлээгүй ба Нийслэлийн газрын албаны 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 02-07/3234 албан бичгээр маргаан бүхий газрыг Улаанбаатар хотын суурьшлын бүсэд хамаарахгүй болох нь тогтоогдож байна.

Ийнхүү хэрэгт авагдсан баримтуудаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/788 дугаар захирамжаар “ШТ” ХХК-ийн MV-004591 дугаартай 10.13 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр нь хууль зөрчиж гарсан шийдвэр болох нь тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон ба хэрэглэх ёсгүй хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нөхцөл байдал гаргасан гэж үзэхээргүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 662 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                              Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                              О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                              Д.ОЮУМАА