Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 48

 

 

Д.Огийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч шүүгч Н.Батчимэг, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 136/ШШ2016/00355 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Огийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорноговь аймаг дахь *** ХХК-нд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох,  2016 оны 4 сарын 29-ний өдрийн Б/66 ажлаас чөлөөлөх, 2016 оны 5 сарын 9-ний өдрийн б/72 тоот ажлын байранд түр зохицуулалт хийх, 2016 оны 6 сарын 30-ны өдрийн Б/94 дугаар ажлаас чөлөөлөх тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 1994540 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч *** ХХК-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн шүүх 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

              Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “*** ХХК”-д 2015 оны 9 дүгээр сарын 14-нд захирлын Б/115 тоот тушаалаар дадлагажих ажилтнаар анх ажилд орсон. 2015 оны 10-р сарын 1-нд “Диспетчер инженер” болж 2015.10.12-нд захирлын Б/137 тоот тушаалаар уг ажлын байранд жинхэлсэн. Тухайн үед хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Харин дараа нь захирал  солигдож 2015.10.21-нд надтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9-р заалтанд “Төрөхийн өмнөх болон амаржсаны амралттай хүний оронд түр” гэсэн зүйл заалт байхгүй байсан. Ямар нэгэн гараар зүйл заалт бичигдээгүй хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан. Харин дараагаар нь ажлаас чөлөөлөгдөх тушаал болон хөдөлмөрийн гэрээг байгууллагаас нэхэн авахад 9-р заалтанд “Төрөхийн өмнөх болон амаржсаны амралттай -ий оронд түр” гэсэн зүйл заалт нөхөн бичсэн хөдөлмөрийн гэрээ өгсөн. Миний энэ ажлын байр нь байнгын ажлын байр бөгөөд намайг компанийн зүгээс жинхлүүлэн ажиллуулах тушаал гарсаар байтал надад мэдэгдэлгүйгээр хөдөлмөрийн гэрээнд “төрөхийн өмнөх болон амаржсаны амралттай хүний оронд түр” гэж тусган оруулсан нь үндэслэлгүй юм.

              Мөн компанийн захирал Б.Тийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний Б/66 ажлаас чөлөөлөх, 2016 оны 5 дугаар сарын 09-ний Б/72 тоот ажлын байранд түр зохицуулалт хийх, захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Бын 2016 оны 6 дугаар сарын 30-ны ажлаас чөлөөлөх Б-94 тоот тушаалуудыг тухайн цаг үед нь би мэдээгүй бөгөөд 2016.07.04-нд хүний нөөцийн мэргэжилтэн Б.А дуудаж, очиж уулзтал тойрох хуудас өгөхийг шаардсан. Би өгөх болоогүй ээ зуруулж дуусаагүй байгаа, харин хөдөлмөрийн гэрээний нэг хувиа авмаар байна гэхэд тойрох хуудас болон чамаас авах зүйлээ авсаны дараа өгнө гээд өгөөгүй юм. 2016 оны 7 дугаар сарын 05-нд тойрох хуудсаа бүрэн зуруулж дуусаад хүний нөөцийн мэргэжилтэн Б.Ат өгөхөд эдгээр тушаалууд гарч байсныг анх би мэдсэн. Иймээс миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, хууль бус шийдвэр, тушаал гаргаж байсаныг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна.

              Миний зүгээс хөдөлмөрийн гэрээ цуцлагдахаар ямар нэг алдаа, зөрчил гаргаж байгаагүй. Компанийн зүгээс хөдөлмөрийн гэрээ анх хугацаагүй байгуулж байсан юм. Намайг ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж байгаад гомдолтой байна. Иймд миний бие ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байх хугацааны цалин хөлс болох 1 сая 60 мянга төгрөг гаргуулах,  нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.О 2016 оны 09 дүгээр сарын 30-нд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэхдээ: Миний бие нь 2016.07.01-ний өдөр дуустал тус байгууллагад ажиллаж байсан. Энэ нь 7 сарын ажилчдын бүртгэлээс харагдах болно. Намайг тухайн үед ажиллаж байхад тойрох хуудас зуруул гэж өгөхөд би үйлдвэрчний хороонд хандсан, үйлдвэрчний хороо холбогдох удирдлагуудтай уулзахад би халагдах тушаал гаргаагүй гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь би тойрох хуудсаа зуруулаагүй явж байтал 2016.07.04-нд хүний нөөц дуудаж байна гэхээр нь очтол тойрох хуудсаа зуруулахыг шаардсан. Тэгээд би маргааш нь дутуу хүмүүсээрээ зуруулаад өгтөл байгууллагын зүгээс авах зүйлээ аваа, энэ асуудлаар гомдолтой байгаа бол дараагийн шатны шүүхэд ханд гэсэн. Миний зүгээс ч өөртөө холбоотой ажлаас чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн гэрээгээ авъя гэтэл 2016.04.29-ний Б/66, 2016.05.09-ний Б/72, 2016.06.30-ны Б/94 тоот тушаалыг хамт өгсөн.

Өмнөх Б/66, Б/72 тоот тушаалууд урьд нь гарч байсныг би мэдээгүй тойрох хуудас өгөхдөө 2016.07.05-нд мэдсэн тул уг тушаалуудыг хүчингүй болгох хүсэлтэй байна. Миний цалин хөлс буурсан, үүнийг би 5-р сарын цалингаа 6-р сард авахад миний цалин хөлс буурсан байсныг мэдсэн. Тиймээс миний өмнөх цалин хөлсний зөрүүг байгууллага олгож байгаагүй. Миний үндсэн цалин 530000 төгрөгөөр цалинждаг нь хөдөлмөрийн гэрээ болон 2015.10.12-ны Б/137 тоот тушаалаас харагдана. Иймээс цалин хөлсний зөрүү болох нэмж 260000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Нийт нэхэмжлэлийн шаардлага маань 7 сарын 1-нээс 10 сарын 1-ниг хүртэлх цалин хөлс 1734540 төгрөг, 2016.05.09-нөөс 6.30 хүртэлх цалингийн зөрүү бүгд нийлээд 1994540 төгрөгийг гаргуулах, 2016.04.29-ний Б/66, 2016.05.09-ний Б/72, 2016.06.30-ны Б/94 тоот тушаалуудыг хүчингүй болгох хүсэлтэй байна гэжээ.

 Хариуцагч *** ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.О нь байгууллагын захиргаанд хандаж ажиллах хүсэлт гаргасны дагуу 2015 оны 09 дүгээр сард захирлын Б/115 дугаар тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасны дагуу "жирэмсний долон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа" болон хуулийн бусад зүйл заалт, үндэслэлүүдээр ажиллуулсан. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээнд зааснаар компанид шинээр ажилтан авахдаа дадлагажих ажилтанаар 1-3 сар хүртэл туршилтын хугацаанд ажиллуулах, эсвэл доод албан тушаалаас эхлэн тодорхой хугацаанд ажиллуулах заалтын дагуу ганц Д. Ог биш компанид шинээр бүр болон түр хугацаагаар орж байгаа бүх ажилчдыг дээрх үндэслэлээр эхлэн ажиллуулж журамд заасан хугацаанд жинхэлдэг. Ингэж жинхэлсэнээр ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах хуулийн заалтын хүрээнд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд үндсэн ажилтан болж байгаа ойлголт огт биш юм. Бүр болон түр ажиллуулахаар томилогдож байгаа хүмүүсиин тухайд захирлын тушаалд хууль, журмын үндэслэлүүдииг тодорхой тусгаж өгсөнөөр зохицуулагддаг. Үйлдвэрлэлийн онцлогоос хамааран диспетчер-инженерийн ажлын байр улирлын чанартай бөгөөд халаалтын улирлын 10 дугаар сарын 01-нээс дараа жилийн 04 дүгээр сарын 30-ныг хүртэл ажиллаад түр чөлөөлөгддөг ажлын байр юм. Мөн түүнчлэн энэ цаг мөчид хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтан үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргаснаар Д.О захирлын 2016 оны Б/66 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Үйлдвэрлэлийн онцлогоос хамааран улирлын чанартай түр чөлөөлөгдөж байгаа ажилчдыг халаалтын бус улиралд ажлын түр байраар хангах зохицуулалтын дагуу ажилчдын дийлэнх олонхийг зундаа ажлын байраар хангадаг бөгөөд энэ зохицуулалтын хүрээнд захирлын зөвлөлөөр хэлэлцэж диспетчер-инженерүүдийг 2016 оны 05 дугаар сараас 09 дүгээр сарыг дуустал сар сараар ээлжлэн өдрийн 8 цагаар дуудлага хүлээн авахуулахаар зохицуулсан бөгөөд бусад 3 дис-инженерийн тухайд ээлжийн амралтыг биеэр эдлүүлээд түр ажилд ээлжлүүлэхээр зохицуулж, 05 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн Д.Ог 1 сар түр ажиллуулах захирлын Б/72 дугаар тушаал гарсан. Б. О нь зохицуулалтын дагуу бол 6 дугаар сарын 08-наар тасалбар болон түр ажлаас чөлөөлөгдөх байсан боловч дараагийн ээлжлэх дис-инженер эмнэлэгийн чөлөөний хуудас авчирсанаар Д. Ог хугацаа сунган 6 дугаар сарыг дуустал ажиллуулж захирлын Б/94 дүгээр тушаалаар түр ажлын байрнаас чөлөөлсөн.

      Д.О нь хөдөлмөрийн гэрээнд байгаагүй зүйлийг гараар нөхөн бичсэн мэт, өөртэй нь холбоотой гарч байсан тушаал шийдвэрүүдийг огт мэдээгүй талаар нэхэмжлэлд дурьдсан нь Монгол Улсын хууль, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа, явуулах гэж чармайж байгаа байгууллагын үйл ажиллагаа, тэнд ажиллагсдын эрх ашигт бүдүүлгээр халдах гэсэн оролдлого гэж үзэж байна. Д.О нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал цалин хөлс авч байснаа эрх биш санаж буй. Тэр ч байтугай Д. О нь захирлын 2016 оны Б/66 дугаар тушаалаар чөлөөлөгдөөд тойрох хуудсаар тооцоо хийсэн байдаг. Д.Ог ямар нэгэн алдаа зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй бөгөөд анх ажилд авсан МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасны дагуу ажлаас чөлөөлсөн бөгөөд тухайн ажлын байранд ажиллаж байсан үндсэн ажилтан нь өөрийн ажлын байранд үргэлжлүүлэн ажиллах болсонтой холбогдуулан Д.Ог хуулийн хүрээнд ажилд эргүүлэн тогтоох боломжгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Ог Дорноговь аймаг дахь “***” ОНӨ-т ХХКомпанийн диспетчер инженерийн ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Б/66 ажлаас чөлөөлөх, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/72 тоот ажлын байранд түр зохицуулалт хийх, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ажлаас чөлөөлөх Б/94 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Дорноговь аймаг дахь “***” ОНӨ-т ХХКомпаниас ажилгүй байсан хугацааны цалин хөлс, бага цалинтай ажил хийж байсан цалингийн зөрүүтэй тэнцэх олговор нийт 1,994,540 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Од олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Огийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийн хүсэлтийг баримтлан тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 46,863 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж,

Хэрэгт авагдсан дуу бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч *** ХХК-ийн захирал Т.А давж заалдсан гомдолдоо: Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдийн аль нэгийг үндэслээгүй” гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай МУ-ын дээд шүүхийн тогтоолд: Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2,-т заасан ”ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан ”ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн" гэдэг нь ажилтан иргэний үнэмлэхийн үндсэн дээр он, сар, өдрөөр тоолоход 60 насанд бүрэн хүрсэн байхыг ойлгоно. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан "ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна. Хуулийн  40 дүгээр зүйлийн  40.1.5-д заасан "ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй” нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “сонгууль томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон” гэдэгт ажилтан өөр эсхүл тухайн байгууллагад орон тооны, тогтмол цалинтай ажилд зохих журмаар сонгогдох буюу томилогдохыг хэлнэ.

 Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-д заасан “контрактад заасан үндэслэл буй болсон” гэдэгт хөдөлмөрийн харилцааг шууд зогсоож, түүнийг цуцлах талаар ажил олгогч ажилтантай байгуулсан контрактад тохирсон үндэслэлүүдийн аль нэг нь бий болсон байхыг ойлгоно’ гэжээ.  Нэхэмжлэгч Д. О нь МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасан “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаахүний оронд ажиллаж байгаад “ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах ” үндэслэлийн хүрээнд чөлөөлөгдсөн тул анхан шатны шүүхийн шүүгчийн үндэслэсэн заалт тохирохгүй байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай МУ-ын Дээд шүүхийн тогтоолд: Хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан “ажил, албан тушаалыг хэвээр хадгалахгэдэг нь энэ хэсэгт заасан үндэслэл, шалтгаан арилсан буюу хугацаа дууссаны дараа ажилтан урьд нь ажиллаж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч тухайн ажил, албан тушаалд түүнийг ажиллуулах үүрэгтэй байхыг хэлнэ. Энэхүү хүсэлтийг ажил олгогч хүлээж аваагүйгээс үүссэн маргааныг энэ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасан гомдолтой адилтган шүүх хянаж шиидвэрлэнэ гэжээ. Шүүгчийн шийдвэрт Д.Огийн ажилгүй байсан хугацааны олговор 1,994,540 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, Д.Огийи НД, ЭМД дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгажээ. Хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргасан /хх 28, 32, 126-141,143/ улирлын чанартай ажлын байранд ажилладаг ажилчдыг жил бүрийн халаалтын бус улиралд түр чөлөөлөх заалтын хүрээнд, түр чөлөөлөгдсөн ажилчдын уг хугацааны НДШимтгэлийг байгууллагын захиргаа хариуцан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлөх тушаал, дотоод журмыг үл харгалзан, мөн түүнчлэн нэхэмжлэгч Д.О нь шүүхээр хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад өөр ажилд орсон байсан бөгөөд /одоо ч ажиллаж байгаа/ хэрэгт ач холбогдол бүхий асуудалд тодруулга гаргуулж нотлох баримтад хавсаргах хүсэлтийг шүүгч захирамж гаргаж хэрэгжүүлээгүй. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д “  Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2 дах хэсэгт зааснаар Д.Ог Дорноговь аймаг дахь “***” ОНӨ-т ХХКомпанийн диспетчер инженерийн ажилд эргүүлэн тогтоож, 2016 оны 4 дүгээр сарын 29- ний өдрийн Б/66 ажлаас чөлөөлөх, 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн Б/72 тоот ажлын байранд түр зохицуулалт хийх, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ажлаас чөлөөлөх Б/94 тоот тушаалуудыг хүчингүй  болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, Д.Огийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон атлаа дараагийн заалтаар Д. Од олговор олгох, ЭМД, НДД-т бичилт хийхийг даалгасныг үндэслэлгүй үзэж байх тул Дорноговь аймаг дах Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10- ны өдрийн 136/ШШ2016/00355 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ог анхнаасаа жирэмсэн болон төрсний дараах амаржсан хүний оронд авч ажиллуулсан нь нотлох баримт болон гарсан тушаал шийдвэрийн хүрээнд нотлогдож байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нэг үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслэсэнгүй гэж үзэж байгаа. Энэ хуулийн заалтыг харахад Отэй хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хамаарахгүй байгаа юм.  Өөрөөр хэлбэл орон тооны цомхотгох, орон тоо цөөрүүлэх, мэргэжил ур чадвар, эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй байх, өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн зэрэг заалтуудад хамаарахгүй. Мөн сахилгын зөрчил, ноцтой зөрчил гаргасан гэх заалтуудад мөн хамаарахгүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслэж халаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах гомдол гаргасан. Дараа нь ажилгүй байсан хугацааны, ажилд нь эргүүлэн тогтоолгоод ажилгүй байсан хугацааны олговор 1994540 төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэж байж байгаа. Манай байгууллагын нэг онцлог бол улирлын чанартай үйл ажиллагаа явуулдгаараа онцлог.  Нийгмийн даатгалын шимтгэл, ажилгүй байсан хугацааны ажлаас түр чөлөөлөгдсөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл хариуцан төлнө гэсэн журамд заасан заалтыг үл харгалзан улирлын чанартай ажлын байран дээр энэ нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх бас ийм шийдвэр гарсаныг эсэргүүцэж хариуцагч талаас гомдол гаргасан. О шүүхээр хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад 08 сард өөр ажилд орчихсон байж байгаа. Үүнийг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй. Нотлох баримтыг хэргийн материалд гаргаж өгөөгүй. Д.Ог хамгийн сүүлд чөлөөлсөн тушаал бол улирлын чанартай ажлын байранд байсан ажилчдыг 05 дугаар сарын 01-ний өдөр гээд чөлөөлөөд 04 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгоод эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоод байгууллага төлдөг. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан ажлаас буруу халсаныг тогтоолгож, ажилд эргүүлэн тогтоох, *** ХХК-ийн захирлын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/72 тоот ажлын байранд түр зохицуулалт хийх, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ажлаас чөлөөлөх Б/94 тоот тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны олговорт 1994540 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл /гомдол/ гаргажээ.

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Д.Ог ажлаас хууль бусаар халаагүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх ажил олгогчийн шийдвэрт заасан  хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эргүүлэн тогтоосон нь хууль зөрчөөгүй, үндэслэлтэй зөв болжээ.

Энэ нь 1. Зохигчид ажлаас буруу халсан тухай гомдлыг шүүхэд гаргах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны талаар маргаагүй, нэхэмжлэгч уг хугацааг хэтрүүлээгүй байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

2. Ажил олгогч буюу хариуцагч нь нэхэмжлэгч Д.Ог 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Б/66 тоот тушаалаар /хх-8/ Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.1, 104 дүгээр зүйлийн 104.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар диспетчер-инженерийн ажлаас чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/72 тоот тушаалаар /хх-9/  тухайн ажлын байранд буцаан ажиллуулж, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24, 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/94 дүгээр тушаалаар /хх-10/ ажлаас чөлөөлсөн байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Ог жирэмсэний амралттай ажилтаны оронд түр ажиллаж байсан ба ажлын онцлогоос шалтгаалан ажилд буцаан авч дахин чөлөөлсөн гэж дээрх шийдвэрийн үндэслэлээ тайлбарлах боловч ажил олгогчийн энэхүү тайлбар нь үндэслэлтэй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүйн гадна ажил олгогчийн дээрх Б/66, Б/94 дүгээр тушаалууд хуульд нийцээгүй болно.

Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч буюу ажил олгогч нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 9-д зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай байгаа ажилтны оронд ажиллуулахаар заасан,  “ажлын байрын жинхлэх тухай” 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/137 дугаар тушаалд /хх-07/ Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 /жирэмсний болон амаржсаны амралт/, 106 дугаар зүйлийн 106.1 /хүүхэд асрах чөлөө олгох/ -д заасан зохицуулалтыг хэрэглсэн байх боловч уг тушаалд нэхэмжлэгч Д.Ог диспетчер инженерийн ажилд түр авч ажиллуулсан гэж үзэх агуулга тусгагдаагүйгээс ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулсан гэж үзэх боломжгүй юм.

Тодруулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д зааснаас үзэхэд ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтаны оронд ажиллах ажилтан нь  диспетчер инженерийн ажлын байранд ажиллаж байсан ажилтны оронд түүний эзгүй хугацаагаар ажиллахаар ойлгогдож байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч Д.Ог хэн гэдэг диспетчер инженерийн оронд, түүний үзгүй байх хэдий хугацаагаар авч ажиллуулсан нь  ажил олгогчийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/137 дугаар шийдвэрт тусгагдаагүй байна.

Түүнчлэн ажил олгогч нь тайлбартаа ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж диспетчер инженер У.Дг жирэмсэний амралттай Б.Батдуламын оронд ажиллуулж, У.Дгийн оронд Д.Ог авч ажиллуулсан гэх боловч хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд  Д.О, И.Хонгорцэцэг нарыг  2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр диспетчер инженерийн ажилд томилсон ба эндээс Д.Ог  У.Дгийн оронд түр ажиллуулсан гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд нэхэмжлэгч Д.Ог ажлаас халсан хариуцагч буюу ажил олгогчийн 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/66, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/94 дүгээр шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 37 дугаар зүйлийн 37.1.3-д нийцээгүй хууль бус болох нь тогтоогдсон тул анхан шатны шүүх ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эргүүлэн тогтоосон нь зөв болжээ.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцож олгохдоо *** ХХК-ийн 2015 оны цалингийн зардлын төлөвлөгөөнд /хх-149/ зааснаар диспетчер инженер нь 5, 6, 7, 8, 9 дүгээр сард сул зогсохоор зохицуулагдсан буюу диспетчер инженерийн ажил албан тушаал нь улирлын чанартай болохыг анхаараагүй ба нэхэмжлэгчид ажлаас буруу халсан үеийн олговорт нийт 198008 төгрөг /сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс нийгмийн даатгалын дэвтэрт тусгагдсанаар 709529 төгрөг, 1 өдрийн дундаж цалин хөлс 33001 төгрөг, 2016.10.01 нээс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажлын 6 өдөр/ гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д нийцэх юм.

Иймд хариуцагчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт дээр дурьдсан үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 136/ШШ2016/00355 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “... 1994540 ...” гэснийг “198008” гэж,

4 дүгээр заалтын “...7.1.2...” гэсний ард “7.1.1” гэж нэмж,  “...46863...” гэснийг “76790” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *** ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 117063 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БОЛОРМАА

                  ШҮҮГЧИД                                              Х.БАЙГАЛМАА

                                                                                 Н.БАТЧИМЭГ