Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 24

 

 

М.Жураад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                           Хэргийн индекс 132/2017/0072/Э

 

       Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Ц.Туяа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                   Ц.Гэрэлбаатар

           Шүүгдэгч                                                   М.Жураа

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                           М.Найдан

           Нарийн бичгийн дарга                             Н.Батзаяа нарыг оролцуулан

 

        Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолтой М.Жураад холбогдох 201706000137 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Жураагийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

        Монгол улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, ОЗ68030424 регистрийн дугаартай Бурд овогт Манжийн Жураа.

 

      Шүүгдэгч М.Жураа нь 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Д.Тогоотой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

          Булган аймагдахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолоор:

       Шүүгдэгч Хотон овогт Манжийн Журааг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

      Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч М.Журааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх,

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч М.Жураа нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялыг 3 /гурав/ жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг мэдэгдэж,

       Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйллийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 150.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Тогоод олгож, эмчилгээний болон замын зардлаа нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж,

        Шүүгдэгч М.Жураа нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Жураад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн,

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д заасныг баримтлан давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

 

        Шүүгдэгч М.Жураа нь давж заалдах гомдолдоо:  

       “…Миний бие нь 2017 оны 05 дугаар сарын 07-нд хүнтэй маргалдаж хэрэгт холбогдсоны улмаас шүүх хуралд орж нөхөн төлбөр болох шүүхэд 1.200.000 төгрөг хохирогчид 150.000 мянган төгрөг тус тус төлөх болсон. Тухайн үед хэрэгжиж байсан эрүүгийн хууль өөрчлөгдсөн тул миний ялыг шинэ хуульд нийцүүлэн өөрчлөн болгож өгнө үү ” гэжээ.

        Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ:

        Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол  үндэслэлтэй тул  хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд

       шүүгдэгч М.Жураа нь 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг Зүрхийн могой гэх газар иргэн Д.Тогоотой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь …чигчий хуруунд шарх, цээж, зүүн, баруун бугалга, зүүн шилбэ, зүүн гуянд цус хуралт, зүүн дунд хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий… хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь

       хохирогч Д.Тогоо, гэрч Л.Дагвадорж, Б.Цогтбаатар нарын мэдүүлэг /хх 16-20, 24-25/, хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 143, 162 дугаартай дүгнэлтүүд /хх 27, 29/, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

           Анхан шатны шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг үндэслэн М.Журааг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байна.

          Харин 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан бөгөөд

дээрх хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах торгох ялын хэмжээ багассан байх тул М.Жураагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, түүнд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд заасны дагуу ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх тухай Хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4., 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 81 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “…Шүүгдэгч Бүрд овогт Манжийн Журааг эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг ”2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Журааг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Шүүгдэгч М.Жураагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

     3. М.Жураад урьд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ё.БЯМБАЦЭРЭН

 

                 ШҮҮГЧИД                                                             Ц.ТУЯА       

     

                                                                                               С.УРАНЧИМЭГ