Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 123/2019/0007/З |
Дугаар | 221/МА2020/0628 |
Огноо | 2020-12-09 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2020/0628
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарын бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.М нарыг оролцуулан Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 35 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 35 дугаар шийдвэрээр:
“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 35 дугаар зүйлийн 35.1.6, 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 60 дугаар зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Г” ХХК-ийн гаргасан “Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б давж заалдах гомдолдоо:
“...Г ХХК-ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 35 тоот шийдвэрт дараахь үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Г ХХК нь Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2008 оны 07 сарын 28-ны өдрийн 40 дугаартай захирамжаар нийт 430 га талбайг 60 жилийн хугацаатай эзэмших эрхээ авсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээг Сүмбэр сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 тоот захирамжаар хүчингүй болгосон.
Сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7 дахь заалтыг үндэслэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны газар эзэмших гэрээ байгуулаагүй, газрын төлбөрөө төлөөгүй, 2008 оны 90 дугаар захирамжийн дагуу үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт буюу 1 дүгээр хуудаст “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу өөр албан тушаалтан шийдвэрлэх ёстой гэсэн тайлбар үндэслэлгүй” гэжээ.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа, ноцтой зөрчсөн” гэсэн зөрчлийг хуулиар Сумын Засаг дарга шалган тогтоох эрх бүхий этгээд биш юм.
Харин газрын тухай хууль тогтоожмийн зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйл буюу газрын тухай хууль зөрчсөн зөрчлийг Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-д зааснаар харьяалалын дагуу мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч шалган шийдвэрлэнэ.
Зөрчлийг шалган тогтоосон бол түүнийг үндэслэж Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргах ёстой. Түүнээс шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурьдсан шиг эрхийн гэрчилгээг хүчингүй болгох асуудлыг Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу өөр албан тушаалтан шийдвэрлэх ёстой гэсэн агуулгаар огт тайлбар хийгээгүй юм.
Шүүх хуралд гэрчээр оролцсон маргаан бүхий актыг гаргасан Сүмбэр сумын Засаг даргаар ажиллаж байсан Н.М нь мэдүүлэхдээ “манай суманд Мэргэжлийн хяналтынхан ирж ажилласан гэхдээ “Г” ХХК дээр Газрын хууль зөрчсөн талаар ямар нэгэн дүгнэлт гараагүй.” гэсэн .
Гэтэл “Г” ХХК-ийг Газрын тухай хууль зөрчсөн эсэх талаар зөрчил хянан шийдвэрлэх эрх бүхий этгээд шалган тогтоогоогүй, хууль ёсны дүгнэлт гараагүй байхад газрын тухай хууль тогтоомж , газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа, ноцтой зөрчсөн гэж үзэн газар эзэмших эрхийг сумын Засаг дарга хүчингүй болгосон нь хууль бус юм. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү .” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Л аманд байрлах үр тариа, тариалах зориулалтаар газар эзэмшигч “Г” ХХК-ийн 430 га талбайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны газар эзэмших гэрээ байгуулаагүй, газрын төлбөрөө төлөөгүй, 2018 оны 90 дугаар захирамжийн дагуу үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.
Уг шийдвэрийг нэхэмжлэгч “Г” ХХК эс зөвшөөрч Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасанд анхан шатны шүүх нэхэмжлэгч “Г” ХХК нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д зааснаар газар эзэмших гэрээ байгуулаагүй, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалтад заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Үүнд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “...Газрын тухай хууль зөрчсөн эсэх талаар зөрчил хянан шийдвэрлэх эрх бүхий этгээд шалган тогтоогоогүй, хууль ёсны дүгнэлт гараагүй байхад газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа, ноцтой зөрчсөн гэж үзэн газар эзэмших эрхийг сумын Засаг дарга хүчингүй болгосон нь хууль бус...” хэмээн давж заалдах журмаар гомдол гаргасан байна.
Тариалангийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь тариалан эрхлэх, тариалангийн бүс нутгийг тогтоох, тариалангийн газрыг зүй зохистой ашиглах, хөрсийг хамгаалах, сайжруулах, тариалангийн болон эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж, 2.1-д “Тариалангийн тухай хууль тогтоомж нь..., Газрын тухай хууль, ...энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж зааснаар тариалан эрхлэгч нь энэ хуульд заасан эрх, үүргээс гадна Газрын тухай хуульд заасан газар эзэмшигч, ашиглагчийн эрх, үүргийг мөн хэрэгжүүлэх үүрэгтэй юм.
Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 90 дугаар захирамжаар “Г” ХХК-д нийт 430 га газрыг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх үүргээ хэрэгжүүлэн зориулалтын дагуу эзэмшихээр эрх олгосон байх ба 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тус сумын Засаг дарга болон нэхэмжлэгч “Г” ХХК нарын хооронд байгуулсан “Иргэн аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээ”–нүүдэд маргаан бүхий газруудыг “Үр тариа тариалах” “Үр тариа, Төмс хүнсний ногоо тариалах” зориулалтаар эзэмшүүлжээ. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь тус газруудыг тариалангийн зориулалтаар эзэмших эрхтэй бөгөөд Газрын тухай хуульд заасан эрх үүргийг хэрэгжүүлэх шаардлагатай.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно” гэж зааснаар газар эзэмшигч нь гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших бөгөөд энэ тохиолдолд хэрэв бусдад ашиглуулах тохиолдолд Төв аймгийн Сүмбэр сумын Засаг даргаас зөвшөөрөл авахаар хуулийн зохицуулалттай байна.
Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар дээрх газруудад тариалангийн үйлдвэрлэл явагдсан боловч нэхэмжлэгч нь өөр этгээдүүд буюу “Ж” ХХК, “Д” хоршоо, иргэн В.М нарт түрээслүүлж байсан болох нь нотлогдож байх тул гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
Өөрөөр хэлбэл дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “...сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заажээ. Иймээс хариуцагч нь уг шийдвэрийг гаргах бүрэн эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасан үүргээ биелүүлээгүйг хариуцагч хууль тогтоомжийг “ноцтой” зөрчсөнд тооцож газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Нөгөөтэйгүүр тариаланг дэмжих хүрээнд хуульд заасан шаардлагыг хангасан иргэн, аж ахуй нэгжид газар эзэмших эрх олгосон байхад түүнийг өөр этгээдүүдэд ашиглуулах нь захиргааны байгууллагын шийдвэр гаргасан үндсэн зорилготой харшилдаж байгааг дурдах нь зүйтэй.
Мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ.” гэж зааснаар газар эзэмшигч нь газар эзэмших гэрээг жил бүр гэрээгээ сунгуулж, хариуцагчаар гэрээг дүгнүүлэх шаардлагатай бөгөөд хэрэгт 2013 онд газар эзэмших гэрээ байгуулснаас хойш гэрээ дахин байгуулаагүй байх тул заасан тус үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 35 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
О
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА