Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 00801

 

 

 

 

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2016/00801

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Алаг уул ган ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

/Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Шанел үйлчилгээний төвийн 508 тоотод байрлах, регистрийн дугаар 5322251, улсын бүртгэлийн дугаар 9015001147/

 

            Хариуцагч: Үст овогтой, Чимэдрэгзэнгийн Ганболдод холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Нархан хотхон, 51 Б байр, 10 тоотод оршин суух, регистрийн дугаар ШВ72060716/

 

            Хариуцагч: Олхонууд овогтой, Сандивын Цэвэгмэдэд холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Нархан хотхон, 51 Б байр, 10 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧГ53120802/

 

            Хариуцагч: Үст овогтой, Сүхбаатарын Навчаад холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Нархан хотхон, 51 Б байр, 10 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧП77120404/

 

            Гэрээний үүргийн гүйцэтгэлд 101.136.810 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнасан, хариуцагч С.Навчаа, Ч.Ганболд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат, хариуцагч С.Цэвэгмэд, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Алаг уул ган ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Б.Насанбуян шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ч.Ганболд, түүний эхнэр С.Навчаа, мөн С.Навчаагийн ээж болох С.Цэвэгмэд нар нь тус банк бус санхүүгийн байгууллагаас 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ5102013 тоот зээлийн гэрээ, БГ5102013 тоот барьцааны гэрээ байгуулан 11-58925 тоот барьцаалбар үйлдэн 60.000.000 төгрөгийг 2.6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд С.Навчаа, С.Цэвэгмэд нарын нэр дээр бүртгэлтэй Ү-2206008940 улсын бүртгэлийн дугаартай, Г-000185078 тоот гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхон, 51/Б дугаар байрны 10 тоот 109,6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаа барьцаалан эрх бүхий байгууллагуудаар батлуулан бүртгүүлсэн. Зээлдэгч нар нь 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үндсэн зээлээс 1.000.000 төгрөг, зээлийн хүүнд 1.560.000 төгрөг төлөх графиктай байснаа 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр графикийн дагуу зээлээс 1.000.000 төгрөг, зээлийн хүүнд 1.560.000 төгрөг, нийт 2.560.000 төгрөг төлсөн. 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр зээлээс 1.000.000 төгрөг, зээлийн хүүнд 1.585.133 төгрөг төлөх графиктай байснаа 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр графикийн дагуу зээлээс 1.000.000 төгрөг, зээлийн хүүнд 1.585.133 төгрөг, нийт 2.585.133 төгрөг төлсөн. 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зээлээс 3.300.000 төгрөг, зээлийн хүүнд 1.508.000 төгрөг төлөх графиктай байснаас 1 хоног хэтрүүлэн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээний 2.3-т заасны дагуу 1 хоног хугацаа хэрүүлсний нэмэгдүүлсэн хүүнд зээлийн үлдэгдэл болох 54.700.000 төгрөгөөс 0.52%-иар нэмэгдүүлэн тооцно гэж заасны дагуу 10.053 төгрөг, зээлийн хүүнд 1.510.860 төгрөг, зээлээс 3.300.000 төгрөг нийт 4.820.913 төгрөг төлсөн. 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр зээлээс 3.300.000 төгрөг, зээлийн хүүнд 1.422.200 төгрөг төлөх графиктай байснаас 3 хоног хугацаа хэтрэн 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүнд 28.444 төгрөг, зээлийн хүүнд 1.430.780 төгрөг, нийт 1.459.224 төгрөг төлсөн. Зээлээс 3.300.000 төгрөг төлөх байснаа төлөөгүй үлдэгдэлтэй үлдсэн. 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр үндсэн зээлээс графикийн дагуу 3.300.000 төгрөг, 3 дугаар сарын үлдэгдэл зээл 3.300.000 төгрөг нийт зээлээс 6.600.000 төгрөг, зээлийн хүүнд 1.469.607 төгрөг, 3 дугаар сард зээлээ графикийн дагуу төлөөгүй тул гэрээний дагуу нэмэгдүүлсэн хүүнд 265.477 төгрөг төлөх байсан. 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 1 хоног хугацаа хэтрэн ирэхэд 1 хоногийн нэмэгдүүлсэн хүүнд 9.481 төгрөг үүн дээр 3 дугаар сарын график зөрчсөний нэмэгдүүлсэн хүү 265.477 төгрөг, нийт 274.958 төгрөг төлөх байснаас 26.643 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд, зээлийн хүүнд 1.475.327 төгрөг, нийт 1.501.970 төгрөг төлсөн. Үндсэн зээлээс 6.600.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 248.315 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр графикийн дагуу зээлээс 3.300.000 төгрөг, үүн дээр 3, 4-р сарын төлөгдөөгүй үлдсэн зээл 6.600.000 төгрөг, нийт 9.900.000 төгрөг, зээлийн хүүнд 1.422.200 төгрөг, график зөрчсөний нэмэгдүүлэн хүүнд 274.959 төгрөг, үүн дээр 4 дүгээр сарын нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 248.315 төгрөг, нийт 523.274 төгрөг төлөх байснаа ирээгүй үлдэгдэлтэй үлдсэн. 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр графикийн дагуу зээлээс 3.300.000 төгрөг, үүн дээр 3, 4, 5 дугаар сарын төлөгдөөгүй үлдсэн зээл 9.900.000 төгрөг, нийт 13.200.000 төгрөг, зээлийн хүүнд 1.422.200 төгрөг, үүн дээр 5 дугаар сарын төлөгдөөгүй хүү 1.422.200 нэмэгдээд нийт хүүнд 2.844.400 төгрөг, график зөрчсөний нэмэгдүүлсэн хүүнд 284.440 төгрөг үүн дээр 5 дугаар сарын нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 523.274 төгрөг, нийт 807.714 төгрөг тус тус төлөх байсан. Зээлдэгч нь 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 300.000 төгрөгтэй ирснийг нь нэмэгдүүлсэн хүүнд тооцон аваад нэмэгдүүлсэн хүү нь 507.714 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр графикийн дагуу зээлээс 3.300.000 төгрөг үүн дээр 3, 4, 5, 6 дугаар сарын төлөгдөөгүй үлдсэн зээл 13.200.000 төгрөг, нийт 16.500.000 төгрөг, зээлийн хүү 3.405.252 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 28.444 төгрөг, үүн дээр дутуу 801.635 төгрөг, нийт 830.079 төгрөгөөс төлсөн 591.245 төгрөгийг хасаад 238.834 төгрөгийн үлдэгдэлтэй тус тус үлдсэн. 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр графикийн дагуу зээлээс 3.300.000 төгрөг, үүн дээр 3,4,5,6 ,7 дугаар сарын төлөгдөөгүй үлдсэн зээл 16.500.000 төгрөг, нийт 19.800.000 төгрөг, зээлийн хүүнд 1.422.200 төгрөг, үүн дээр 5,6,7 дугаар сарын хүүний үлдэгдэл 3.405.252 төгрөг, нийт хүүнд 284.440 төгрөг, үүн дээр 7 дугаар сарын нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 238.834 төгрөг, нийт 523.274 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх байсан. Зээлдэгч нь 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нэмэгдүүлсэн хүүнд 284.440 төгрөг, зээлийн хүүнд 715.560 төгрөг, нийт 1.000.000 төгрөг төлсөн. Үндсэн зээлээс 19.800.000 төгрөг, зээлийн хүүнээс 4.111.892 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 238.834 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр графикийн дагуу зээлээс 3.300.00 төгрөг, үүн дээр 3,4,5,6,4,8 дугаар сарын төлөгдөөгүй үлдсэн зээл 19.800.000 төгрөг нийт 23.100.000 төгрөг, зээлийн хүүнд 1.422.200 төгрөг, үүн дээр 5,6,7,8 дугаар сарын хүүний үлдэгдэл 4.111.892 төгрөг, нийт хүүнд 5.534.092  төгрөг, график зөрчсөний нэмэгдүүлсэн хүүнд 284.440 төгрөг, үүн дээр 8 дугаар сарын нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 238.834 төгрөг, нийт 523.274 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх байсан. 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 3 хоног хугацаа хэтрэн 1.000.000 төгрөг ирсэнийг нь 312.884 төгрөгийг нь нэмэгдүүлсэн хүүнд, 687.116 төгрөгийг зээлийн хүүнд тооцон авсан. Ингээд үндсэн зээлээс 19.800.000 төгрөг, зээлийн хүүнээс 4.846.976 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 28.444 төгрөг дээр төлөгдөх байсан нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл болох 523.274 төгрөгийг нэмээд төлсөн 312.884 төгрөгийг  хасаад 238.834 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. Зээлдэгч нар нь 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ирснээс хойш огт ирж төлбөр төлөөгүй ба зээлийн гэрээний хугацаа 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болоход зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоонд зээлийн үлдэгдэл 54.700.000 төгрөг, зээлийн хүү 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр үлдэгдэл хүү 4.846.976 төгрөг дээр гэрээ дуусгавар болох өдрийг хүртэлх 243 хоногийн хүү 11.519.820 төгрөг, нийт хүүнд 16.366.796 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр үлдэгдэл 238.834 төгрөг дээр 243 хоногийн нэмэгдүүлсэн хүү 2.303.964 төгрөг, нийт 2.542.798 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тус тус үлдсэн. Гэрээ дуусгавар болоход нийт 73.609.594 төгрөгийн тооцоо үлдсэн. Гэрээ дуусгавар болсон 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс хойш нэмж 295 хоногийн хүү 13.984.967 төгрөг дээр зээлийн хүүний үлдэгдэл 16.366.796 төгрөг, нийт хүүнд 30.351.763 төгрөг, 295 нэмэгдүүлсэн хүү 2.796.993 төгрөг дээр нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 2.542.798 төгрөг, нийт 5.339.791 төгрөг, зээлийн гэрээний 3.2-т заасны дагуу зээл төлүүлэхтэй холбоотой зээлдэгчийн гэрт 10 удаа очсоны зардал 100.000 төгрөг, нотариатаар шүүхэд өгөх материал батлуулсаны хөлс 7.200 төгрөг. Ингээд нийт 90.498.754 төгрөгийг нэхэмжилсэн.

Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, гэрээний дагуу нийт 131 хоног буюу 4 сар гаруй хугацааны хүү болох 6.210.273 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1.242.055 төгрөг нийт 7.452.328 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдаан дахин 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хойшилсон. Энэ хугацаанд бид нар мөн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл нийт 56 хоногийн хүү 2.654.773 төгрөг, мөн нэмэгдүүлсэн хүү 530.955 төгрөг, нийт 3.185.728 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нийт 101.136.810 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, барьцаан дахь орон сууцаар үүргийн  гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв. 

           

            Хариуцагч С.Навчаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Алаг уул ган ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Навчаа надад холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

            Хариуцагч Ч.Ганболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Ч.Ганболд би “Алаг уул ган” ББСБ-аас 60.000.000 төгрөгийн зээл авч ОХУ руу бэлэг дурсгал, гар урлалын бүтээгдэхүүн нийлүүлэх бизнесийн үйл ажиллагаандаа уг зээлийг зарцуулсан юм. Өөрийн компанид байсан хөрөнгө мөнгөө уг зээлийн мөнгөтэй  хамт бэлэг дурсгал сувенир чимэглэл хийдэг үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд, бэлдэх материал худалдан авахад зарцуулсан. Тухайн үед гадаад руу экспорт хийх үед ОХУ-ын хуулиар манай бүтээгдэхүүнийг ОХУ-ын рублиэр тооцох гэрээ байгуулсан юм. Гэтэл 2013 оны 46.35 төгрөгтэй тэнцэж байсан рубль 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 29.66 төгрөг болтлоо ханш нь унаж миний эрхэлдэг бизнесийн үйл ажиллагаа бүхэлдээ эрсдэлд орсон. Би авсан зээлээ хугацаанд нь хүүгийн хамт төлж байсан бөгөөд надаас огт шалтгаалаагүй эдийн засгийн давагдашгүй хүнд нөхцөл байдал үүсэж миний бие зээлийг төлөх боломжгүй болсон юм. Энэ тухайгаа “Алаг уул ган” ББСБ-д мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч Ч.Ганболд би өөрийн буруугаас шалтгаалаагүй давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан эрсдэлд орсон юм. Банкны тухай хууль болон Иргэний хуульд тодорхой заасан нөхцөл байдал учирсан тул миний төлсөн 16.727.240 төгрөгийн зээлийн төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцож үлдсэн төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Миний эхнэр С.Навчаа болон түүний ээж С.Цэвэгмид нар нь зээлийг хүлээн аваагүй, зарцуулаагүй, хариуцагчаар оролцох үндэслэлгүй байгаа тул хянаж үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           

Хариуцагч С.Цэвэгмэд шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай охин С.Навчаагийн нөхөр Ч.Ганболд анх охин бид хоёрын үл хөдлөх хөрөнгийг барьцаанд бавиулж, “Алаг уул ган” ББСБ-аас зээл авсан. Энэ үед нэхэмжлэгч буюу тухайн үед зээлдүүлэгч “Алаг уул ган” ББСБ нь зээл болон барьцааны гэрээнд заавал хөрөнгийн эздээр гарын үсэг зуруулах шаардлага тавьж миний бие гэрээнүүдэд гарын үсэг зурсан. Анх 60.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн юм байна гэж би нэхэмжлэлээс нь ойлгож байгаа боловч яг хэдийг нь хэнд өгсөн, одоо 3 хариуцагчийн хэнээс нь хэдэн төгрөг нэхэмжилж байгааг нэхэмжлэлийн шаардлага, хавсаргасан баримтаас харагдахгүй байна. Гэтэл одоо ийм их хэмжээний буюу 90 гаруй сая төгрөг нэхэмжил байгаад миний бие дангаараа хариулт өгөх боломжгүй байна. Би тухайн үед ойлгохдоо Ч.Ганболдод л мөнгийг хүлээлгэн өгсөн гэж бодож байсан. Зээл авснаасаа хойш Ч.Ганболд нь нэхэмжлэгчид 20-иод сая төгрөг төлсөн гэсэн ойлголттой яваа. Бид нар хэдийгээр нэг гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлдүүлэгчийн зүгээс хамтран зээлдэгчийн хэн, хэнийх нь өмнө ямар, ямар үүрэг хүлээсэн, зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмнө ямар ямар үүрэг хүлээсэн гэдгийг тус тусад нь авч үзэж байж үүргийн гүйцэтгэл шаардах ёстой. Энэ бүхэн нь С.Цэвэгмэд намайг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болгож байгаа юм. Энэ бол миний байр. Би өөрийн хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө авсан. Үр хүүхдээ сайхан амьдраг гээд оруулчихсан чинь Ч.Ганболд бизнес хийнэ гэхээр нь за гэсэн. Тухайн үед гэрээ ч билүү хэлцэл ч билүү байгуулж байсан. Ч.Ганболд, С.Навчаа хоёрт байгаа байх. Надад бол үлдээгүй байна. Энэ хэлцэл дээр би өөрийнхийгөө сайн мэдэж байна. Би энэ зээлийн төлөлтөнд оролцохгүй, би байраа барьцаалъя, бизнес хийхэд чинь зориуллаа гэсэн. Тэгээд ч банк бус санхүүгийн байгууллагын мөнгө хүлээлгэж өгсөн, зээлийн эргэн төлөлт дээр С.Цэвэгмэд гэдэг хүний нэр, гарын үсэг байхгүй. Надтай банк бус санхүүгийн байгууллагаас хоёр удаа Ч.Ганболдыг асууж утсаар ярьж байсан гэхээс биш зээлийн талаар ярьж байгаагүй. Бизнесийн зориулалтай гэж гэрээ хийж зээлийг авсан. Бизнестээ зориулж тоног төхөөрөмж, түүхий эд авсан. Бусад материалыг шүүхэд гаргаж өгсөн. Өнөөдөр жижигхэн компани байтугай улс орон даяар хямарч мөнгөгүй болоод байхад энэ бол давагдашгүй хүчин зүйл, эрсдэл юм. Тийм учраас энэ эрсдлийг шүүх харгалзаж үзэх байх гэж бодож байна. Гэрээнд би ямар ч хамааралгүй би байраа л барьцаанд тавьлаа гэсэн. Бид гурвуулаа хариуцагч ч гэсэн хуулийн өмнө тусдаа этгээд гэв.

           

Хариуцагч Ч.Ганболд, С.Навчаа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар авсан зээлийн үнийн дүнд маргаан байхгүй. 16.700.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр дээрээ маргаан байхгүй. Аливаа гэрээ хэлцэл нь хуулиар тогтоосон хэм хэмжээнд нийцэх ёстой. “Алаг уул ган” ББСБ-ын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэрээ нь хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчиж байгуулсан гэрээ гэж хариуцагчийн талаас үзэж байгаа. Зээлдэгчийн эрх ашгийг хэт хохироож, нэг талд нь хэт илт давуу байдал олгосон гэрээ гэж үзэж байгаа. Энэ нь юугаар нотлогдох вэ гэхээр гэрээний 1.6 дахь хэсэгт байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйл, эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр гэх мэт нь зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байх шалтгаан болохгүй гэсэн байна. Монгол Улсад дайн гэх мэт ямар нэгэн гамшиг болбол хариуцагч нас барвал яах вэ. Энэ тохиолдолд хуулиар тогтоосон эрх хэмжээг илт зөрчсөн гэрээ юм. Ийм байж болохгүй. Гэрээ хэлцэл гэдэг бол Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж, мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн акт, шийдвэрийн үндсэн дээр хийгддэг. Энэ бол нийтлэг үндэслэл дээр яавч байж болохгүй заалт. Хүн бизнес хийгээд эрсдэж болно, ямар нэгэн байдлаар хохирч болно. Банк бус санхүүгийн байгууллагын хуульд тодорхой байгаа. Эрсдлийн сангаас тодорхой хэмжээгээр эрсдэлд орсон хүний зээлийн төлбөрөөс хаах, чөлөөлөх үндэслэл байгаа. Тийм бол яах гэж банк бус санхүүгийн байгууллага, банк гэж байдаг юм бэ. Тусдаа хуультай, давуу эрх олгосон гэдгээр ийм гэрээ хийж болохгүй. Зээлийн гэрээ бол анхнаасаа хуульд нийцээгүй байдлаар хийгдсэн байна. Зээлийн гэрээний 5.3 дахь хэсэгт зээлдэгчийг төлөөлж Ч.Ганболд нь зээлийг хүлээн авах, зээлийн төлбөр төлөх, гэрээ сунгах, гэрээнд заасан зээлдэгчийн эрх, үүргийг төлөөлж банк бус санхүүгийн байгууллагатай харилцах эрхтэй гэж зээлийн гэрээгээр эрх өгсөн байна. Энэ бол хуульд нийцээгүй байна. Эрхийг банк бус санхүүгийн байгууллага өгдөггүй. Эрхийг өмчийн эзэн С.Цэвэгмэд болон өмчлөгч С.Навчаа нар олгох болохоос биш банк бус санхүүгийн байгууллага олгож болохгүй. Энэ бол хэн нэгэн өмчлөгч этгээдийн өмчлөх эрхэнд шууд халдсан гэрээний заалт байна. Үүнээс дүгнэхэд зээлийг авсан хүн нь Ч.Ганболд гэдэг нь тогтоогдож байгаа. Хариуцагч С.Навчаа, С.Цэвэгмэд нар нь зээлийг аваагүй, зээлийн мөнгийг хэрэглээгүй. Үүнийг банк бус санхүүгийн байгууллага болон Ч.Ганболд ч мэдэж байгаа. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дуусаж байгаа. Гэрээний хугацаа сунгаагүй байхад их хэмжээний хүү, алданнги нэхэж байна. Иймээс гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож  өгнө үү. Гэрээний 1.6 гэсэн заалт нь байгалийн гамшгаас илүү давуу эрхийг олгосон учраас зээлийн гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдох үндэслэлтэй гэв.

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

                         

            “Алаг уул ган ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.Ганболд, С.Цэвэгмэд, С.Навчаа нарт холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 101.136.810 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Алаг уул ган ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Б.Насанбуянгийн “...хариуцагч нараас талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 54.700.000 төгрөг, зээлийн хүү 39.216.809 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7.112.801 төгрөг, бусад зардал 100.000 төгрөг, нотариатын зардал 7.200 төгрөг, нийт 101.136.810 төгрөгийг барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар хүлээн зөвшөөрөхөөс татгалзажээ.

 

Ч.Ганболд, С.Цэвэгмэд, С.Навчаа нар “Алаг уул ган ББСБ” ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ5102013 дугаар “Зээлийн гэрээ” байгуулж, уг гэрээгээр зээлдэгч Ч.Ганболд, С.Цэвэгмэд, С.Навчаа нар зээлдүүлэгч “Алаг уул ган ББСБ” ХХК-иас 60.000.000 төгрөгийг 30 хоногийн 2.6 хувийн хүүтэй, 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 546 хоногийн хугацаатай зээлж, 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн БГ5102013 дугаар “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-ээр уг зээлийн барьцаанд С.Навчаа, С.Цэвэгмэд нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, нархан хотхон 51/Б байрны 10 тоот орон сууцыг барьцаалжээ.

 

Талууд уг гэрээг байгуулсан, гэрээний дагуу 60.000.000 төгрөг зээлдүүлсэн, зээлдэгч нар үндсэн зээлд 5.300.000 төгрөг, зээлийн хүүд 9.873.531 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1.553.709 төгрөг, нийт 16.727.240 төгрөг төлсөн талаар маргадаггүй болно.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Алаг уул ган ББСБ” ХХК нь хариуцагч Ч.Ганболд, С.Цэвэгмэд, С.Навчаа нараас үндсэн зээлийн үлдэгдэл 54.700.000 төгрөг, гэрээний хугацаа 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дуусах хүртэл графикийн дагуу төлөгдөөгүй үлдэгдэл зээлийн хүү 16.366.796 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2.542.798 төгрөг, хэтэрсэн хугацааны буюу 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл зээлийн хүүд 22.850.013 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4.570.003 төгрөг, нийт 101.029.610 төгрөг”-ийг шаардах эрхтэй юм.

 

Харин нэхэмжлэгчийн “...зээлдэгчийн гэрт 10 удаа очсоны зардал 100.000 төгрөг, нотариатын зардал 7.200 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагч С.Навчаа, С.Цэвэгмэд нар “...уг зээлсэн мөнгийг би аваагүй, надад хамааралгүй” гэж тайлбарладаг боловч Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг, зээлийн гэрээ, талуудын тайлбар зэргээс дүгнэхэд зээлдэгч С.Навчаа, С.Цэвэгмэд нарын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон гэж дүгнэхээр байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчШ.Ганбат шүүхэд “...зээлийн гэрээ нь хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн, зээлдэгчийн эрх ашгийг хэт хохироож, нэг талд нь хэт илт давуу байдал олгосон гэрээ бөгөөд гэрээний 1.6 дахь заалт нь хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бусад тооцогдох үндэслэлтэй” гэж тайлбарладаг хэдий боловч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдав.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ч.Ганболд, С.Цэвэгмэд, С.Навчаа нараас 101.029.610 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Алаг уул ган ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 107.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг баримтлан хариуцагч  Ч.Ганболд, С.Цэвэгмэд, С.Навчаа нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206008940 дугаарт бүртгэлтэй, С.Навчаа, С.Цэвэгмэд нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, нархан хотхон 51/Б байрны 10 тоот, 109.6 м.кв 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгүүлэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй, гэхдээ үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Ганболд, С.Цэвэгмэд, С.Навчаа нараас 101.029.610 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Алаг уул ган ББСБ” ХХК-д олгох, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 107.200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг баримтлан хариуцагч  Ч.Ганболд, С.Цэвэгмэд, С.Навчаа нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206008940 дугаарт бүртгэлтэй, С.Навчаа, С.Цэвэгмэд нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, нархан хотхон 51/Б байрны 10 тоот, 109.6 м.кв 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгүүлэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Алаг уул ган ББСБ” ХХК-иас 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 610.450 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 97.207 төгрөг, 36,980 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 65.922 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ганболд, С.Цэвэгмэд, С.Навчаа нараас 663.098 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Алаг уул ган ББСБ” ХХК-д олгосугай.

 

4Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД