Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 105

 

“Алаг уул ган ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг  даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/04006 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Алаг уул ган ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.Ганболд,

Хариуцагч С.Навчаа,

Хариуцагч С.Цэвэгмэд нарт холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 101 136 810 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч Ч.Ганболд, С.Навчаа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Батнасан

Хариуцагч Ч.Ганболд, С.Навчаа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Ганбат, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам  нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Алаг уул ган ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ч.Ганболд, түүний эхнэр С.Навчаа, мөн С.Навчаагийн ээж С.Цэвэгмэд нар нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ5102013 тоот зээлийн гэрээ, БГ5102013 тоот барьцааны гэрээ байгуулан 11-58925 тоот барьцаалбар үйлдэн     60 000 000 төгрөгийг 2,6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд С.Навчаа, С.Цэвэгмэд нарын нэр дээр бүртгэлтэй Ү-2206008940 улсын бүртгэлийн дугаартай, Г-000185078 тоот гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхон, 51/Б дугаар байрны 10 тоот 109,6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалан эрх бүхий байгууллагуудаар батлуулан бүртгүүлсэн.

Зээлдэгч нар нь 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш төлбөр төлөөгүй ба зээлийн гэрээний хугацаа 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болоход зээлийн үлдэгдэл 54 700 000 төгрөг, зээлийн хүү 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр үлдэгдэл хүү 4 846 976 төгрөг дээр гэрээ дуусгавар болох өдрийг хүртэлх 243 хоногийн хүү 11.519.820 төгрөг, нийт 16 366 796 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр үлдэгдэл 238 834 төгрөг дээр 243 хоногийн нэмэгдүүлсэн хүү 2 303 964 төгрөг, нийт 2 542 798 төгрөг, нийт 73 609 594 төгрөгийн тооцоо үлдсэн. Гэрээ дуусгавар болсон 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш нэмж 295 хоногийн хүү 13 984 967 төгрөг дээр зээлийн хүүний үлдэгдэл 16 366 796 төгрөг, нийт 30 351 763 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 796 993 төгрөг дээр нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 2 542 798 төгрөг, нийт 5 339 791 төгрөг, зээлийн гэрээний 3.2-т заасны дагуу зээл төлүүлэхтэй холбоотой зээлдэгчийн гэрт 10 удаа очсоны зардал 100 000 төгрөг, нотариатаар шүүхэд өгөх материал батлуулсны хөлс 7 200 төгрөг, нийт 90 498 754 төгрөгийг нэхэмжилсэн.

Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны буюу 56 хоногийн хүү 2 654 773 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 530 955 төгрөг, нийт    3 185 728 төгрөгөөр нэмэгдүүлсэн тул 101 136.810 төгрөгийг гаргуулж, барьцаан дахь орон сууцаар үүргийн  гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч С.Навчаа шүүхэд гаргасан тайлбартаа: “Алаг уул ган ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Ч.Ганболд шүүхэд гаргасан тайлбартаа: Би “Алаг уул ган ББСБ” ХХК-иас 60 000 000 төгрөгийн зээл авч, ОХУ руу бэлэг дурсгал, гар урлалын бүтээгдэхүүн нийлүүлэх бизнесийн үйл ажиллагаандаа уг зээлийг зарцуулсан. Тухайн үед ОХУ-ын хуулиар манай бүтээгдэхүүнийг рублиэр тооцох гэрээ байгуулсан юм. Гэтэл 2013 оны 46.35 төгрөгтэй тэнцэж байсан рублийн ханш 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 29.66 төгрөг болтол унаж миний эрхэлдэг бизнесийн үйл ажиллагаа бүхэлдээ эрсдэлд орсон. Би авсан зээлээ хугацаанд нь хүүгийн хамт төлж байсан бөгөөд надаас огт шалтгаалаагүй эдийн засгийн давагдашгүй хүнд нөхцөл байдал үүсэж зээлийг төлөх боломжгүй болсон. Энэ тухайгаа “Алаг уул ган ББСБ” ХХК-д мэдэгдэж байсан.

Банкны тухай хууль болон Иргэний хуульд тодорхой заасан нөхцөл байдал учирсан тул төлсөн 16 727 240 төгрөгийн зээлийн төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцож үлдсэн төлбөрийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Миний эхнэр С.Навчаа болон түүний ээж С.Цэвэгмэд нар нь зээлийг хүлээн аваагүй, зарцуулаагүй, хариуцагчаар оролцох үндэслэлгүй байгаа тул хянаж үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Цэвэгмэд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай охин С.Навчаагийн нөхөр Ч.Ганболд анх охин бид хоёрын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавиулж, “Алаг уул ган” ББСБ-аас зээл авсан. Энэ үед зээлдэгч “Алаг уул ган” ББСБ нь зээл болон барьцааны гэрээнд заавал хөрөнгийн эздээр гарын үсэг зуруулах шаардлага тавьж миний бие гэрээнүүдэд гарын үсэг зурсан.

Анх 60 000 000 төгрөг хүлээлгэн өгсөн юм байна гэж би нэхэмжлэлээс нь ойлгож байгаа боловч яг хэдийг нь хэнд өгсөн, одоо 3 хариуцагчийн хэнээс нь хэдэн төгрөг нэхэмжилж байгааг нэхэмжлэлийн шаардлага, хавсаргасан баримтаас харагдахгүй байна. Гэтэл одоо ийм их хэмжээний буюу 90 гаруй сая төгрөг нэхэмжилж байгаад миний бие дангаараа хариулт өгөх боломжгүй байна. Би тухайн үед ойлгохдоо Ч.Ганболдод л мөнгийг хүлээлгэн өгсөн гэж бодож байсан. Зээл авснаасаа хойш Ч.Ганболд нь нэхэмжлэгчид 20-иод сая төгрөг төлсөн гэсэн ойлголттой яваа.

 Энэ бол миний байр. Би өөрийн хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө авсан. Үр хүүхдээ сайхан амьдраг гээд оруулчихсан чинь Ч.Ганболд бизнес хийнэ гэхээр нь за гэсэн.  Бизнестээ зориулж тоног төхөөрөмж, түүхий эд авсан. Бусад материалыг шүүхэд гаргаж өгсөн. Өнөөдөр жижигхэн компани байтугай улс орон даяар хямарч мөнгөгүй болоод байхад энэ бол давагдашгүй хүчин зүйл, эрсдэл юм. Тийм учраас энэ эрсдлийг шүүх харгалзан үзэх байх гэж бодож байна. Гэрээнд би ямар ч хамааралгүй би байраа л барьцаанд тавьлаа гэсэн. Бид гурвуулаа хариуцагч ч гэсэн хуулийн өмнө тусдаа этгээд гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Ганболд, С.Цэвэгмэд, С.Навчаа нараас 101 029 610 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Алаг уул ган ББСБ” ХХК-д олгох, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 107 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч  Ч.Ганболд, С.Цэвэгмэд, С.Навчаа нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206008940 дугаарт бүртгэлтэй, С.Навчаа, С.Цэвэгмэд нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, нархан хотхон 51/Б байрны 10 тоот, 109.6 м.кв 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгүүлэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Алаг уул ган ББСБ” ХХК-иас 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 610 450 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 97 207 төгрөг, 36 980 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 65 922 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ганболд, С.Цэвэгмэд, С.Навчаа нараас 663 098 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Алаг уул ган ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ч.Ганболд, С.Навчаа нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагч талын эрх ашгийг хохироож, нотлох баримт гаргах эрхийг хангалгүй орхигдуулж, өөрт учирсан давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг авч хэлэлцэлгүй шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд үндэслэлгүй хэргийг шийдвэрлэсэнд дараах гомдлыг гаргаж байна.

Хариуцагч Ч.Ганболд нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий өөрт учирсан бодит нөхцөл байдалд мэргэжлийн байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимд хүсэлт гаргасан байгаа тухайгаа шүүхэд удаа дараа мэдэгдэж хүсэлт гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг нь хангахгүйгээр орхиж шүүх хуралдаан хийж, нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх, өөрийгөө нотлох баримтын үндсэн дээр өмгөөлөх зэрэг эрхээ эдэлж чадаагүйд гомдолтой байна.

“Алаг уул ган ББСБ” ХХК-тай хийгдсэн гэрээ нь хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчиж хийгдсэн, зээлдэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж хэт нэг талд буюу банк бус санхүүгийн байгууллагад давуу байдал олгосон бөгөөд гэрээний 1.6, 5.3 дахь заалтууд нь хуульд нийцээгүй нь 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий өөрт учирсан бодит нөхцөл байдалд мэрэгжлийн байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан байтал шүүх хүлээн авалгүй орхигдуулсан тул хэргийг анхан шатны шүүхэд буцааж нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлүүлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Алаг уул ган ББСБ” ХХК нь хариуцагч Ч.Ганболд, С.Цэвэгмид, С.Навчаа нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэг, гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс учирсан хохирол нийт 101 136 810 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

“Алаг уул ган ББСБ” ХХК болон Ч.Ганболд, С.Цэвэгмид, С.Навчаа нарын хооронд   2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн ЗГ5102013 тоот зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр 60 000 000 төгрөгийг 2,6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлэх, хугацаа хэтэрвэл нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг талууд тохирсон, мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгч зээлдэгчид шилжүүлэн өгсөн талаар маргаангүй байх тул тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Зээлийг С.Навчаа, С.Цэвэгмэд аваагүй гэх тайлбарыг гаргасан боловч зээлийн гэрээний 5.3-т зээлдэгчдийг төлөөлж Ч.Ганболд зээлийг хүлээн авах, зээлийн төлбөр төлөх, гэрээг сунгах, гэрээнд заасан зээлдэгчийн эрх, үүргийг төлөөлж зээлдүүлэгчтэй харьцах эрхийн талаар тохиролцсон тул мөнгөн хөрөнгийг С.Навчаа, С.Цэвэгмэд нар хүлээж аваагүй нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хувьд тэдгээрийг зээлийн гэрээний үүрэг төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм.

 

Зээлийн гэрээний 2.3-т зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн үлдэгдэл болон зээлийн хүүгийн нийт төлбөрөөс гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч нар нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 5 300 000 төгрөг, зээлийн хүүд 9 873 531 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 553 709 төгрөг, нийт 16 727 240 төгрөгийг зээлдүүлэгчид төлсөн талаар маргаангүй байна.

 

Иймд хариуцагч нар нь зээлийн гэрээний хугацаанд буюу 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн үндсэн зээл 54 700 000 төгрөг, зээлийн хүү 16 366 796 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 542 798 төгрөг, хэтэрсэн хугацаа /2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл/-ны зээлийн хүүд 22 850 013 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4 570 003 төгрөг, бүгд 101 029 610 төгрөгийг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй гэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 2451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Зээлийн гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүйгээс учирсан хохирол болох замын зардал 100 000 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 7 200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй талаарх шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Учир нь нотариатын үйлчилгээнд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 7 200 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан боловч энэ хэрэгт холбоотой бичгийн нотлох баримттай холбоотой үйлчилгээ авсан гэх байдал нотлогдохгүй байх тул уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг зааснаар эргэлзээтэй гэж үзнэ.

 

Талуудын хооронд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан ба барьцааны зүйл нь С.Навчаа, С.Цэвэгмэд нарын өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Нархан хотхон 51/Б дугаар байрны 10 тоот 109.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц байна. Барьцааны гэрээг бичгээр байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн байх тул уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

 

Иймд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэхдээ үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардах эрхийн нарийвчилсан зохицуулалт болох Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг баримтлаагүйг хууль хэрэглээний хувьд алдаатай болсон гэж дүгнэж, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

Хариуцагч талын төлсөн төлбөр зээлийн гэрээний хугацаанд хамаарч байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийн дараалал хамаарахгүй юм.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2016/04006 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “158 дугаар зүйлийн 158.1” гэснийг “175 дугаар зүйлийн 175.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Ганболд, С.Навчаа нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 663 098 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                                                

                                                                

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.НАРАНЦЭЦЭГ

 

       ШҮҮГЧИД                                    Т.ТУЯА

 

                                                            Э.ЗОЛЗАЯА