Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1088

 

 

 

 

 

2019         12          20                                   2019/ШЦТ/1088       

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Т.Жавхлантөгс /томилолтоор/,  

Шүүгдэгч Б.О (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Од холбогдох эрүүгийн 1809044581260 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зураач сийлбэрч мэргэжилтэй, “Тие Ен Жин Санжон” ХХК-д менежер ажилтай, ам бүл 2, хүү Э.Дөлбадрахын хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 1 хэсэг улаанхуаран гудамж 2074 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хөх тэнгэр хотхоны 9 дүгээр байшинд түр оршин суух, урьд:

 

2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

         Шүүгдэгч Б.О нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Батхуягтай уулзаж Засгийн газарт ажилладаг том хүн байгаа Оюутолгойд ажилд оруулж өгнө гэж худал хэлэн хуурч 7.500.000 төгрөг төгрөг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 1809044581260 дугаартай хэргээс:

 

Хохирогч Г.Батхуяг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хас банкны орчимд Онон эмэгтэйтэй уулзсан. Уг өдрөөс хагас сар орчмын өмнө хувийн тээврийн хэрэгслээрээ таксинд явж байтал Заяа гэж өөрийгөө танилцуулсан эрэгтэй үйлчлүүлсэн. Заяа хүнтэй утсаар ярьж байхдаа “8.000.000 төгрөг өнөөдөр өгчих юм бол Оюутолгойд ажилд оруулаад өгнө” гэж байсан. Би утсаар яриад дуусахаар нь асуухад “8.000.000 төгрөг өгөх юм бол Оюутолгойд ажилд оруулж болно, Хоёр хүн оруулна. Нэг нь бэлэн, нэг хүн дутуу, өнөөдөр мөнгөө өгөх юм бол 7 хоногийн дотор Оюутолгойн үндсэн ажилтан болно” гэж ярьсан. Би Заяагийн дугаарыг тэмдэглэж авсан. Хэд хэдэн удаа утсаар ярьж байгаад 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр уулзсан. Уулзахад дагуулж ирсэн эмэгтэйгээ Онон гэж танилцуулсан. Онон гэдэг эмэгтэй нь Оюутолгойд ажилд оруулж өгөх хүн гэж хэлж байсан. Би Заяад зуучилж өгсний хөлс 500.000 төгрөгийг өөрийнх нь данс руу шилжүүлсэн. Ононтой ярилцахад “Оюутолгойд ажилд оруулж өгнө. Засгийн газарт ажилладаг том хүн байгаа тэр хүнээр дамжуулж оруулж өгнө. 7.500.000 төгрөг авна “ гэж хэлсэн тул Хас банкны салбар руу орж 7.500.000 төгрөгийг Ононгийн хүү Дөлбадрах гэдэг хүний Хаан банкны данс руу шилжүүлсэн. Намайг хохиролгүй болгож өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45, 84 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Ариунбаяр 2,3 сар хүлээнэ Мөнхбат дарга их завгүй байгаа, Оюутолгойд бүтцийн өөрчлөлт хийж байгаа гэж хэлсэн. Би хүлээгээд байсан боловч таг болсон. Би өөрийн дүүгийн эхнэр Нараа дээр очоод Батхуягийг ажил оруулаад өгөөч гэж гуйсан. Түүний дагуу Монис компанид ажилд оруулж өгсөн байж магадгүй гэж боддог...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-74 дүгээр хуудас/,

 

Хаан банкны Депозит дансны хуулга /хх-ийн 17-20, 46 дугаар хуудас/,

 

Хас банкны Дансны хуулга /хх-ийн 47 дугаар хуудас/,

 

Төлбөрийн баримт /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Мөнхбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Заяа, Онон гэх хүмүүсийг танихгүй. Онон гэх хүнтэй олон жилийн өмнө хальт уулзаад өнгөрч байсан. Ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Би “Оюутолгой” ХХК-нд ажилд оруулдаг хүн биш...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,

 

Гэрч Т.Зая мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн үед Онон эгч “Оюутолгойд хүн ажилд оруулна, чи ажилд орох хүн олж өгөх юм бол тодорхой хэмжээний урамшуулал өгнө” гэж хэлсэн. Би таксинд найзтайгаа Оюутолгойн талаар яриад явж байх үед таксины жолооч буюу Батхуягийн аав надад хандаж “Та Оюутолгойд хүн ажилд оруулах гэж байгаа юм уу манай хүү Батхуяг уул уурхайн чиглэлийн мэргэжилтэй хүн байдаг” гэхээр нь Батхуягийн аавд Онон эгчийн дугаарыг өгсөн. Батхуягийн аав Онон эгч нар хоорондоо гэрээ хийсэн гээд Онон эгч надад бэлнээр 500.000 төгрөг өгсөн. Ононгоос авсан 500.000 төгрөгөө буцаагаад Баттхуягийн данс руу хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-53 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Ганбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Онон нь хүү бид хоёрт “асуудалгүй Оюутолгой компанид 7 хоногийн дотор ажилд оруулж өгч чадна” гэсэн. Би өөрийн эзэмшлийн газраа барьцаанд тавиад Онон гэгчид 7.500.000 төгрөг, Зая гэгчид зуучилж өгсний мөнгө гэж 500.000 төгрөг өгсөн. Онон нь “мөнгө авснаас хойш 20 хоногийн дотор ажилд оруулж өгнө, харин 20 хоногоос хэтрэх юм бол мөнгийг чинь буцаагаад өгчихнө” гэсэн боловч өдийг хүртэл өгөөгүй байна. Ононгоос 7.500.000 төгрөг авах ёстой. Зая нь 500.000 төгрөгөө буцаагаад авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Огийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57-58 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 60 дугаар хуудас/, гэрлэлтийн цуцлалтын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62 дугаар хуудас/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №2084 дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 88-89 дүгээр хуудас/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 94 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:      

                                      

 Шүүгдэгч Б.О нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Батхуягтай уулзаж Засгийн газарт ажилладаг том хүн байгаа Оюутолгойд ажилд оруулж өгнө гэж худал хэлэн хуурч 7.500.000 төгрөг төгрөг залилан авсан болох нь шүүгдэгч Б.Огийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Батхуягийн мэдүүлэг, гэрч Т.Заяийн мэдүүлэг, гэрч Д.Ганбатын мэдүүлэг, гэрч Д.Мөнхбатын мэдүүлэг, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хас банкны дансны хуулга, эвлэрлийн гэрээ, төлбөрийн баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийн агуулгаас үзвэл Б.О нь “Оюутолгой ХХК-нд ажилд оруулж өгнө” гэж Г.Батхуягийг төөрөгдүүлэн хуурч мөнгийг дансаар өөртөө шилжүүлүүлэн авсан, хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлж, хохирогчид 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Б.Огийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Б.Ог бусдыг хуурч, төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Г.Батхуягт учирсан 7.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол төлөгдөөгүй тул уг хохирлыг шүүгдэгч Б.Огоос гаргуулж хохирогч Г.Батхуягт олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.О нь хохирогч Б.Отой хохирлоо төлөх талаар хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулж, хохирогчоос “хохирлоо төлбөл гомдол саналгүй” талаар хүсэлтээ илэрхийлсэн болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх Б.Ог гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                                

        ТОГТООХ НЬ:

            1. Шүүгдэгч Б.Ог бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ог 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Огоос 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Батхуягт олгосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН