Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 222

 

 

 

 

 

 

  2020             2            18                                       2020/ДШМ/222

 

           Б.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Амгаланбаатар,

шүүгдэгч Б.О,

хохирогч Б.Батхуягийн өмгөөлөгч А.Отгонжаргал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1088 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Батхуягийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Од холбогдох 1809 04458 1260 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ийн О, 1973 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зураач-сийлбэрч мэргэжилтэй, “...” ХХК-д менежер ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух, /РД:.../,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайг тогтоож, 2015 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгосон;

            Б.О нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Батхуягтай уулзаж “Засгийн газарт ажилладаг том хүн байгаа, Оюунтолгой ХХК-д ажилд оруулж өгнө” гэж худал хэлэн хуурч, 7.500.000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Бадарчийн Ог бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ог 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Огоос 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Г.Батхуягт олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Батхуяг гаргасан давж заалдах гомдолдоо: “Б.О нь анхан шатны шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хохирол төлбөрөө төлөхгүй явж байгаад “2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлнө, гэхдээ эвлэрлийн гэрээ хийе, надад хугацаа өгөөч, би энэ гэрээг хийснээр миний ял хөнгөрөх боломжтой” гэж гуйж, намайг дахин мэхэлсэн. Анхан шатны шүүх Б.Од 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан боловч би энэхүү ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Б.О нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт холбогдож, хэргийг Өршөөлийн тухай хуулиар хэрэгсэхгүй болгосон. Мөн өөрийн хийсэн гэм буруугаа, гэмт хэрэгтээ дүгнэлт хийхгүй оногдуулсан ялаа хөнгөрүүлж бусдад итгэл үнэмшил үзүүлэхийн тулд худлаа эвлэрлийн гэрээ хийж, намайг болон шүүхийг төөрөгдөлд оруулж байна. Эвлэрлийн гэрээгээр хохирол төлөх хугацаа дууссан, мөн өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, төлөх сэтгэл байхгүй байна. Утсаар ярихаар худал хэлж цаг хугацаа авч байгаа тул хэргийг дахин хэлэлцүүлж, Б.Од оногдуулах ялыг хүндрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Хүний сайхан сэтгэл, итгэлээр тоглож эд хөрөнгийг хохироож байгаа хүнд торгох ял оногдуулсан нь хөнгөдсөн байна. Б.Од торгуулийн ял оногдуулж байгаа нь залилан мэхлэх гэмт хэрэг хийх боломжийг бий болгож байгаа бөгөөд өөртөө дүгнэлт хийх сэтгэл байхгүй байгаа тул хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх хэрэггүй. Миний хувьд маш их гомдолтой байна” гэжээ.

Хохирогч Г.Батхуягийн өмгөөлөгч А.Отгонжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлэгт ноцтой зөрүү байдаг. Хохирогч Батхуяг нь “Од 7.500.000 төгрөг өгсөн. Зая гэх хүний данс руу зуучлалын хөлс болох 500.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөг өгсөн” гэж мэдүүлсэн. Б.О нь “Хүүгийнхээ дансаар Батхуягаас 7.500.000 төгрөг аваад, 7.000.000 төгрөгийг нь Мөнхбатад өгөөд, 500.000 төгрөгийг Зая гэх хүнд өгсөн” гэж мэдүүлсэн. Зая нь “Огоос 500.000 төгрөг аваад тэр мөнгөө Батхуягийн данс руу шилжүүлсэн” гэж мэдүүлсэн. Дээрх мэдүүлгүүдээс харахад Зая гэх хүн нь О болон Батхуяг нараас тус бүр 500.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг аваад буцааж Батхуягт 500.000 төгрөгийг төлсөн байдаг. Үүнээс үзэхэд Зая нь “Б.Ог “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгч чадахгүй гэдгийг нь мэдэж байсан” гэж мэдүүлсэн байх тул тэрээр энэ гэмт хэрэгт хамтран оролцсон гэх шинжтэй байна. Б.О нь урьд ял шийтгүүлж байсан байхад анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, Б.Од холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Хэрэгт авагдсан ял шалгах хуудас зэрэг шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүх ямар үндэслэлээр үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү” гэв.

            Шүүгдэгч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэг дутуу шалгагдсан. Зая гэх хүн Батхуягийн мөнгөнөөс 1.000.000 төгрөг аваад өгөөгүй. Хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсны дараа шүүх хурал болсон. Би нохойнд хөлөө хазуулаад 10 гаруй хоног эмнэлэгт хэвтсэн боловч бүрэн эдгээгүй байгаа. Хэдийгээр би ийм нөхцөл байдал байгаа ч Батхуягийн мөнгийг барагдуулах гэж хичээж байна. Би 2 газартай боловч өвлийн улирал болохоор амархан зарагдахгүй байна. Би “Шинэ хөгжил” ХХК-д менежер ажилтай. Манай компани Улаанбаатар-Дарханы замыг тавьж байгаа бөгөөд манай захирал “тендер авсан хятад захирлаасаа мөнгөө авбал 10.000.000 төгрөг өгнө” гэж хэлсэн. Мөн Чингэлтэй дүүргийн мөрдөгч Баярболд дээр Мөнхбат, Ариунбаяр нартай холбоотой “төрийн бус байгууллагынхаа журмаар нэг хүн Солонгос улс руу явуулна гээд бүртгүүлсэн байсан” гэх асуудал шийдвэрлэгдээгүй байгаа. Би 2 удаа шүүхээр ял шийтгүүлэхэд хүндрэлтэй байгаа тул нэгтгэн шийдвэрлүүлмээр байна” гэв.

            Прокурор Ц.Амгаланбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн байцаалтын явцад Б.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Батхуягтай эвлэрлийн гэрээ байгуулж, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн. Прокурорын шатанд  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу хүсэлтийг хангаж, прокурортой ял тохиролцож хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс Б.Ог бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа шүүгдэгч Б.Огоос 7.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Батхуягт олгохоор шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй. Зая 2 удаа мэдүүлэг өгөхдөө эхлээд “Огоос 500.000 төгрөг авсан”, дараа нь “Батхуягаас 500.000 төгрөг авсан” гэж мэдүүлдэг. Дээрх мэдүүлгийн зөрүүг гаргахад “Огоос мөнгө аваагүй, Батхуягаас 500.000 төгрөг авсан. Энэ мөнгөө зуучлалын хөлс гэж аваад буцааж өгсөн” талаар мэдүүлсэн бөгөөд энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргасан. Огийн хувьд, 7.500.000 төгрөгийг хүү Дөлбадрахын Хас банкны дансаар дамжуулж авсан нь нотлогдсон. Иймд, хохирогчийн эрх ашиг хөндөгдөөгүй, шүүхээс хохирогчид 7.500.000 төгрөгийг олгох талаар даалгасан. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Батхуягтай уулзаж “Засгийн газарт ажилладаг том хүн байгаа, Оюунтолгой ХХК-д ажилд оруулж өгнө” гэж худал хэлэн хуурч, 7.500.000 төгрөгийг хүүхдийнхээ дансаар шилжүүлж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Батхуягийн “...би Заяын дугаарыг тэмдэглэж авсны дараа хэд хэдэн удаа утсаар ярьж байгаад 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр уулзахад дагуулж ирсэн эмэгтэйгээ О гэж танилцуулсан. Би Заяд зуучилж өгсний хөлс 500.000 төгрөгийг өөрийнх нь данс руу шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Хас банкны орчимд Отой ярилцахад “би ардаа том таньдаг хүнтэй, Засгийн газарт ажилладаг том хүн байгаа, тэрүүгээр дамжуулж Оюутолгой ХХК-д оруулж өгнө. Хамгийн цаад талын хугацаа нь 20 хоногийн дотор үндсэн ажилтан болно, 7.500.000 төгрөг авна” гэж хэлсэн тул Хас банкны салбар руу орж 7.500.000 төгрөгийг Б.Огийн хүү Дөлбадрах гэдэг хүний данс руу шилжүүлсэн.” /хх 44-45/,

гэрч Д.Мөнхбатын “...би Зая, О гэх хүмүүсийг огт танихгүй. О гэх хүнтэй олон жилийн өмнө хальт уулзаад өнгөрч байсан, ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Би “Оюутолгой ХХК-д ажилд оруулдаг хүн биш” /хх 50/,

гэрч Т.Заяын “...тухайн үед “О эгч “Оюутолгойд хүн ажилд оруулна, чи ажилд орох хүн олж өгөх юм бол тодорхой хэмжээний урамшуулал өгнө” гэж хэлсэн. Би таксинд явж байхдаа найзтайгаа Оюутолгой ХХК-ийн талаар яриад явж байх үед таксины жолооч буюу Батхуягийн аав надад “та Оюутолгой ХХК-д хүн ажилд оруулах гэж байгаа юм уу, манай хүү Батхуяг уул уурхайн чиглэлийн мэргэжилтэй хүн байдаг” гэхээр нь Батхуягийн аавд О эгчийн дугаарыг өгсөн. ...зуучлалын хөлс 500.000 төгрөгийг Батхуягаас авсан байснаа дансны хуулгаа хараад мэдсэн. Мөн тус мөнгийг Батхуягийн данс руу буцаагаад шилжүүлсэн.” /хх 51-53, 83/,

гэрч Д.Ганбатын “...хүү бид хоёр 2018 оны 4 дүгээр сарын эхээр Ардын эрхийн тэнд байдаг нэг оффис дээр өөрсдийгөө Зая, О гэж танилцуулсан хүмүүстэй уулзсан. О нь хүү бид хоёрт “асуудалгүй Оюутолгой ХХК-д 7 хоногийн дотор ажилд оруулж өгч чадна” гэж хэлсэн. Би өөрийн эзэмшлийн газраа барьцаанд тавиад О гэх хүнд 7.500.000 төгрөг, Зая гэх хүнд зуучилж өгсний мөнгө гэж 500.000 төгрөг өгсөн. О нь “мөнгө авснаас хойш 20 хоногийн дотор ажилд оруулж өгнө, харин 20 хоногоос хэтрэх юм бол мөнгийг чинь буцаагаад өгчихнө” гэсэн боловч өдийг хүртэл өгөөгүй байна. Огоос 7.500.000 төгрөг авах ёстой, Заяаас 500.000 төгрөгөө буцаагаад авсан.” /хх 82/ гэх мэдүүлгүүд,

“Хас” банкны 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн төлбөрийн баримт /хх 15/, зээлийн гэрээ /хх 16/, Г.Батхуягийн эзэмшлийн “Хаан” банкны эзэмшлийн 5059354831 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 17-20, 46/, “Хас” банкны 50023818174 дугаартай дансны хуулга /хх 47/, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн эвлэрлийн гэрээ /хх 94/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

Шүүгдэгч Б.О Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргасан байх бөгөөд тухайн хүсэлтдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой байгуулсан эвлэрлийн гэрээг хавсаргасан байна. Прокурор хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2, 17.3 дугаар зүйлүүдэд заасан ажиллагааг явуулж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу Б.Од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Хохирогч Г.Батхуягийн гаргасан “...шүүгдэгч Б.Од оногдуулах ялыг хүндрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Батхуяг нь яллагдагч Б.Огийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрт нь учирсан хохирол 7500000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөх саналыг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ /хх 94/ байгуулсан байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Од холбогдох хэргийг хянан үзэхэд, хэргийг прокурорт болон шүүхэд буцаах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Батхуягийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1088 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Батхуягийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Б.ЗОРИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ