Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/00149

 

“М” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01827 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2194 дүгээр магадлалтай

“М” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

“Э” ХХК-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 318 905 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Хэрлэн, хариуцагчийн төлөөлөгч Б.Ч-, түүний өмгөөлөгч Б.О- нарын гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-, хариуцагчийн төлөөлөгч Б.Ч-, хариуцагчийн өмгөөлөгч Б.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК-тай 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ТГ201526/07 дугаартай Хөдлөх бүрэлдэхүүнийг түрээслэх гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж, нэг хөдлөх бүрэлдэхүүнийг хоногийн 54 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Гэрээний дагуу 8 ширхэг хөдлөх бүрэлдэхүүнийг 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр, үлдсэн 2 хөдлөх бүрэлдэхүүнийг 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Э” ХХК-д тус тус хүлээлгэж өгсөн. Хөдлөх бүрэлдэхүүнүүдийг буцааж 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээж авсан. “Э” ХХК нь 8 хөдлөх бүрэлдэхүүнийг 397 хоног, 2 хөдлөх бүрэлдэхүүнийг 377 хоног түрээсээр эзэмшсэн бөгөөд түрээсээр эзэмшсэнээс хойш түрээсийн төлбөрийг төлөөгүй. Гэрээнд хөдлөх бүрэлдэхүүнийг хүлээлгэж өгөх зардлыг “Э” ХХК хариуцна гэсэн заалт байсан ч “Э” ХХК зардал гаргаагүй, манайх 575 000 төгрөгийн зардал гаргаж очиж авсан. “Э” ХХК вагоныг бүрэн ашиглаагүй гэсэн тайлбар хийж байгаа нь түрээслүүлэгчээс хамаараагүй, манай зүгээс гэрээ цуцлах санал тавихад түр хүлээж байгаач гэсэн хариу өгсөн. Түрээсийн төлбөрийг төлөөгүй, төлөх үүрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн “Э” ХХК-ийн нягтлан бодогч н.С гэдэг хүний гарын үсэгтэй, тус компанийн тамга тэмдэгтэй бичиг байдаг. Иймээс түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 212 220 000 төгрөг, алдангид 106 110 000 төгрөг, хөдлөх бүрэлдэхүүнийг авч ирсэн тээврийн зардалд 575 000 төгрөг, нийт 318 905 000 төгрөгийг “Э” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК-ийн хувьд хөдлөх бүрэлдэхүүнийг бүрэн ашиглаж чадаагүй, нийтдээ 10-аад хоног л ашигласан байдаг. Түрээсийн зүйлийг бүрэн ашиглаж чадаагүй нь тухайн үед Эрээнээс олон улсын зөвшөөрөл авдаг байсантай холбоотой бөгөөд энэ зөвшөөрөл нь сүүлд ирсэн. Гэрээнд түрээсийн төлбөр төлөх хугацааг 2 сар дараалан хожимдуулсан тохиолдолд гэрээ цуцлахаар заасан, нэхэмжлэгч энэ талаар мэдсэн атлаа түрээсийн төлбөрийг алдангийн хамт нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 35 349 696 төгрөгийн өглөг, авлага байгаа талаар тооцоо нийлсэн. Үүнээс хойш тооцоо нийлээгүй, манайх ашиглаж чадаагүй байхад бүх түрээсийн төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. “Э” ХХК-ийн зүгээс гэрээ цуцлахгүй байж байгаач, хүлээгээч гэсэн албан бичиг өгөөгүй бөгөөд нэхэмжлэгч талаас 2 сар дараалан түрээсийн төлбөрөө төлсөнгүй, гэрээгээ цуцлая гэж ярьж байгаагүй. “Э” ХХК нь ашиг олоогүй тул түрээсийн мөнгөө өгөх боломжгүй болсон талаараа түрээслүүлэгчид мэдэгдэж байсан. Иймд “Э” ХХК-ийн хувьд тооцоо нийлсэн актын дагуу 35 349 696 төгрөгийг, хөдлөх бүрэлдэхүүнийг буцааж татсан тээврийн зардал 575 000 төгрөгийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01827 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар “Э” ХХК-иас вагон ашигласны хөлс /түрээсийн төлбөр/ 212 220 000 төгрөг, алдангид 85 110 000 төгрөг, тээврийн зардалд 575 000 төгрөг, нийт 297 905 000 төгрөгийг гаргуулж “М” ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 753 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 647 475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2194 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01827 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “287 дугаар зүйлийн 287.1” гэснийг “318 дугаар зүйлийн 318.1” гэж, “289 дүгээр зүйлийн 289.1.2” гэснийг “219 дүгээр зүйлийн 219.1” гэж, “232.4” гэснийг “232.8” гэж, “85 110 000” гэснийг “53 055 000” гэж, “297 905 000” гэснийг “265 850 000” гэж, “21 000 000” гэснийг “53 055 000” гэж, 2 дах заалтад “1 647 475” гэснийг “1 487 200” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 470 726 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Хэрлэнгээс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна. “М” ТӨХК нь “Э” ХХК-тай харилцан тохиролцож байгуулсан гэрээний дагуу 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 8 хөдлөх бүрэлдэхүүнийг, 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2 хөдлөх бүрэлдэхүүнийг “Э” ХХК-д хүлээлгэн өгсөн бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 10 хөдлөх бүрэлдэхүүнийг хүлээн авсан. “Э” ХХК нь 8 хөдлөх бүрэлдэхүүнийг 397 хоног, 2 хөдлөх бүрэлдэхүүнийг 377 хоног түрээсээр эзэмшсэн бөгөөд түрээсийн гэрээний төлбөрийг гэрээгээр тохирсон хоногийн 54 000 төгрөгөөр тооцоход 212 220 000 төгрөг болсон. “Э” ХХК нь өнгөрсөн хугацаанд түрээсийн төлбөр төлөөгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын харилцан тохиролцож байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.-д заасны дагуу түрээсийн төлбөр төлөөгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч, хэт их болсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т нийцүүлэн алданги 106 110 000 төгрөгийг нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл алдангийн хэмжээг Иргэний хуульд заасан алдангийн дээд хязгаараас хэтрүүлэлгүй нэхэмжилсэн боловч давж заалдах шатны шүүх алдангийг хэт их гэж үзэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийг баримтлан 32 055 000 төгрөгөөр бууруулан шийдвэрлэснийг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын зарим хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Ч-, түүний өмгөөлөгч Б.О- нараас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Э” ХХК нь өөрөөс үл шалтгаалах байдлаар бүрэн ашиглаж чадаагүй байдаг бөгөөд хөдлөх бүрэлдэхүүнийг 2016 оны 02 дугаар сарын 25-наас 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 вагон 10 гаруй удаа тээвэрлэлт хийж ашигласан байдаг. Гэтэл шүүх түрээсийн төлбөрийг календарийн хоногоор тооцож, дээрх төлбөрийг хугацаандаа төлөөгүй алдангид тооцож, алдангид гаргуулсанд гомдолтой байна. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289 дүгээр зүйлийн 289.2.1.-д “хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгийг ашиглах боломжгүй болсон бол хөлс төлөхөөс татгалзах” эрхийг олгосон байх бөгөөд Эрээн хотоос тээвэрлэлт хийхэд Хятадын талаас зөвшөөрөл олгодог. Энэхүү зөвшөөрлийг 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр олгосон байдаг бөгөөд энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гарган өгөхөд нотлох баримтын шаардлага гаргаагүй гэж баримтаас хассан бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ТӨХК-иас нотлох баримт гаргуулах гэтэл хадгалагдаагүй талаар хариу ирсэн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын тооцоолол буюу “Э” ХХК-иас вагон ашигласны хөлс “212 220 000” гэснийг болон давж заалдах шатны шүүхийн магадлалд “265 850 000” гэснийг “35 349 696 төгрөг” гэж, “алдангид 53 055 000” гэснийг хэрэгсэхгүй болгож, Тогтоох хэсгийн 2 дахь заалтад улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмаар тус бүр өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан зохигчдын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “М” ТӨХК нь “Э” ХХК-д холбогдуулан хөдлөх бүрэлдэхүүнийн түрээсийн төлбөрт 212 220 000 төгрөг, алдангид 106 110 төгрөг, тээврийн зардалд 575 000 төгрөг, нийт 318 905 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн төлбөрт 35 349 696 төгрөгийг тээврийн зардлын хамт төлнө, бусдыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар талууд 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ТГ/201526/07 дугаартай “Хөдлөх бүрэлдэхүүний түрээсийн гэрээ” байгуулсан бөгөөд тус гэрээгээр түрээслүүлэгч “М” ТӨХК нь түрээслэгч “Э” ХХК-д өөрийн эзэмшлийн вагоныг харилцан тохиролцсон хугацаанд зориулалтын дагуу ашиглуулахаар түрээслэгчид эзэмшүүлэх, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг вагон хүлээлцсэн өдрөөс  буцаан хүлээлгэж өгсөн өдөр хүртлэх хугацаанд, хоногоор тооцох бөгөөд нэг вагоны хоногийн төлбөр 54 000 төгрөг байхаар, сард ногдох түрээсийн төлбөрийг хуанлийн хоногоор тооцож төлөхөөр,  төлбөрийг хугацаандаа төлөхгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5%-ийн алданги тооцохоор харилцан тохиролцжээ.

Гэрээ талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж чадсан, хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна, гэрээний талаар зохигчид маргаагүй болно.

Гэрээний дагуу 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр дугаар бүхий 8 вагон, 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2 вагон нийт 10 вагоныг түрээслэгч хүлээн авсан, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгсөн, хариуцагч түрээсийн төлбөр төлөөгүй үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс өөрчилж, зохигчдын хооронд түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэжээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д “...түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа  явуулах...-д нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээнэ” гэжээ.

Хариуцагч “Э” ХХК нь төмөр замын тээврийн үйл ажиллагаа явуулах зорилгоор вагоныг түрээсэлсэн тул талуудын хооронд түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуулийн дээрх заалтад нийцсэн, давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар түрээсийн төлбөр, алданги нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.

Зохигчид гэрээний 4.3.-т “Түрээсийн төлбөрийг вагон хүлээлцсэн өдрөөс эхлэн вагоныг буцааг хүлээлгэж өгсөн өдөр хүртэлх хугацаанд тооцож төлнө” гэж тохиролцсон байх тул “...2016 оны 02 дугаар сар хүртэл эдээр вагонуудыг төмөр замын тээвэрт ашиглаагүй, сул зогсож байсан...” гэх хариуцагчийн тайлбар гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх өөрсдийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, хариуцагч нь түрээслэн авсан вагоныг түрээсийн хугацаанд бүрэн ашиглаагүй хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийг нэхэмжилсэн хэмжээнээс 50% багасгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр түрээсийн төлбөрт 212 220 000 төгрөг, алдангид 53 055 000 төгрөгийг, тээврийн зардалд 575 000 төгрөг, нийт 265 850 000 гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. дахь заалтад нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Хариуцагч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1.-д зааснаар хөлс төлөхөөс татгалзсан байтал шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.1.-д “хөлслөгчийн буруугүйгээр хөлслөн авсан эд хөрөнгө ашиглах боломжгүй болсон бол хөлслөгч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй” гэжээ.

Хөлсөлсөн эд хөрөнгийг ашиглах эрхийг хөлслөгч хүлээх бөгөөд эд хөрөнгийг ашиглах боломжгүй болсон нь устаж үгүй болсон, сүйдсэн, эсхүл эвдэрч гэмтсэн зэрэг хөлслүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүйгээс хөлслөгч эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс татгалзах эрхтэй. Гэтэл хариуцагч нь “Эрээн хотоос тээвэрлэлт хийх эрхийг 2016 оны 01 дүгээр арын 07-ны өдөр олгосон” гэх тайлбар хөлс төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, тэрээр тээвэрлэлт хийх эрх авах хугацааг алдсан эрсдэлийг өөрөө хүлээх бөгөөд хэдийгээр хөлсөлсөн эд хөрөнгийг ашиглаагүйд өөрөө буруугүй боловч энд хөлслүүлэгчийн гэм буруу байхгүй тул хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэх хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан зохигчдын төлөөлөгч, тэдний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2194 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “М” ТӨХК-ийн төлөөлөгч Х.Хэрлэн, хариуцагч “Э” ХХК-ийн төлөөлөгч Б.Ч-, түүний өмгөөлөгч Б.О- нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “М” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 318 225 төгрөг, хариуцагч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 487 200 төгрөгийг тус тус төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                  Х.ЭРДЭНЭСУВД