Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2017/01827

 

 

 

 

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2017/01827

Улаанбаатар хот

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М ТӨХК /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Э ХХК / -д холбогдох,

 түрээсийн гэрээний үүрэгт 318.905.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалсүрэн нар оролцов.

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М ТӨХК, Э ХХК хоорондоо харилцан тохиролцоод 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ТГ201526/07 дугаартай Хөдлөх бүрэлдэхүүнийг түрээслэх, түрээсийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан.

Гэрээгээр нэг хөдлөх бүрэлдэхүүнийг хоногийн 54.000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон.

Гэрээний дагуу  8 ширхэг хөдлөх бүрэлдэхүүнийг 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр, үлдсэн 2 хөдлөх бүрэлдэхүүнийг 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Э ХХК-д тус тус хүлээлгэж өгсөн. Хөдлөх бүрэлдэхүүнүүдийг буцааж 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээж авсан.

Э ХХК нь 8 хөдлөх бүрэлдэхүүнийг 397 хоног, 2 хөдлөх бүрэлдэхүүнийг 377 хоног түрээсээр эзэмшсэн. Түрээсээр эзэмшснээс хойш ямар нэг түрээсийн төлбөрийг  төлөөгүй. Төлбөр дээр тохиролцохоор талууд хоорондоо ярилцаж байсан тухай баримтуудыг хэрэгт өгсөн байгаа болно.

Одоо түрээсийн төлбөрт 212.220.000 төгрөг, түрээсийн гэрээний 7.1-д үүргээ гүйцэтгээгүй бол алданги тооцохоор заасан тул алданги нь106.110.000 төгрөг болсон. Энэ гэрээнд хөдлөх бүрэлдэхүүнийг хүлээлгэж өгөх зардлыг Э ХХК хариуцна гэсэн заалт байсан ч Э ХХК зардлыг гаргаагүй, манайх өөрийн зардлаар очиж авсан. Энэ зардал нь 575.000 төгрөг болсон.

 

Э ХХК вагоныг бүрэн ашиглаагүй гэсэн тайлбар хийж байгаа нь түрээслүүлэгчээс хамаараагүй, манай зүгээс гэрээ цуцлах санал тавихад түр хүлээж байгаач гэсэн хариу өгсөн байдаг юм.

   Түрээсийн төлбөрийг төлөөгүй, төлөх үүрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн Э ХХК-ийн нягтлан бодогч н.Сосорбурам гэдэг хүний гарын үсэгтэй, тус компанийн тамга тэмдэгтэй бичиг байдаг. Бид ч Э   ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлэх боломжтой гэж харж байсан. Тэгээд ч Э ХХК үйл ажиллагаа жигдрэх гээд байна гэсэн болохоор хүлээлт байсан.

   Иймээс түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 212.220.000 төгрөг, алдангид 106.110.000 төгрөг, хөдлөх бүрэлдэхүүнийг Замын-Үүд өртөөнд авч ирсэн тээврийн зардалд 575.000 төгрөг, нийт  318.905.000 төгрөгийг Э ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э ХХК нь  М ТӨХК -тай 2015 оны 7 дугаар  сарын 07-ны өдөр “Хөдлөх бүрэлдэхүүний түрээсийн гэрээ” байгуулсан.

 

Э ХХК-ийн хувьд хөдлөх бүрэлдэхүүнийг бүрэн ашиглаж чадаагүй байсан. Нийтдээ 10-аад хоног л ашигласан байдаг. Дахиж ашиглаж чадаагүй.  Түрээсийн зүйлийг бүрэн ашиглаж чадаагүй нь тухайн үед Эрээнээс Олон улсын зөвшөөрөл авдаг байсантай холбоотой юм. Энэ зөвшөөрөл нь сүүлд ирсэн.

 Бидний хооронд байгуулсан гэрээнд заахдаа түрээсийн төлбөр төлөх хугацааг 2 сар дараалан хожимдуулсан тохиолдолд гэрээ цуцлахаар гэрээнд заасан байхад нэхэмжлэгч  энэ талаар мэдсэн атлаа түрээсийн төлбөрийг алдангийн хамт нэхэмжилж байгаа нь үндэсгүй юм.

 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тооцоо нийлээд 35.349.696 төгрөгийн өглөг авлага байгаа талаар тооцоо нийлсэн. Үүнээс хойш тооцоо нийлээгүй, манайх ашиглаж чадаагүй байхад бүх түрээсийн төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Хэрвээ Хятадын талаас зөвшөөрөл эртхэн өгөөд, ачаа тээвэр эргэлтийн боломж байсан бол түрээсийн төлбөрийг төлөх л байсан. Э ХХК-ийн  зүгээс гэрээ цуцлахгүй түр байж байгаач, хүлээгээч гэсэн талаар албан бичиг өгөөгүй бөгөөд  нэхэмжлэгч талаас Э ХХК-ийг 2 сар дараалан түрээсийн төлбөрөө төлсөнгүй, түрээсийн гэрээгээ цуцлая гэж ярьж байгаагүй.

Э ХХК нь  Түрээсийн гэрээ хийсэн ч гэсэн ашиг олоогүй тул түрээсийн мөнгөө өгөх боломжгүй болсон талаараа  түрээслүүлэгчид мэдэгдэж байсан.

Иймд Э ХХК-ийн хувьд тооцоо нийлсэн актын дагуу 35.349.696 төгрөгийг, хөдлөх бүрэлдэхүүнийг буцааж татсан тээврийн зардал 575.000 төгрөгийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг зөвшөөрөхгүй байх тул  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжпэгч М ТӨХК  нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 212.220.000 төгрөг, алдангид 106.110.000 төгрөг, тээврийн зардалд 575.000 төгрөг, нийт 318.905.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардпага гаргажээ.

Хариуцагч нь түрээсийн зүйлийг гэрээнд заасан хугацаанд бүрэн ашиглаагүй тул түрээсийн төлбөрийг бүрэн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Төрийн өмчийн хорооны 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 431 дугаартай “М ТӨХК-ийн 2015 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшингийн тухай” тогтоолоор Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийг бусдад түрээслэн ашиглуулах тохиолдолд компанийн 2015 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинд тодотгол хийхийг даалгасны дагуу М ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 10 дугаартай тогтоолоор М ТӨХК-ийн үйл ажиллагааны 2015 оны бизнес төлөвлөгөөг баталж, тодотгол хийн хөдлөх хөрөнгийг бусдад түрээслүүлсэн байна./хх-ийн 108-117,136-143-р хуудас/

 М ТӨХК нь 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Э ХХК-тай “Хөдлөх бүрэлдэхүүний түрээсийн гэрээ” байгуулж,тус гэрээгээр түрээслүүлэгч М ТӨХК нь түрээсийн эд хөрөнгийг харилцан тохиролцсон хугацаанд зориулалтын дагуу ашиглуулахаар түрээслэгч Э ХХК-д шилжүүлэх, түрээслэгч Э ХХК нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд 1 вагоныг хоногийн 54.000 төгрөгөөр тооцон түрээслүүлэгчид төлөх үүргийг тус тус  хүлээсэн байна. /хх-ийн 6-12-р хуудас/

Талууд “Хөдлөх бүрэлдэхүүний түрээсийн гэрээ”-г бичгээр байгуулан эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Түрээслүүлэгч М ТӨХК нь 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дугаар бүхий 8 ширхэг вагоныг, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр дугаар бүхий 2 ширхэг вагоныг түрээслэгч Э ХХК-д тус тус хүлээлгэн өгсөн байна. /хх-ийн 13,14-р хуудас/

 М ТӨХК нь дээрх хөдлөх эд хөрөнгийг /вагоныг/ гэрээнд заасан хугацаанд Э ХХК –ийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, Э ХХК нь хөдлөх эд хөрөнгийг  ашигласны хөлсийг төлөх үүргийг тус  тус хүлээсэн байх тул талуудын хооронд байгуулагдсан  “Хөдлөх бүрэлдэхүүний түрээсийн гэрээ”-г “Хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ” гэж үзэхээр байна.

Зохигчид дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, тухайн үйл баримтыг хүлээн зөвшөөрч байна.

Хөлслөгч Э ХХК нь дээрх гэрээний хугацаа дуусахад Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2.-т зааснаар Эд хөрөнгө ашигласны хөлсийн хугацаанд нь төлөх, 289.1.5-д зааснаар гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгөх үүргээ тус тус биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М ТӨХК нь 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Э ХХК-тай байгуулсан  “Хөдлөх бүрэлдэхүүний түрээсийн гэрээ”-ний дагуу 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бичилтээр нэг бүрчлэн тооцоо нийлэхэд Э ХХК нь вагоны түрээсийн 35.349.696 төгрөгийн өртэй болохыг тогтоож  Тооцооны үлдэгдлийн баталгаа №15/01-ийг үйлдсэн байна. /хх-ийн 19-р хуудас/

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4.-т “Гэрээ дуусгавар болоход түрээслүүлэгч нь эд хөрөнгийг буцаан өгөх тодорхой байршил зааврыг түрээслэгчид өгнө. Түрээслэгч энэхүү зааврыг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор эд хөрөнгийг заасан байршилд хүргэх ба холбогдон гарах зардлыг хариуцна” гэж заасан байхад түрээслэгч эд хөрөнгийг заасан байршилд хүргээгүй тул Түрээслүүлэгч өөрийн зардлаар авч ирсэн болох нь 709, 686 дугаартай төлбөрийн даалгавар, 57 дугаартай бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдож байна. / хх-ийн 34-36-р хуудас/ 

Хариуцагч Э ХХК нь  Тооцооны үлдэгдлийн баталгааны дагуу 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны төлбөр болох 35.349.696 төгрөгийг, тээврийн зардал 575.000 төгрөгийн хамт төлөхийг хүлээн зөвшөөрч түүнээс хойш вагон ашигласан төлбөр төлөхийг зөвшөөрөхгүй байгаа болно.

Хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээний 1.5.-д заасны дагуу дугаар бүхий 10 вагоныг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээлцэж “Вагон хүлээлцэх акт”-ыг үйлджээ.

 Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д “гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр сунгасанд тооцно” гэж заасан тул дээрх гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгагдсан гэж үзнэ.  Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дууссанаас хойш 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр вагон хүлээлцэх хүртэл хугацаанд  гэрээг тухайн нөхцлөөр сунгагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1.-д зааснаар нэхэмжлэгч /хөлслүүлэгч/ М ТӨХК нь дугаар бүхийн 10 ширхэг вагон /хөдлөх бүрэлдэхүүн/-ыг хөлслүүлэх, хариуцагч /хөлслөгч/ Э  ХХК-нь 10 ширхэг вагоныг ашигласны төлбөрт 212.220.000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн болох нь зохигчийн тайлбар, “Хөдлөх бүрэлдэхүүний түрээсийн гэрээ”, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 6-16,18,19,35-36-р хуудас/

( 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд дугаар бүхий 8 ширхэг вагоныг ашигласны төлбөр /54.000төг х 8 вагон = 432.000 төгрөг,  397 хоног х 432.000 төг= 171.504.000 төгрөг/,

 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд дугаар бүхий  2 ширхэг вагоныг ашигласны төлбөр /54.000төг х2 вагон =108.000 төгрөг, 377 хоног х 108.000 төг = 40.716.000 төгрөг/ нийт /171.504.000+40.716.000 = 212.220.000/ )

Гэрээний 7.1.-т “Төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5%-ийн алданги тооцно” гэж заасны дагуу алдангид  106.110.000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т заасан алданги нь зүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50% -иас хэтэрч болохгүй гэсэн заалттай нийцсэн байна.

Гэвч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1.1.,5.1.4.,5.1.6.,10.1.1. дэх заалтуудад “гэрээгээр тохирсон төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол тээвэрлэлтийг түр хугацаагаар зогсоох, ... төлбөрийг 2 удаа ба түүнээс дээш  хугацаанд шилжүүлээгүй бол гэрээг нэг талын санаачлагаар цуцалж өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх, вагоны ачаа тээвэрлэлт, ашиглалтад хамтран хяналт тавих, төлбөр төлөх хугацааг дараалан 2 сар хожимдуулсан бол гэрээг цуцлах” гэсэн байхад гэрээгээ цуцлаагүй, түрээслэгч Э ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр15/79 дугаартай албан бичгээр“... түрээсийн төлбөрийг 6 сарын дотор төлж дуусгах болно.”гэж,  , 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 16/88 дугаартай албан бичгээр “...2016 оны 3 дугаар сараас 2016 оны 7 дугаар сарын түрээсийн төлбөр 60 орчим сая төгрөгийг төлөх боломжтой ...гэж” , 2016 оны 2 дугаар сарын 26 –ны өдөр 16/08 дугаартай албан бичгээр “...Эрээн хотоос түүвэр ачааны буухиа тээврийн шугамаа бүрэн чадлаар нь ажиллуулаад явна гэдэгтээ итгэлтэй байна” гэж өөрийн байр сууриа илэрхийлж байсан зэргийг харгалзан алдангийн хэмжээг 19,8% буюу 21.000.000 төгрөгөөр багасгаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч Э ХХК-иас Хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу 10 ширхэг вагон ашигласны хөлс /түрээсийн төлбөр/ 212.220.000 төгрөг, алдангид 85.110.00 төгрөг, хөдлөх бүрэлдэхүүнийг Замын-Үүд өртөөнд авч ирсэн тээврийн зардалд 575.000 төгрөг, нийт 297.905.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй гэж үзлээ.

Хариуцагч түрээсийн зүйлийг бүрэн ашиглаж чадаагүй,тухайн үед Эрээнээс Олон улсын зөвшөөрөл авдаг байсантай холбоотой, энэ зөвшөөрөл нь сүүлд ирсэн зэрэг шалтгаануудаас вагоныг бүрэн ашиглаагүй тул төлбөрийг бүрэн зөвшөөрөхгүй гэж байгаа нь Э ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115  дугаар зүйлийн 115.1., 115.2.2.,116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2., 232 дугаар зүйлийн 232.4.  дэх  хэсэгт зааснаар Э ХХК-иас вагон ашигласны хөлс /түрээсийн төлбөр/ 212.220.000 төгрөг, алдангид 85.110.00 төгрөг, тээврийн зардалд 575.000 төгрөг, нийт  297.905.000 /хоёр зуун ерөн долоон сая есөн зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж М ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21.000.000 /хорин нэгэн сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар ; зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ТӨХК -иас улсын  тэмдэгтийн хураамжид төлсөн 1.753.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1.647.475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  энэхүү  шийдвэрийг  эс  зөвшөөрвөл  шийдвэрийг  гардаж авсан өдрөөс  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

4 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

                                   

ДАРГАЛАГЧ                              Ч.ИЧИНХОРЛОО

                                     

 

 

 

 

: