Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 51

 

 

У.Оын нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай   

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 136/ШШ2016/00364 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Оын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Бд холбогдох,

Хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Сийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, хариуцагч Т.Б, нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч У.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хүргэн ах Бийнд 2005 оноос эхлэж мал маллаж, 2 хүүхдийг нь хараад хамт амьдардаг байсан. Эгчийг минь эзгүй хойгуур намайг албадан хүчирхийлж хүүхэдтэй болгосон юм. Тэр хүүхэд маань хүргэн ах болох Бийн хүүхэд юм. 2008 оны 11 сарын 13-нд төрсөн, М гэж хүү байна. Би маш их гомдолтой байна. Иймд хүүхдийн эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг нэхэмжлэлд дурьдсанаар би У.Отай эр эмийн харьцаатай байгаагүй ба У.Оын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. У.Оын эгч У.Г намайг удаа дараа зодсон гэж цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа ба мөн гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор энэ үндэслэлгүй нэхэмжлэлийг гаргаж байна гэж ойлгож байна. У.О нь манайд амьдарч байсан нь үнэн бөгөөд би түүнтэй эр эмийн харьцаатай байгаагүй учир М хүүгийн эцэг байх боломжгүй. Би энэ мөнгийг төлөхгүй. Би ямар хүүхдэд мөнгө төлөх гэж байгаагаа мэдэхгүй. Би Оаас асуусан чинь би ямар мөнгө гаргуулах гээд байгаа юм уу гэж хэлсэн. Миний хүүхэд биш гэж бодож байгаа учраас дахин шинжилгээ гаргуулах хүсэлтэй. Надад дүүд нь гаргаад өгөх мал хөрөнгө ч байхгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манай дүү бичиг үсэг мэдэхгүй, дорой буурай болохоороо энэ хүнд дээрэлхүүлээд өдий хүртэл амьдарч байгаа. Б надтай 15 жил хамт амьдрахдаа төрсөн 2 дүүг минь хүчирхийлчихээд байгаа. Оыг 4 удаа хүчирхийлээд жирэмсэн болгоод 3 хүүхдийг нь авахуулж байсан. 3 удаа авахуулчихлаа, одоо яаж авахуулахав дээ, гаргана гээд хүүхдээ төрүүлсэн. Шинжилгээний хариу гарчихаад байхад ямар учраас энэ хүн биш гэж гээд байгааг мэдэхгүй байна. Энэ зун 6-р сарын 10-даар Б намайг зодоод би өргөдөл гаргасан. Тэр хэрэг нь шүүхээр ороод мөрдөн байцаалтад буцсан. Тэр хүүхдийг шинжилгээ авахуулах гээд эмнэлэг дээр хамт байж байхад би Б ахын хүүхэд юм уу гээд уйлж байсан хүүхэд шүү дээ, дөнгөж 7-8 настай хүүхэд. Үнэн зөв нь гараад ирж байхад ямар зорилгоор миний хүүхэд биш гээд байгааг ойлгохгүй байна гэжээ.

Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү О.Мий эцэг Т.Б мөн болохыг тогтоож,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү О.Мийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжэгээр сар бүр эцэг Т.Бээр тэжээн тэтгүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч У.Оын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Бээс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг болон нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 28209 төгрөгийг тус тус гаргуулан 70200 төгрөгийг нэхэмжлэгч У.Од олгож, 28209 төгрөгийг улсын орлогод оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Т.С давж заалдсан гомдолдоо: Т.Б нь удаа дараа шинжээч дахин томилуулах тухай хүсэлт гаргасан. Зохих үндэслэл нь эргэлзээ бүхий байдал байсан. Дүгнэлт 3 сар гаруйн дараа гарсан байсан. Б нь У.Гтэй гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас гэрлэлт цуцлуулсан байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр У.Г орж байгаа нь хувийн сонирхол үүсгэж байж болох талтай. Нэхэмжлэл гаргасан хэдий ч нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй, итгэмжлэл нь өөрийн хүсэл зоригоор хийгдсэн эсэх нь тодорхойгүй байна. Иймд хэргийн дахин хянаж зохих ажиллагааг хийлгэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага, шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Дахиж шинжилгээ хийлгэмээр байна гэв.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч У.О нь хариуцагч Т.Бд холбогдуулан 2013 оны 11 дүгээр сарын 13-нд төрсөн хүү О.Мийн эцэг Т.Б мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хүүхдийн эцэг биш  гэж маргажээ.

Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү О.Мийн эцэг Т.Б мөн болохыг тогтоож,  түүнийг хариуцагч Т.Бээр сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгч Т.С эс зөвшөөрч нэхэмжлэгч У.Оын өгсөн итгэмжлэл нь түүний хүсэл зоригоор хийгдсэн эсэх нь тодорхойгүй, шинжээчийн дүгнэлт 3 сарын дараа гарсан нь эргэлзээтэй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

Гомдлыг үндэслэн хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэхь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Тодруулбал хариуцагч Т.Б нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹5808 дугаар дүгнэлтийг эс зөвшөөрч, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 136/ШЗ2016/01364 дугаар захирамжаар /хх-30/, 10 дугаар сарын 21-ний өдөр бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргасныг мөн өдрийн 136/ШЗ2016/01410 дугаар шүүгчийн захирамжаар тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь хариуцагч дахин шинжээч томилуулах хүсэлтдээ шинжилгээ хийснээс хойш 3 сарын дараа дүгнэлт гаргасан нь шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх үндэслэл болгосныг анхан шатны шүүх хүсэлтийг урьд шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг ... хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх журамд нийцээгүйн гадна мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон нотлох баримт бүрдүүлэх эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.

            Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэлтэй тул хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 136/ШШ2016/00364 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь

хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БОЛОРМАА

                   ШҮҮГЧИД                                              Х.БАЙГАЛМАА

                                                                                  Н.БАТЧИМЭГ