Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/00164

 

Т.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01588 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2175 дугаар магадлалтай

Т.Б-ын нэхэмжлэлтэй

“Э” ТӨҮГ-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бын гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Э” ТӨҮГ-т 2009 оны 5 дугаар сараас нярваар, 2013 оноос мөнгөн хөрөнгө, харилцах тайлан хариуцсан ажилд томилогдон ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа алдаа, дутагдал гаргаж байгаагүй. Манай байгууллагын дарга 2016 оны 09 дүгээр сард солигдож, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулна гээд гарын үсэг зуруулсан. Тухайн үед яагаад нэг сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулж байгаа талаар асуухад гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаад сунгаад явна гэж хэлсэн. Ингээд ажлаа хэвийн хийж байтал 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн мэдэгдэл өгч, ажлаас чөлөөлсөн тушаал өгсөн. Мэдэгдэл болон ажлаас чөлөөлсөн тушаал нь нэг өдөр байсан ба намайг ажлаас үндэслэлгүй халсанд гомдолтой байна. Иймд намайг эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Т.Б нь захирлын 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/4 тоот тушаалаар аж ахуйн менежер бөгөөд нярвын албан тушаалд нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Уг гэрээний хугацааг дуусмагц анх заасан хугацаагаар сунгаж байсан боловч 2016 оны хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр дуусгавар болсон ба Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар гэрээний хугацааг сунгахгүй болохыг мэдэгдэж, түүнтэй байгуулсан гэрээг цуцалсан тул хууль зөрчөөгүй, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн тэрээр Диспетчерийн үндэсний төвд нягтлан бодогчоор ажиллаж байгаа нь тогтоогдсон тул түүнийг ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин олгох боломжгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01588 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б-ыг “Э” ТӨҮГ-ын Санхүү, бүртгэлийн хэлтсийн Тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “Э” ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10 143 144 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан Т.Б-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “Э” ТӨҮГ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Э” ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 177 240 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2175 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01588 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177 250 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-аас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч байна. Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээг хугацаатай ба хугацаагүй байгуулах тухай зохицуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т “хөдөлмөрийн гэрээг байнгын ажлын байранд хугацаагүй байгуулна” гэж заасан байх боловч мөн хуулийн 23.2.2-т “харилцан тохиролцсоноор байнгын ажлын байранд хугацаатай байгуулж болно” гээд заачихсан. Аливаа гэрээ хэлэлцээр байгуулахдаа талууд хүсэл зоригийн үндсэн дээр тэгш эрхтэй оролцдог. Гэтэл нэхэмжлэгч Т.Б-тай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа нэхэмжлэгчийг шаардлага шахаанд орсон эсэх харилцан тохиролцоогүй эсэх нь нотлогдоогүй байхад үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна гэж дүгнэсэн нь өөрөө хууль зүйн үндэсгүй юм. Мөн нэхэмжлэгч манай байгууллагаас 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн ба удалгүй 2017 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр Диспетчерийн үндэсний төвд нягтлан бодогчийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орчихоод байхад мөн нэхэмжлэлийн шаардлага ажилгүй байсан хугацааны олговор гэж шаардаад байхад 2 шатны шүүх ажилгүй байсан хугацаа гэх ойлголтыг буруу дүгнэн нэхэмжлэгчийг ажил хөдөлмөр эрхлээгүй гэж үзэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Т.Б “Э” ТӨҮГ-т холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэнд хариуцагч эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаар гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Т.Б нь 2013 оноос тус байгууллагын мөнгөн хөрөнгө, харилцах тайлан хариуцсан нягтлан бодогчийн ажилд томилогдон ажиллаж байсан, Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлын 2017оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон гэж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч Т.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15.-д заасан байнгын ажлын байранд ажил үүрэг гүйцэтгэж байсан тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1.-д зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй байтал нэхэмжлэгч Т.Б-тай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. /хх-17-20/

Талууд харилцан тохиролцсон бол байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2.-т зохицуулсан.

Ажил олгогч Э ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах үндэслэлээ тухайлан заагаагүй байх тул зохигчид харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Ажил олгогч байнгын ажлын байранд ажилтантай харилцан тохиролцолгүйгээр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1. дэх заалтыг зөрчсөн, улмаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй гэж үзлээ.

Иймд үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий болжээ.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, ажил олгогч Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн болохыг тогтоож, нотлох баримтад үндэслэн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2.-т зааснаар байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан үндэслэлээ хариуцагч нотлоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар, үндэслэлээ нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан үүргээ биелүүлээгүй тул “хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахдаа харилцан тохиролцоогүй эсэх нь нотлогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдол үндэслэлгүй байна.

Мөн ажилтан ажлаас халагдсны дараа өөр аж ахуйн нэгжид ажилд орж, цалин хөлс авч байгаа нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул “нэхэмжлэгч өөр ажил эрхэлж, ажилтай байхад нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулсанд гомдолтой байна” гэх хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг тус тус хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01588 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2175 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Э” ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177 250 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД