Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2175

 

 

Т.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01588 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч "Э.Х.Х.Т" ТӨҮГ-т холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Э.Х.Х.Т” ТӨҮГ-т 2009 оны 5 дугаар сараас няраваар, 2013 оноос мөнгөн хөрөнгө, харилцах тайлан хариуцсан ажилд томилогдон ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа алдаа, дутагдал гаргаж байгаагүй. Манай байгууллагын дарга 2016 оны 9 дүгээр сард солигдож, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулна гээд гарын үсэг зуруулсан. Тухайн үед яагаад нэг сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулж байгаа талаар асуухад “гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаад сунгаад явна” гэж хэлсэн. Ингээд ажлаа хэвийн хийж байтал 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн мэдэгдэл өгч, ажлаас чөлөөлсөн тушаал өгсөн. Мэдэгдэл болон ажлаас чөлөөлсөн тушаал нь нэг өдөр байсан ба намайг ажлаас үндэслэлгүй халсанд гомдолтой байна. Иймд намайг эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Т.Б нь захирлын 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/4 тоот тушаалаар аж ахуйн менежер бөгөөд няравын албан тушаалд нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Уг гэрээний хугацааг дуусмагч анх заасан хугацаагаар сунгаж байсан боловч 2016 оны хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөр дуусгавар болсон ба Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар гэрээний хугацааг сунгахгүй болохыг мэдэгдэж, түүнтэй байгуулсан гэрээг цуцалсан тул хууль зөрчөөгүй, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн тэрээр Диспетчерийн үндэсний төвд нягтлан бодогчоор ажиллаж байгаа нь тогтоогдсон тул түүнийг ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин олгох боломжгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Бямбажавыг “Э.Х.ХТ” ТӨҮГ-ын Санхүү, бүртгэлийн хэлтсийн Тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “Э.Х.ХТ” ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10 143 144 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б-т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан Т.Б-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “Э.Х.Х.Т” ТӨҮГ-т даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Э.Х.Х.Т” ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 177 240 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт гэсэн хэсэгт гэрээний хугацааг 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд сунгав гэсэн байх боловч ажилтан болон ажил олгогч хэн аль нь хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурагдаагүй байна" гэсэн байна. Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлын тушаал гарч нэгдсэн байдлаар бүх ажилчдын хөдөлмөрийн гэрээний сунгалтыг хийдэг. Энэ талаар бүх ажилчдад мэдэгдэж хөдөлмөрийн гэрээнд сунгалтын бичиглэл хийж гарын үсэг зурж баталгаажуулах үүрэг нь Захиргаа, удирдлагын хэлтсийн Хүний нөөц хариуцсан мэргэжилтэнд байдаг. Тухайн үед ажилтны зүгээс тавьсан санал байгаагүй ба ажил олгогчийн зүгээс үүрэг хариуцлагаа биелүүлж, сунгалтыг хийсэн. Тухайн үед Т.Б өөрөө сунгалтын талаар маргах эрхтэй байсан. Сунгалтын бичилттэй танилцаад гарын үсэг зурах нь ажилтны өөрийнх нь эрх, мөн үүрэг юм. Хоёр тал харилцан тохиролцож гарын үсэг зурснаар аливаа гэрээ хэлэлцээр хүчин төгөлдөр болдог. Гарын үсэг зурж баталгаажуулсан нь харилцан тохиролцсон гэдгийг нотолж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг зөрчсөн гэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч манай байгууллагаас 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн ба удалгүй 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Диспетчерийн үндэсний төвд нягтлан бодогчийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. Нэхэмжлэлийн шаардлага бол өмнө ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилох байсныг шүүх хангасан. Нэхэмжлэгч нь одоо ажиллаж байгаа ажилдаа хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаатай эсвэл хугацаагүй байгуулсан эсэхийг шүүх хянасангүй. Мөн ажилгүй байсан хугацааны олговор гэж нэхэмжлэлдээ шаардсан. Энэ нь ажил эрхэлж байгаа ажилтанд хамааралгүй ойлголт юм. Иймд шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч “Э.Х.Х.Т” ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч хөдөлмөрийн гэрээний хугацааг цаашид сунгахгүй талаар мэдэгдсэн ба хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Т.Б нь Эрчим хүчнийн хөгжлийн төвийн Санхүү эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэст тооцооны нягтлан бодогчоор 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан бөгөөд тус төвийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс дуусч цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

                                                                                                                       /хх-71 дэх тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулахаар зохицуулагджээ.

 

Т.Б-ын ажиллаж байсан тус төвийн Санхүү эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн тооцооны нягтлан бодогчийн орон тоо байнгын ажлын байр байна. Хэргийн 17-20 дугаар талд талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ авагдсан уг гэрээнд хугацааг “2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал сунгав” гэж ажил олгогч байгуулага бичилт хийсэн боловч Т.Б зөвшөөрч гарын үсэг зурсан баримтгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас үзвэл зохигчид байнгын ажлын байранд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байгаа талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Хариуцагч байгууллага Б/04 тоот тушаалаар нэхэмжлэгч Т.Б-ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг зөрчсөн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг зөрчөөгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч “Э.Х.Х.Т” ТӨҮГ-ын санхүү, бүртгэлийн хэлтсийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10 143 144 төгрөгийг хариуцагч “Э.Х.Х.Т” ТӨҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч Т.Б-т олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Э.Х.Х.Т” ТӨҮГ-т даалгаж хэргийг шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01588 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177 250 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ