Шүүх | Захиргааны хэргийн давж шатны шүүх - Анхан шатны журмаар |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2017/0186/З |
Дугаар | 568 |
Огноо | 2017-07-20 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж шатны шүүх - Анхан шатны журмаарийн Шийдвэр
2017 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 568
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Хөтөл” ХХК /РД: 5268052/
Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын ахлах байцаагч Д.Нямсүрэн, гаалийн улсын байцаагч С.Энхцэцэг,
Нэхэмжлэлийн шаардлага:
“Засгийн газрын 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Гаалийн ерөнхий газрын Гаалийн улсын байцаагч Д.Нямсүрэн, С.Энхцэцэг нарын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 12/15 тоот “Татвар төлөх төлүүлэх” актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, Д.Баттулга, хариуцагч Д.Нямсүрэн, С.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэлт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хөтөл” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Бөх-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Компани нь “Цемент-Шохой” ХК-д чулуунцар үйлдвэрлэлийн технологийн шугамыг өөрчлөх, цемент үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд 1.0 сая тонн хүргэн нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулсан. Төслийн хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт шинэ үйлдвэрлэлийн барилгын материал болон үйлдвэрлэлийн зориулалттай иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг 2011-2013 онуудад бүрэн оруулж ирсэн. Төслийн явцад оруулж ирсэн барааны гаалийн болон санхүүгийн баримт бичигт шалгалт хийж ногдуулсан Гаалийн ерөнхий газрын Гаалийн улсын байцаагч Д.Нямсүрэн, С.Энхцэцэг нарын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 12/15 тоот “Татвар нөхөн төлүүлэх” актыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
Татваргүй барааны 403 горимоор оруулж байсан ачаа, тоног төхөөрөмжүүдийг Гаалийн баталгаат барилгын талбайн горимд шилжүүлэх болсон үндэслэлийн тухайд Төслийн хүрээнд оруулж ирсэн барилгын материал болон үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжүүдээс БТКУС-ын кодоор ихэнх хэсэг нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, эдгээр хуульд үндэслэн гаргасан Засгийн газрын 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Тогтоол шинэчлэн батлах тухай” 100-р тогтоол, 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 193-р тогтоол, Сангийн сайдын 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 4-2/3658 тоот албан бичиг зэрэг эрх зүйн баримт бичгүүдэд зааснаар гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас бүрэн чөлөөлөгдөх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлд хамаардаг.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 100 дугаар, 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолуудад заасны дагуу Гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх хилээр орж ирж буй тоног төхөөрөмжүүдийн хувьд иж бүрдэл болсон үед нь гаалийн бүрдүүлэлт хийж, хаах нөхцөлтэй байдаг. Төслийн явцад тус нөхцлийн дагуу 403 горимоор 16,439,000 ам.доллар буюу 21,527,782,300 төгрөгийн тоног төхөөрөмжийн гаалийн бүрдүүлэлтийг хийсэн.
Компани дахин шинээр тоног төхөөрөмжүүд оруулж ирэх үед ажлын үе шат, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, татан авалтаас шалтгаалан цувж ирэх, иж бүрдэл болохгүй, манифест хаагдахгүй байх нөхцөл байдал үүссэн. Тус асуудлыг шийдвэрлэх зорилгоор Гаалийн шат шатны байгууллага, албан тушаалтанд хандаж, тэдгээрийн шийдвэр, зөвлөмжийн дагуу дараах байдлаар гаалийн бүрдүүлэлт хийсэн. Үүнд:
Гаалийн ерөнхий газрын дэд даргын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03/4803 тоот “Гаалийн бүрдүүлэлт хийх тухай” албан бичгээр “Цемент-Шохой” ХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын төслийн хүрээнд БНХАУ-аас хэсэгчлэн оруулж ирэх 4000 м.куб буюу 140 вагон тоног төхөөрөмжийг Гаалийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэг ачилтад хамруулж, гаалийн бүрдүүлэлт хийхийг Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Т.Бямбацогт, Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын дарга Б.Алтангэрэл нарт мэдэгдсэн байдаг.
Гаалийн ерөнхий газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/207 тоот “Зөвшөөрөл олгох тухай” тушаалаар Гаалийн тухай хуулийн 138-р зүйлийн 138.2 дахь хэсэг, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Компанид гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 1 жилийн хугацаатай олгож, Гаалийн Ерөнхий газрын дарга Ё.Бат-Эрдэнийн 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 02-01/538 тоот удирдамжаар ачааг гаалийн баталгаат барилгын талбайн хяналтад хамруулж, гаалийн бүрдүүлэлт хийхийг мэдэгдсэн байна.
Дээрх байдлаар эрх бүхий албан тушаалтнуудаас зөвшөөрөл олгогдсоны дагуу 22,964,993 ам доллар буюу 33,834,622,902 төгрөгийн үйлдвэрлэлийн барилгын материал болон үйлдвэрлэлийн зориулалттай иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг 730 горимоор бүрдүүлэлт хийж, гаалийн баталгаат барилгын талбайд байршуулсан. Тус горимоор зөвхөн барилгын материалуудын бүрдүүлэлт хийгдэх ёстой учир Дархан-Уул аймаг дахь гаалийн газар 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2/193 тоот албан бичгээр Гаалийн ерөнхий газрын гаалийн хяналт, эрсдэлийн удирдлагын газарт хандан улмаар Гаалийн шат шатны байгууллага, тэдгээрийг төлөөлөх эрх бүхий этгээдээс өгөгдсөн зөвлөмжийн дагуу тухайн үеийнхээ хууль, журмын дагуу Гаалийн албан татвар болон НӨАТ-аас чөлөөлөгдөх 23,530,560.8 ам.долларын өртөг бүхий 51 нэр төрлийн тоног төхөөрөмжүүдийн бүрдүүлэлтийг 730 горимоор хийсэн. Дээр дурдсан зайлшгүй шаардлагаар холбогдох зөвлөмж, зөвшөөрлийн дагуу 730 горимоор бүрдүүлэлт хийсэн нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 04 дүгээр 06-ны өдрийн 100 дугаар, 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолуудын дагуу Гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй байх үндэслэл болохгүй юм.
Гэтэл Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газар Компанийн 2013-2014 онуудад импортоор оруулсан барааны гаалийн болон санхүүгийн баримт бичигт шалгалт хийж, горимын шаардлага хангаж гаалийн бүрдүүлэлт хийгээгүй 33,782,701,479.70 төгрөгийн барааны үнэд ногдох гаалийн татвар 1,689,135,074 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 3,547,183,655 төгрөг нийт 5,236,318,729 төгрөгийн татварыг ногдуулж, “Бейзмент” ХХК-иар төлүүлэх 12/15 тоот акт тогтоосон.
2. Актын хууль зүйн үндэслэл, актаар тогтоосон нөхөн төлүүлэх татварын хэмжээний тухайд: Актад Гаалийн баталгаат барилгын талбайн хугацаа дуусгавар болсон байхад дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимоор гаалийн бүрдүүлэлт хийж, татварыг төлөөгүй зөрчил илэрсэн гэсэн нь бодит байдалд нийцэхгүй, торгууль ногдуулсан хуулийн заалтыг хэрэглэх үндэслэл бүрдээгүй байна. Тухайлбал, Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 193-р тогтоолоор “Засгийн газрын 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 100-р тогтоолын 1-р зүйлд 2012 он гэснийг 2013 болгон өөрчилсүгэй” хэмээн баталсны дагуу манай компанийн хөрөнгө оруулалтын тоног төхөөрөмжүүд гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх нөхцөлийг хангаж байгаа. Нэхэмжлэлд дурдсаны дагуу үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан Гаалийн шат шатны байгууллага болон албан тушаалтны зөвлөмж, зөвшөөрлийн дагуу 403 горимыг 730 горимоор сольж, бүрдүүлэлт хийсэн нь татвар ногдуулах үндэслэл болохгүй.
Мөн акт ногдуулах үндэслэл болсон Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.12 дахь хэсэгт “гаалийн болон бусад татвар ногдуулахгүйгээр гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн, бараа, тээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд буцаан нэвтрүүлээгүй бол зөрчил илэрсэн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гаалийн хууль тогтоомж, валютын ханш, тарифыг үндэслэн гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлж, зөрчил гаргасан иргэнийг 30000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох” гэжээ. Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 676 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горим хэрэгжүүлэх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар “Энэ горимд хамаарах барааны гаалийн болон бусад татварыг Гаалийн тариф, татварын тухай хуулийн 43.1-д заасан тохиолдолд буцаан олгоно” 5.4 дэх хэсэгт “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 41.2-т заасан баталгааг гаргаж түр хугацаагаар оруулсан барааг буцаан гаргаагүй тохиолдолд гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлнэ” зэрэг зохицуулалтаас харахад буцаан гаргаагүй зөрчил нь зөвхөн гаргаагүй тухайн барааны хувьд яригдах ойлголт юм. Тодруулбал, зөвхөн үйлдвэрлэлийн шугамын тоног төхөөрөмжийг угсрахад зайлшгүй шаардлагатай буцах нөхцөлтэйгөөр гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимоор бүрдүүлэлт хийгдсэн 1,629,834,802 төгрөгийн үнэ бүхий хүнд даацын машин механизм, тусгай багаж төхөөрөмжүүдийн хувьд энэхүү зохицуулалтад хамаарах тул энэхүү актаар зөвхөн уг тоног төхөөрөмжид холбогдох татварыг ногдуулах үндэслэлтэй байж болно. Харин хууль, журмын дагуу Гааль, НӨАТ-аас чөлөөлөгдсөн барааны хувьд дурдсан үндэслэлээр татвар нөхөн төлүүлэх акт үйлдэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Түүнчлэн хуульд заасан хугацаанд буцаан нэвтрүүлээгүй барааны хувьд тухайн цаг үед нь буцаан нэвтрүүлж чадахгүй байгаа шалтгаан, нөхцөл байдлаа тайлбарлан 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1/119 тоот, 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/102 тоот, 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1/84 тоот зэрэг албан бичгүүдээр гаалийн байгууллагуудад хандаж шаардлагатай арга хэмжээ авч өөр горимд шилжүүлэх эсхүл хугацаа сунгах талаар шийдвэрлэж өгөхийг удаа дараа хүссэн боловч асуудлыг шийдвэрлээгүй болно. Тиймээс буцаан нэвтрүүлэх хугацаа хэтрүүлсэн асуудал нь Гаалийн хууль тогтоомжийн зөрчил бус хууль тогтоомжийн боловсронгуй бус байдал, Гаалийн байгууллагын хүндрэл чирэгдэлтэй үйл ажиллагаанаас хамаарч үүссэн нөхцөл байдал гэж үзэж байна.
3. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны тухайд акт тогтоолгох үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсэгт “дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас энэ хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн” бол Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүсэх бөгөөд анх 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Гаалийн ерөнхий газрын даргад гомдол гаргаснаас хойш асуудал шийдвэрлүүлэхээр удаа дараа Гаалийн дээд шатны байгууллага, албан тушаалтанд хандан зөвшилцөлд хүрэлгүй явсаар 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтаас актыг хүчингүй болгох боломжгүй талаар албан ёсны хариу ирээд байна.
Иймд Гаалийн ерөнхий газрын Гаалийн улсын байцаагч Д.Нямсүрэн, С.Энхцэцэг нарын 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 12/15 тоот “Татвар нөхөн төлүүлэх” актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч Д.Нямсүрэн, С.Энхцэцэг нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“...Хөтөл (Бэйзмент) ХХКомпанийн 2013-2014 онуудад импортлосон бараа, тоног төхөөрөмжийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн болон гаалийн баталгаат барилгын талбай, түр горимын хэрэгжилтийг шалгахаар Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 24-ний 20/15 тоот удирдамжаар ГУАБайцаагч Дамбын Нямсүрэн, ГУБ Сандагийн Энхцэцэг нар
томилогдон ажилласан юм.
Хөтөл (Бэйзмент) ХХКомпани нь 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хөтөлийн цемент шохой ТӨХКомпанитай цементийн үйлдвэрлэлийн чулуунцар үйлдвэрлэх технологийн 2-р шугамыг хуурай аргад шилжүүлэн цемент үйлдвэрлэлийн Хүчин чадлыг жилд нэг сая тоннд хүргэн өргөтгөх, ил уурхай, авто тээврийн цогцолбор байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалтын гэрээг Төрийн өмчийн хорооны даргаар батлуулсан байдаг юм.
Төслийг хэрэгжүүлэх техник эдийн засгийн үндэслэлийн танилцуулгад хөрөнгө оруулалтад гаалийн болон НӨАТатварыг төлөхөөр төсөвлөгдсөн байна.
Тэгэхээр хөрөнгө оруулалтаар оруулсан тоног төхөөрөмж нь гаалийн болон НӨАТатвар төлөх нь тодорхой болж байна.
Нэг: Хөтөл (Бэйзмент) ХХКомпанийн захирлууд нь 2011 оны Засгийн газрын 100 дугаар тогтоол, 2012 оны Засгийн газрын 193-р тогтоолуудаар батлагдсан жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтын барааны хөнгөлөлт, чөлөөлөлтийн БТКУС-ын кодын жагсаалтанд хамрагдах боломжтой байсан гэсэн үндэслэлээр хөнгөлөлт чөлөөлөлтийн 403 горимоор бүрдүүлэлт хийлгэхээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.
Харин тус компани нь 2011 онд 400 горимоор нэг ширхэг өөрөө явагч өрөмийн машиныг импортоор оруулж 52,9 сая төгрөгийн гаалийн болон НӨАТатвар төлж барагдуулсан нь уг тогтоолын заалтуудад хамрагдахгүй болохыг мэдэж ойлгосныг гэрчилж байгаа болно.
2012 онд Засгийн газрын 193 дугаар тогтоол батлагдаж, 2011 оны 100 дугаар тогтоолын хавсралтыг шинэчлэн баталсан юм.
Засгийн газрын тогтоолуудын хавсралтаар батлагдсан жагсаалтанд цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд хөнгөлөлт, чөлөөлөлтийн горимд хамрагдахаар заасан болөвч, тус компанийн хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр нь жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасны дагуу жижиг, дунд үйлдвэрийн эрх эдлэх үйлчилгээний бүртгэлд хамрагдаагүй, хуулийн заалтуудыг хангах болзолд нийцэхгүй байсан тул гаалийн байгуүллага өөрийн эрх мэдлийн хүрээнд хөрөнгө оруулалтын ажлыг дэмжиж, эдийн засгийн эх үүсвэрийг бүрдүүлэх боломжийг олгож, 2012 оны 11 дүгээр сарын 12-ны А/207 тоот тушаалаар 09/07 дугаартай нэг жилийн хугацаатай Гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгосон юм.
Энэ зөвшөөрлийн дагуу 2013 онд хилийн чанадаас ирсэн гадаадын барааг гаалийн бүрдүүлэлтийн баталгаат барилгын талбайд оруулах гаалийн бүрдүүлэлтийн 730 горимыг ашиглан 23,530,560.80 ам долларын барааг татваргүйгээр оруулсан байна.
2014 онд баталгаат барилгын талбайд оруулсан бараанаас гаалийн баталгаат барилгын талбайгаас дотоодын хэрэглээнд зориулан гаалийн бүрдүүлэлтийн 454 горимоор 601.091,90 ам долларын бараанд бүрдүүлэлт хийж, 169.499.666,00 төгрөгийн гаалийн болон НӨАТатварыг төлж барагдуулсан нь горимын шаардлагад нийцэж байгаа юм.
Одоогийн байдлаар гаалийн баталгаат барилгын талбайн тооцоогоор 22.929.468,90 ам долларын барааны үлдэгдэлтэй, талбайн хугацаа дуусгавар болсон, үлдэгдэл барааг гаалийн бүрдүүлэлтийн 454 горимоор бүрдүүлэлтийг хийж гаалийн бүрдүүлэлтийн 730 горимыг дуусгавар болгож, тухайн өдрийн ханшаар гаалийн татварт 1.689.135.074,00 төгрөгийн, нэмэгдсэн өртөгийн албан татварт 3.547.183.655,00 төгрөгийн нийт 5.236.318.729,00 төгрөгийн татварыг төлж барагдуулах төлбөрийн тооцоонууд хийгдээгүй байсан тул шалгалтаар холбогдох татварыг нөхөн төлж барагдуулахаар гаалийн улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны 12/15 тоот төлбөрийн актыг тогтоосон болно.
Уг төлбөрийг барагдуулах талаар 6 удаа албан бичиг 1 удаа гаалийн улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж ажилласан байна.
2014 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Засгийн газын 191 дүгээр тогтоолоор 2011 оны 100, 2012 оны 193 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож шинэчлэн батлаж гаргасан тогтоолд цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хөнгөлөлт, чөлөөлөлтийн жагсаалтаас хассан байна.
Харин 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус аж ахуйн нэгж нь Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д шаардлагыг хангасан тул 4330 Барилгын засварын үйлчилгээ, 1610 Гадаад худалдаа эрхлэх, 8549 Албан ёсны нийтлэг орчуулгын ажил үйлчилгээ” эрхлэгчээр бүртгэв гэж аж ахуйн, нэгжийн гэрчилгээнд тэмдэглэгээ хийсэн байна.
Энэ тэмдэглэгээ нь 2012-2013 онуудад гаалийн бүрдүүлэлт хийж импортоор орж ирсэн бараа, тээврийн хэрэгсэлд ямарч хамааралгүй болох нь цаг хугацааны хувьд ч гэсэн тогтоогдож байна.
Мөн олгосон зөвшөөрөл, тэмдэглэгээ нь Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн заалтад 5.1.1. контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1,5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн гэсэн үндэслэлийг баримталсан
нь бодит байдлаас асар зөрүүтэй байгаа юм.
Хөтөл (Бэйзмент) ХХКомпанийн 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар 28,0 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогыг бий болгосон нь жижиг дунд үйлдвэрийн болзолтой нийцэхгүй болж байна.
Иймд жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн ямар нэг заалтын шаардлагыг хангахгүй байгаа нь нотлогдож байна.
Хоер: Гаалийн ерөнхий газрын 2008 оны 678 дугаар журмын дагуу Хөтөл (Бэйзмент) ХХКомпаниас гаргасан хүсэлтийг үндэслэн гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх зовшөөрлийг олгож, импортолсон барааг гаалийн баталгаат барилгын талбайд орох бүрдуүлэлтийн 730 горимоор бүрдүүлэлт хийсэн нь гаалийн болон НӨАТатвараас чөлөөлөх үндэслэл болохгүй.
Гаалийн бүрдүүлэлтийн 730 горимоос аль ч горимыг сонгож бүрдүүлэлтийг хийх боломжтой, тэгэхдээ зөвхөн өөрсдийн эрх ашгийн үүднээс заавал хөнгөлөлт, чөлөөлөлтийн 403 горимыг сонгох нь хууль, журамд нийцэхгүй байгааг анхаарах хэрэгтэй.
Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн щалгуур үзүүлэлтүүдтэй нийцэхгүйгээс шууд гаалийн бүрдүулэлтийн 400 горимоор гаалийн бүрдүүлэлтийг хийж, татварыг бүрэн толүүлэх байсныг гаадийн байгууллага комданийн хөрөнгө оруулалтын ажлыг дэмжиж, эдийн засгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, цаг хугацааны боломжийг бий болгоход туслах зорилгоор гаалийн баталгаат барилгын талбайн 730 горимын дагуу түр хугацаагаар гаалийн бүрдүүлэлтийг хийж оруулсанаар үйлдвэрлэлийн цогцолборыг бий болгоход ихээхэн дэмжлэг болсон юм.
Компанийн хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр бүрэн хэрэгжиж, үйлдвэрлэлийн ажиллагаа хэвийн ажиллаж өөрсдийн хүсэн хүлээсэн амжилтандаа хүрч, үр өгөөжтэй ажиллах боломжийг төрөөс олгосныг хүндэтгэн сайн дураараа баталгаат барилгын талбайн горимыг дуусгавар болгон бүрдүүлэлтийг хийж татвараа төлөх нь ёс зүйн болоод хуулийг хүндэтгэсэн асуудал болох байсныг ч дурдах нь зүйтэй байна.
Гаалийн улсын байцаагчийн тогтоосон төлбөрийн акт нь гаалийн бүрдүүлэлтийн горимын шаардлага хангуулах, гаалийн баталгаат барилгын талбайн хугацааг дуусгавар болгох, үйлдвэрийн үйл ажиллагаанд ашигласан бараа, тоног төхөөрөмжийн гаалийн болон НӨАТатварыг төлүүлэхээр тогтоогдсон болно.
Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.12 дахь /гаалийн болон бусад татвар ноогдуулахгүйгээр гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн, бараа тээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд буцаан нэвтрүүлээгүй бол зөрчил илэрсэн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гаалийн хууль тогтоомж, валютын ханш, тарифыг үндэслэн гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлж, зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох/ мөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь /гаалийн хууль тогтоомж зөрчиж нэвтрүүлсэн бараанд гаалийн болон бусад татварыг ноогдуулахдаа Монгол улсын хил нэвтрүүлсэн өдөр, хэрэв энэ өдрийг тогтоох боломжгүй бол зөрчил илрүүлсэн өдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа тариф, валютын ханшийг мөрдөнө/ гэсэн заалтуудыг үндэслэсэн акт тогтоосон нь хууль, эрх зүйн хувьд зөрчилгүй болно.
Гурав: Хөтөл (Бэйзмент) ХХКомпаниас гаргасан гомдол, хүсэлтэнд тухай бүрт нь хариу өгч актыг барагдуулах талаар албан бичиг, Гаалийн улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж байсан билээ.
Хөтөл (Бэйзмент) ХХКомпанийн захирлуудын хүсэлтээр Сангийн яам, Аж үйлдвэрийн яамнуудаас хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамруулах албан бичиг гаргуулж авчрахаар 3 сарын хугацаатай аман хэлэлцээр хийж явсан талаар манай удирдлагууд мэдэгдэж байсан учраас шүүхэд хандах ажиллагаа хойшилсон юм. Түүнээс гаалийн байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалан удааширсан асуудалгүй болохыг мэдэгдье.
Монгол Улсын хууль, тогтоолд нийцэхгүй үйл ажиллагаагаа заавал нийцүүлэх гэж янз бүрийн оролдлого хийж, улсын төсвийн орлогыг санаатайгаар саатуулж байгаа нь Гаалийн тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх заалт, 294 дүгээр зүйлийн 294.1 дэх заалт, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3 дахь заалт, Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.12 дэх заалт, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь заалт, мөн энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-дэхь заалтууд, Гаалийн баталгаат барилгын талбайн 678 дугаар журмын заалтууд, Төсөл хөтөлбөрийн техник эдийн засгийн үндэслэл зэрэг хууль эрх зүйн баримтууд зөрчигдөж байна.
Иймд хууль эрх зүйн хувьд ямар ч зөрчилгүй гаалийн улсын байцаагчийн тогтоосон актыг хэвээр батлаж Хөтөл (Бэйзмент) ХХКомпаниас улсын төсөвт төвлүүлэх гаалийн болон НӨАТатвар 5.236.318.729,00 төгрөгийн орлогыг гаргуулж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хөтөл” ХХК-иас “гаалийн ерөнхий газрын Гаалийн улсын байцаагч Д.Нямсүрэн, С.Энхцэцэг нарын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 12/15 тоот “Татвар нөхөн төлүүлэх” актыг бүхэлд нь хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын үндэслэлийг хянаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Хөтөл” ХХК нь 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-тай цементийн үйлдвэрлэлийн чулуунцар үйлдвэрлэх технологийн 2-р шугамыг хуурай аргад шилжүүлэх цемент үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд нэг сая тоннд хүргэн өргөтгөх, ил уурхай, авто тээврийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан Төрийн өмчийн хорооны даргаар батлуулжээ .
“Хөтөл” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөртэй нь холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/207 дугаар тушаалаар Гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус компанид 1 жилийн хугацаатай олгожээ .
Энэхүү тусгай зөвшөөрлийн дагуу “Хөтөл” ХХК нь 2013 онд Гаалийн бүрдүүлэлтийн баталгаат барилгын талбайд оруулах гаалийн бүрдүүлэлтийн 730 /Хилийн чанадаас ирсэн гадаадын барааг гаалийн баталгаат барилгын талбайд оруулах/ горимыг ашиглан 51 нэр төрлийн 23.530.560.80 ам долларын барааг татваргүйгээр оруулсан бөгөөд үүнээс 2014 онд баталгаат барилгын талбайд оруулсан бараанаас гаалийн баталгаат барилгын талбайгаас дотоодын хэрэглээнд зориулан гаалийн бүрдүүлэлтийн 454 /гаалийн баталгаат барилгын талбайгаас дотоодын хэрэглээнд зориулан оруулах/ горимоор 601.091,90 ам долларын бараанд бүрдүүлэлт хийж, 169.499.666,00 төгрөгийн гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн.
Харин нэхэмжлэгчээс “...дээрх татваргүй оруулсан барааны үлдэглэл 22.929.468,90 ам долларын барааг Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 100 дугаар, 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолуудын хавсралтаар батлагдсан цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд байх тул Гааль болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх 403 /Монгол улсын хуулийн дагуу гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлж дотоодын хэрэглээнд зориулан оруулах/ горимд хамрагдана...” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 100 дугаар тогтоол гаргаж жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэж, жижиг дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэлийн жагсаалтыг баталсан байна. Уг тогтоолыг үйлчлэх хугацааг Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ”тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 193 дугаар тогтоолоор дахин 1 жилээр сунгаж, Гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслэлийн жагсаалт”-ыг шинэчлэн баталжээ.
Нэхэмжлэгч “Хөтөл” ХХК-ийн 2013 онд гаалийн баталгаат талбайд оруулсан нэр бүхий тоног төхөөрөмжүүд нь дээрх тогтоолуудад заасан хөнгөлөлт чөлөөлөлтийн горимд тохирох барааны кодоор тодорхойлсон бараанууд болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна .
Хэдий тийм ч энэ тохиолдолд нэхэмжлэгч “Хөтөл” ХХК-ийн дээрх гаалийн баталгаат талбайд оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнийг гаалийн бүрдүүлэлт хийх 403 /Монгол Улсын хуулийн дагуу гаалийн болон бусад татвараас бүрэн, эсхүл хэсэгчлэн чөлөөлж дотоодын хэрэглээнд зориулан оруулах/ код буюу татваргүй горимд шилжүүлэх боломжгүй байна.
Учир нь Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь төрөөс жижиг, дунд үйлдвэрийн талаар баримтлах бодлого, үндсэн чиглэлийг тогтоож, тэдгээрийг дэмжих талаар авах арга хэмжээ, хамрах хүрээг тодорхойлон үндэсний эдийн засгийн хөгжлийг хангахад оршино” гэжээ.
Энэ хуультай нийцүүлэн гаргасан Засгийн газрын дээрх тогтоолууд нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд туслах зорилгоор жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортлож буй болон жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхөд чиглэгдсэн төрөөс баримтлаж буй бодлого.
Энэ талаар Засгийн газрын гишүүн Сангийн сайдаас “...Засгийн газрын тогтоолоор батлагдсан жагсаалтад орсон боловч хуулийн шаардлагыг хангаагүй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслэлийг татвараас чөлөөлөх боломжгүй...” талаар дээрх хууль, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж буй Гаалийн ерөнхий газрын удирдлагад чиглэл өгч байжээ .
Гэтэл нэхэмжлэгч “Хөтөл” ХХК-ийн татвараас чөлөөлөх гэж буй барааны үнийн дүн, хариуцагчийн тайлбарт дурьдсан “...Хөтөл ХХК-ийн 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар 28,0 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогыг бий болгосон зэргээс үзэхэд тус аж ахуйн нэгж нь Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж...” гэж заасантай нийцэхгүй байна.
Хэдийгээр нэхэмжлэгчээс “...манай компани нь Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан шаардлагыг хангасан...” гэж тайлбарлах боловч уг болзлыг хангасан бүртгэлийг эрх бүхий байгууллагаас 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн нь тус компанийн 2012-2013 онуудад гаалийн бүрдүүлэлт хийж импортоор орж ирсэн бараануудын татвар ногдуулалттай холбоотой маргаан бүхий үйл баримтад хамааралгүй болно.
Тиймээс тус компанийн 2013 онд Гаалийн бүрдүүлэлтийн баталгаат барилгын талбайд оруулах гаалийн бүрдүүлэлтийн 730 горимыг ашиглан оруулан ирсэн бараа, тоног төхөөрөмжүүдийг Засгийн газрын тогтоолд заасан хөнгөлөлт эдлүүлэх боломжгүй гэж үзэн Гаалийн бүрдүүлэлтийн 454 горим руу шилжүүлэн тооцож, гаалийн болон нэмэгдсэн өртөгийн албан татвар ногдуулж байгаа нь үндэслэлтэй байна.
Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалт, гаалийн улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны 12/15 дугаар “Татвар нөхөн төлүүлэх тухай” акт нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий гарсан, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.12 дахь хэсэгт заасныг баримтлан “Гаалийн ерөнхий газрын Гаалийн улсын байцаагч Д.Нямсүрэн, С.Энхцэцэг нарын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 12/15 тоот “Татвар нөхөн төлүүлэх” актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Хөтөл” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР