Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2020/0644

 

Н.Т-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна нэхэмжлэгч Н.Т нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 599 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасны дагуу Н.Т-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 599 дүгээр шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3., 47.1.6-д заасныг тус тус баримтлан иргэн Н.Т-аас Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид холбогдуулан гаргасан “Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Шүүхийн тамгын газрын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 149 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Т давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэгчийн шаардлагад дүгнэлт өгөөгүй, хэргийн үйл баримтыг бүрэн, зөв тогтоогоогүй нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэж байна.

1. Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэх үндэслэлийн тухайд:

Шүүхийн шийдвэрийн “үндэслэх нь” хэсэгт “Маргаан бүхий тохиолдолд, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь шүүхийн Ерөнхий зөвлөлөөс баталсан орон тооны хязгаарт багтаан, ... маргаан бүхий захиргааны акт гаргасныг буруутгах үндэслэлгүй байна” гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ.” гэж заасныг зөрчсөн юм.

Хэдийгээр Төсвийн тухай хуульд төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхийг ерөнхийлөн заасан байдаг боловч тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хууль болох Шүүхийн захиргааны тухай хуулиар бүх шатны шүүхийн бүтэц орон тоог батлах эрхийг гагцхүү Шүүхийн ерөнхий зөвлөлд олгосон байдаг. Энэ талаар шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тайлбарт “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өөрийн хуульд заасан бүрэн эрхийн дагуу Улсын Дээд шүүхийн Тамгын газрын бүтэц орон тоог тогтоосон тогтоол нь одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа” гэж туйлын тодорхой хэлсэн байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана.”, 4 дэх хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ.” гэж тус тус заасан.

Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хуулиудад Шүүхийн тогтолцоог хяналтын, давах, анхан шүүх гэж авч үзсэн байдаг бөгөөд шүүхийн тогтолцоо нь нэгдмэл юм. Үүнтэй адил шүүхийн захиргааны байгууллагаас гаргадаг тогтоол шийдвэр нь эдгээр шатны шүүхэд нэгэн хэм хэмжээний акт болон адил үйлчилнэ. Монгол Улсад шүүхийн захиргааны байгуулллагыг бие даан байгуулсан шүүхийн шинэчлэлийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрхийг Үндсэн хуулинд нийцүүлэн илүү нарийвчлан 2013 оны шүүхийн захиргааны тухай хуулиар тогтоож өгсөн.

Бүх шатны шүүхийн бүтэц орон тоог батлах бүрэн эрхийг гагцхүү Шүүхийн ерөнхий зөвлөлд олгосон байдаг. Энэ нь Захиргааны эрх зүйн Тусгай эрхийн онолын хувьд ч батлагдаж байна.

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Шүүхийн захиргаа нь Шүүхийн ерөнхий зөвлөл /цаашид “Ерөнхий зөвлөл” гэх/, түүний ажлын алба, бүх шатны шүүхийн тамгын газар, судалгааны төв болон бусад туслах нэгжээс бүрдэнэ.” гэж 4 дүгээр зүйлийн 4.1.1-д бие даасан, хараат бус байх гэж зааснаас үзэхэд Шүүхийн ерөнхий зөвлөл нь хуулиар олгогдсон эрхээ бие даасан хараат бусаар хэрэгжүүлэхээр хуульчилсан байна.

Хуулийн хэм хэмжээний зөрчилдөөний талаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж заасан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгаатай нь захиргааны шүүх хуулийг төсөөтэй хэрэглэх талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заагаагүй байна. Хууль хэрэглэх зарчмын дагуу шүүх захиргааны маргааныг хянан шийдвэрлэхдээ эхлээд тусгай хуулийг хэрэглэнэ. Харин тусгай хууль байхгүй бол ерөнхий хуулийг хэрэглэнэ. Шүүхээс энэхүү хэргийг хянан шийдвэрлэхдээ эрх зүйн хэм хэмжээний актуудын хууль ёсны байдлыг хянах үүрэгтэй байтал анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн юм.

Үндсэн хуулиудаас бусад хуулиуд нь эрх зүйн нөлөөллийн хүчин чадлын хувьд ижил түвшинд эрэмблэгдэх тул тэдгээрийг дээд, доод гэж ангилах боломжгүй. Энэ тохиолдолд тусгайлсан зохицуулалт бүхий эрх зүйн эх сурвалж нь ерөнхий зохицуулалттай эрх зүйн эх сурвалжийн дээр, шинээр батлагдсан эрх зүйн эх сурвалж нь ерөнхий зохицуулалттай эрх зүйн эх сурвалжийн дээр, шинээр батлагдсан эрх зүйн эх сурвалж нь хуучин эх сурвалжийн дээр эрэмбэлэгдэнэ. Энэ нь доод эрэмбэ бүхий эрх зүйн хэм хэмжээ нь дээд эрэмбэ бүхий эрх зүйн хэм хэмжээтэй зөрчилдөж байвал тэр хүчингүй буюу түүнийг хэрэглэхгүй гэж үзэх тул шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэгдэх ердийн хуулиуд нь хоорондоо зөрчилдвөл нарийвчилсан хуулийг, хэрэв тийм хууль байхгүй бол шинэ буюу сүүлд батлагдсан хуулийг хэрэглэнэ .

Анхан шатны шүүх шийдвэрлэхдээ тухай маргааны харилцааг зохицуулсан тусгай хууль буюу Шүүхийн захиргааны тухай хуулийг түрүүлж хэрэглэлгүй, Төсвийн хуулийг хэрэглэснээс хууль хэрэглэх зарчим зөрчигдсөн.

2. Иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх үндэслэлийн тухайд :

Шүүхийн шийдвэрт мөн “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх шинж нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байхыг шаардах бөгөөд эрх зүйн үйлчлэл нь чиглэсэн этгээдийн эрх зүйн байдал дордсон байдлаар илэрдэг. Маргаан бүхий тохиолдолд, маргаан бүхий захиргааны актын улмаас тухайн цаг хугацаанд нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Ажлаас халагдаж, хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, улмаар өөрийн алба ажил үүргийг шударгаар биелүүлж байсан төрийн албан хаагч ямар шалтгаанаар нь үл мэдэх байдлаар ажлаас халагдчихаад байгаа үйл баримтыг шүүгч “эрх зүйн байдал дээрдсэн” гэж дүгнэсэн нь огт бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт юм.

Ерөөсөө энэхүү маргааны гол асуудал бол нэхэмжлэгч ажлаас хууль бусаар халагдсан үйл баримт байтал шүүхээс нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордоогүй гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 дахь хэсэгт “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно.” гэж заасныг буруу хэрэглэж уг хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 заалтыг тайлбарласан. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт “ ... Маргаан бүхий тохиолдолд, маргаан бүхий захиргааны актын улмаас тухайн цаг хугацаанд нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.” гэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн шаардлагад дүгнэлт өгөөгүй, хэргийн үйл баримтыг бүрэн, зөв тогтоогүй нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэж байна.

Учир нь маргаан бүхий захиргааны актын улмаас иргэн миний Үндсэн хууль болон, Төрийн албаны тухай, Шүүхийн захиргааны тухай хуулиудаар хамгаалагдсан үндсэн эрх болох хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн байдлыг эрх, хууль ёсны ашиг сонирхол огт хөндөгдөөгүй гэж дүгнэсэн нь эрх зүйн үндэслэлгүй байна.

Илт хууль бус захиргааны актыг үндэслэн дагаж гаргасан захиргааны актаар цалин, үр дүнгийн гэрээний урамшуулал олгогдсон нь иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан үндэслэлийг шууд үгүйсгэх шалтгаан биш юм.

Маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл, шалтгаан болгосон Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын үйлчлэх хүрээ, цаг хугацааны хүчин зүйлд шүүхээс дүгнэлт хийгээгүй нь хэргийг бүх талаас нь, бодитой дүгнэх зарчим алдагдсан юм.

Шүүхийн төсөв нь Засгийн газрын аль нэг яамны төсвийн бүрэлдэхүүн хэсэг биш бөгөөд шүүх бие даасан төсөвтэй байх бөгөөд Монгол Улсын шүүхийн төсөв нь Улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна. Гэтэл Засгийн газраас 4 жилийн өмнө өөрийн хамаарах хүрээний байгууллагуудад зориулан зөвхөн тухайн төсвийн жилийн төсөвт зориулан гаргасан эрх зүйн актыг Төрийн эрх мэдлийн тусдаа субьект буюу шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага шууд эх сурвалж болгон иргэний хөдөлмөрлөх эрхэд халдсан илт хууль бус захиргааны акт гаргасан байгаад анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.

Нотлох баримтыг дутуу судалсан, түүнд дүгнэлт өгөөгүй талаар: Ажил үүргээ шударгаар биелүүлж, Тамгын газрын ажилтнуудын хууль бус үйлдлийг илчилж зохих байгууллагад шалгуулсан асуудал нь маргаан бүхий захиргааны акт гарах үндсэн шалтгаан болсныг нэхэмжлэгч миний бие нэхэмжлэлдээ дурдсаар байтал энэ асуудлыг шүүхээс огт авч үзээгүй, дүгнэлт хийгээгүй байдаг. Учир нь нэхэмжлэгч миний бие төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий субьектээр ажиллаж байсан юм.

Нэхэмжлэгч миний ажиллаж байсан албан үүрэг болох Дотоод аудитын дарга, Санхүүгийн улсын ахлах байцаагч нь хуульд тусгайлан заасан заавал байх төрийн хяналт шалгалтын нэг субьект байсан.

Төсвийн тухай хуульд хяналт, шалгалтыг хэрхэн хийх талаар 10 дугаар бүлэгт тусгасан. Уг хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна.” гэж заасан. Мөн Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор “Дотоод аудитын дүрэм”-ийг баталж, мөрдөж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон байдаг.

Тийм ч учраас Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс 2013 оны 08 дугаар тогтоолоор Хяналтын шатны шүүхийн тамгын газрын орон тоог тогтоохдоо хуульд нийцүүлэн тусгайлан Дотоод аудитын албыг орон тооны хамт баталсан байдаг.

Дээрх үйл баримтуудтай холбоотойгоор нэхэмжлэгчээс өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү дэлгэрэнгүй бодитой тайлбарлах, бодит байдлыг нотлох зорилгоор Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргыг гэрчээр дуудуулах хүсэлт гаргасан боловч шүүгч хангаж шийдээгүй нь шүүхээс нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн явдал юм.

Мөн яг ямар нөхцөл байдал, шаардлагын улмаас орон тоо, бүтцийн өөрчлөлт хийсэн талаар хариуцагч шүүхэд ямарч нотолгоо гаргаж өгөөгүй байдаг.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлсэн, шийдэл үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах тухай” гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс “Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Шүүхийн тамгын газрын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 149 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх “...Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь шүүхийн Ерөнхий зөвлөлөөс баталсан орон тооны хязгаарт багтаан, шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны үр дүн, бүтээмжийг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, төсвийн хэмнэлтийн горимыг хэрэгжүүлэх зорилгоор маргаан бүхий захиргааны актыг гаргасныг буруутгах үндэслэлгүй байна... маргаан бүхий захиргааны актын улмаас тухайн цаг хугацаанд нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй...” гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно.” гэж зааснаар захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн хөндөгдсөн эрх ашиг байхыг шаарддаг.

Гэтэл нэхэмжлэгчээс тус шүүхийн тамгын газрын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж, орон тоо хасагдсан гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн тул төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж тайлбарлаж байх боловч уг тушаалтай маргаагүй байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь тухайн үед маргаан бүхий 149 дүгээр захирамжийг үндэслэн гарсан Б/29 дүгээр тушаалаар олгогдсон их сургуулийн сургалтын төлбөр 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөг, урьд эрхэлж байсан албан тушаалын 6 сарын хөлс 6.852.957 /зургаан сая найман зуун тавин хоёр мянга есөн зуун тавин долоо/ төгрөг болох Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдсан нь нотлох баримтаар тогтоогдож байна.  

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасанд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 5452 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 626 дугаар тогтоолоор захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Ийнхүү нэхэмжлэгч Н.Т нь Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргын Б/29 дүгээр тушаалтай маргаагүй атал тус тушаалын үндэслэл болсон Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 149 дүгээр захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөхөөргүй байх тул анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт болсон байна.

Мөн нэхэмжлэгчийн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэх тайлбарын тухайд Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10-д зааснаар Улсын дээд шүүхийн төсвийн ерөнхийлөн захирагч нь тус шүүхийн Ерөнхий шүүгч байх бөгөөд 14 дүгээр зүйлийн 14.2.12-т “Эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох” гэснээр төсвийн хэмнэлтийн горимыг хэрэгжүүлэх зорилгоор тус байгууллагын бүтцийг шинэчлэн тогтоох эрх энэхүү хуулийн заалтаар Ерөнхий шүүгчид бүрэн олгогдсон байх тул хариуцагч нь өөрт хамаарах чиг үүргийн хүрээнд шийдвэр гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Үүнээс гадна Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12 дахь заалт нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт орсон ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ.” гэж зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдолдоо тайлбарлаж буй 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дараа батлагдсан байх тул анхан шатны шүүх хууль буруу тайлбарласан гэж үзэхгүй.

Нөгөөтэйгүүр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэх хуулийн зохицуулалт нь Монгол Улсын ямар ч хууль тогтоомж, эрх зүйн актад тусгагдаж, эрх олгогдоогүй асуудлаар захиргааны байгууллага шийдвэр гаргасан тохиолдолд хамаардаг болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 599 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА