Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/00163

 

М.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/01886 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2226 дугаар магадлалтай

М.О-ийн нэхэмжлэлтэй

“Б” ХХК, “Б Л Д” ХХК, Ц.Б нарт холбогдох

Гэрээний үүрэг, өөрт учирсан хохиролд 135 055 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-ийн гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Б” ХХК, “Б Л Д” ХХК, Ц.Б нартай L-02/488-а тоот гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр би өөрийн өмчлөлийн газар, үл хөдлөх хөрөнгийг гэрээний 1.2.2, 1.2.3-т заасан нөхцөлийн дагуу 142 271 000 төгрөгөөр үнэлж, “Б Л Д” ХХК, “Б” ХХК нар нь надад 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр орон сууцыг хүлээлгэж өгөхөөр гэрээнд тусгаж тохиролцсон байгаа. Гэтэл хариуцагч нар 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр эдгээр байруудыг хүлээлгэж өгсөн. Энэ хугацаанд нийт 821 өдөр буюу 208 903 450 төгрөгөөр хохироод байгаа. Гэхдээ өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар 2016 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны хохирлыг гэрээний 4.2, 1.4, 6.1, 6.2 дахь хэсэгт заасан заалтуудын дагуу “Б” ХХК, “Б Л Д” ХХК, Ц.Б нараас гаргуулж өгнө үү. Түрээсийн төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд л төлсөн. Тийм учраас гэрээнд заасны дагуу алданги 127 225 000 төгрөг, байр хөлсөлсөн төлбөр 7 800 000 төгрөг, нийт 135 055 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан L-02/488-а тоот гэрээний тухайд талууд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулж эвлэрсэн байгаа. Энэ нь талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжаар нотлогдож байгаа. Тухайн үед 1 жилийн дотор манай компаниас үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрчилгээ болон бусад бичиг баримтыг гарган өгч, нэхэмжлэгч тал гэрээний 1.2.3-т зааснаар 38 409 500 төгрөг болон 33 934 000 төгрөг, нийт 72 000 000 төгрөгийг манай компанид 8 хувийн зээлд өгөхөөр гэрээний үндсэн үүрэгт эвлэрсэн байдаг. Нэхэмжлэгч тал гэрээний 6.1-д заасан алдангийг нэхэмжлэх нь үндэслэлгүй бөгөөд уг заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг зөрчсөн хүчин төгөлдөр бус заалт юм. Хуулийн энэхүү заалтаас үзвэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцох учиртай байсан. Гэтэл нийт үнийн дүнгээс тооцож байгаа нь хүчин төгөлдөр бус байна. Учир нь, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Тиймээс гэрээний 6.1 дэх хэсгийг тайлбарлахдаа гэрээний шууд утгыг тайлбарлах буюу гэрээний 1.4-т заасан нийт үнийн дүнгээс тооцох нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Б Л Д” ХХК, Ц.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэр хорооллыг барилгажуулах хүрээнд М.О-тэй гэрээ байгуулсан. Өмнө бас дурдаж байсан айлын хашааны газар нэг айлын орон сууцны үнэд хүрдэггүй байсан учир бид нар М.О-ийн газрыг 2-3 байр болгож авахаар тохиролцсон. Энэхүү нэхэмжлэгчийн өмчлөлийн газар нь иргэний ахуйн өмчлөлийн газар учраас Ц.Б-тай гэрээ байгуулсан байдаг. Гэтэл уг гэрээтэй холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа гурван хариуцагчид холбогдуулан гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан байхад гэрээний нийт үнийн дүнгээс алданги тооцуулна гэж байгаа нь хууль зөрчиж байна. Энэ заалт нь өөрөө хуульд нийцэхгүй хүчин төгөлдөр бус байна. Мөн түрээсийн төлбөрийн тухайд бид 2015 оны 02 дугаар сард орон сууцыг хүлээлгэж өгөх хүртэлх хугацааны төлбөрийг төлөхөөр гэрээ байгуулсан боловч энэ хүртэлх хугацаанд бид түрээсийн төлбөрийг төлсөн байдаг. Манай талаас үл шалтгаалах байдал үүсч улсын комисст хүлээлгэн өгөх хугацаа хойшилсон, 2015 оны 11 дүгээр сард байр ашиглалтад орсон. Гэвч гэрээнд заасан 2 сарын төлбөрийг төлсөн байдаг. Ингээд байр бэлэн болж нэхэмжлэгч 1 байрыг өөрөө аваад, мөн зөрүү төлбөрүүд дээр гэрээ байгуулсан байдаг. Энэ утгаараа зөрүү төлбөрийг төлөх хугацаанд гэрээний үүргээ биелүүлэх талаар шаардлага тавьсан боловч 2 байраа хүлээж авахгүй хугацаа хэтэрсэн. Ингээд шүүхэд хандсаны дараа байрыг өгөөд зөрүү төлбөр дээр эвлэрлийн гэрээгээр тохиролцсон. Тухайн үед нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа алдсан нь мөн гэрээний үүрэг зөрчсөн үйл явдал болж байсан. Хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад шаардлагаа нотолж чадаагүй, баримтын шаардлага хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/01886 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 232 дугаар зүйлийн 232.6, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар “Б” ХХК, “Б Л Д” ХХК, Ц.Б- нарт холбогдох 135 055 000 төгрөг гаргуулахыг хүссэн М.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 833 225 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2226 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/01886 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.О-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.О-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 833 225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-ээс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй шийдвэрийг давж заалдах шатны шүүх үндэслэлийг өөрчлөн хэвээр баталсан нь мөн үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэлээ “Зохигчид эвлэрлийн гэрээгээр 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Газрыг орон сууцаар арилжих гэрээний 1.2.2, 1.2.3 дахь заалтаар тогтоосон орон сууцыг болон зөрүү төлбөрийг харилцан шилжүүлэх үүрэг гүйцэтгэх хугацааг талууд харилцан тохиролцож өөрчлөн сунгасан байх тул гэрээний үүргийг 1.2.2 -д заасан хугацаанд гүйцэтгээгүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй ба нэхэмжлэгч нь хариуцагчийн 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд орон сууц хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн гэж алданги шаардах эрхгүй байна” гэж дүгнэсэн. Гэхдээ энэхүү дүгнэлтийнхээ хууль зүйн үндэслэлийг заагаагүй. Хариуцагч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг хүлээлгэх өгөх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан М.О-ийн удаа дараа гаргаж байсан хүсэлтүүд шүүхэд хариуцагчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарууд, байрыг хүлээлгэн өгсөн гэрээ баримтуудаар бүрэн нотлогддог. Нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулахдаа зөвхөн 2016 оны 12 дугаар сарын 06-наас хойш хэрэгжүүлэх эрх үүргээ тодорхойлж эвлэрсэн бөгөөд харин өмнөх гэрээний хугацааг хэтрүүлсэн байдалд ямар нэгэн тохиролцоо эвлэрэл байгуулаагүй, нэхэмжлэгчид учирсан хохирол барагдаагүй. Эвлэрлийн гэрээ бол мөн л талуудын тохиролцоо, хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр хийгддэг бөгөөд энэхүү эвлэрлийн гэрээнд зөвхөн 3 байрыг өмчлөлд шилжүүлэх гэсэн бие даасан шаардлагын хүрээнд л тохиролцоо хийгдсэн. Харин нэхэмжлэгч хариуцагчийн аль аль нь нэхэмжлэлийн бусад шаардлага болох алданги болон байрны хөлсний талаар ямар нэгэн байдлаар тохиролцох хүсэл зориг байгаагүй тул эвлэрлийн гэрээнд энэ талаар огт дурдагдаагүй. Гэтэл шүүх талуудын тохиролцоонд хөндлөнгөөс оролцож эвлэрлийн гэрээ байгуулснаар алданги нэхэх эрхээ алдсан гэж нэхэмжлэгчийн хүсэл зоригийг үл харгалзан дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талыг баримталсан гэж үзэхээр байна. Хэт нэг талыг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч М.О нь “Б” ХХК, “Б Л Д” ХХК, иргэн Ц.Б нарт холбогдуулан гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд 135 055 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн зарим хэсэгтэй холбогдуулан зөвтгөн дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

М.О, Ц.Б нар нь 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр L-02/488-а дугаартай Газрыг орон сууцаар арилжих тухай гэрээ байгуулж, тус  гэрээгээр А тал буюу М.О нь өөрийн өмчлөлд байгаа, эрхийн зөрчилгүй Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Барилгачдын 54 дугаар гудамжны 146 тоот хаягт байрлалтай Улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий нэгж талбарын 333.52мкв талбай бүхий газар өмчлөх эрхийг Б тал буюу Ц.Б-т шилжүүлэх, Б тал нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 505 дугаар байранд тус бүр 2 өрөө, 3 ширхэг орон сууцыг 2014 оны 4 дүгээр улирал ба 2015 оны 1 дүгээр улиралд шилжүүлэн өгөхөөр, А тал нь орон сууцны зөрүү төлбөр 72 343 500 төгрөгийг Б талд төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-8-9/

Нэхэмжлэгч М.О нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч нь орон сууцыг 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгөхөөр гэрээгээр тохиролцсон боловч 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгч 821 хоног хугацаа хэтрүүлсэн, иймд гэрээний 6.1.-д зааснаар энэ хугацааны алданги  208 903 450 төгрөг болж байх боловч гэрээний нийт үнийн дүнгийг 50%-иар тооцож 127 225 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж, мөн гэрээний 6.2.-т “хариуцагч нь байр ашиглалтад орох хүртэл хугацаанд миний хөлслөн амьдарч байгаа байрны хөлсийг төлнө гэсэн боловч 2015 оны 11 дүгээр сараа хойш төлөөгүй, би байр хөлслөн төлбөр төлж хохирч байна. иймд 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сар хүртэлх 12 сарын байр хөлсөлсний төлбөр 7 800 000 төгрөг, нийт 135 055 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж тайлбарлаж, хариуцагч нь зохигчид эвлэрлийн гэрээгээр тохиролцсон тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

М.О- нь 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Газрыг орон сууцаар арилжих тухай” гэрээг иргэн Ц.Б-тай байгуулсан бөгөөд Ц.Б нь “Б” ХХК, “Б Л Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал, гэрээний дагуу хүлээлгэн орох орон сууцыг “Б” ХХК-ийн захиалгаар барьж байгаа, нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газрыг “Б Л Д” ХХК-д хүлээлгэн өгсөн зэрэг үндэслэлээр дээрх хуулийн этгээд, хувь хүнийг хариуцагчаар татсан нь буруу биш байна.

Хэргийн 4-5 дугаар талд авагдсан 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн  183/ШШ2016/01306 дугаартай Шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч М.О нь хариуцагч нарт холбогдуулан 2016 оны 03 дугаар сард нэхэмжлэл гаргаж, тус нэхэмжлэлээр “...хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүй үндэслэлээр орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлж  өгөх гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах, хугацаандаа үүргээ биелүүлээгүйн алданги 118 064 800 төгрөг, энэ хугацаанд орон сууц түрээсэлсний зардал 3 900 000 төгрөг гаргуулах..”-аар шаардсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь гэрээ байгуулсан өдрөөс хойш 7 хоногийн дотор 505 дугаар байрны 1 тоот 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 1 сарын хугацаанд гаргаж өгөх,  нэхэмжлэгч нь орон сууцны зөрүү төлбөр 72 343 500 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлж барагдуулах болсон тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн болох нь тогтоогджээ. /хх-4-5/

Гэрээний үндсэн үүргийн талаар талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан, тус  эвлэрлийн гэрээгээр орон сууц шилжүүлэх болон зөрүү төлбөр төлөх хугацааг талууд харилцан тохиролцож, өөрчлөн сунгасан байх тул 2014 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Газрыг орон сууцаар арилжих тухай” гэрээнд заасан хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр алданги шаардах эрхгүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.дахь заалтыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч М.О-ээс 2016 оны 03 дугаар сард гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас энэ нэхэмжлэлийн шаардлагыг татан авснаар тухайн үед шийдвэрлүүлээгүй тул дахин нэхэмжлэл гаргасан, дээрх шаардлага нь талуудын эвлэрэлтэй холбоогүй гэж тайлбарлажээ.

Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээнээс үзэхэд тухайн үед нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим хэсгээс, хариуцагч сөрөг нэхэмжлэлээс тус тус татгалзсанаар зохигчид үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийн зарим шаардлагыг татан авсан нь зохигчдын эвлэрэлтэй холбоогүй гэж үзэх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авснаар 106.5.-д заасан нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг батлах үр дагавар үүснэ.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авснаар зохигчид үүрэг гүйцэтгэх хугацааг сунгаж, шинээр тогтоосон гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт буруу биш байна.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээг дан ганц арилжааны гэрээ гэж үзэхэд учир дутагдалтай бөгөөд тус гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 2 ширхэг орон сууцны зөрүү төлбөр төлөх үүрэг хүлээсэн байх тул “Газрыг орон сууцаар арилжих” гэрээ нь арилжааны болон худалдах, худалдах авах гэрээний шинжийг агуулсан холимог гэрээний шинжтэй байна.

Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан арилжааны гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу биш юм.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар “...худалдагч ..эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ..., худалдан авагч ...хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.

Нэхэмжлэгч буюу худалдан авагч эд хөрөнгийн үнийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй атлаа эд хөрөнгийг хугацаанд нь өмчлөлд шилжүүлээгүй гэх үндэслэлээр гэрээний үүргийн хариуцлага, хохирлыг шаардсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 222 дугаар зүйлийн 222.7 дугаар зүйлд нийцээгүй, гэрээний үүрэг биелэгдээгүйд дан ганц хариуцагчийг буруутгах боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан, шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/01886 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2226 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 834 000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                              Х.ЭРДЭНЭСУВД