Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2017/01886

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтай 28-167 тоотод оршин суух Хайд овогт Мөнхөөгийн Оюунгэрэл /РД: ХН58041406/-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 50 дугаар байрны 00 тоотод байрлах, “Бэрэн лэнд девелопмент” ХХК,

          Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 50 дугаар байрны 00 тоотод байрлах  “Бэрэн групп” ХХК,

          Хариуцагч:  Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД37 байрны 208 тоотод оршин суух Соргог Соном овогт Цэдэнсодномын Батбаяр /РД:ЧК77120714/ нарт холбогдох,

гэрээний үүрэг, өөрт учирсан хохиролд 135 055 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Оюунгэрэл, түүний өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сүх-Очир, Б.Мөнхбаяр, нарийн бичгийн даргаар М.Шолпан нар оролцов.

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Оюунгэрэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2014 оны 09  дүгээр сарын 20-ний өдөр миний бие “Бэрэн лэнд девелопмент” ХХК, “Бэрэн групп” ХХК,  Ц.Батбаяр нартай L-02/488-а гэсэн гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр би өөрийн өмчлөлийн үнэ бүхий газар, үл хөдлөх хөрөнгийг гэрээнд заасан 142 271 000 төгрөгөөр үнэлж, гэрээний 1.2.2, 1.2.3-т заасан нөхцөлийн дагуу гэрээ хийгдсэн. Энэ гэрээгээр “Бэрэн лэнд девелопмент” ХХК, “Бэрэн групп” ХХК нар нь надад 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр орон сууыг хүлээлгэж өгөхөөр гэрээнд тусгаж тохиролцсон байгаа. Гэтэл эд нар 2017 оны 05 сарын 01-ний өдөр эдгээр байруудыг хүлээлгэж өгсөн. Энэ хугацааны хооронд нийт 821 өдөр буюу 208 903 450 төгрөгөөр хохироод байгаа. Гэхдээ өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар 2016 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны хохирлыг гэрээний 4.2, 1.4, 6.1, 6.2 дахь хэсэгт заасан заалтуудын дагуу “Бэрэн лэнд девелопмент” ХХК, “Бэрэн групп” ХХК, иргэн Ц.Батбаяр нараас гаргуулж өгнө үү. Түрээсийн төлбөрийг 2015 оны 11 сарын 24-ний хүртэлх хугацаанд төлбөрөө төлж, бусад хугацаанд төлбөрийг төлөөгүй. Тийм учраас энэ гэрээнд заасны дагуу алданги 127 225 000 төгрөг, байр хөлсөлсөн төлбөр 7 800 000 төгрөг нийтдээ 135.055.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Бэрэн групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үүнд дараах үндэслэлүүд байна.

1. 2016 оны 9 сарын 20-ний өдөр байгуулагдсан дугаар L-02/488-а тоот гэрээний тухайд  талууд 2016 оны 12 сарын 06-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулж эвлэрсэн байгаа. Энэ нь талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжаар нотлогдож байгаа. Тухайн үед 1 жилийн дотор манай компаниас үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрчилгээ болон бусад бичиг баримтыг гарган өгч, нэхэмжлэгч тал нийт гэрээний 1.2.3-т зааснаар 38.409.500 төгрөг болон 33.934.000 төгрөг нийт  72.000.000 төгрөгийг манай компанид 8 хувийн зээлд өгөхөөр гэрээний үндсэн үүрэгт эвлэрсэн байдаг.

2. Нэхэмжлэгч тал гэрээний 6.1-д заасан алдангийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Энэ заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг зөрчсөн хүчин төгөлдөр бус заалт юм. Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан. Хуулийн энэхүү заалтаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцох учиртай байсан. Гэтэл нийт үнийн дүнгээс тооцож байгаа нь хүчин төгөлдөр бус байна. Учир нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д  “гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан. Тиймээс гэрээний 6.1 дэх хэсгийг тайлбарлахдаа гэрээний шууд утгыг тайлбарлах буюу гэрээний 1.4-т заасан нийт үнийн дүнгээс тооцох нь Иргэний хуулийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “Бэрэнд лэнд девелопмент” ХХК, иргэн Ц.Батбаяр нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сүх-очир шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гэр хороололыг барилгажуулах хүрээнд иргэн М.Оюунгэрэлтэй гэрээ байгуулсан байдаг. Өмнө бас дурдаж байсан айлын хашааны газар нэг айлын орон сууцны үнэд  хүрдэггүй байсан учир бид нар иргэн М.Оюунгэрэлийн газрыг 2-3 байр болгож авахаар тохирсон.  Энэхүү нэхэмжлэгчийн өмчлөлийн газар нь иргэний ахуйн өмчлөлийн газар учраас иргэн Ц.Батбаяртай гэрээ байгуулсан байдаг. Гэтэл уг гэрээтэй холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа 3 хариуцагчид холбогдуулан  гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуульд алданги шаардах эрхийн тухай нарийвчилсан зохицуулалт байдаг. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт  “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байхад гэрээний нийт үнийн дүнгээс алданги тооцуулна гээд байгаа нь өөрөө хууль зөрчиж байна. Энэ заалт нь өөрөө хуульд нийцэхгүй хүчин төгөлдөр бус байна. Мөн түрээсийн төлбөрийн тухайд  бид 2015 оны 2 сард орон сууцыг хүлээлгэж өгөх хүртэлх хугацааны төлбөрийг төлөхөөр гэрээ байгуулсан боловч энэ хүртэлх хугацаанд бид түрээсийн төлбөрийг төлсөн байдаг. Манай талаас үл шалтгаалах байдал үүсч улсын комисст хүлээлгэн өгөх хугацаа  хойшилсон,  2015 оны 11 сард байр ашиглалтад орсон. Гэвч гэрээнд заасан 2 сарын төлбөрийг төлсөн байдаг. Ингээд байр бэлэн болж нэхэмжлэгч 1 байрыг өөрөө аваад, мөн зөрүү төлбөрүүд дээр гэрээ байгуулсан байдаг.  Энэ утгаараа зөрүү төлбөрийг төлөх хугацаанд гэрээний үүргээ биелүүлэх талаар шаардлага тавьсан боловч 2 байраа хүлээж авахгүй хугацаа хэтэрсэн. Ингээд шүүхэд хандсаны дараа байрыг өгөөд зөрүү төлбөр дээр эвлэрлийн гэрээгээр тохиролцсон. Тухайн үед нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа алдсан нь мөн гэрээний үүрэг зөрчсөн үйл явдал болж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заасан байдаг. Хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад шаардлагаа нотлож чадаагүй, баримтын шаардлага хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.                                                   

                                               

                                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх М.Оюунгэрэлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.Оюунгэрэл нь 2014.09.20-ний өдрийн “газрыг орон сууцаар арилжих тухай” гэрээний 6.1-д заасныг үндэслэн нийт үнийн дүн 254 450 000 төгрөгийн 50 хувь буюу 127 225 000 төгрөгийг 2015.02.01-ний өдрөөс 2016.12.06-ны өдөр хүртэлх хугацааны алдангид тооцож, мөн 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сар хүртэлх 12 сарын байр хөлсөлсөний төлбөр 7 800 000 төгрөг, нийтдээ 135 055 000 төгрөгийг хариуцагч “Бэрэн лэнд девелопмент” ХХК, “Бэрэн групп” ХХК, захирал Ц.Батбаяр нараас гаргуулахыг шаарджээ.

М.Оюунгэрэл нь 2014.09.20-ний өдрийн “газрыг орон сууцаар арилжих тухай” гэрээг “Бэрэн лэнд девелопмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал, иргэн Ц.Батбаяртай байгуулсан байх бөгөөд гэрээний 1.2.2-т зааснаар нийт 2 өрөө 3 ширхэг орон сууцыг 2015 оны 1 дүгээр улиралд /эцсийн хугацаа нь 2015.02.01-нд/ шилжүүлэн өгөх үүргийг  Б тал буюу Ц.Батбаяр,   харин гэрээний 1.2.3-т зааснаар дээрх 2 ширхэг орон сууцны зөрүү төлбөр нийтдээ 72 343 500 /38.409.500+33.934.000/ төгрөгийг Б талд банкны 8 хувийн зээлд хамрагдан төлөх үүргийг А тал буюу М.Оюунгэрэл тус тус хүлээсэн байна.

Талууд тодорхой хөрөнгө /газар, орон сууц/-ийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээсэн, орон сууцны зөрүү төлбөрийг мөнгөөр тооцсон нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт “арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 275 дугаар зүйлийн 275.1 дэх хэсэгт “арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно”  гэсэн заалтад нийцсэн арилжааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

Гэрээний 6.1-д гэрээнд заасан хугацаанд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний 1.4-т заасан нийт үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувиар буруутай талдаа алданги төлөхөөр тохиролцсон байх бөгөөд гэрээний 1.4-т газар болон түүн дээр байрлах хөрөнгийн анхны үнийг нийт 254 450 000 төгрөгөөр үнэлсэн, харин гэрээний 1.5-д орон сууцны үнэтэй дүйцүүлэн 142 271 000 төгрөгөөр тооцож гэрээний нийт үнийн дүнг  2 өөрөөр тогтоосноос талуудын хооронд маргаан үүссэн байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд хуулийн тодорхойлсон заалтыг зөрчиж гэрээний нийт үнийн дүнгээс алданги тооцохоор талууд тохиролцсон нь хууль зөрчсөн гэж үзнэ.

Иймд гэрээний 6.1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхийг хүссэн хариуцагч талын тайлбар үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.2.2, 26 дугаар зүйлийн 26.2 дахь  хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг  өөрөө нотлох үүрэгтэй, мөн хэзээ, хэнээс, юу шаардахыг өөрөө шийдвэрлэдэг.

Гэтэл шүүх хуралдааны явцад нэр бүхий 3 хариуцагч тус бүрт холбогдуулан ямар шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй, газрыг орон сууцаар арилжих тухай гэрээний үүргийг хариуцагч нарын хэн нь ямар хэмжээгээр зөрчсөн болохыг нэхэмжлэгч М.Оюунгэрэл болон түүний өмгөөлөгч нар тодорхойлж чадаагүй болно. 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэнээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй боловч  2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сар хүртэлх 12 сарын байр хөлсөлсөний төлбөр 7 800 000 төгрөгийг хариуцагч нараас ямар хэмжээгээр гаргуулах, хэнийх нь үйлдлээс хугацаа хэтрүүлсэн талаар нотолсон баримтгүй байна.

Нөгөөтэйгүүр 2014.09.20-ний өдрийн “газрыг орон сууцаар арилжих тухай” гэрээнд Б талыг төлөөлж З.Сүх-очир гарын үсэг зурсан, тухайн үед  гэрээнд гарын үсэг зурах эрх олгогдсоныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй боловч Ц.Батбаярыг төлөөлж гэрээ байгуулах эрхтэй эсэх талаар талууд маргаагүй болно.

Талуудын тайлбараас үзэхэд хариуцагч “Бэрэн лэнд девелопмент” ХХК-д холбогдуулан орон сууцнуудыг шилжүүлэхийг даалгах, гэрээний 6.1, 6.2 дахь заалтыг үндэслэн 2015.02.01-нээс 2016.03.01-ний өдрийг хүртэлх хугацааны алданги 100 253 300 төгрөг, 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 3 дугаар сар хүртэлх байр хөлсөлсөн төлбөр 2 600 000 төгрөг тус тус шаардсан нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд анх 2016.03.01-ний өдөр М.Оюунгэрэл гаргасан, уг хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд Хан-Уул дүүргийн   шүүхийн 2016.12.06-ны өдрийн 183/ШШ2016/01306 тоот шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

          Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.06-ны өдрийн 183/ШШ2016/01306 тоот шүүгчийн захирамжаас үзэхэд хариуцагч талын орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгөх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах хугацааг /7 хоног, 1 сараар/, мөн нэхэмжлэгч талын орон сууцны зөрүү мөнгө төлөх хугацааг /1 жилийн дотор/ тус тус тогтоож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

        

          Дээрх байдлаар эвлэрсэн нь газрыг орон сууцаар арилжих тухай гэрээний 1.2.2 болон 1.2.3-т заасан хугацааг  талууд харилцан тохиролцож тодорхой хэмжээгээр сунгасан, харин гэрээний 6.1-д заасан нэмэлт нөхцөлөөс хэн алин нь татгалзсан байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 833 225 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, мөн хариуцагч нарын эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжилсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.22-ны өдрийн  03337 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 274 дугаар зүйлийн 274.1, 232 дугаар зүйлийн 232.6, 222.7 дэх хэсэгт зааснаар “Бэрэн лэнд девелопмент” ХХК, “Бэрэн групп” ХХК, захирал Ц.Батбаяр нарт холбогдох 135 055 000 төгрөг гаргуулахыг хүссэн М.Оюунгэрэлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 833 225 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.22-ны өдрийн  03337 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ