Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/00196

 

Б.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 136/ШШ2017/00333 дугаар шийдвэр

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 202/МА2017/00032 дугаар магадлалтай

Б.Э-ийн нэхэмжлэлтэй

“Ч” ОНӨХХК-д холбогдох

“Ч” ОНӨХХК-ийн захирлын 2017 оны Б/115, Б/120 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Т.А-ын гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А-, хариуцагчийн төлөөлөгч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “Ч” ОНӨХХК-ийн 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 99 дугаар тушаалаар хүний нөөц, эрх зүйн ажилтан, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/50 дугаар тушаалаар тус байгууллагад Хүний нөөцийн менежерийн ажлын байранд томилогдон ажиллаж байсан. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/20 дугаар албан тушаал бууруулж ажлын байрыг өөрчлөх тухай захирлын тушаалаар борлуулалт маркетингийн тасгийн даргаар томилогдон ажиллахаар болсон нь хууль зүйн үндэслэлгүй байсан тул миний бие тус шүүхэд уг Б/20 тоот тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг давж заалдаагүй бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон. Гэтэл хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй атлаа шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Хариуцагч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа Борлуулалт маркетингийн тасгийн дарга албан тушаалд ажиллаж байхдаа байгууллагын ажилтнуудын сонсголыг 2 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл тасалсан, байгууллагаас зохион байгуулж байгаа олон нийтийн үйл ажиллагаанд оролцохгүй, дотоод журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр Хөдөлмөрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 131.1.1 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.1, 12.2.7, Захирлын зөвлөлийн 12 дугаар хурлыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Б/115 тоот сахилгын сануулах шийтгэл оногдуулсан. Үүний дараа Сум дундын шүүхийн 136/ШШ2017/00197 дугаар шийдвэрийг биелүүлж 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс Хүний нөөцийн менежерийн ажилд эргүүлэн томилсугай гэсэн Б/117 тоот тушаал гаргасан. Яг энэхүү тушаал гаргасны дараа буюу тэр өдрөө 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.3, Захирлын зөвлөлийн 13 дугаар хурлыг тус тус үндэслэн Б/120 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1-д ажилтан санаачилсан, 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж тус тус заасныг удирдлага болгожээ. Бодит байдал дээр 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр миний бие өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлт, мэдэгдэл, өргөдөл эсхүл өөр ямар нэгэн байдлаар хүсэл зоригоо илэрхийлээгүй, мөн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нь шүүхийн шийдвэрийн дагуу өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилогдсон атлаа тэр өдрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан ноцтой зөрчил, эсхүл сахилгын зөрчлийг давтан гаргах бодит боломж байхгүй байсан, мөн хөдөлмөрийн гэрээг ч байгуулж амжаагүй, Хүний нөөцийн менежерийн ажлаа ч хүлээж авч амжаагүй байсан болно. Ийм байхад ажлаас халсан нь үндэслэлгүй тул гомдолтой байна. Иймд “Ч” ОНӨХХК-ийн захирлын 2017 оны Б/115, Б/120 тоот тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих өөрчлөлт, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус компанийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/115 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй. Тушаалын үндэслэл нь Б.Э нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгээр зохицуулагдаж компанийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2.7 дахь хэсэгт заасан ажилтны үүрэг буюу байгууллага хамт олноо хүндэтгэх, байгууллагаас зохион байгуулах олон нийтийн арга хэмжээ, ажил үйлчилгээнд идэвхтэй оролцох гэсэн заалтыг зөрчсөнтэй холбоотой сануулах арга хэмжээ авагдсан болно. Мөн захирлын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/120 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь хууль зөрчөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалт нь техникийн алдаа бөгөөд харин уг хуулийн 38.1.2 дахь хэсэг буюу ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалсан. Цуцлах гол үндэслэл нь хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан нөхцөлтэй буюу Б.Э нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тус аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 37 тоот албан бичгээр ирүүлсэн түүний ажил төрөлтэй холбоотой хүний нөөцийн менежерээс боловсруулан гаргасан тушаалын ихэнх нь албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр мөрдөж буй стандарт зааврын дагуу мөрдөгдөөгүй болох мэргэжлийн алдаа зөрчил илэрсэн болох үндэслэл, Тус компанийн дотоод хяналтын ажилтан Э.Л-гээс хүний нөөцийн менежерийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүгнэлтээр тодорхойлогдсон хүний нөөцийн менежерийн гүйцэтгэвэл зохих бүхий л ажиллагааг зохих журмын дагууд бүрэн гүйцэтгэж стандартын дагуу ажиллаж чадаагүйгээс компанийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн асуудал хохирч үйлдвэрчний эвлэлийн хорооноос нэг бус удаа түүний хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай шаардлагыг ирүүлж байсан нь үндэслэлтэй байна хэмээн үзэж захирлын зөвлөлийн 2017 оны 13 дугаар хуралдаанаар хэлэлцэгдсэн болох энэ бүх факт бүхий баримтуудтай холбоотой юм. Мөн Б.Э нь “Ч” ОНӨХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний Б/115 дугаар тушаалаар сануулах арга хэмжээ авагдсаны дараа уг зөрчил давтагдаж байгууллагын долоо хоног бүрийн 2 дахь өдөр зохион байгуулдаг сонсголд оролцоогүй болох үндэслэл хамрагдсан юм. Гэхдээ Б.Э-ийн энэ бүхий факт зөрчил дутагдал нэг бүрт захирлын тушаалаар арга хэмжээ аваагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг зөв тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасан хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан тайлбарыг үндэслэсэн болно. Иймд Б.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна гэжээ.

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 136/ШШ2017/00333 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Э-ийг урьд ажиллаж байсан ажил, албан тушаал буюу “Ч” ОНӨХХК-ийн Хүний нөөцийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Э-ийн ажилгүй байсан хугацааны цалин 3784852 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Э-ийн нийгмийн даатгалын дэвтэрт түүний урьд ажиллаж байсан үеийн цалин хөлсөөр тооцож зохих бичилт хийхийг Чандмань илч” ОНӨХХК-нд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Ч” ОНӨХХК-д холбогдуулан гаргасан “Ч” ОНӨХХК-ийн захирлын 2017 оны Б/115, Б/120 дугаар тушаалыг хүчингүйд тооцох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Э нь улсын тэмдэгтийн хураамж 145 708 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар 70 200 төгрөгийг хариуцагч “Ч” ОНӨХХК-иас гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 202/МА2017/00032 дугаар магадлалаар Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 136/ШШ2017/00333 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Т.А-ын гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч Т.А-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Т.А-аас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүхээс ажилтан Б.Э-ийг Борлуулалтын маркетингийн тасгийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа байгууллагын сонсголыг 2017 оны 02 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл тасалсан, зохион байгуулж байгаа олон нийтийн үйл ажиллагаанд оролцохгүй, дотоод журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 131.1.1 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.1, 11, Захирлын зөвлөлийн 12 дугаар хурлыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Б/115 тоот сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Учир нь: Б.Э нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгээр зохицуулагдаж компаний дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2.7 дахь хэсэгт заасан “Ажилтны үүрэг буюу байгууллага хамт олноо хүндэтгэх, байгууллагаас зохион байгуулах олон нийтийн арга хэмжээ, ажил үйлчилгээнд идэвхтэй оролцох гэсэн заалтыг зөрчсөн гэх боловч Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.3-д сахилгын зөрчлийн талаар заагаагүйн гадна нотлох баримтаар тогтоогдохгүй байна... Байгууллагын дотоод журмын 8.2.3-т улирлын чанартай ажилладаг ажилчдыг жил бүр халаалтын бус улиралд түр чөлөөлнө гэж дүгнэжээ” гэжээ. Энэхүү дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэхь хэсэгт заасан заалттай зөрчилдөж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл уг тушаалд заагдаагүй заалт буюу хөдөлмөрийн дотоод журмын 8.2.3 дахь гэсэн заалтаар тушаалын үндэслэлийг шүүхээс өөрийн санаачилгаар илтэд үгүйсгэж улмаар Б/115 тоот тушаалын үндэслэх хэсэгт тодорхойлогдсон дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2.7 дахь заалтыг дээр дурьдсан хэсэгт буруугаар буюу тодорхой бус байдлаар “11” гэсэн бүрхэг нөхцөл байдлаар тодорхойлж оролцогчийн гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан дүгнэх боломжийг алдагдуулж буруу дүгнэлтийг хийсэн хэмээн үзэж байна. Улмаар нэхэмжлэгч Б.Э-ийг сахилгын зөрчил давтан гаргасан гэх боловч нэхэмжлэгчид ногдуулсан сахилгын зөрчил тогтоогдоогүйн гадна нэхэмжлэгч өөр албан тушаалд ажиллаж байсан, сахилгын зөрчлүүдийг байгууллагын дотоод журамд нэрлэн заагаагүй гэсэн нь ойлгомжгүй бөгөөд энэ нь “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын тухай Улсын Дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжийн 2.4 дэхь хэсэгт заасан “...ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй байна гэсэн заалттай зөрчилдөж байна хэмээн үзэж байна. Мөн тус аймгийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн энэхүү алдаатай дүгнэлтийг давхардуулан … хөдөлмөрийн дотоод журмын 8.2.3 гэсэн заалт нь сахилгын зөрчил гэж тооцохоор тогтоосон зохицуулалт биш байна гэсэн нь “Ч” ОНӨХХК-ний 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/115 тоот тушаалд дурдагдаагүй заалтыг дахин давтаж буруу дүгнэлтийг хийсэн хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл тус компаний энэхүү тушаал нь ажилтны ямар нэгэн эрхийн асуудлыг огт зөрчөөгүй хууль зүйн бүрэн үндэслэлтэй акт бөгөөд гэтэл шат шатны шүүхүүдээс энэхүү тушаалыг илтэд буруу хэмээн үзэхдээ тушаалд дурдагдаагүй хөдөлмөрийн дотоод журмын заалтыг тодорхойлж дүгнээд байгаа нь ойлгомжгүй болохыг уг тушаалын үндэслэлтэй нийцүүлж бодитойгоор анхааран үзнэ үү. Иймд дээрх үндэслэлээр уг иргэний хэргийг дахин хянаж “Ч” ОНӨХХК- ний захирлын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/115 тоот тушаалаар сахилгын сануулах шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна хэмээн дүгнэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Э нь “Ч” ОНӨХХК-ийн захирлын 2017 оны Б/115, Б/120 дугаартай тушаалуудыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Б.Э-ийг “Ч” ОНӨХХК-д Хүний нөөцийн менежер ажлын байранд ажиллаж байхад нь компанийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/20 тушаалаар ажлын байрыг өөрчилж Борлуулалт маркетингийн тасгийн даргаар ажиллуулахаар шийдвэрлэснийг ажилтан эс зөвшөөрч шүүхэд “өөр ажилд буруу шилжүүлсэн” үндэслэлээр нэхэмжлэл гаргаснаар 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 136/ШШ2017/00197 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Э-ийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тул 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/117 тушаалаар Хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, мөн өдрийн Б/120 тушаалаар Б.Э-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогджээ.

Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1., 40 дүгээр зүйлийн 40.1.4., хөдөлмөрийн дотоод журмын 8.2.3., захирлын зөвлөлийн 13 дугаар хуралдааныг тус тус үндэслэсэн, ажилтны гаргасан зөрчлийн талаар тушаалд дурдаагүй боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “байгууллагын ажилтнуудын сонсголыг 2 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл тасалсан, байгууллагаас зохион байгуулж байгаа ажилд оролцохгүй, дотоод журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Б/115 тушаалаар сахилгын сануулах шийтгэл ногдуулсан, гэтэл 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн сонсголыг дахин тасалж сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Б.Э нь ажил олгогчийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “албан тушаал бууруулж, ажлын байрыг өөрчлөх тухай” Б/20 тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж, хөдөлмөрийн маргааныг шийдвэрлүүлэх хугацаанд ажил олгогч шинээр томилсон ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй, түүнчлэн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал  хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчоос гаргаж хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгчээс гаргасан ажил олгогчийн 2017 оны 05 дугаар сарын 29, 31-ний өдрүүдийн Б/115, Б/120 тоот  тушаалуудыг хүчингүй болгох шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл тул шүүх тушаалыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр “...Б/115 тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй...” гэсэн шийдвэрийн үндэслэх хэсэгт өөрчлөлт оруулахыг хүссэн хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 136/ШШ2017/00333 дугаар шийдвэр, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 202/МА2017/00032 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Т.А-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Ч” ОНӨХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                           Х.ЭРДЭНЭСУВД