Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 202/МА2017/00032

 

Б.Э-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 136/ШШ2017/00333 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: Б.Э -ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Ч.И ОНӨ ХХК-нд холбогдох, 

Ч.И ОНӨХХК-ийн захирлын 2017 оны Б/115, Б/120 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг, 

Хариуцагч ХХК-ийн төлөөлөгч Т.Аын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, хариуцагчийн төлөөлөгч Т.А, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа  нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Би Ч.И ОНӨХХК-ийн 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 99 дугаар тушаалаар хүний нөөц, эрх зүйн ажилтан, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/50 дугаар тушаалаар тус байгууллагад Хүний нөөцийн менежерийн ажлын байранд томилогдон ажиллаж байсан. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/20 дугаар албан тушаал бууруулж ажлын байрыг өөрчлөх тухай захирлын тушаалаар борлуулалт маркетингийн тасгийн даргаар томилогдон ажиллахаар болсон нь хууль зүйн үндэслэлгүй байсан тул миний бие тус шүүхэд уг Б/20 тоот тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор  нэхэмжлэл гаргаж, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг давж заалдаагүй  бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон. Гэтэл хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй атлаа шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Хариуцагч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоны дараа Борлуулалт маркетингийн тасгийн дарга албан тушаалд ажиллаж байхдаа байгууллагын ажилтнуудын сонсголыг 2 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл тасалсан, байгууллагаас зохион байгуулж байгаа олон нийтийн үйл ажиллагаанд оролцохгүй, дотоод журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр Хөдөлмөрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 131.1.1 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.1, 12.2.7, Захирлын зөвлөлийн 12 дугаар хурлыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Б/115 тоот сахилгын сануулах шийтгэл оногдуулсан. Үүний дараа Сум дундын шүүхийн 136/ШШ2017/00197 дугаар шийдвэрийг биелүүлж 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс Хүний нөөцийн менежерийн ажилд эргүүлэн томилсугай гэсэн Б/117 тоот тушаал гаргасан. Яг энэхүү тушаал гаргасны дараа буюу тэр өдрөө 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Хөдөлмөрийн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтууд, Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.3, Захирлын зөвлөлийн 13 дугаар хурлыг тус тус үндэслэн Б/120 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1-д “ажилтан санаачилсан”, 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж тус тус заасныг удирдлага болгожээ. Бодит байдал дээр 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр миний бие өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлт, мэдэгдэл, өргөдөл эсхүл өөр ямар нэгэн байдлаар хүсэл зоригоо илэрхийлээгүй, мөн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нь шүүхийн шийдвэрийн дагуу өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилогдсон атлаа тэр өдрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан ноцтой зөрчил, эсхүл сахилгын зөрчлийг давтан гаргах бодит боломж байхгүй байсан, мөн хөдөлмөрийн гэрээг ч байгуулж амжаагүй, Хүний нөөцийн менежерийн ажлаа ч хүлээж авч амжаагүй байсан болно. Ийм байхад ажлаас халсан нь үндэслэлгүй тул гомдолтой байна. Иймд Ч.И ОНӨ ХХК-ийн захирлын 2017 оны Б/115, Б/120 тоот тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих өөрчлөлт, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн төлөөлөгч Т.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус компанийн захирлын 2017-05-29-ний өдрийн Б/115 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй. Тушаалын үндэслэл нь Б.Э нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгээр зохицуулагдаж компанийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2.7 дахь хэсэгт заасан ажилтны үүрэг буюу байгууллага хамт олноо хүндэтгэх, байгууллагаас зохион байгуулах олон нийтийн арга хэмжээ, ажил үйлчилгээнд идэвхитэй оролцох  гэсэн заалтыг зөрчсөнтэй холбоотой сануулах арга хэмжээ авагдсан болно. 

Мөн захирлын 2017-05-31 ний өдрийн Б/120 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь хууль зөрчөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалт нь техникийн алдаа бөгөөд харин уг хуулийн 38.1.2 дахь хэсэг буюу ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалсан. Цуцлах гол үндэслэл нь хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан нөхцөлтэй буюу Б.Э нь 2017-05-05-ны өдрийн тус аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 37 тоот албан бичгээр ирүүлсэн түүний ажил төрөлтэй холбоотой хүний нөөцийн менежерээс боловсруулан гаргасан тушаалын ихэнх нь албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр мөрдөж буй стандарт зааврын дагуу мөрдөгдөөгүй болох мэргэжлийн алдаа зөрчил илэрсэн болох үндэслэл, Тус компанийн дотоод хяналтын ажилтан Э.Лхагвасүрэнгээс “хүний нөөцийн менежерийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүгнэлтээр тодорхойлогдсон хүний нөөцийн менежерийн гүйцэтгэвэл зохих бүхий л ажиллагааг зохих журмын дагууд бүрэн гүйцэтгэж стандартын дагуу ажиллаж чадаагүйгээс компанийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн асуудал хохирч үйлдвэрчний эвлэлийн хорооноос нэг бус удаа түүний хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай шаардлагыг ирүүлж байсан нь үндэслэлтэй байна хэмээн үзэж захирлын зөвлөлийн 2017 оны 13 дугаар хуралдаанаар хэлэлцэгдсэн болох энэ бүх факт бүхий баримтуудтай холбоотой юм. 

Мөн Э нь Ч.И ХХК-ийн 2017-05-29-ний б/115 дугаар тушаалаар сануулах арга хэмжээ авагдсаны дараа уг зөрчил давтагдаж байгууллагын долоо хоног бүрийн 2 дахь өдөр зохион байгуулдаг сонсголд оролцоогүй болох үндэслэл хамрагдсан юм. Гэхдээ Б.Э-ийн энэ бүхий факт зөрчил дутагдал нэг бүрт захирлын тушаалаар арга хэмжээ аваагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг зөв тайлбарлах тухай УДШ-ийн 2006-33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасан хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан тайлбарыг үндэслэсэн болно. Иймд Б.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна гэжээ. 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Э-ийг урьд ажиллаж байсан ажил, албан тушаал буюу Ч.И ОНӨ ХХК-ийн Хүний нөөцийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Э-ийн ажилгүй байсан хугацааны цалин 3784852 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Э-ийн нийгмийн даатгалын дэвтэрт түүний урьд ажиллаж байсан үеийн цалин хөлсөөр тооцож зохих бичилт хийхийг Ч.И ОНӨ ХХК-нд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 

Ч.И ОНӨ ХХК-д холбогдуулан гаргасан Ч.И ОНӨ ХХК-ийн захирлын 2017 оны Б/115, Б/120 дугаар тушаалыг хүчингүйд тооцох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй  болгож, 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Э нь улсын тэмдэгтийн хураамж 145708 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар 70200 төгрөгийг хариуцагч Ч.И ОНӨ ХХК-иас гаргуулж улсын төсөвт оруулж, ... шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн төлөөлөгч Т.А давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс тус компанийн 2017.05.29-ний өдрийн Б/115 дугаар тушаалд учир дутагдалтай буруу дүгнэлт хийсэн хэмээн үзэж байна. Үүнд: Нэхэмжлэгч Б.Э нь байгууллагын сонсгол болон олон нийтийн бусад арга хэмжээнд огт оролцоогүй, 2013.11.15-ны өдрийн А/56 тоот тушаалаар батлагдсан байгууллагын дотоод журмын 12.2.7 дахь хэсэгт заасан “Ажилтны үүрэг буюу байгууллагын хамт олноо хүндэтгэх, байгууллагаас зохион байгуулах олон нийтийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцох” гэсэн заалтыг зөрчиж ажилтнуудын сонсголд нэг ч удаа оролцоогүй тасалсан болох нь байгууллагын сонсголын ирцийн бүртгэл болон өөрийнх нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байгаа. Гэтэл шүүхээс энэхүү байдлыг буруу үнэлж хавтаст хэрэгт авагдсан байгууллагын дотоод журмыг үгүйсгэж нотлох баримтын хүрээнд авч хэлэлцээгүйгээр барахгүй “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын тухай 2012.06.15-ны өдрийн МУДШүүхийн зөвлөмжийн 2.4 дэх хэсэгт дурьдагдсан ...Харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байх”-ыг шаардсан байдаг атал энэхүү заалтыг илтэд буруугаар тайлбарлаж хөдөлмөрийн дотоод журмын сахилгын зөрчилд дээрх заалтыг заагаагүйн гадна нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэсэн нь буруу ойлголт дүгнэлт гэж үзэж байна. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2017.05.05-ны өдрийн 37 тоот албан бичгээр ирүүлсэн түүний ажил төрөлтэй холбоотой хүний нөөцийн менежерээс боловсруулан гаргасан тушаалын ихэнх нь албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр мөрдөж буй стандарт зааврын дагуу мөрдөгдөөгүй болох нь мэргэжлийн алдаа зөрчил илэрсэн. Энэ зөрчил нь 2017.05.05-ны өдөр илэрсэн тул Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасны дагуу сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн заалтын дагуу хавтаст хэрэгт авагдсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017.05.05-ны өдрийн 37 тоот албан бичгээр нотлогдож байхад шүүх 2017.05.18-ны өдөр 136/ШШ2017/00197 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна гэж үзээд энэ талаар дахин авч хэлэлцэх шаардлагагүй гэж огт авч хэлэлцээгүй байна. Гэвч 2017.5.18-ны өдөр 136/ШШ2017/00197 тоот шийдвэрт: Энэ нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгч Б.Э-ийг өөр ажилд шилжүүлснээс хойш буюу 2017 оны 05 дугаар сард хийгдсэн шалгалт болох нь Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2017.05.05-ны өдрийн 37 тоот албан бичгээр тогтоогдож байна хэмээн авч хэлэлцээгүй нь дээрх нотлох баримтыг үгүйсгэсэн буруу дүгнэлт гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр манай компанийн Б.Э-т сахилгын арга хэмжээ авагдсан Б/115 тоот тушаал, хөдөлмөрийн гэрээ цуцалсан Б/120 тоот тушаалыг тус тус хүчинтэйд тооцож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б .Э нь  Ч.И ОНӨХХК ийн захирлын 2017 оны №Б/115, №Б/120 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 3 784 852 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг Ч.И ОНӨХХК нд холбогдуулан гаргажээ.

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017-05-18-ны өдрийн №197 дугаар шийдвэр, Ч.И ОНӨХХК ийн захирлын 2017 оны №Б/115, №Б/120 дугаар тушаал зэрэгт үндэслэсэн байна.

Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасан үндэслэлээр хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Тодруулбал нэхэмжлэгч Б.Э-ийг Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-05-18-ны өдрийн 197 дугаар шийдвэрээр Ч.И ОНӨХХК-ийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоосон байх ба Ч.И ОНӨХХК ийн захирал Т.А 2017-05-31-ний өдөр “Борлуулалт марктингийн тасгийн даргаар ажиллаж байсан Б.Э-ийг 2017-05-31-ний өдрөөс хүний нөөцийн менежерийн ажилд эргүүлэн томилох” тухай №Б/117  дугаар тушаал,  №Б/120 дугаар “Хүний нөөцийн менежер Б.Э-ийн хөдөлмөрийн гэрээг 2017-05-31-ний өдрөөр тасалбар болгон цуцлах” тухай тушаалыг тус тус гаргажээ. 

 Ажил олгогч буюу  Ч.И ОНӨХХК ийн захирал Т.Аын гаргасан дээрх тушаалууд нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирохгүй төдийгүй  ажилтан Б.Э-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтныг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан буюу хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан”  гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг хохиролд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна. 

Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана. 

Сахилгын шийтгэлийг ногдуулах эрх бүхий этгээд нь тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогч, харин сахилгын зөрчил гаргасан этгээд нь тухайн ажил олгогчийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтан байна. 

Гэтэл дээр дурдсан нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой баримт болох талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчоос шүүхэд гаргаж өгөөгүй төдийгүй тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу ажил олгогч буюу албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. 

Мөн ажил олгогчийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/120 дугаар тушаалд тэмдэглэсэн “...хөдөлмөрийн дотоод журмын 8.2.3” гэсэн заалт нь сахилгын зөрчил гэж тооцохоор тогтоосон зохицуулалт биш байна. 

Хэдийгээр ажил олгогчоос гаргасан дотоод журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй бөгөөд  журамд заасныг зөрчвөл “ноцтой зөрчил”-д тооцохоор хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан байх учиртайг дээр дурдсан хуульд тодорхой тусгажээ.

Түүнчлэн  Ч.И ОНӨХХК ийн захирал Т.А-ын нэг өдөр дараалан гаргасан буюу “Б.Э-ийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилсон, мөн хугацаанд түүнийг ажлаас нь чөлөөлсөн” эрх зүйн акт /тушаал 115,120/-ын хугацаанд ажилтан сахилгын зөрчлийг  давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж  тус тус үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын  тайлбараар тогтоогдохгүйн гадна дээрх тушаалуудаас өмнө буюу 2017-05-29-ний өдөр №Б/115 дугаар “Борлуулалт марктингийн тасгийн дарга Б.Э-т  байгууллагын ажилтнуудын сонсголыг 2 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл тасалсан, байгууллагаас зохион байгуулж байгаа олон нийтийн үйл ажиллагаанд оролцохгүй дотоод журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул сануулах сахилгын шийтгэл” ногдуулсан ажил олгогчийн тушаал нь хууль зүйн үндэслэлгүй юм. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу “ажилтны дундаж цалин хөслийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас” шүүх тооцох ёстой атал холбогдох нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор 3 784 852 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1  дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 136/ШШ2017/00333 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагчийн төлөөлөгч Т.А-ын гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч Т.А-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Н.БАТЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                 Г.ТЭГШСУУРЬ  

                                                                                  Н.БОЛОРМАА