Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
Хэргийн индекс | 102/2016/02743/И |
Дугаар | 00922 |
Огноо | 2016-10-11 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 00922
2016 оны 10 сарын 11 өдөр | Дугаар 183/ШШ2016/00922 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, Зайсан American school of Ulaanbaatar сургуулийн зүүн тал Энхжин хотхонд байрлах “” ХХК /РД:2098636/-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 17 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *******,*******,*******,*******,*******, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж,******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ХХК-ийн менежер дугаар бүхий макетны ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус компанийн ,, гэх нэр бүхий төслүүдийн макетний ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Гэрээ ёсоор миний бие тус гэрээт ажлыг 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 33 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэж, ажлын хөлсөнд 30 000 000 төгрөг авахаар болж, урьдчилгаа 10 000 000 төгрөгийг бэлнээр үлдсэн 20 000 000 төгрөгийг бартераар авах болсон. Гэвч захиалагчийн ажил гүйцэтгэхэд шаардлагатай зураг төслийг өгөхгүй хожимдуулсантай холбоотой, төслийн макетийг 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээлгэж өгсөн бөгөөд төслийн зурагт өөрчлөлт оруулах болсон учир макет хийх ажлыг түр хугацаанд хойшлуулсан. Энэ өдрөөс хойш ХХК-д гэрээний дагуу макет хийх төслийн зургийг гаргаж өгөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүйгээс уг төслийн макетыг хийж гүйцэтгэх боломжгүй болоод байна. Талуудын хооронд иргэний хуулийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээг хийсэн гэдэгт 2 тал маргахгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээнд талууд харилцан тохиролцож 30 000 000 төгрөгийн үнийг тохирсон байдаг. Мөн дээрх гэрээний 355.1-д зааснаар гэрээний үүргийг ноцтой зөрчсөн тохиолдолд гэрээг цуцалж, учирсан хохирлыг төлнө гэж заасан байдаг. Макетны ажил гүйцэтгэх гэрээний 3.1-д хариуцагч талаас ажлын зураг төслийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 3 хоногийн дотор багтаан өгч, ажил гүйцэтгэх боломжоор ханган гэж заасан байдаг. Тиймээс хариуцагчийн зүгээс нэмэлт төсөвтэй холбоотой материалуудыг заасан хугацаанд өгсөн бол нэхэмжлэгч нь ажлаа 100 хувь хийж гүйцэтгэх боломжтой байсан гэж үзэж байна. Гэтэл хариуцагчийн зүгээс хорооллын макетны ажлын матеиралыг хугацаандаа өгөөгүй. Тиймээс иргэний хуулийн 355.1-д зааснаар гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь өөрөөсөө 12 000 000 төгрөгийн материал авч, хорооллын ажлыг хийж гүйцэтгэсэн. Өнөөдрийн байдлаар хариуцагч компани нь дээрх 2 хорооллын үйл ажиллагааг явуулж ашиг олж байгаа учраас нэхэмжлэгч нь нийт хийсэн ажлын хөлсийг нэхэмжилж байна. макетны ажлыг дм.кв тооцож үнэлдэг бөгөөд бид ажлын хөлсийг дараах байдлаар тооцсон. /128 дм.кв/,/128 дм.кв/, /100дм.кв/ төслийн макетын ажлууд нь нийт 356 дм.кв хэмжээтэй бөгөөд 1дм.кв-ыг 84 720 төгрөгөөр тооцож, нийт ажлын хөлсийг 30 000 000 төгрөгөөр тохирсон., төслийн макетын ажил нь нийт ажлын 72 хувь бөгөөд ажлын хөлс нь 21 600 000 төгрөг бөгөөд урьдчилгааны 10 000 000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 11 600 000 төгрөгийг, гэрээний 3.2-т зааснаар алданги 5 800 000 төгрөгийг гаргуулахаар тооцсон. Иймд ХГ/01/2015 дугаар бүхий макетны ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, Амарбаясгалан, төслийн макетны ажлын үлдэгдэл 11 600 000 төгрөг, алданги 5 800 000 төгрөг, нийт 17 400 000 төгрөгийг хариуцагч ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******тай Хан хур холдинг ХХК-нийг төлөөлж ажил гүйцэтгэх гэрээг хийсэн байдаг. Гэвч гэрээнд заахдаа ажлыг 100 хувь хийж гүйцэтгэсэн тохиолдолд ажлын хөлсийг ажил гүйцэтгэх акт үйлдсэний дараа хөлсийг өгнө гэж 2 тал харилцан тохирч урьдчилгаа болгож нэхэмжлэгчид 10 000 000 төгрөгийг өгсөн. Гэрээний 3.5-д зааснаар гэрээнд ажлыг тогтоосон хугацаанд хүлээлгэж өгөх ёстой байтал гэрээний дагуу акт үйлдээгүй, нэхэмжлэгч талаас ажлаа хүлээлгэж өгөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь ямар ажлыг яаж хийж гүйцэтгэсэн тухайгаа нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь хариуцагч талаас 10 000 000 төгрөгийн урьдчилгаа аваад энэ талаараа тайлан тооцоог гаргасан баримт байхгүй байна. Тиймээс нэхэмжлэгч нь гэрээний дагуу хийсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй, мөн хариуцагч талд хийсэн ажлаа тайлагнаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд*******,******* нарын мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
******* нь хариуцагч ХХК-д холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 17 400 000 төгрөг гаргуулахаар шаардсныг зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ХГ/01/2015 тоот Макетны ажил гүйцэтгэх гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч ХХК-ийн өгсөн санал, даалгавар, зураг төслийн дагуу ,, гэх нэр бүхий 3 төслийн макетны ажлыг 2015 оны 3 сарын 10-ны өдрийн хугацаанд хийж гүйцэтгэх, хариуцагч ХХК нь ажлын үнэ, хөлсөнд 30 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.
Мөн гэрээний 2.2.1-д “гэрээг батлахад урьдчилгаа төлбөр болох гэрээт ажил эхлэхэд шаардагдах нийт дүнгийн 33,3% буюу 10 000 000 төгрөгийг ...бэлнээр олгоно” гэж тохиролцсон байх ба нэхэмжлэгч нь 10 000 000 төгрөгийг бэлнээр авсан байх ба зохигчид энэ асуудлаар маргаагүй байна./хх-ийн 85-87/
Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... захиалагчийн ажил гүйцэтгэхэд шаардлагатай зураг төслийг өгөхгүй хожимдуулсантай холбоотой, төслийн макетыг 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээлгэж өгсөн бөгөөд төслийн зурагт өөрчлөлт оруулах болсон учир макет хийх ажлыг түр хугацаанд хойшлуулсан. Энэ өдрөөс хойш ХХК-д гэрээний дагуу макет хийх төслийн зургийг гаргаж өгөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүйгээс уг төслийн макетыг хийж гүйцэтгэх боломжгүй болоод гэрээ цуцлаж, хийсэн ажлынхаа үлдэгдэл төлбөрийг авах тухай албан бичгийг хүргүүлж байсан” гэх тайлбарыг гаргасан байна.
Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Гэрээний 3.5-д зааснаар гэрээнд ажлыг тогтоосон хугацаанд хүлээлгэж өгөх ёстой байтал гэрээний дагуу акт үйлдээгүй, нэхэмжлэгч тал ажлаа хүлээлгэж өгөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь ямар ажлыг яаж хийж гүйцэтгэсэн тухайгаа нотолж чадахгүй байна” гэх тайлбарыг гаргаж маргасан байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон*******,******* нарын мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын байгуулсан гэрээний 3.1-д захиалагч нь гэрээт ажлыг хийхэд шаардагдах зураг төсөл, ...нэмэлт мэдээ мэдээллийг гүйцэтгэгчид гэрээ хийсэн өдрөөс ажлын 3 хоногт багтаан өгч, ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх боломжоор хангана” гэж тохиролцсон байх ба үүний дагуу 2016 оны 3 сарын 16-ны өдөр болон 2016 оны 4 сарын 2-ны өдрүүдэд болон хорооллын макетны зураг төслийг нэхэмжлэгчийн.......... хаягт ............ болон .................. хаягуудаас нийт 4 ширхэг зургийг ирүүлсэн байна./үзлэгээр баталгаажуулж фото зургуудыг хэрэгт хавсаргасан/хх-ийн 97-99/
Дээрх зургийн дагуу нэхэмжлэгч нь болон хорооллын макетыг хийж 2016 оны 4 сарын 5-ны өдөр ХХК-д хүлээлгэж өгсөн болох нь*******ын “ ХХК-ийн захиалгаар болон хорооллын макетны ажлыг 2015 оны 2 сараас 4 сарыг хүртэл 2 сар гаруйн хугацаанд , нарын хамт хийсэн. Уг 2 ажлыг хийж дуусгаад 4 сарын эхээр ХХК-ийн Минж плаза төвд ажиллуулж байсан “Show room”-д хүргэж өгсөн. Биднийг уг макетыг хийж байхад тус компанийн менежер гэдэг хүн бас нэг хүний хамт хэд хэдэн удаа ирж үзсэн” гэсэн мэдүүлэг, хавтаст хэргийн 41-48 талд авагдсан фото зургууд зэргээр тогтоогдож байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-д зааснаар “...ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж тус тус заасан байна.
******* нь ХХК-ийн менежер /гэрээ байгуулсан этгээд / хүлээлгэн өгсөн гээд хариуцагч компанийн сурталчилгааны байранд уг макетуудыг байршуулсан зургийг нотлох баримтаар ирүүлсэн байх ба энэ нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэсэнтэй нийцэж байна.
Өөрөөр хэлбэл хуульд зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь “гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэснээр нэхэмжлэгч г гэрээгээр тохирсон ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн байна.
Харин хариуцагч талын “гэрээний 3.5-д зааснаар гэрээнд ажлыг тогтоосон хугацаанд хүлээлгэж өгөх ёстой байтал гэрээний дагуу акт үйлдээгүй, нэхэмжлэгч тал ажлаа хүлээлгэж өгөөгүй, ажлыг дутуу хагас хийсэн...” гэх тайлбарыг гаргасан нь дараах үндэслэлгүй байна.
Тодруулбал, талуудын байгуулсан гэрээний 3.1-т захиалагч ХХК нь макетны зураг төслийг гэрээнд заасан хугацаандаа ирүүлээгүйгээс гадна гэрээнд заасан төслийн зургийг ирүүлээгүйгээс уг ажил хийгдээгүй байх ба нэхэмжлэгч нь гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлж, улмаар хийсэн ажлынхаа хөлсийг шаардсан байна.
Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан “нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх баримтаа өөрөө цуглуулах, гаргаж өгөх“ үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгчийн гэрээ цуцлах шалтгаан нь хариуцагч байгууллагын буруутай үйлдэл нөлөөлсөн байх тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээг цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь /128 дм.кв/,/128 дм.кв/, /100дм.кв/ төслийн макетын ажлууд нь нийт 356 дм.кв хэмжээтэй бөгөөд 1дм.кв-ыг 84 720 төгрөгөөр тооцож, нийт ажлын хөлсийг 30 000 000 төгрөгөөр тохирсон., төслийн макетын ажил нь нийт ажлын 72 хувь бөгөөд ажлын хөлс нь 21 600 000 төгрөг бөгөөд урьдчилгааны 10 000 000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 11 600 000 төгрөгийг, гэрээний 3.2-т зааснаар алданги 5 800 000 төгрөгийг гаргуулна гэж шаардсныг дараах хэмжээнд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна. нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан нийт ажлын 72 хувийг гүйцэтгэсэн гэдгийг хариуцагч баримтаар үгүйсгээгүй бөгөөд уг ажлыг аваагүй гэж маргаагүй байх тул үлдэгдэл төлбөрт 11 600 000 төгрөг шаардсан нь үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын төлөгдөөгүй төлбөрөөс алданги гаргуулна гэсэн нь талуудын байгуулсан гэрээний 3.2-т “захиалагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс болж гэрээг хугацаанд нь дуусгавар болгоогүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 0,5%-иар алданги тооцож төлнө” гэсэнтэй нийцээгүй байна. Харин талуудын гэрээгээр тохирсон ажлаас гүйцэтгээгүй ажил нь төслийн макетны ажил бөгөөд энэ ажлын хөлс 8 400 000 төгрөг /30 000 000-21 600 000/ байх ба үүнээс алдангийг хууль болон гэрээнд зааснаар тооцож 4 200 000 төгрөгийн хэмжээнд хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг 15 800 000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн ба хангаж буй үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
******* нь гэрчээр , нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээсээ татгалзсныг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 15 800 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 236 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ