Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
Хэргийн индекс | 183/2016/00303/И |
Дугаар | 00899 |
Огноо | 2016-10-10 |
Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 00899
2016 оны 10 сарын 10 өдөр | Дугаар 183/ШШ2016/00899 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,
Хариуцагч: *******,*******,,, “Ц ” ХХК /РД: 2045893/-д холбогдох,
Тээвэр зуучлалын хөлс 67 235 759.25 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: н,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “” ХХК, “Ц” ХХК-тай 2015 оны 11 сарын 23-ны өдөр “Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээ” байгуулан хамтран ажилласан билээ. Тус гэрээнд заасны дагуу “” ХХК нь “” ХХК-ийн захиалгын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт орж гарах экспорт, импортын тээвэрт зуучийн үйлчилгээ үзүүлэх, “” ХХК-нь үйлчилгээний хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд манай компани нь 2015 оны 12 сарын 03-ны өдөр болон 2016 оны 01 сарын 11-ний өдөр Гүрж Улсаас Монгол Улс хүртлэх тээврийг амжилттай зохион байгуулж, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т заасны дагуу гэрээнийхээ үүргийг тогтоосон газарт, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар биелүүлсэн. “” ХХК нь гэрээнд заасны дагуу 2015 оны 12 сарын 17-ны өдрийн дотор 13,700 ам.доллар, 2016 оны 01 сарын 25-ны өдрийн дотор 14.700 ам.доллар, нийт 28,400 ам.долларыг төлөх үүрэгтэй байсан. Дээрх төлбөрөөс 22,468.03 ам.долларыг төлсөн. Бид “” ХХК-д амаар, биечлэн болон бичгээр удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан боловч гэрээнийхээ үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэхгүй өнөөдрийг хүрлээ. Манай компани нь “” ХХК-тай “Тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээ”-г бичгээр байгуулж, тус гэрээнд алданги буюу анзын хэлбэрийг тусгасан билээ. 2015 оны 11 сарын 23-ны өдрийн 11232015 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт “Хугацаандаа тээврийн хөлсөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө” гэж заасны дагуу “” ХХК нь манай компанид төлөх алдангийн хэмжээ нь 18,717.41 ам.доллар байх ёстой. Гэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу алдангийн хэмжээ нь 11,234.045 ам.доллар байна. Үүнээс үзвэл “” ХХК нь нийт 33,702.135 ам.доллар буюу 67 235 759.25 төгрөгийг төлөх ёстой. Иймээс “” ХХК-иас 67 235 759.25 төгрөгийг гаргуулж, манай компанийн хохирлыг барагдуулж өгнө үү. Гэрээнд заасны дагуу давагдашгүй хүчин зүйл болоогүй гэж үзэж байна гэв.
Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төмөрбаатар, нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тээвэр зуучлалын гэрээ байгуулж, Гүрж улсаас ногоон цай оруулж ирсэн. Энэ үед Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс ХХК-д холбогдох иргэний хэрэгтэй холбоотойгоор хөрөнгө хамгаалах захирамж гарч, гаалийн агуулахад байгаа манай барааг битүүмжилж байсан. Үүний улмаас цай хөгзөрч устгалд оруулж, манай байгууллага борлуулалт хийхгүй алдагдалд орсон. Иймд үндсэн төлбөр болох 22 468 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу алдангийг багасгаж тооцож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч ХХК-д холбогдуулан тээвэр зуучлалын хөлсний дутуу 22 468.09 ам.доллар, гэрээгээр тохирсон алданги 11 234.05 ам.доллар, нийт 33 702.135 ам.доллар буюу 67 235 759.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Талуудын хооронд 2015 оны 11 сарын 23-ны өдөр Тээврийн зуучийн үйлчилгээний №11232015 тоот гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр ХХК нь ХХК-ийн захиалгын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт орж гарах экспорт, импортын тээвэрт зуучийн үйлчилгээ үзүүлэх, ХХК нь үйлчилгээний хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна./хх-ийн 3-5/
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч ХХК нь 2015 оны 12 сарын 3-ны өдөр болон 2016 оны 1 сарын 11-ний өдөр Гүрж улсаас Монгол Улс хүртэлх тээвэрт 2 удаа зуучийн үүргийг гүйцэтгэж, хариуцагч ХХК-иас гэрээний үүргийн төлбөрт 28 400 ам.долларыг шаардснаас хариуцагч нь 5 391,91 ам.долларыг төлж, үлдэгдэл 22 468 ам.долларыг төлөөгүй байна.
Энэ нь талуудын хооронд 2016 оны 4 сарын 15-ны өдөр хийгдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа №001 баримтаар тогтоогдож байх ба зохигчид энэ асуудлаар маргаагүй байна./хх-ийн 21-22/
Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т заасан шаардлагыг хангасан зуучлалын гэрээ байх бөгөөд гэрээний хугацаанд ХХК нь гэрээгээр тохирсон зуучлалын үүргийг гүйцэтгэсэн байх ба энэ талаар талууд маргаагүй бөгөөд харин гэрээнд заасан төлбөр төлөх үүргийг хариуцагч ХХК нь бүрэн биелүүлээгүйгээс маргаан үүссэн байна.
Хариуцагч байгууллага нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ тохирсон хугацаандаа биелүүлээгүй асуудлаар маргаагүй хэдий ч “шүүхийн шийдвэрээр хөрөнгө хамгаалах захирамж гарч, гаалийн агуулахад байгаа манай барааг битүүмжилсэн бөгөөд үүний улмаас цай хөгзөрч устгалд оруулж, манай байгууллага борлуулалт хийхгүй алдагдалд тайлбарыг гаргаж, алданги төлөхгүй гэх тайлбарыг гаргаж, энэ нь талуудын байгуулсан гэрээний 4.1-т заасан “давагдашгүй хүчин” зүйл гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч компанийн эд хөрөнгийг шүүгчийн захирамжаар битүүмжилсэн асуудал нь гэрээний дээрх заалтад хамааралгүйн дээр талуудын байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг саатуулах хууль зүйн үндэслэлгүй юм.
Түүнчлэн талуудын байгуулсан гэрээний 3.4-т “Хугацаандаа тээврийн хөлсөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө” гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч байгууллага алданги шаардах эрхтэй бөгөөд дээрх байдлуудаас алдангийг багасгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Талуудын байгуулсан гэрээний 3.2-т “төлбөр тооцоог Үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд зааснаар тээврийн төлбөрийг зөвхөн Монгол төгрөгөөр гүйцэтгэнэ гээд ханшийг Худалдаа Хөгжлийн банкны тухайн валют зарах ханшаар тооцно гэж тохирчээ.
Харин нэхэмжлэгч ХХК нь нэхэмжлэлдээ төлөх үнийн дүнг Монгол банкны төгрөг ам.доллартай харьцах ханшаар тооцно гэсэн хэдий ч энэ талаарх баримтыг ирүүлээгүй байх ба хариуцагч ХХК нь нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ 2016 оны 6 сарын 10-ны өдөр гаргасан байх ба нэхэмжлэл гаргах үеийн ханшийг Монголбанкны 2016 оны 6 сарын 10-ны өдрийн ханшаар тооцох нь зүйтэй гээд Монголбанкнаас зарласан тухайн өдрийн ханшийг ирүүлсэн байна.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Гадаад вальютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар ... тооцно” гэсэнтэй нийцэж байх тул төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1 974.22 төгрөгөөр /www.mongolbank.mn/ тооцож 66 535 429 төгрөгийг /33 702.135x1 974.22/ хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь 33 702.135 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хэдэн сарын хэдний өдрийн ханшаар тооцсон нь тодорхойгүй байх ба дээрх ханшаар тооцоход 700 330.24 төгрөгийн зөрүү гарсныг хангах үндэслэлгүй байна.
Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг 66 535 429 төгрөгийн хэмжээнд хангаж буй үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 66 535 429 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 700 330.24 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 559 130 төгрөгөөс 494 128 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 490 627 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү төлсөн 65 001 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас буцаан гаргуулж ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ