Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2018/00236

 

Д.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 131/ШШ2017/00568 дугаар шийдвэр

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар магадлалтай

Д.Э-гийн нэхэмжлэлтэй

Н.Э-д холбогдох

2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Гэрээ хийсэн” тухай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг, 6 дугаар гудамж, 15 тоотод байршилтай газар, хашаа байшин бүхий хувийн орон сууцыг иргэн Н.Э-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Гэрээ хийсэн” тухай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулж, газар, хашаа бүхий орон сууц нь Н.Э-гийн хууль ёсны өмч болохыг тогтоолгох, сөрөг нэхэмжлэлийн үндсэн шаардлага хангагдаагүй тохиолдолд засвар хийсэн зардалд 13 442 542 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Э-, хариуцагч Н.Э- нарын гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ням,  хариуцагч Н.Э-, хариуцагчийн өмгөөлөгч Х.Мөнхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянхонгор сумын 2 дугаар багийн Эрдэнэмандалын 6 дугаар гудамж 15 тоотод байрлах 000010361 тоот гэрчилгээний дугаартай 0320000986 тоот улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар хашаа, 000021078 тоот гэрчилгээний дугаартай Ү-03200003014 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны хууль ёсны өмчлөгч болохын хувьд Н.Э-гийн А.Батчимэгтэй байгуулсан гэх Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж өөрийн хууль ёсны өмч болох хашаа, байшин, газрыг эзэмшиж ашиглаж байгаа иргэн Н.Э-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Би Н.Э-д охин А.Батчимэгтэй миний хашаа, байшин газрыг худалдан авах гэрээ хий гэж огт хэлээгүй, тийм зөвшөөрөл ч өгөөгүй би тийм гэрээ хийснийг мэдээгүй байсан. Гэтэл Н.Э- нь манай охин А.Батчимэгийг хуурч нотариат дээр дагуулж очоод мөнгө төлсөн баримт гэж ойлгуулаад гэрээ гэгч дээрээ гарын үсэг зуруулсан байсныг би сүүлд нь шүүх дээр мэдсэн. Н.Э- нь миний үлдэгдэл мөнгийг манай цуглаанд мөнгө орж ирэхгүй байна эгчээ та хүлээж байгаарай гэдэг байснаа жил гаруй болоод сураггүй алга болсон гэжээ.

Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хашаа, байшингаа 18 000 000 төгрөгөөр зарахаар охинтойгоо тохиролцсон юм. Гэтэл 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манай охин А.Батчимэг хашаа, байшинг чинь зарчихлаа гээд надад бэлэн 3 952 680 төгрөг авч ирж өгсөн. Надаас зөвшөөрөл авсан гэж ярьж байна. Би аймгийн төвөөс 60 гаруй км ямар ч сүлжээ байхгүй газар байдаг. Би 2011 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр аймагт ирээд Н.Э-тай уулзаад мөнгөө авъя гэхэд надад 500 000 төгрөг өгч гарын үсэг зуруулчихаад мөнгөө цувуулж өгье гэхээр нь би явсан. Дараа нь дахиад уулзах гээд ирэхэд хүүхдэд чинь мөнгийг чинь өгчихсөн, одоо таньд өгөх мөнгө байхгүй гэж хэлсэн. Би Н.Э-гаас болж хохирч байна, одоо манайх айлын өвөлжөөнд төлбөр төлж амьдарч байна. Иймд хашаа, байшинг надад буцааж авч өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Э-гаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Батчимэг 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр анх уулзахдаа Хөх толгойд 2 дугаар баг 6 дугаар гудамж 15 тоотод зарах хашаа, байшин байгаа, 5 800 000 төгрөгөөр зарчихмаар байна. Ээжийн нэр дээр газар, хашаа ба үл хөдлөхийн гэрчилгээ байдаг. Ээжээс зарах тухай асуусан зар зар гэж зөвшөөрсөн гэж хэлсэн. Д.Э- гуайтай утсаар ярьж “...охин А.Батчимэг чинь бидэнд таны нэр дээр байдаг 2-6-15 дахь хашаа, байшинг 5 800 000 төгрөгөөс яриад бидэнд 5 200 000 төгрөгөөр зарахыг зөвшөөрч байгаа юм уу гэж асуухад Д.Э- гуай би зөвшөөрч байна. 5 200 000 төгрөгөөр худалдан авч болно...” гэж хэлсэн. Д.Э- гуай 2011 оны 09 дүгээр сард надтай уулзаад эгчдээ 500 000 төгрөг нэмээд өгчих, эгч нь дахиж нэмж мөнгө авахгүй гэрчилгээнүүдийг чинь чиний нэр дээр яаралтай шилжүүлж өгнө. Эгч нь худлаа ярихгүй чи надад итгэж болно гэхэд л би итгээд нэмээд 500 000 төгрөг өгсөн. А.Батчимэг, Д.Э- нар намайг хуурч мэхлэн надад зөвшөөрч гэрээ хийж хашаа байшингаа зарчихаад өмнө хэлсэн ярьснаасаа буцаж миний мөнгөөр тоглож, намайг залилан миний нэр төрийг гутаан доромжилж, цаг зав амьдралд чирэгдэл учруулж байгаад гомдолтой байна. Би засвар хийсэн ажлын хөлс, барилгын материал, нэмэлт засвар, урсгал засвар, найзуудын өгсөн хүүхдүүдийн тоглоомын мөнгө зэрэг зардлуудаа бүгдийг нэхэмжилж гаргуулах болно гэжээ.

Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие 2011 оны 07 дугаар сард хашаа байшин худалдаж авахаар зар гаргасан олон газруудыг очиж үзсэн. Үүний дагуу А.Батчимэг надруу ярьж хашаа байшин зарах тухайгаа хэлсэн. Зарах газрыг нь очиж үзэхэд манай ээж зарахыг зөвшөөрсөн юм гэж хэлсэн. Үнэ хөлсөө тохироод авах гэхэд хашаа, байшингийнх нь бичиг баримт банкны барьцаанд байгаа гэхээр нь авахаа болъё гэхэд мөнгөний хэрэг байна та авчих гээд гуйсан. Бид 5 200 000 төгрөгөөр тохирон худалдаж авсан. Энэ үед 18 000 000 төгрөг болон дахиад мөнгө цувуулж өгөх талаар яригдаагүй. Хашаа, байшинг худалдаж авснаас хойш буюу 2011 оноос 2016 он хүртэл маш их засвар хийж зардал гарсан, мөн 3 664 200 төгрөгөөр хүүхдийн тоглоомын талбай хүртэл барьсан. А.Батчимэгтэй ярилцаад зогсож байхад Д.Э- өөрөө зөвшөөрсөн учраас хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байгаа. Одоо Д.Э-д төлөх төлбөр байхгүй, үнээ тохироод худалдаж авсан. Н.Э- миний бие хувийн сууц, хашааг шударга үнэнээр худалдан авч өөрийн өмч хөрөнгө гэж үзэн 2011-2016 онуудад байнга арчилж тордон өөрийн хөрөнгөө зарцуулж, засан сайжруулж ирсэн билээ. Үүнд: вакум цонх, хаалганууд, дээврийн төмрүүд, ханын пийшин, разетка, цахилгааны утас, хадаас, будаг, шохой, замаска, электрод, цемент, ислэг хавтан, хар лак, банз, труба, квадрат төмөр, гэрэлтүүлэг, эмульс, хана ба шалны границ, түлшний амбаар шинээр барьсан болон бусад жижиг дагалдах хэрэгсэл, ажлын хөлс зэрэгт олон хүний их хөдөлмөр зарцуулагдсан билээ. Энэ талаарх баримтууд 1-р хавтаст хэргийн 187-226 дугаар талд авагдсан байгаа. Дээр дурдсан барилгын материал, хэрэгсэл тухайн үед үл хөдлөх хөрөнгөд 2011-2016 онуудад хийгдсэн, түүнээс салгаж зааглаж авах боломжгүй болсон байна. Иймд миний тухайн объектод зарцуулсан хөрөнгө 13 213 545 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: А.Батчимэгээс 2011 оны 07 дугаар сарын 20-нд хашаа байшинг нь 5 200 000 төгрөгөөр худалдан авсан. Банкны барьцааны 1 547 320 төгрөгийг би Хадгаламж банкинд төлж өргүй болгож өгсөн. Үлдэгдэл 3 652 680 төгрөгийг А.Батчимэгийн гарт бэлнээр нь өгч тооцоог бүрэн дуусгасан. Энэ үед А.Батчимэг хэлэхдээ ээж 7 хоногийн дараа хөдөөнөөс ирээд таны нэр дээр газар хашааны гэрчилгээг шилжүүлж өгнө гэсэн. Би одоо 2 дугаар баг 6 дугаар гудамж 15 дахь хашаа байшин, анх авах үед засвар их орохоор хуучин барилга байсан тул 2011-2016 онуудад нэмэлт ба бусад засваруудыг хийсэн. Би тухайн хашаа байшинд зарцуулсан хөрөнгө болон худалдан авсан материалын үнэ нийт 13 442 542 төгрөг болж байна. Иймд 5 жил хашаа газрын гэрчилгээг шилжүүлж өгнө гэж намайг хуурч мэхэлсэн Д.Э-д холбогдуулан нэхэмжлэл гарган 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн гэрээ хийсэн тухай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хэлцлийг хүчин төгөлдөрт тооцож, миний өмчлөлийн 000010361 тоот гэрчилгээний дугаартай, 0320000986 тоот улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар хашаа, 000021078 тоот гэрчилгээний дугаартай, Ү-03200003014 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, хашаа, байшин газрыг иргэн Н.Э-гийн хууль ёсны өмч болохыг тогтоож өгнө үү. Хэрэв сөрөг нэхэмжлэлийн үндсэн шаардлага хангагдаагүй тохиолдолд засвар хийсэн зардалд 13 442 542 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 131/ШШ2017/00568 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн гэрээ хийсэн тухай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-6-15 тоотод байршилтай газар, хашаа бүхий 3 өрөө хувийн сууцыг Н.Э-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.Э-гийн дээрх хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулж, газар хашаа бүхий хувийн сууц нь Н.Э-гийн өмч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан төвлөрсөн төсвийн данснаас 102 950 төгрөгийг гаргуулж хариуцагч Н.Э-д, 42 050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар магадлалаар Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 131/ШШ2017/00568 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “…Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн гэрээ хийсэн тухай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-6-15 тоотод байршилтай газар, хашаа бүхий 3 өрөө хувийн сууцыг Н.Э-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.Э-гийн дээрх хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулж, газар хашаа бүхий хувийн сууц нь Н.Э-гийн өмч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай…” гэснийг “…Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А.Батчимэг, Н.Э- нарын хооронд гэрээ хийсэн тухай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Баянхонгор сумын 2 дугаар баг 6 дугаар гудамж 15 тоотод байршилтай газар, хашаа бүхий хувийн сууцыг Н.Э-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Д.Э-д олгож, Д.Э-гаас байрны үнэ 5 500 000 төгрөгийг гаргуулж хариуцагч Н.Э-д олгож, хариуцагч Н.Э-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “гэрээ хийсэн” тухай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулж, газар, хашаа бүхий хувийн сууц нь Н.Э-гийн хууль ёсны өмч болохыг тогтоолгох гэсэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай …” гэж өөрчилж, хариуцагч Н.Э-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үл хөдлөх эд хөрөнгөд засаж сайжруулсан зардлын нийт үнэ 8 931 270 төгрөгийг нэхэмжлэгч Д.Э-гаас гаргуулж, хариуцагч Н.Э-д олгож, хариуцагчийн анхны сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 16 485 930 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалт нэмж, Тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг “…Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан төвлөрсөн төсвийн данснаас 102 950 төгрөгийг гаргуулж хариуцагч Н.Э-д, 42 050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-д тус тус олгож...” гэснийг “…Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Э-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178 200 төгрөг, хариуцагч Н.Э-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212 887 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж. Н.Э-гаас 70 200 төгрөг гаргуулж Д.Э-д, Д.Э-гаас 157 850 төгрөг гаргуулж Н.Э-д тус тус олгосугай...” гэж, Тогтоох хэсгийн “2, 3, 4” гэсэн дугаарыг “3, 4, 5” гэсэн дугаар болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгч Д.Э-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 000 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Э- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн 16 тоот магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг эс зөвшөөрч Д.Э миний бие хяналтын журмаар гомдол гаргаж байна. Би Н.Э-тай үл хөдлөх хөрөнгө худалдах,худалдан авах гэрээний хуульд заасан хэлбэр шаардлагаар ямар нэг гэрээ хийгээгүй болохоор Н.Э-гийн миний өмч болох хувийн хашаа байшинд зөвшөөрөлгүй, засаж сайжруулсан гэх ажилд зарцуулсан 8 931 270 төгрөгийг төлөх үүрэг байхгүй гэж үзэж байна. Мөн Н.Э-гийн хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн зардлын баримтууд нь санхүүгийн баримтын шаардлагыг хангахгүй бөгөөд Христийн цуглаан гэх ТББ-н нэр хаягтай баримтууд байгаа нь хуульд заасан шаардлагыг хангахгүй баримт материал гэж үзэхээр байна. Харин Н.Э- миний зөвшөөрөлгүй, хашаа байшинд минь харийн орны далд удирдлага бүхий эх орон ард түмний минь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх шашны байгууллага оруулан сууц байшинг ашиглуулж, эвдэн өөрчилж сүйтгэсэн байх тул би хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж бодож байна гэжээ.

Хариуцагч Н.Э-гаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Надад 2011 оны 07 дугаар сарын 19-нд хашаа байшин худалдаж авах хэрэгцээ байсан тул зах дээр зар өгөхөд А.Батчимэг надруу утасдаж, Марк-II машинтай ирээд 2-6-15-д зарах хашаа байшин байгааг бидэнд хэлж санал болгоход би найзуудтайгаа хамт очиж, үзэн худалдан авахаар болсон. Ингээд охин А.Батчимэг 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор сумын 2 дугаар баг 6-р гудамж 15 тоотод байршилтай газар хашаа бүхий хувийн сууцыг 5 800 000-аас яриад 5 200 000 төгрөгөөр надад зарсан. Энэ үед ээж Д.Э- гуайг надад хашаа байшингаа 5 200 000 төгрөгөөр зарахыг зөвшөөрсөн гэж А.Батчимэг хэлсэн. Зарахыг зөвшөөрснийг би болон манай найз Ганчимэг бид хоёр Д.Э- гуайгаас бататган лавлан утсаар асуусан. Д.Э- гуай утсаар хэлэхдээ  хашаа байшингаа Н.Э-д 5 200 000 төгрөгөөр зарахыг зөвшөөрч байна. Би А.Батчимэг охиндоо ч зарахыг зөвшөөрсөн юм. Н.Э- чи худалдан авч болно. Газар хашааны гэрчилгээг би 7 хоногийн дараа чиний нэр дээр чинь сунгуулж өгнө. Чи санаа зовох хэрэггүй би худлаа ярихгүй гэж хэлж Д.Э- гуай зөвшөөрсний дагуу охин А.Батчимэгээс би худалдан авсан бөгөөд худалдан авах үед Хадгаламж банкинд дахь 1 547 320 төгрөгийн барьцааг нь би төлж, үлдсэн 3 652 680 төгрөгийг А.Батчимэгийн гарт бэлнээр тоолж өгч бүгд 5 200 000 төгрөгийг төлж наториатаар баталгаажуулж, хүчин төгөлдөр хэлцлийг А.Батчимэгтэй байгуулсан. Би ингэж худалдан авах үедээ цувуулж дахин өгөх 12 500 000 үлдээгээгүй. Мөн хашаа байшинг зарах үедээ Д.Э- ба А.Батчимэгийн аль алиных нь амнаас 18 000 000 төгрөгөөр зарна гэдгийг би сонсоогүй тэд ч ийм үг яриагүй цухуйлгаа ч үгүй. Д.Э- нь 2011 оны 07 дугаар сарын 20-нд хашаа байшингаа 18 000 000 төгрөгөөр зарна гэж охин А.Батчимэгтэйгээ тохиролцоогүйг би сайн мэдэж байна. Тохиролцсон байсан бол намайг хашаа байшинг худалдаж авсан 2011 оны 07 дугаар сарын 20-нд надад хэлэх байсан. Надад 18 000 000 төгрөгөөр зарна гэж тэр үед надад хэлээгүй. Тэд миний хүнд итгэмтгий, цайлган, шударга, байдлыг минь уландаа гишгэж, өнөөдрийг хүртэл 6 жил 4 сар миний нэр дээр гэрчилгээг гаргаж өгөөгүй залилж мэхэлснээрээ далимдуулж надаас их мөнгө авах гэж заль гаргаж байгаа монгол хүний ёс жудаггүй шударга биш худалч хүмүүс юм. 2011 оны 07 дугаар сарын 20-нд тус хашаа байшингийн 2 гэрчилгээг ээж таньд өгөөрэй гэсэн гэж хэлээд надад А.Батчимэг өөрийн гараар өгсөн. Ингээд 2-6-15 дахь хашаа байшин таных боллоо гэж надтай хамт байсан найзуудын дэргэд хэлсэн. Д.Э- гуай 2011 оны 09 дүгээр сарын 03-нд надтай уулзаад эгчдээ 500 000 төгрөг нэмээд өгчих, эгч нь дахиж мөнгө нэмж авахгүй, гэрчилгээнүүдийг чинь нэр дээр чинь яаралтай сунгаж өгнө гэхээр нь хүний юм авчихаад хармын сэтгэл үлдээгээд яахав гэж бодоод, би 500 000 нэмж өгсөн. Ингээд 5 200 000+500 000=5 700 000 төгрөгийг төлж тус хашаа байшинг худалдан авсан нь үнэн юм. Энэ хашаа байшин миний худалдаж авсан, миний хашаа байшин мөн юм.

2011 онд хашаа байшингийн ханш 4 000 000-6 000 000 гэсэн үнэтэй байсан. Миний А.Батчимэгтэй хийсэн хэлцлийг 2016 оны 08 дугаар сарын 19-ний дугаар 131/ШШ2016/00541 тоот хурал объектыг 18 000 000 төгрөгөөр худалдаж үлдэгдэл 12 500 000 төгрөгийг дараа авах нөхцөлтэйгөөр хийсэн гэрээ гэж үзэх боломжгүй, энэ талаар гэрээнд тодорхой тусгасан нөхцөл, заалт байхгүй, мөн хэлцэл нь Иргэний хуулийн 40.1, 41.1, 42.1 гэсэн шаардлагуудыг хангасан ба “Хүчин төгөлдөр бус байх хэлцэл” зэрэг хэлцлийг хүчингүйд тооцож болох шинжийг агуулаагүй байна гэж үнэн зөв шийдвэрлэсэн. Энэ дээрх үндэслэлийн улмаас давж заалдах шатны шүүхээс буцаасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн 2016 оны 08 дугаар сарын 19-ний 131/ШШ/2016/00541 тоот шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалт болох шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж үнэн зөв үнэлж шийдсэн. Хэрвээ шүүх тус хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж буцааж байгаа тохиолдолд А.Батчимэг намайг 6 жил 4 сар хуурч, залилж, луйвардаж хохироосныхоо төлөө эрүүгийн хэрэгт татах үндэслэлтэй юм. Тус хашаа байшинд нэмэлт ба сайжруулсан засварт зарцуулсан хөрөнгө болон худалдан авсан материалын нийт үнэ 13 442 545 төгрөгийг нөгөө талаас гаргуулж, төлүүлэх асуудлыг А.Батчимэг давхар хариуцах үүрэгтэй ба энэ хэрэгт хариуцагчаар татан оролцуулах хангалттай томоохон үндэслэл байгаа юм. Мөн шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж буцааж байгаа тохиолдолд 2011-2016 онуудад арчилж, тордож, их хөрөнгө зарцуулж, олон хүний хүч хөдөлмөр, оролцоотойгоор, шинээр барьсан ба дагалдах хэрэгсэл, ажлын хөлс зэрэгт нийт 13 442 545 төгрөгийг зарцуулсан байхад 8 931 270 төгрөгийг засвар хийсэн нийт зардалд тооцож гаргуулж байгаа нь бага мөнгө гаргуулсан байна. Учир нь 2011-2016 онуудад жил болгон сайжруулсан ба урсгал засвар засваруудыг удаа дараалан бид сайн дураараа хийсэн. Би эрүүл мэнд муу байдаг шалтгааны улмаас хүнд юм өргөх зэрэг худалдан авалтуудыг Д.Оюунжаргал, У.Алдармөнх, Ч.Агиймаа, Г.Ариунзаяа зэрэг хүмүүсийг явуулж худалдан авахуулсан нь үнэн бөгөөд авсан авсан материалуудыг тус хашаа байшинд хэрэглэснийг эдгээр гэрч нар өгсөн мэдүүлэгтээ тодорхой дурьдсан байгаа. Энэ иргэний хэрэгт манай тал бүхий л нотлох баримтуудаа өгсөн. Энэ хэргийн ихэнх нотлох баримтууд нь манай талаас гаргаж өгсөн нотлох баримтууд байгаа юм. Нөгөө талаас нотлох баримтууд маш цөөхөн байдаг ба нөгөө тал манай гаргаж өгсөн нотлох баримтууд дээр тулгуурлан ярьдаг. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх бүртгэлд бүртгүүлснээр шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэсэн заалтыг буруу хэрэглэсэн байна. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Э- Н.Э-д холбогдуулан 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Н.Э-гийн А.Батчимэгтэй байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, өөрийн өмчлөлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн Эрдэнэмандалын 6 дугаар гудамж, 15 тоотод байршилтай газар, хашаа бүхий хувийн сууцыг Н.Э-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэнд хариуцагч эс зөвшөөрч, хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулж, тус газар, хашаа бүхий хувийн сууц нь Н.Э-гийн өмч болохыг тогтоолгох, сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй тохиолдолд тус хашаа байшинд хийсэн засварын зардал 13 442 542 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Н.Э-г маргаж буй газар, хашаа, байшингийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс өөрчилж, нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж, засварын үнэд 8 931 270  төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын  зарим заалт үндэслэл бүхий байх боловч сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмыг зөрчсөн байх тул магадлалд өөрчлөлт оруулах замаар алдааг засах нь зүйтэй гэж үзлээ.

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Маргааны зүйл болох Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн 6 дугаар гудамжны 15 тоотод орших Эрхийн улсын бүртгэлийн Г-0320000986 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар, хашаа, Ү-032200003014 дугаарт бүртгэлтэй хувийн сууцны барилга нь нэхэмжлэгч Д.Э-гийн өмч болох нь хэргийн 1 дүгээр хавтасны 40, 41 дүгээр талд авагдсан №000021078, №000010361 дугаартай Эд  хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Тус хөрөнгийг Н.Э- А.Батчимэг нар нь 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Гэрээ хийсэн тухай” хэлцлээр 5 200 000 төгрөгөөр худалдаж, худалдан авсан тухай баримт хэргийн 13 дугаар талд авагджээ.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-д зааснаар өмчлөгч өөрийн хөрөнгөө захиран зарцуулах эрхтэй гэж зохицуулсан байх бөгөөд талуудын хооронд хийсэн дээрх хэлцлээр үл хөдлөх эд хөрөнгийг, өмчлөх эрхийн хамт шилжүүлсэн хэлцэл хийгджээ.

Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2.-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж, нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмчлөлийн газар, хашаа байшинг бусдад худалдсан гэх А.Батчимэг нь нэхэмжлэгчийн төрсөн охин боловч түүнд үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх хэлцэл хийх эрх, итгэмжлэл олгогдоогүй байх тул уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан “...зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх бөгөөд хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн байна. 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа магадлалын тогтоох хэсэгт хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд “тооцож” шийдвэрлэсэн нь буруу байх тул алдааг засах нь зүйтэй.

Нэгэнт хэлцэл хүчин төгөлдөр бус тул үр дагаврыг арилгаж, хэлцлээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцааж өгөхөөр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5. дахь зохицуулалтад нийцжээ.

Иймд нэхэмжлэгч буюу өмчлөгч хариуцагчийн хууль бус эзэмшлээс хөрөнгөө чөлөөлүүлэхээр шаардсан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх заалтыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-д “өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээ чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж зохицуулжээ.

Хариуцагч Н.Э- нь 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үйлдэгдсэн эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэж, маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан боловч тус хэлцэл нь хууль зөрчиж хийгдсэн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул түүнийг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-д заасан өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй тул тэрээр өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргах эрхгүй байна.

Хариуцагч нь тус хашаа байшинд хийсэн засварын зардлыг нэхэмжилснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн байна.

Н.Э- нь 2011 онд тус хашаа, байшинг эзэмшиж эхэлснээс хойш хийсэн засвар үйлчилгээний зардалд 13 442 542 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтууд нь засвартай, оныг нөхөж бичсэн, мөнгө тушаагч, худалдан авагч нь тодорхойгүй, гарын үсэг зураагүй байгаагаас тэдгээр нь нотлох чадвараа алдсан, бодит нөхцөл байдлыг тогтоох боломжгүй байх тул тус баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.-д заасан нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзнэ.

Түүнчлэн дээрх нотлох баримтад авагдснаар тус засварын зардлыг “Амьдрал тэтгэгч христийн цуглаан” гэх байгууллагаас төлж байсан байх бөгөөд хариуцагч  Н.Э- нь тус  цуглааны өмнөөс зардлыг шаардах эрхтэй эсэх нь тодорхойгүй, эрх олгосон тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэргийн 8 дугаар талд авагдсан Баянхонгор сумын Засаг дарга Н.Оюуны “тус цуглааны үйл ажиллагааг Н.Э- ахалж явуулдаг гэх тодорхойлолт тус цуглааны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд болохыг нотлох баримт биш тул  нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгөд засвар хийсэн зардлыг шаардах эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэлгүй болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн магадлалын заалтыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “…Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А.Батчимэг, Н.Э- нарын хооронд гэрээ хийсэн тухай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Баянхонгор сумын 2 дугаар баг 6 дугаар гудамж 15 тоотод байршилтай газар, хашаа бүхий хувийн сууцыг Н.Э-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Д.Э-д олгож, Д.Э-гаас байрны үнэ 5 500 000 төгрөгийг гаргуулж хариуцагч Н.Э-д олгож, хариуцагч Н.Э-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “гэрээ хийсэн” тухай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулж, газар, хашаа бүхий хувийн сууц нь Н.Э-гийн хууль ёсны өмч болохыг тогтоолгох гэсэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай …” гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8., 56.5., 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Гэрээ хийсэн тухай” хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Баянхонгор сумын 2 дугаар баг 6 дугаар гудамж, 15 тоотод байршилтай газар, хашаа бүхий хувийн сууцыг Н.Э-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Д.Э-д олгож, Д.Э-гаас газар, хашаа, байрны үнэд авсан 5 500 000 төгрөгийг буцаан гаргуулж Н.Э-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтын “...70 200 төгрөг...” гэснийг “...102 950 төгрөг...” гэж өөрчлөн, “...Д.Э-гаас 157 850 төгрөг гаргуулж, Н.Э-д тус тус...” гэснийг, мөн “Тогтоох хэсгийн 2,3,4 гэснийг 3,4,5, гэсэн дугаар болгон өөрчилж” гэснийг тус тус хасч, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Амгалансүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч Н.Э-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106 150 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                           Х.ЭРДЭНЭСУВД